Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/0025

 

“О д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Э ү” ТӨҮГ, “Э ү” ХХК  /ТӨҮГ/-ийн

Тендерийн үнэлгээний хороонд

тус тус холбогдох захиргааны

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:               Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                     М.Батсуурь                             

                                     Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:     Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Э ү” ХХК /ТӨҮГ/-ийн Тендерийн үнэлгээний хороо, “Э ү” ТӨҮГ-т холбогдуулан,

- “Э ү” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ХБ-Т-12/58 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”;

- “Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Э ү” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад “О д” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах”;

- “Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Э ү” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад шалгаруулсан “Х х к” ХХК, “Т ф” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”;

- “Э ү” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”;

- “О д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг “Э ү” Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах”;

- “Э ү” ТӨҮГ, “Х х к” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээ, “Т ф” ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах”.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 566 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц, Ө.А, өмгөөлөгч О.С, Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Ц.О, О.А, Д.М, гуравдагч этгээд “Х х к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Ж.Б, гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн төлөөлөгч Ж.У, өмгөөлөгч Э.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “О д” ХХК-ийн “Э ү” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-т тус тус заасныг баримтлан “О д” ХХК-ийн “Э ү” ТӨҮГ болон тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан,

-“Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “Э ү” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад шалгаруулсан “Х х к-г” ХХК, “Т ф” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

-”Э ү” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “захиалагчийн зүгээс гарах шийдвэр”-ийг тус тус хүчингүй болгуулах,

-”Э ү” Төрийн өмчит үйлдвэрийн газар, “Х х к” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээ, “Т ф” ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, тус тус хүчингүй болгож,

-“Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “Э ү” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад “О д” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах”,

- “О д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг “Э ү” Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 566 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-т тус тус заасныг баримтлан “О д” ХХК-ийн

-Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “Э ү” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 2 дугаар багцад шалгаруулсан “Т ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

-”Э ү” Төрийн өмчит үйлдвэрийн газар “Т ф” ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, тус тус хүчингүй болгож,

- Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “Э ү” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,3 дугаар багцад шалгаруулсан “Х х к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

-”Э ү” Төрийн өмчит үйлдвэрийн газар “Х х к” ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах,

-Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “Э ү” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад “О д” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

- “О д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг “Э ү” Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “4” болгож, “4” дэх заалтын дугаарыг “5” болгож,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан “Э ү” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн Захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай гэсэн Тогтоох хэсгийн “3” дахь заалтыг нэмж өөрчлөн, 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилсөн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар  шийдвэрийн 2 дугаар заалтын “О д” ХХК-ийн тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан, Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “О д” ХХК-ийн тендерийг хүлээн авч дахин тендерийн үнэлгээ хийхийг “Э ү” ТӨҮГ-т даалгах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон хэсэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 566 дугаар магадлалын тогтоох хэсгийн 49 дүгээр талд бичигдсэн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилсөн, мөн захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ: “Э ү” ХХК /ТӨҮГ/ болон түүний дэргэдэх ТҮ-2019-01 тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “О д” ХХК-ийн 5-н шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээн дэх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн 16-18 дахь талд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын “О д” ХХК-ийг тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нотлох баримтын хүрээнд доорх хүснэгтээр тендерийн хуулийн дагуу, захиалагчийн захиалсан ТШӨХ-ийн дагуу хүргүүлснээ нотолж байна. /Хүснэгтээр үзүүлсэн/

5. Нотлох нь: 3 “О д” ХХК-ийн тендерийн баримт бичгийн 190, 207-р хуудас нь захиалагчаас шаардаагүй мэдээлэл ба хүргүүлсэн уг баримт бичгийн гарчиг хуудас гэдэг нь хэн ч харсан илэрхий байдаг. Эдгээр хуудаст А.Ц-ийг хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич, хоол зүйч, Монгол Улсын зөвлөх гэж бичсэнээр давхар санал болгосон гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл байна. Гэтэл овог нэр, регистрийн дугаар, мэргэжил боловсрол, мэргэжлийн цол зэрэг, санал болгож буй албан тушаал, нас, хүйс, ажилласан жилийн туршлага, “О д” ХХК-д хэдэн жил ажилласан гэх мэт бүрэн мэдээллийг тусгасан, захиалагчийн өөрийнх нь шаардсан хуудас болох 263, 266, 269-р хуудсыг үнэлэхгүй байгааг дахин дахин хэлэхийг хүсэж байна. Уг хуудас тус бүрийн 5-рт ХАБ-ын ажилтан О.У /эр/ бичигдсэнээр 1 хоол зүйч С.У андуурагдах магадлалтай. …Шийдвэрийн 23-р тал нэхэмжлэлийн 5 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ...Маргаан үргэлжилсэн 1.5 жилд манай ажилтнууд ажилгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарсан. Гомдлын 1 дэх хэсэгт манай боловсон хүчин шалгуурыг хангалттай хангаж байгаа талаар дурдсан тул нэхэмжлэлийн хангагдаагүй 2 шаардлагыг хангаж өгөхөөр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

6. Нэхэмжлэгч “О д” ХХК нь тендерт ирүүлсэн баримт бичгээс үзэхэд ТҮ-2019/01 тоот тендерийн I, II, III багцуудад оролцохоор ирүүлсэн байх боловч тухайн багцуудад тендерийн нэг материал өгч, бүх багцад 70-н хүн гэсэн ганц боловсон хүчний мэдээллийг ирүүлсэн гэж дүгнэсэн. (Магадлалын 29 дэх талд)

Нотлох нь: 1. Тендер 3-н багцтай “О д” ХХК нь 70-н хүнээр Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1 /1771 гомдлын хариуд “Э ү”  -т хүргүүлэхдээ: Тендер шалгаруулалтын 1,2 болон 3 дугаар багцад оролцсон “О д” ХХК нь тендерийн баримт бичгийн Хүснэгт №05-ын дагуу “Үнэлэгдсэн үйл ажиллагааны хуваарь”-т 1 дүгээр багцад 121, 2 дугаар багцад 71, 3 дугаар багцад 55 ажилтан санал болгож ирүүлсэн бөгөөд ажилтан тус бүрийн мэргэжлийн диплом, ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлсэн байгаа нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын Хүснэгт №3-ын 6.1.1-6.1.8-д заасан шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн. Энэ нь ч тендерийн материалд хавсаргагдсан.  Хоол зүйч, ерөнхий тогооч, технологич гэх орон тооны талаар ажилтныг давхар ажиллуулахаар тус тус санал болгосон байх бөгөөд хариуцагч эдгээр зөрүүтэй баримтын алийг нь үнэн зөв гэж үзэх эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг нэхэмжлэгч өөрөө бүрдүүлсэн байна гэжээ. /Магадлалын 30 дахь талд/

7. Нотлох нь: 2. ТОӨЗ болон ТШӨХ-д шаардсан тендерийн баримт бичгийг л үнэлэх ёстой байтал, гарчиг хуудас /190, 207, 217-р хуудас/-ыг зориуд алдаа олох зорилгоор үнэлсэн. Гэтэл тендерийн баримт бичигт шаардсан 263, 266, 269-р хуудсыг үнэлэхгүй байна. Тус хуудасуудыг тодруулбал, 3-н багц тус бүр санал болгож түүнд ажилчдын овог, нэр, регистрийн дугаар, мэргэжил боловсрол, мэргэжлийн цол зэрэг санал болгож буй албан тушаал, нас, хүйс, ажилласан жилийн заалт зэргийг эргэлзэх зүйлгүйгээр тодорхойлсон байгаа нь харагдана. Хоол зүйч албан тушаалд С.У-ыг санал болгосон мөн түүнийг үндсэн ажилтан биш талаар НД-8 маягтад С.У байхгүй талаар үгүйсгэн дүгнэжээ. (Магадлалын 31 дэх талд)

8. Нотлох нь: 3. ТОӨЗ болон ТШӨХ-д шаардсан тендерийн баримт бичгийг л үнэлэх ёстой байтал, 190-р хуудсыг үнэлчхээд тендерийн баримт бичигт шаардсан багц тус бүрд санал хүргүүлсэн 263, 266, 269-р хуудсыг үнэлээгүй, эдгээр хуудаст С.У-ыг санал болгоогүй нь харагдаж байна. Энэ нь ТШӨХ-д заагдсан маягт болно. “Технологич”-д санал болгосон С.О-Э-ийн ажлын үнэмлэхний хуулбарыг тендерийн баримт бичигт ирүүлээгүй нь тогтоогдож байгаа тул шаардлагад нийцээгүй гэж үзэн хянан үзэх шатнаас хассан нь үндэслэлтэй гэж дүгнэжээ. /Магадлалын 32 дахь талд/

Нотлох нь: 4. Эндээс харахад С.О-Э-ийг технологичид санал болгосон гэж дүгнэсэн гэж ойлгогдохоор байна. С.О-Э-ийн ажлын үнэмлэх байхгүй байх ч НД-8 маягтаар бусад баримт бичгээр үндсэн ажилтан гэдэг нь нотлогдох ба тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Үүнд тус магадлалын 41-р талын 4 дэх догол хэсэгт тайлбарласнаар тендерийн баримт бичгийн Бүлэг II. ТОӨЗ-ын 26.2-т зааснаар томоохон зөрүүгүй тендер ирүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл байна.

9. Давж заалдах шатны шүүхийн магадлалд, эрх нь сэргээгдэж тэнцсэн гэх “Х х к” ХХК-ийн тендерийн бичиг баримт нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангахгүй тендерийн хуулийг зөрчсөн болохыг нотлох нь:

БҮЛЭГ I. Няцаах нь: Бусад тендерийн баримт бичиг нь тендерийн шаардлага хангахгүй болохыг магадлалын 42-р тал дахь ТОӨЗ-ын 4.4. /д/ заалтыг дүгнэхдээ: “Х х к” ХХК-ийн “Х б”-ны 20 тэрбум 1600 сая төгрөгийн арилжааны банкны зээлийн тодорхойлолт нь тендерийн баримт бичигт шаардсан шаардлагыг зөрчсөн, тэр ч бүү хэл /тендерт шалгарсан тохиолдолд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолтыг баталгаажсан эрх гэж үзэхгүй/ тийм тодорхойлолт ирүүлэх бол тендерээс татгалзана гэж заасаар байтал, энэ утга бүхий 20 тэрбум төгрөгийн зээлийн тодорхойлолтыг тооцсон, мөн 600 сая төгрөгийн зээлийн тодорхойлолт нь, хэнд, юунд зориулагдсан нь тодорхойгүй, судлагдаагүй зээлийн тодорхойлолтыг ирүүлсээр байтал тэнцүүлсэн байна. ...Нэхэмжлэгчийн зүгээс тендерт шаардсан түргэн хөрвөх хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 15 хувьд хүрч шаардлага хангасан болон хангаагүй талаар хэн ч маргаагүй. Гэвч давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн дүгнэлт дээр үндэслэн нарийвчлан тооцож үзэх юм бол “Х х” ХХК 1-р багцад 10 375 472 800 төгрөг, 2-р багцад 4 700 288 000 төгрөг, 3-р багцад 3 487 022 000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн ба нийт тендерт санал болгож буй үнийн дүн нь 18 562 882 800 төгрөг байх ба үүнд тооцоолбол /18 562 882 800*15%=2 784 432 420 төгрөгийн судлагдсан зээлийн эрх бүхий баталгаажсан тодорхойлолттой байх ёстой. Гэтэл 2 784 432 420 төгрөгийн зээлийн судлагдсан эрхтэй байх шаардлагыг зөрчсөн учраас “Х х к” ХХК санхүүгийн чадавх нь хүрэлцэхгүй. ТОӨЗ 4.4.д-н шаардлагыг хангахгүй байна. Логикийн хувьд ч харахад, 18 тэрбум гаруй төгрөгийн тендерт орж байхад, “Хас банк” 20 тэр бум 600 сая төгрөгийн зээл олгох боломжтой гэж зээлийн тодорхойлолт гаргаж өгч байгаа нь өөрөө хуурамч юм. “Х х к” ХХК-ийг санхүүгийн тайлангаас тооцсон, түүнийгээ зөвтгөсөн шүүхийн тооцоолол нь 11 хувьд хүрэхгүй байна. Энэ тооцооллоос үзэхэд “Х х к” ХХК нь 4.4.-/д/ дэх заалтыг, мөн арилжааны зээлийн шаардлагыг хангахгүй учир санхүүгийн чадавх хүрэхгүй, санхүүгийн чадвар хангахгүй учир хянан үзэх шатанд хасагдах байсан.

10. Магадлалын 43-р тал дахь дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07-12 дугаар саруудын НД-8 маягтаа ирүүлнэ гэсэн шаардлагыг огт ирүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 124 тоот албан бичиг болон ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт хавсаргасныг эрх бүхий байгууллага болох Нийгмийн даатгалын байгууллага гаргасан байна гэж үзээд тооцсон нь, ТОӨЗ-ын 12.1.3 дахь заалтын шаардлагад нийцэх баримт юм. Үүнийг шүүх хольж хутган нягтлахгүйгээр тэнцүүлсэн. Уг тодорхойлолтоор 4.2 /д/ дэх заалтыг орлуулах боломж ч, үндэслэл ч байхгүй, өөрөө тусдаа шаардлага бүхий заалт юм. ...НД-8 маягт байхгүй нь үндсэн ажилтан мөн биш эсэхийг яагаад ч нотлох боломжгүй. Ийм ч учраас зориуд НД-8 маягтаа хүргүүлээгүй.

11. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 43-р талд дүгнэсэн дүгнэлт нь: 159 ажилтны судалгааг хүснэгтээр гаргаж хүргүүлсний дотор ...Нийт 38 ажилтны мэргэжил, ажилласан жил, мэргэшсэн байдлыг харуулах дэлгэрэнгүй баримтуудыг бүрэн гаргаж хүргүүлсэн байна... гэж хянан дүгнэжээ. “Х х к” ХХК тендерийн баримт бичгийн 000640-р хуудас буюу “Хүний нөөц боловсон хүчний мэдээлэл” хэсгийн материалын 1-19 дэх хуудаснаас харвал: “Хавсаргасан материалын жагсаалт” гэсэн гарчиг бүхий хүснэгтэд эрэмбэлснээс харж дүгнэлт хийсэн байх магадлалтай. Энэ хүснэгтэд заагдсан 159 ажилтантай гэж тоолсон тоо нь нийт ирүүлсэн бичиг баримтын тоо ширхэг байсаар байтал хүний тоо гэж дүгнэсэн. Энд 35 ажилтан байхад, 38 ажилтан байна гэж 3 ажилтныг зохиомолоор нэмсэн. Энэ дүгнэлтээ хийхдээ “Х х к” ХХК-ийн материалын хэддүгээр хуудаст байгааг заагаагүй нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтыг зөрчсөн. “Х х к” ХХК-ийн тэнцээд байгаа 35 ажилтны ажлын үнэмлэх огт байхгүй. Гэтэл эдгээр 35 голлох мэргэжилтнүүдийг үндсэн ажилтан гэж нотлох НД-8 маягтыг огт ирүүлээгүй учраас энэ ажилтнуудыг “Х х к” ХХК-ийн үндсэн ажилтан биш гэж үзэх бүрэн үндэслэлтэй. “О д” ХХК-ийн  технологич С.О-Э-ийн ажлын үнэмлэх ирүүлээгүй байх нь тендерээс хасагдах үндэслэл болчихдог байтал, “Х х к” ХХК-ийн 35 ажилтны ажлын үнэмлэх ирүүлээгүй байх нь тендерт тэнцэхгүй байх бүрэн үндэслэлтэй.

12. Магадлалын      44-р    талд    эрүүл  ахуйчаар санал болгож буй Ц.Г, Б.Б нар нь хүний нөөц боловсон хүчний 6.1-д заасан мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлагад бүрэн нийцэхгүй байсаар байтал, шүүх бусад байдлаар тендерийн шаардлага хангасан мэтээр томоохон зөрүүгүй хангасан гэж зөвтгөсөн нь өөрөө тендерийн хуулийн 26.2 а, 26.2 в заалтыг зөрчиж байна. Шүүх бусад байдлаар гэдгийг эргэлзээгүй талаас нь тайлбарласангүй. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 192500776 тоот хэрэг бүртгэлийн дугаартай мөрдөгчийн тогтоолыг, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 150 дугаар Орхон аймгийн Прокурорын газрын тогтоолоор хянагдсан материалд ажлаас гарсан, ажилласан жил нь хүрэхгүй ажилтнуудынхаа бичиг баримтыг хуурамчаар үйлдэн тендерийн шаардлагад нийцүүлэн засварласан болох нь тогтоогдсон /Үүнд, С.С хоол зүйч, Х.Б хоол зүйч, Э.Б хоол зүйч, Д.М технологич, Б.О менежер, С.О менежер/. Ийм ч учраас НД-8 маягтыг хүргүүлээгүй.

13. БҮЛЭГ II. Бусад тендерийн баримт бичиг нь тендерийн шаардлага хангахгүй болохыг “О д” ХХК нь захиалагчийн мэргэжилтний чадамжийг шаардсан 6.1.4-д шаардсан ерөнхий тогоочид А.Ц-ийг санал болгож, 5-р хүснэгт дэх үнэлэгдсэн үйл ажиллагааны хуваарийг хүргүүлэхдээ Хоол зүйч + ерөнхий тогоочид давхар санал болгосон талаар маргаж, давхцал үүсгэсэн гээд буруудаад байхад, ерөнхий тогоочид нэг ч ажилтан санал болгож огт хүргүүлээгүй “Х х к” ХХК-ийг тендерийн баримт бичгийн хэд дэх заалтыг хангаж байгаа нь, хүний нөөц боловсон хүчний ямар шаардлагыг тендерийн тухай хуулийн хэд дэх заалтаар хангагдаж байгаа нь ч үндэслэлгүй. /Хавсаргасан материалын жагсаалт”-д байхгүй/. Тендерийн баримт бичгийн үйлчилгээний тодорхойлолтын 6.1.8-ыг хийж хүргүүлээгүй. Энэ шаардлагыг хийгээгүй учраас “Х х к” ХХК-ийн 3-н багцад байгаа, хүний нөөц хүрэхгүй байна.  Давж заалдах шатны шүүхийн “Х х к” ХХК-ийн 159 хүнтэй гэж үнэлгээ хийсэн материал буюу тендерт ирүүлсэн баримт бичгийн жагсаалт хүснэгт /зураг/ үзүүлэв...

14. Иймд, шат шатны шүүхүүдээр хөдөлшгүй нотлох баримт болон холбогдох хууль журмуудын дагуу манай компанийн ирүүлсэн тендер нь Тендерийн тухай хуулийн 26.2 дахь шаардлагын дагуу томоохон зөрүүгүй хангаж байгаа болно. Мөн тус хууль, журмуудыг зөрчиж тендер шалгаруулалт явуулсан нь тодорхой байсаар байтал илтэд нэг талыг дэмжсэн магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гаргасан тул дээрх үндэслэл, тайлбар бүхий гомдол гаргаж байгааг хүлээн авч зохих хууль, журамд нийцүүлэн нотлох баримт бүрт үнэлгээ хийн бидний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

15. “Т ф” ХХК /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т х ф” ХХК болж өөрчлөгдсөн/-ийн төлөөлөгч Ж.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар сарын 01-ний өдрийн 566 дугаартай магадлалыг гуравдагч этгээд “Т ф” ХХК /Одоо “Т х ф” ХХК болсон/-ийн зүгээс эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

16. ...Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Т ф” ХХК /Одоо Т х ф ХХК/-ийг “...үйлчилгээний ажилчдын тоо нь тендерийн шаардлагад тавьсан /2 дугаар багц 60 хүн/ тооноос дутуу ирүүлсэн байхад уг компанийг 2 дугаар багцад “хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн материал ирүүлсэн” гэж дүгнэн шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй...” гэж үзсэнийг дараах байдлаар эс хүлээн  зөвшөөрч байна. Тендерийн баримт бичгийн 6.1.8-д “Нэг хоногт үйлчлүүлэх хүний тооноос хамаарч түүхий эд бэлтгэгч, угаагч, үйлчлэгч зэрэг үйлчилгээний ажилчдын тоон мэдээлэл хүснэгт №5-д зааснаас багагүй байх бөгөөд 3 ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоо, ажиллах хуваарийг гаргаж ирүүлэх” гэсэн байна. “Т ф” ХХК-ийн зүгээс тендерийн бичиг баримт бичигт заасан бүх шаардлагуудыг хангаж, тендерийн материалаа хүргүүлсэн. Тендерийн баримт бичгийн 6.1.8-д заасанчлан “Ажилчдын долоо хоногийн ажил, амралтын хуваарь”-ийг гаргаж, тендерийн баримт бичигт шаардсаны дагуу 60 хүний тоон мэдээллийг хүргүүлсэн. Учир нь тендерийн баримт бичигт зөвхөн 60 хүний тоон мэдээллийг ирүүлэхийг шаардсаны дагуу бид 60 хүний мэдээлэл явуулсан. Өөрөөр хэлбэл баримт бичгийн шаардлагад зөвхөн тоон мэдээллийг ирүүлэхийг шаардсан бөгөөд 60 хүн ажиллах ёстой гэсэн шаардлага тавигдаагүй байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх шаардлагыг буруу тайлбарлаж 60 хүн ажиллах ёстой ажиллах хүч мэтээр үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Э ү” ХХК /ТӨҮГ/-ийн Тендерийн үнэлгээний хорооны шалгуурт “жаран ажилтантай байх ёстой” гэсэн үг, өгүүлбэр байхгүй бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

17. “...Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07-12 дугаар саруудын НД-8 маягтыг ирүүлнэ” гэсэн шаардлагын дагуу “Т ф” ХХК-иас санал болгож байгаа нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологичид санал болгосон Б.У нь 2018 оны 10 дугаар сараас эхлэн тус компанид үндсэн ажилтан болж, нийгмийн даатгал төлсөн баримт ирүүлсэн нь шаардлага хангахгүй байна...” гэсэн байна. Ажилтан Б.У нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй “Т ф” ХХК-ийн үндсэн ажилтан мөн бөгөөд үүн дээр талууд маргадаггүй. Тендерийн баримт бичгийн шаардлагад зөвхөн 2018 оны 07-12 дугаар саруудын НД-8 маягтыг ирүүлнэ гэсэн байсан. Үүний дагуу “Т ф” ХХК-ийн зүгээс Б.У-ийн 2018 оны 07-12 дугаар саруудын НД-8 маягтыг хүргүүлсэн. НД-8 маягт нь хуулийн этгээдийн ашигладаг маягт юм. Гэтэл анхан шатны шүүхээс хувь хүний ашигладаг маягт мэтээр тендерийн баримт бичгийн тус шаардлагыг буруу тайлбарлаж дүгнэлтээ гаргасан гэж үзэж байна. Тендерийн баримт бичгийн шаардлага (ТОТШҮ 6.1.3)-д “мэргэжлээрээ бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй ажил ажилласан, тус компанийн үндсэн ажилтан байх” гэж шаардсан байсан. Гэтэл шүүхээс тендерийн баримт бичгийн шаардлагыг гуйвуулж, тусгагдаагүй шаардлагыг хангаагүй байна гэж үзэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт тайлбарыг өгөлгүй шийдвэрлэсэн. “...Т ф” ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн технологи картад бичилт хийсэн албан тушаалтны нэр, гарын үсэг, огноо, чанарын шаардлага зэрэг нь бичигдээгүй зөрчилтэй байна...” гэсэн байна.

18. “Т ф” ХХК-ийн захирал Ж.У нь технологийн картад бичилт хийж гарын үсэг зурж, тамга дарж баталсан байдаг. Технологийн карт дахь орц, найрлага нь чанарын шаардлага хангасан талаар хариуцагч нар нь шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Гэтэл шүүхээс технологийн картад тусдаа бичилт хийсэн хүн байх шаардлагатай хэмээн тендерийн баримт бичгийг буруу тайлбарласан байна. Нөгөө талаас, тендерийн баримт бичгийг захиалагч боловсруулдаг. Захиалагчийн зүгээс дээрх тендерийн баримт бичигт заасан заалтуудыг хэрхэн ойлгох талаар шүүх хуралдааны явцад тайлбарлаж, “Т ф” ХХК-ийг тухайн шаардлагуудыг хангасныг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбар мэдүүлгээ хэлдэг. Гэтэл шүүхээс тухайн тендерийн баримт бичигт заасан заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, манай компанийг шаардлага хангахгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Давж заалдах шатны шүүх үүнд мөн л ямар нэгэн дүгнэлт тайлбарыг өгөлгүй шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс тухайн тендерийн 1, 3-р багцад шалгаруулсан “Х х к” ХХК-ийг тендерийн бичиг баримт заасан шаардлагыг бүгдийг хангаагүй ч тендерийн баримт бичигт заасан шаардлагаас томоохон зөрүүгүй гэж дүгнэлт тайлбар хийсэн атлаа манай компани нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан байхад тендерийн баримт бичигт заагдсан өгүүлбэрийг буруугаар, хэтэрхий нэг талыг барин тайлбарлаж, манай компанийг шаардлага хангаагүй гэж үзэж байгаад гомдолтой байна.

19. Манай компанийн зүгээс өмгөөлөгчтэй оролцох шаардлагагүй гэж үзэн өмнөх шүүх хурлуудад өмгөөлөгчгүй оролцож байсан хэдий ч анхан шатны шүүх процессын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс тогтоосон учраас бид уг хэрэгт өмгөөлөгч авах шаардлага гарсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч шүүхээс үзэхдээ урьд нь өмгөөлөгч авах боломж байсан хэмээн бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрэг анхан шатны шүүх рүү буцаж ирснээс хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин эхэлснээс хойш бид өмгөөлөгч авах хүсэлтийг анх удаа гаргасан бөгөөд өмгөөлөгч хайх, үнэ хөлс тохиролцох гэх мэт тодорхой шалтгааны улмаас хүсэлтийг гаргаж чадалгүй хуралдааны үеэр гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй. Хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцох эрхээр хангалгүй хуралдааныг шууд үргэлжлүүлсэн учраас бид тухайн даргалагч шүүгчид эргэлзээ төрж, шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүхээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул одоо хүлээн авах боломжгүй гэж хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шууд хуралдааныг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь бидний зүгээс шүүгчийг хуульд заасан татгалзан гаргах нөхцөл бүрдсэн гэж үзсэн даруйдаа татгалзан гаргах хүсэлтийг гаргасан.

20. Уг хэрэгт “Э ү” ХХК болон тус компанийн Тендерийн үнэлгээний хорооны гаргасан шийдвэртэй нь холбогдуулан хариуцагчаар татсан байдаг. “Э ү” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага хэмээх ойлголтод хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар захиалагч нь Үнэлгээний хороо байгуулах эрхтэй бөгөөд 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах эрх, үүрэгтэй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргах эрхтэй. Гэтэл “О д” ХХК нь Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гомдол захиалагчид огт гаргаж байгаагүй атлаа шүүхэд Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн. Иймд  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож гомдлыг ханган манай компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

21. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 566 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

22. “Э ү” ТӨҮГ-ын “Х х к” ХХК болон “Т ф” ХХК-тай байгуулсан гэрээнүүд нь захиргааны гэрээ болохгүй тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Э ү” ТӨҮГ-ын “Х х к” ХХК болон “Т ф” ХХК-иудтай байгуулсан гэрээг захиргааны гэрээ мөн эсэх талаар магадлалдаа дурдаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. “Э ү” ТӨҮГ-ын дээрх 2 компанитай байгуулсан үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчлэх үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтаар тодорхойлогдсон “Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх” гэрээ бөгөөд байгууллагын дотоодын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, талуудын эрх тэгш харилцаанд суурилсан иргэний эрх зүйн “Ажил гүйцэтгэх гэрээ” юм. Өөрөөр хэлбэл эдгээр гэрээ нь “Э ү” ТӨҮГ-ын үндсэн эрхлэх үйл ажиллагаанд хамааралгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулсан гэрээ биш юм.

23. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 102 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Э ү” ТӨҮГ-ын дүрмийн 2.3 дахь заалтаар Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон бөгөөд “Х х к” ХХК болон “Т ф” ХХК-иудтай байгуулсан гэрээгээр тодорхойлсон харилцаа нь “Э ү” ТӨҮГ-ын дүрмээр тодорхойлсон үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхтэй хамааралгүй юм. Ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх ажил нь үйлдвэрийн газрын дотоодын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа буюу хэрэгцээг хангахад чиглэгдсэн хувийн эрх зүйд хамаарах харилцаа бөгөөд захиргааны гэрээг иргэний эрх зүйн гэрээнээс ялгах онолын ойлголтуудаар энэ нь нотлогдоно. Тухайлбал, “Ашиг сонирхлын онол”-ын үүднээс тайлбарлавал талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь нийтийн ашиг сонирхлыг бус зөвхөн “Э ү” ТӨҮГ-ын үйлдвэрийн дүүрэгт ажилладаг өөрийн дотоодын ажилтнуудын ашиг сонирхлыг илэрхийлж байгаа болно. “Шатлалын онол”-ын үүднээс тайлбарлавал эдгээр гэрээнд оролцогч талууд нь шаталсан бус эрх тэгш харилцаанд суурилж, эрх, үүргийг тэнцүү хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. “Гэрээний зүйлийн онол”-ын хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь гадагш чиглээгүй, захиргааны эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгоогүй тул захиргааны гэрээ гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч “О д” ХХК-ийн захиргааны хэргийн шүүхэд харьяалан гаргасан “Э ү” ТӨҮГ-ын “Х х к” ХХК болон “Т ф” ХХК-иудтай байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр татгалзах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой асуудалд тодорхой хууль зүйн дүгнэлт хийлгүй, хэрэглэвэл зохих хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

24. “Э ү” ТӨҮГ нь захиргааны байгууллага болохгүй тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 566 дугаар магадлалын Хянавал хэсэгт: “Э ү” ХХК (ТӨҮГ)-ыг  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Захиалагч” гэдэгт хамаарна гэж тодорхойлжээ. Хариуцагчийн зүгээс энэ асуудлаар маргаагүй бөгөөд бид “Э ү” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Захиалагч” мөн, харин Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлээр тодорхойлсон “Захиргааны байгууллага” биш гэж удаа дараа бичгээр болон амаар тайлбарласаар байгаа. “Э ү” ТӨҮГ-ыг “Захиргааны байгууллага” гэж үзэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн чухам аль үндэслэлд хамааруулж  тодорхойлж байгаагаа давж заалдах шатны шүүх тодорхой дүгнээгүй.

25. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан үндэслэлээр тендертэй холбогдох маргааныг тусгай  журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэдэгтэй бид мөн маргаагүй. Гагцхүү ийнхүү хянан шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 56 дугаар зүйлийн 56.1-д заасан өөр хоорондоо уялдаа холбоо бүхий заалтуудыг зөв хэрэглэж, хэргийн хариуцагчийг зөв тодорхойлоосой гэж хүсэж байна.

26. Дээрх хуулийн заалтууд нь Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлээр тодорхойлсон 2 захиргааны байгууллага тендерт оролцогчийн гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл тэдгээр захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг тендерт оролцогч эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болох тухай зохицуулалт юм. Гэтэл тухайн захиргааны байгууллагуудын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр шүүхэд гомдол гаргахдаа тэдгээр захиргааны байгууллагын хүчин төгөлдөр, үр дагавар бүхий захиргааны актад бус захиалагчид холбогдуулж, хариуцагчийг захиалагч гэж тодорхойлж байгаа нь хуулийг буруу хэрэглэжээ. Сангийн яамны шийдвэр нь эрх зүйн шууд үр дагавар бүхий захиргааны акт бөгөөд захиалагч болон тендерийн үнэлгээний хороо нь тухайн шийдвэр /захиргааны акт/-ийг хүлээн зөвшөөрөхгүй, даган биелүүлэхгүй байх хууль зүйн боломжгүй байдаг. Гэтэл тендерт оролцогч тухайн захиргааны байгууллагын эцсийн шийдвэртэй маргахгүй, үйлчлэх хүчин чадал нь дуусгавар болчихсон тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй маргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн шүүгчид тендерийн үнэлгээний хорооны гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлж, тендерийн материалд үнэлгээ хийх зэрэг ажиллагааг гүйцэтгэж байгаа нь хууль хэрэглээний процессын асуудал үүсээд байгааг бодитоор илтгэж байна. Энэ бүхнээс үүдэн “Э ү” ТӨҮГ нь захиалагч болохынхоо хувьд Сангийн яамны хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой юу, хариуцагч болохынхоо хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй юу гэдэг эргэлзээ үүсэж байна.

27. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Үүнд:

- “Т ф” ХХК-ийн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т заасан хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрсөн үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлтийг хурлын ажиллагаа эхлэхээс өмнө гаргахад энэ тухай хүсэлтийг хянан хэлэлцээгүй хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг зөрчсөн.

- Нотлох баримт шинжлэн судалж, асуулт, хариулт явагдсаны дараа хэргийн оролцогчдыг нэмэлт тайлбар хэлүүлэхгүйгээр шүүх хуралдаан завсарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг зөрчсөн.

- Шүүх хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт эхэлж, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01.30 цагт дууссан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Шөнийн цаг” гэж орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно” гэж заасан байдаг. Гэтэл ийнхүү шүүх хуралдааныг 22 цагаас хойш шөнийн 01 цаг 30 минут хүртэл үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн зэрэг болно. Иймд хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

28. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

29. Нэхэмжлэгч “О д” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо давж заалдах шатны шүүх “...захиалагчийн зүгээс гаргах шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна” /Тодорхойлох хэсгийн 3/ гэсэн боловч ийнхүү зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй байх тул “энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны акт нь хэзээ гарах, ямар шийдвэр болох, ...нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

30.  “Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Э ү” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн I, II, III багцуудад “О д” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тодруулбал, “Э ү” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн баримт бичгийн БҮЛЭГ VII-ийн Хүснэгт №3-т заасан “Тендерт оролцогчдод тавих шалгуур үзүүлэлтүүд”-ийн 6.1.1-д Багц тус бүрт дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна: 6.1.3. “Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич”, 6.1.4. “Ерөнхий тогооч”, 6.1.7. “Хоол зүйч”... гэх зэрэг 6 үндсэн мэргэжилтэнтэй байхаар, мөн Хүснэгт №5-д Үйлчилгээний ажилчдын тоог I багцад 105, II багцад 60, III багцад 55 үйлчилгээний ажилтан байхаар тус тус заасан байхад нэхэмжлэгч нь I, II, III багцуудад оролцохоор тендерийн баримт бичиг ирүүлэхдээ энэхүү 3 багцад 1 материал өгч, бүх багцад 70 хүн гэсэн боловсон хүчний мэдээллийг ирүүлж, тухайн 70 хүнийг I, II, III багцуудад ажиллах боломжтой гэж үзсэн нь, түүнчлэн I, II, III багцад санал болгож буй боловсон хүчний материалдаа “Гэрээг гүйцэтгэхэд оролцох үндсэн мэргэжилтнүүд” А.Ц “нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич, хоол зүйч”, С.О-Э, “ерөнхий тогооч”, С.У “хоол зүйч” гэж /”О д” ХХК-ийн тендерийн баримт бичиг, 190 дэх тал/, I, II, III багцад санал болгож буй боловсон хүчний судалгаанд А.Ц “хоол зүйч, ерөнхий тогооч”, С.О-Э “технологич” гэж /263, 266, 269 дэх тал/ зөрүүтэйгээр болон нэг хүнийг хоёр ажлын байранд давхар ажиллуулахаар тус тус санал болгосон байх тул “тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.“Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3. “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4.“Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэсэнтэй тус тус нийцнэ.

31. Иймд, тендерийн баримт бичигт багц тус бүрт ажиллах хүчний тоо болон үндсэн мэргэжилтнүүд, тэдгээрт тавигдах шаардлагыг тус бүрт нь тодорхой заасан байхад “хүний нөөц, боловсон хүчний шаардлага нь зарим албан тушаалыг хавсран ажиллаж болохгүй талаарх хориглосон, хязгаарласан тухай үг үсэг байхгүй, С.У-ыг хоол зүйчид санал болгоогүй, 190, 207, 217-р хуудсыг зориуд алдаа олох зорилгоор үнэлсэн, 263, 266, 269 дүгээр хуудсыг үнэлээгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-8-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

32. Дээр дурдсанаар, нэгэнт нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр тендер шалгаруулалтын хянан үзэх шатнаас хассан хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэр хууль ёсны тул “О д” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг “Э ү” Төрийн өмчит үйлдвэрийн газарт “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхүүдийн шийдэл зөв юм.

33. “Гуравдагч этгээд “Х х к” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь шаардлага хангахгүй, хууль зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлын тухайд; тус компанийн тендерийн баримт бичигт “Х Б”-ны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13/192 дугаар “Х х к” ХХК нь Э ү-ээс зарласан тендерт шалгарсан тохиолдолд 20 тэрбум хүртэлх зээл судалж олгох боломжтой” гэсэн, мөн өдрийн 13/193 дугаар “Х х к” ХХК-д “Х Б” нь 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийн зээлийг олгоход татгалзах зүйлгүй” гэсэн тодорхойлолт өгснийг нэхэмжлэгчийн маргаж байгаачлан “хэнд, юунд зориулагдсан нь тодорхойгүй, тендерт санал болгож буй үнийн дүнгийн 15 хувьд хүрээгүй, логикийн хувьд ч 18 тэрбум гаруй төгрөгийн тендерт орж байхад 20 тэрбум 600 сая төгрөгийн зээл олгох боломжтой гэж тодорхойлолт өгч байгаа нь өөрөө хуурамч” гэж үзэх боломжгүй /хуурамч болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй/, мөн ТОӨЗ-ны (4.4.д)-д “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 15 хувиас багагүй байх. Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий судлагдсан зээлийн тодорхойлолт ирүүлнэ. /Тендерт шалгарсан тохиолдолд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолтыг баталгаажсан эрх гэж үзэхгүй/” гэснээс үзвэл, ийм утга бүхий тодорхойлолт ирүүлэхийг хориглосон, эсхүл ирүүлсэн тохиолдолд татгалзахаар заагаагүй, харин ТОӨЗ-ын уг хэсэгт “Жич: Дээрх мэдээллүүдийг ирүүлээгүй буюу худал мэдээлэл ирүүлсэн нөхцөлд тендерээс татгалзах үндэслэл болно” гэжээ. Иймд, энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-14-т заасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

34. Мөн “...”Х х к” ХХК-ийн тендерийн баримт бичигт тус компанийн ажилчдын үндсэн болон нэмэгдэл цалин, ЭМД болон НДШ-ийн дүн, ногдуулсан татвар зэргийг багтаасан санхүү, аудитын тайлан, татвар, нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсаргасныг үнэлгээний хороо шаардлага хангасан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь, “Х х к” ХХК нь нийт 200 гаруй ажилтантай /холбогдох баримтыг өгсөн/ ба ТОӨЗ-ны (4.2.д)-д “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг.VII, Хүснэгт №3-ын VI-д заасан боловсон хүчний  диплом, ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ. Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтнууд байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудын НД8 маягтыг ирүүлнэ” гэсний дагуу “Х х к” ХХК нь голлох мэргэжилтнүүд болох 35 хүний дэлгэрэнгүй материалыг /мэргэжлийн диплом, мэргэшлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын хуулбар зэрэг/ хүргүүлснээс гадна холбогдох бусад баримт болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт /тус компанийн буюу ажил олгогчийн 2017-2018 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулсан дахин давтагдашгүй бар код бүхий албан ёсны лавлагаа/, мөн ажилчдын овог, нэр тус бүрээр нийгмийн даатгалын шимтгэл төлснийг харуулсан татварын тайлан, мэдээ зэргийг хавсаргасан. Өөрөөр хэлбэл, НД-8 маягт нь удирдлагын баг болон Хүснэгт №3-ын VI-д заасан боловсон хүчин нь нийгмийн даатгал төлдөг, үндсэн ажилтан гэдгийг нотлох зорилготой ба энэ нь дээр дурдсан холбогдох бусад баримтуудаар нотлогдсон гэж үзэж болохоор байна.

35. Энэ утгаараа ТОӨЗ-ны 26.2-т “Тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан тендер гэдэг нь тендерийн баримт бичгийн бүх нөхцөл, болзол болон үйлчилгээний тодорхойлолтын шаардлагыг томоохон зөрүүгүй хангасан тендерийг хэлнэ...” гэсэнд хамаарч болох ба энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй, иймээс “...НД-8 маягтыг ирүүлнэ гэсэн шаардлагыг огт хангаагүй, Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтыг тооцсон нь үндэслэлгүй, уг тодорхойлолтоор (4.2.д)-г орлуулах боломжгүй, НД-8 маягт байхгүй нь үндсэн ажилтан мөн биш эсэхийг яагаад ч нотлох боломжгүй” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 10-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй.   

36. Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа дээрх 35 хүнд хамаарах 159 материалыг “...159 ажилтны судалгаа...” гэж, 35 хүнийг 38 гэж буруу бичсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй /Тодорхойлох хэсгийн 11-12/, гэвч уг техникийн алдаа нь магадлалыг хүчингүй болгохуйц үндэслэл биш юм.

37. Түүнчлэн, “Х х к” ХХК-ийн тендерийн баримт бичгийн II дэвтрийн 351 дэх талд ерөнхий тогооч /Мастер тогооч/ А.Н, ахлах тогоочид Д.Б-Э нарын 12 хүнийг давхцуулахгүйгээр санал болгосон, харин ТОӨЗ-ны Хүснэгт №04-өөс хамаарч ерөнхий тогооч А.Н-ыг ээлжийн ахлах тогооч хүснэгтийн хамгийн эхэнд буюу 23 дахь мөрөнд, түүнээс хойш бусад ахлах тогооч нарын нэрсийг жагсааж, холбогдох баримтуудыг ирүүлсэн байх тул “ерөнхий тогоочид нэг ч ажилтан санал болгоогүй байгаа нь тендерээс хасагдах үндэслэл болно” гэсэн агуулгатай /Тодорхойлох хэсгийн 13/ хяналтын гомдол үндэслэлгүй.

