Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00786

 

 

“Говийн мөөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2016/00550 дугаар шийдвэртэй,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 203/МА2017/00008 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Говийн мөөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мэнд констракшн” ХХК-нд холбогдох,

14 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхмаагийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Говийн мөөг” ХХК-ийн захирал Г.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “Мэнд констракшн” ХХК, “Говийн мөөг” ХХК-ийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барилгын 347.88 м2 цонхыг 1 м.кв тутмыг 80 000 төгрөг, 308 м.кв тагтны хаалт 1м.кв-ыг 70 000 төгрөгийн үнэтэйгээр “Говийн мөөг” ХХК үйлдвэрлэж захиалагч “Мэнд констракшн” ХХК-нд нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч дуусахад 49 390 400 төгрөгийг захиалагчаас “Говийн мөөг” ХХК-д шилжүүлэх ёстой байсан. Үүний дагуу “Говийн мөөг” ХХК-ийн Капитал банк дахь 2032004882 дугаартай дансанд одоогийн байдлаар 34 830 400 төгрөг “Мэнд констракшн” ХХК-иас оруулсан. Манай компанийн зүгээс гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн боловч захиалагч “Мэнд констракшн” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл болох 14 560 000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй байна. Иймд хуулийн дагуу захиалагч “Мэнд констракшн” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн дээрх үлдэгдлийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч “Мэнд констракшн” ХХК-ийн захирал Ц.Мөнхтунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говийн мөөг” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд нийт 49 390 400 төгрөгийн төлбөр тооцоог бүрэн дуусгасан болно. “...Мэнд констракшн” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний нийт үнэ 49 390 000 төгрөгийг ажил гүйцэтгэгч тал болох “Говийн мөөг” ХХК-д шилжүүлсэн гэх бөгөөд энэ талаар тооцоо нийлсэн акт, “Говийн мөөг” ХХК руу төлбөр шилжүүлсэн тухай санхүүгийн баримтуудаа шүүхэд ирүүлсэн байна. Үүгээрээ ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байгаа юм байна. Гэвч тэдний ирүүлсэн “Тооцоо нийлсэн тухай акт”-д зөвхөн “Мэнд констракшн” ХХК буюу захиалагч талын төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа нь тухайн актыг төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн тухай хүчин төгөлдөр нотлох баримт болно гэж үзэхгүй байна. Мөн хариу тайлбарт хавсаргаж ирүүлсэн санхүүгийн баримтуудыг “Говийн мөөг” ХХК-ийн дансны хуулгатай тулгаж үзэхэд бичгээр ирүүлсэн тайлбартай дүнгийн хувьд зөрж байна. “Мэнд констракшн” ХХК-ийн ирүүлсэн төлбөрийн баримтуудаас үзэхэд нийт 45 140 400 төгрөгийн гүйлгээ хийсэн гэж үзэхээр байна. Гэтэл тухайн баримтуудыг “Говийн мөөг” ХХК-ийн Капитал банк дахь 2032011093 тоот хадгаламжийн дансны гүйлгээний хуулгатай тулгаж баталгаажуулахад хүснэгтийн 5 болон 8 дугаар мөрөнд байрлах нийт 10 310 000 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй болох нь тогтоогдож байна. Иймд 10 310 000 төгрөгийг “Говийн мөөг” ХХК-нд төлсөн тухай нотлох баримтаа “Мэнд констракшн” ХХК-иас шүүхэд ирүүлж энэ талаарх ойлголтын зөрүүг арилгах нь зүйтэй болов уу. Хэрвээ дээрх 10 310 000 төгрөгийг “Говийн мөөг” ХХК-нд төлсөн гэж үзсэн ч гэрээний нийт үнийн дүн 49 390 400 төгрөг, үүнээс 45 140 400 төгрөгийг хасч үзвэл 4 250 000 төгрөгийн зөрүү үүсч байна. Одоогоор шүүхэд ирүүлээд байгаа төлбөрийн баримтуудын хуулбарыг “Говийн мөөг” ХХК-ийн дансны хуулгатай тулгаж үзээд баталгаажиж байгаа нь 34 830 400 төгрөг болж байна. 49 390 400 төгрөгөөс уг дүнг хасч үзвэл 14 560 000 болж байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2016/00550 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Мэнд констракшн” ХХК-иас 14 560 000 төгрөгийг гаргуулж “Говийн мөөг” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Говийн мөөг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, “Мэнд констракшн” ХХК-иас 233 000 төгрөг гаргуулан “Говийн мөөг” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 203/МА2017/00008 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2016/00550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 750 төгрөгийг ХААН банкны Өмнөговь Татварын хэлтсийн 5585042119 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийг ноцтой зөрчсөн. “Мэнд констракшн” ХХК-ийн захирал Ц.Мөнхтунгалаг нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр О.Болдмаад 3 сарын хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэл олгосон. Энэхүү итгэмжлэлийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг 12 дугаар сарын 19-ний өдөр О.Болдмаад гардуулсан байна. О.Болдмаагийн бүрэн эрхийн хугацаа Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д зааснаар дуусгавар болж, хэргийн оролцогч биш этгээд буюу О.Болдмаад шүүхийн шийдвэрийг гардуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Г.Мөнх-Эрдэнийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг нь шалгаж тогтоогоогүй. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот үүсгэн байгуулагчийн шийдвэрээр баталсан “Говийн мөөг” ХХК-ийн дүрмийн 7.3-т “Хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирал байж болно. Энэ тохиолдолд үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн шийдвэрт тусгах бөгөөд гэрээ байгуулахгүй” гэж заасан. Гэтэл Г.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэгч “Говийн мөөг” ХХК-ийн захирал гэсэн хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагчийн шийдвэр хэрэгт авагдаагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, уг гэрээний харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан зохицуулалтаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Говийн мөөг” ХХК нь хариуцагч “Мэнд констракшн” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу ажлын хөлсний үлдэгдэл 14 560 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч маргаж, хөлсийг бүрэн төлсөн гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, бичгээр байгуулагдсан, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Зохигчид нь гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлын үр дүн, ажлын хөлсний үнийн дүнг маргаагүй, харин хөлс бүрэн төлөгдсөн эсэх талаар маргажээ.

