Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 634

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х- овогт Б-ийн Э-д холбогдох эрүүгийн 1810022470810 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14-р хороо …………. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт Б-ийн Э- /РД:…………../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Э- нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, тал цус харвалттай гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ………… тоотод эхнэр Д.Э-тай “хүүхдүүдээ өмөөрлөө” гэж маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хавтас хэргээс:

            Шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой эхнэр Д.Э- бид хоёр гэртээ хүүхдүүдийн асуудлаас болж маргалдсан. Би эхнэр Энхтуяагийн хүзүүнээс боож түлхээд орон дээр унагаахад Энхтуяа миний цээж хэсэгт маажсан. Өөр зодоон болсон асуудал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Хохирогч Д.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед нөхөр Э-тэй хүүхдийнхээ талаар яриад сууж байтал “чи намайг хоёр хүүхдийнхээ эсрэг болголоо” гээд гэнэт над руу дайрч орон дээр түлхэж хоолойноос боож унагаасан. Би “болиоч” гээд өөдөөс нь сарвалзахад “ингээд үхээч, чамайг одоо алчихая л даа” гээд хоолой дээр дарж, нүүр рүү нэг удаа цохиж унагаасан. Би өнгөрсөн 6 дугаар сард тал харваад миний баруун талын хөл, гар мэдээгүй болж хөдөлмөр чадвар алдалт 75 хувиар тогтоогдож группт орсон…гэх мэдүүлэг /хх-ийн 6-11-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11965 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Э-гийн биед эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт ооч, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 4-р хуудас/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 37-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 40-41-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-тйг 45-54-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/, гэрлэлт бүртгэлтийн гэрчилгээ /хх-ийн 36-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Б.Э- нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 5-6-621 тоотод хохирогч Д.Э-тай “хүүхдүүдээ өмөөрлөө” гэж шалтаглан маргалдаж улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Э-гийн …Э- “чи намайг хоёр хүүхдийнхээ эсрэг болголоо” гээд гэнэт над руу дайрч орон дээр түлхэж хоолойноос боож унагаасан. Би “болиоч” гээд өөдөөс нь сарвалзахад “ингээд үхээч, чамайг одоо алчихая л даа” гээд хоолой дээр дарж, нүүр рүү нэг удаа цохиж унагаасан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-11-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11965 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Э-гийн биед эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт ооч, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/,

Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 37-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 40-41-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-тйг 45-54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 09 дүгээр сарын 25-ны орой шүүгдэгч Б.Э- нь эхнэр Д.Э-г зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Б.Э-, Д.Э- нар нь 1993 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан гэр бүлийн харилцаатай эхнэр нөхөр болох нь тогтоогдож байна.

Мөн хохирогч Д.Э- нь хөдөлмөрийн чадвар 75 хувь алдсан болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0066525 дугаартай актаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь хохирогч Д.Э-г зодож биед нь “эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт ооч, хүзүү, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Б.Э-ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

          Шүүгдэгч Б.Э-ийг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Э- нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, Б.Э-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч Д.Э-д танилцуулсан, шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн тул  Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Хохирогч Д.Э- нь “нөхөр Б.Э-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 58-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.