38. Мөн, энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 12-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлын тухайд, “Х х к” ХХК-иас ирүүлсэн материалд “хүнсний эрүүл ахуйч, ХАБЭА-ын албан тушаалд санал болгосон Ц.Г нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс тус компанид “эрүүл ахуйч”-аар ажиллаж эхэлсэн байгаа нь тендерийн баримт бичгийн хүний нөөц боловсон хүчинд тавигдах “ариун цэврийн хяналт, дадлыг мөрдүүлж ажиллах чадвартай, бакалавр түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна” гэсэн шаардлагад бүрэн нийцэхгүй боловч тендер сонгон шалгаруулалт хүртэл хугацаанд бараг 2 жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх тул “томоохон зөрүүгүй хангасан” гэж үзэх боломжтой, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.      

39. Иймд, “Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Э ү” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн I, III багцуудад шалгаруулсан “Х х к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Э ү” ТӨҮГ, “Х х к” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байх тул “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн /Тодорхойлох хэсгийн 14/ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

40. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд; энэхүү хэрэг нь тендер сонгон шалгаруулах үйл ажиллагааны үр дүнд гарсан тендерийн үнэлгээний хороо/захиалагчийн шийдвэр буюу захиргааны акт болон тухайн актад үндэслэгдсэн тендерийн гэрээтэй холбоотой маргаан байна. Энэ тохиолдолд шүүх захиргааны актыг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч уг актад үндэслэн байгуулагдсан тендерийн гэрээг хүчингүй болгох эсэхийг буюу дагалдах нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргааныг дангаар шийдвэрлээгүй тул “тендерийн гэрээ нь гэрээний онолын үүднээс иргэний гэрээ тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 21-23-т заасан гомдол үндэслэлгүй юм.

41. Түүнчлэн, “Э ү” ТӨҮГ нь захиргааны байгууллага мөн эсэх тухайд /Тодорхойлох хэсгийн 24/, аливаа захиргааны байгууллагын нийтлэг шинж нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжийг хэрэгжүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг ба энэхүү нийтийн захиргааны чиг үүргийг нийтийн болон хувийн эрх зүйн этгээд хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой байдаг. “Э ү” ТӨҮГ-ын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагч болж, уг хуульд заасан журмын дагуу тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх, үүргийг хүлээж байгаа бөгөөд энэ хүрээнд гарсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулах тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар “захиргааны чиг үүргийг хуулиар шилжүүлэн авсан этгээд”, мөн 5.1.5-д заасан “...шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэж үзэх боломжтой.

42. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55, 56 дугаар зүйлд зааснаар Сангийн яам нь тендерт оролцогчийн зүгээс захиалагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэхүү дээд шатны буюу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрсөн бол шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалт /Тендерийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1/-ыг “гомдол хянан шийдвэрлэсэн захиргааны байгууллагын шийдвэрт нэхэмжлэл гаргана” гэж шууд ойлгохгүй. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь захиргааны актыг анх гаргасан байгууллага буюу энэ тохиолдолд захиалагчийн /үнэлгээний хороо/ гаргасан шийдвэрт гомдол гаргахгүй гэсэн үг биш юм. Иймд, “хариуцагчийг буруу тодорхойлсон” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 25, 26-д заасан хяналтын гомдол үндэслэлгүй.

43. Мөн, “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан” гэх уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 27-д заасан гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна, иймээс дээр дурдсан үндэслэлээр “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй. 

44. Гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т х ф” ХХК болж өөрчлөгдсөн/ хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд; Тендерийн баримт бичгийн Хүснэгт №5-д II багцад нийт 60 ажилтан байхаар, Хүснэгт №3-ийн 6.1.8-д ажилчдын тоон мэдээллийг Хүснэгт 5-д зааснаас багагүй байх бөгөөд 3 ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоо, ажиллах хуваарийг гаргах шаардлагыг тавьсан байхад “Т ф” ХХК нь тодорхой хүний мэдээллийг бус харин менежер, ерөнхий тогооч, хоол зүйч гэх зэргээр 60 ажлын байрыг жагсааж /Тендерийн баримт бичгийн 2-р хавтасны 125 дахь тал/, “Компанийн ажилчдын бүртгэл болон нийгмийн даатгалын дэвтэр, боловсролын гэрчилгээ” гэсэн хэсэгт 23 хүний материалыг ирүүлсэн нь /2-р хавтасны 1-6 дахь тал/ тендерийн баримт бичигт тавьсан шаардлагыг хангаагүй /нэхэмжлэгчийн нэгэн адил/ байхад хариуцагч тус компанийг II багцад “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж шалгаруулсан нь хууль бус, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байх тул “...баримт бичгийн шаардлагад зөвхөн 60 хүний тоон мэдээллийг ирүүлэхийг шаардсанаас бус 60 хүн ажиллах ёстой гэж үзэхгүй, иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн...” гэсэн /Тодорхойлох хэсгийн 16/ гомдол үндэслэлгүй байна. 

45. Дээрх шаардлагыг хангаагүй нь гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийг тендер шалгаруулалтын хянан үзэх шатнаас хасах буюу түүнийг шалгаруулсан хариуцагчийн шийдвэр, түүнд үндэслэсэн гэрээг хүчингүй болгох хангалттай үндэслэл болох тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 17, 18-д заасан гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлын бусад үндэслэлд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

46. Түүнчлэн, “анхан шатны шүүхээс өмгөөлөгч авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзсан, гэтэл шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон” гэх /Тодорхойлох хэсгийн 19/ “Т ф” ХХК-ийн гомдлын үндэслэлийн тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно” гэсний дагуу анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаагүйг буруутгах үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

47. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болно...” гэсэн зохицуулалт нь захиалагчийн шийдвэрт өөрт нь гомдол гаргах агуулгатай ба энд заасан “захиалагч” гэдэгт хуульд заасан тохиолдолд “үнэлгээний хороо” хамаарна. Тодруулбал, уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.“Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:” 46.1.1.“энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах”; 46.1.3.“үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 47 дугаар зүйлийн 47.7.“Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэх зэргээр заасан байна. Иймд, “нэхэмжлэгч үнэлгээний хорооны шийдвэрт захиалагчид гомдол гаргаагүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Тендерийн хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэсэн гомдол /Тодорхойлох хэсгийн 20/ үндэслэлгүй.

48. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 566 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд “Т ф” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

 ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