 Хоёр шатны шүүх ажил гүйцэтгэх  гэрээний 3.4, 3.5, 6.3-д заасан гэрээний талуудын тохиролцоонд үндэслэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийг тайлбарлан хэрэглэхдээ хариуцагчийг үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна. Хариуцагч “Мэнд констракшн” ХХК нь ажлын үр дүнг хүлээж авсан тул гэрээгээр тохирсон ажлын хөлс 49 390 400 төгрөг төлөх үүрэгтэй ба 34 830 400 төгрөгийг төлж, үлдэх 14 560 000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Хариуцагчийн зүгээс 10 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бэлнээр “Говийн мөөг” ХХКомпанийн гүйцэтгэх захирал М.Булганчимэгт хүлээлгэн өгсөн, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4 000 000.0 төгрөгт тооцож цонхны шил, 310 000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд, 250 000 төгрөгийг краны салхины шилний үнэнд суутгаж, төлбөр тооцоо дууссан гэж баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж заасан ба хариуцагч нь “Говийн мөөг” ХХКомпанийн харилцах дансанд 34 830 400 төгрөгийг  шилжүүлснээр үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. Харин  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл М.Булганчимэг нь “Говийн мөөг” ХХКомпанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн хэдий ч гэрээний үүргийг хүлээн авах эрхтэй болох нь тогтоогдоогүй байна. Мөн хөлс төлөх гэрээний зарим үүрэгт цонхны шил нийлүүлсэн, краны салхины шилний үнийг төлсөн гэх үйл баримт гэрээний талуудын хооронд тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

“Говийн мөөг” ХХКомпанийг Г.Мөнх-Эрдэнэ итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, захирлын албан тушаалтай болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичиг, лавлагаагаар тогтоогджээ. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлоор  хэргийг хянахдаа гомдол гаргах эрхтэй этгээд буюу хариуцагчийн талаар магадлалд тодорхой дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийг итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон төлөөлөх эрхгүй этгээдэд гардуулж өгсөн гэх  зөрчил хариуцагчийн эрхийг хязгаарлаагүй, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2016/00550 дугаар шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 203/МА2017/00008 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                   ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА