Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0210

 

С.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.П нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу С.Н-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: ”Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.9, Улсын бүртгэлийн Ерөнхий /2018 он/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н-ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Г.Т-д олгосон орон сууц өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээг хүчингүй болгож, 0117455 тоот гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.П давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нотлох баримтыг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэн зөв дүгнэж чадаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 06 дугаар магадлалтай захиргааны хэрэгт өмгөөлөгч намайг оролцуулаагүй, иргэн Г.Т нь С.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өөрийн биеэр оролцсон, хүчингүй гэрчилгээ төрийн өмч болохыг мэдсээр байж залилан мэхэлсэн шинжтэй үйлдэл юм. 60 дугаар тогтоолын С.Н-д холбогдох өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Төрийн өмчийг зарж борлуулах эрхгүй.

        Мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаантай, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол бүртгэхгүй байхаар хуулийн заалтуудыг зөрчиж, Г.Т-д хууль бус өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Худалдах, худалдан авах гэрээ нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг юм.

        2016 оны 80 дугаар тогтоолоор С.Н өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Захиргааны хэргийн шүүх 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүх хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгч С.Н давж заалдах гомдолдоо: “Г.Т олон хүний зээл чөлөөлж, 30-аад сая төгрөгөө зарцуулчихаад, нөхөртөө зодуулаад түүнийг аргалахын тулд надад мөнгө төгрөг өгсөн болгож, хэд хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулсан. Г.Т миний байрыг 20 сая төгрөгөөр худалдсан гэрээ хийсэн зүйл байхгүй, нөхөртөө зодуулаад, нөхрөө хуурахын тулд “боож үхнэ” гэж намайг айлган сүрдүүлж, гэрээ хийж, надаар гарын үсэг зуруулсан.

        Настай хүнийг төөрөгдүүлж, гарын үсэг зуруулчихаад байр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж гүтгэж байна.

        Уг гэрээнүүд нь тухайн үед хийгдээгүй, сүүлд нөхөж бичсэн гэрээ. Миний нөхрийн бие муу, олон сар жилээр сахисан учир гэрээ нэг бүрийг уншилгүй, нөхөртөө үзүүлэх юм гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Нотариат дээр дагуулж очоод энэ цаасан дээр зур гэхэд нь салахын тулд зурдаг байсан.

        Үл хөдлөх хөрөнгийн тасгийг дарга Ц.Э, Ш.Ц нарт мөнгө, төгрөг өгч миний зөвшөөрөлгүй, уг байр маргаантай гэдгийг мэдсээр байж аймгийн орон сууц хувьчлах товчооны 30 дугаар тогтоолоор надад олгосон гэрчилгээг хүчингүй болгосон.

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 06 дугаар магадлалтай шүүх хуралдаанд намайг дагуулж итгэмжлэл хийлгээд өөрөө хуралд суусан. 60 дугаар тогтоолыг хүчингүй болгосон болохоор үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тасгийнхантай хуйвилдаж гэрчилгээ солиулж авсан байсныг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээгээ бүртгүүлэхэд бүртгэхгүй гэснээр мэдсэн.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        НЭГ. “Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1Б байрны 47 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Т-г бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000339171 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 295 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Р.Э нь орон сууц эзэмшигч С.Н-ын зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын бичиг баримтад өөрийн нэрийг нэмж бичүүлэн уг байрыг дангаараа эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн Дархан-Уул аймгийн Орон сууц хуваарилах комисс 1997 онд 30171 дугаар эрхийн бичиг олгож, 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр уг байрыг Р.Э-д эзэмшүүлсэн нь С.Н-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тухайн хууль бус эрхийн бичиг, гэрээг үндэслэн уг орон сууцыг Р.Э-д хувьчилсан” гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Өмч хувьчлалын комиссын 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолын Р.Э-д холбогдох хэсэг, Орон сууц өмчлөх эрхийн 002678 Да дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.

        Үүний дараа Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтаар тухайн орон сууцыг С.Н-д хувьчилжээ.

        Тухайн хувьчилсан шийдвэрүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шаардсаны дагуу гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр “Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор шийдвэрлээгүй асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан” гэх үндэслэлээр уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, С.Н-д олгосон Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1Б байрны 47 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000106450 дугаартай гэрчилгээг хүчингүй болгохыг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгажээ.

        Мөн Р.Э, Д.Д нараас “Орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолын С.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

        Нөгөөтэйгүүр, Р.Э, Д.Д нарын “Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1Б байрны 47 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 509 дүгээр тогтоолоор хэвээр үлдээснээр тухайн орон сууцны шударга эзэмшигчээр тэдгээр иргэд тооцогдох боломжгүй болжээ.

        Үүний зэрэгцээ С.Н-ын гаргасан “Р.Э, Д.Д нарыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1Б байрны 47 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцнаас нүүлгэн гаргаж, орон сууцыг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр хангасныг Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 540 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.

        Улмаар Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчоо 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор С.Н-д Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ[1]-г олгохоор шийдвэрлэжээ.

        Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл маргаан бүхий орон сууцыг Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу хувьчилж авах эрхтэй буюу өмчлөгч нь иргэн С.Н, харин Р.Э, Д.Д нарын тухайд орон сууцны шударга эзэмшигч буюу орон сууцыг хувьчилж авах, өмчлөх эрхгүй этгээдүүд болохыг шүүх нэгэнт тогтоожээ.

        Үүнээс гадна нэхэмжлэгч С.Н Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 60 дугаар тогтоолыг үндэслэн орон сууцыг хувьчлан авч, хуульд заасны дагуу бүртгүүлсэн байх үедээ 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Г.Т-тай харилцан тохиролцсон хэлцэл[2]-ийн үндсэн дээр орон сууцны өмчлөлөө түүнд шилжүүлсэн хэлцэл нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр, өөрөөр хэлбэл, энэ талаар тэдгээрийн хооронд ямар нэгэн маргаан гараагүй[3] нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

        С.Н, Г.Т нарын хооронд байгуулагдсан дээрх Худалдах, худалдан авах гэрээ болон хуульд заасан холбогдох бусад баримтуудыг үндэслэн Г.Т-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000339171 дугаар гэрчилгээ олгосон хариуцагч байгууллагын үйл ажиллагаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана/, 24.3 /Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй/, 24.8 /Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно/-д нийцсэн байжээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар шүүх захиргааны акт хууль бус байхаас гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн болох нь тогтоогдвол маргаан бүхий актыг хүчингүй болгох ёстой.

        Нэгэнт дээр дурдсанаар хууль ёсоор өмчлөгч С.Н гэрээний үндсэн дээр орон сууцаа бусдын өмчлөлд шилжүүлсэн, энэ талаар гэрээний оролцогчдын хэн аль нь өнөөг хүртэл маргаагүй байгаа нь тогтоогдсон тохиолдолд С.Н, Г.Т нарын хүсэл зоригийн дагуу орон сууцны өмчлөгч Г.Т болохыг бүртгэж, гэрчилгээ олгосон хариуцагч байгууллагын үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх боломжгүй байна.

        Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчоо 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 80 дугаар тогтоол гаргаж, С.Н-д орон сууцыг хувьчлахаар дахин шийдвэрлэсэн нь урьд нь түүний өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгож, түүнийг дахин өмчлөгчөөр бүртгэх үндэслэл болохгүй.

        Нөгөөтэйгүүр, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөнгө хүлээн авсан баримт зэрэгт гарын үсгийг “дарамталж зуруулсан” гэх гомдлоо нэхэмжлэгч эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлээгүй байгаа тохиолдолд энэ талаарх түүний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        ХОЁР. “С.Н-ын Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 1Б байрны 47 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн 0117455 дугаартай гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 20 дугаар зүйлийн 20.1.8 /улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох/-д зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглосон, хариуцагч төрийн захиргааны байгууллага орон сууцны өмчлөгчөөр Г.Т-г бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000339171 дугаартай гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон зөв боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу, хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.9” гэснийг “24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.8” гэж, “Ерөнхий” гэснийг “ерөнхий” гэж, “8 дугаар зүйлийн 8.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т” гэснийг “20 дугаар зүйлийн 20.1.8-д” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                        ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР

 


[1] Хэргийн 1 дэх хавтсын 31-32 дахь тал.

[2] Хэргийн 1 дэх хавтсын 212 дахь тал.

[3] Хэргийн 1 дэх хавтсын 213-214 дэх тал.