Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2023/00025

 

 

       

 

 

                                       

 

 

 

Т банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00008 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч **** үйл ажиллагаа явуулах, Т банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух Ж.А-д холбогдох,

 

“Үндсэн зээл 2,858,119.84 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 80,191.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,401.79 төгрөг, нийт 2,939,713.61 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагч Ж.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1 Зээлдэгч Т.Н, Ж.А нар нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Тбанкны Ховд салбартай Цалингийн зээлийн гэрээг байгуулж, цалингийн орлого болон хөдлөх хөрөнгүүд /телевизор, хөлдөөгч, дуков/ барьцаалж банкнаас 5000000 /таван сая/ төгрөгийг сарын 1.7%, жилийн 20,4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 2,141,880.16 төгрөгийн үндсэн зээлийг хүүгийн хамт төлсөн.

1.2. Т.Н, Ж.А нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, 2017.04.02-ны өдрөөс хойш ямар нэгэн зээл, хүүгийн төлөлт хийхгүй, зээлийн ажилтантай холбоо барилгүй, зээл төлөхөөс байнга зайлсхийж өнөөдрийг хүрлээ.

1.3. Иймд Т.Н, Ж.А нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-ний 3.2.1, 3.2.4, 3.3-т заасныг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,858,119.84 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 80,191.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,401.79 төгрөг, нийт 2,939,713.61 төгрөгийг хариуцагч Ж.А-оос гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Ж.А би Т.Н-тэй хамт гэр бүл болоод Ховд аймгийн төв Жаргалант сумын төвд амьдарч байх үед буюу 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр миний нөхөр болох Т.Н нь Т банкны Ховд салбартай гэрээ хийж цалингийн зээл авч байсан.

2.2. Тухайн үед Т.Н нь Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний *** дугаар ангид ажиллаж байсан. Би тухайн үед нэгэн гэр бүлд хамт амьдарч байсан тул эхнэрийнх нь хувиар хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Харин би Т.Н цалингийн зээл авсны дараа буюу 2016 оны 6 дугаар сард нөхөртэйгөө таарч тохирохгүй болсон тул хүүхдээ аваад Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ирсэн ба одоо 9 дүгээр багт дүүгийн гэрт амьдарч байна. Тэр хугацаанаас хойш бид хоёр өөр өөр газар тус тусдаа амьдарч байна.

2.3. Зээл авсны дараа Т.Н нь нэг их удалгүй ажлаасаа халагдсан гэж сонссон. Т.Н нь хааяа нэг над руу залгадаг байсан ба залгах үед согтуу байдаг тул би нэг их юм ярьдаггүй. Харин сүүлийн 2 жилд залгахаа больсон боловч 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн хүү Е-ын ******** дугаартай утсаар түүний өмнө хэрэглэж байсан ******* дугаарт залгахад хүүтэйгээ ярьсан ба тэр үед Т.Н нь ...аав нь Сүхбаатар аймагт байна гэж хэлсэн.

2.4. Харин банкны нэхэмжлэлд Т.Н нь хаяг тодорхойгүй, гадаад гарсан гэжээ. Гэтэл хаяг тодорхой гэдгийг нотлох баримт байхгүй, мөн гадаадад гарсан гэх баримт ч байхгүй байна. Нэхэмжлэгч банкны зүгээс хариуцагчийг орон даяар эрэн сурвалжилсан, улсын хил нэвтэрч гадаад руу гарсан эсэх талаар хил хамгаалах байгууллагаас лавлагаа тодруулга авсан нотлох баримт алга байна.

2.5. Тэгээд ч би тухайн үед зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан боловч уг мөнгийг би хэрэглэж, ашиглаагүй, тусдаа амьдарч байгаа болохоор би зээлийн үлдэгдлийг хариуцах боломжгүй. Т.Н-ийн оршин сууж байгаа газрыг зохих журмын дагуу олж тогтоон, хариуцагчаар татаж, иргэний хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна.

2.6. Иймд Т банкны Ховд салбарын Ж.А надад холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00008 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451.1 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Тбанкны Ховд салбарын хариуцагч Ж.А-оос зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2939713.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар Тбанкны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61985 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Зээлдэгч Т.Н, Ж.А нар нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Т банкны Ховд салбартай “Цалингийн зээлийн гэрээ”-г байгуулж, цалингийн орлого болон хөдлөх хөрөнгүүд /телевизор, хөлдөөгч, дуков/ барьцаалан, банкнаас 5.000.0000 ( Таван сая ) төгрөгийг сарын 1.7% (жилийн 20,4 %)-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан.

4.2. Т.Н, Ж.А нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, 2017.04.02-ны өдрөөс хойш ямар нэгэн зээл, хүүгийн төлөлт хийхгүй, зээлийн ажилтантай холбоо барилгүй, зээл төлөхөөс байнга зайлсхийж ирсэн.

4.3. Т.Н нь хаяг тодорхойгүй болсон тул Ховд аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 153/ШШ2017/00246 тоот эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулсан. Улмаар цагдаагийн газраас хаягийг тодруулахад Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суугаа гэх тодорхой нарийвчилсан хаяггүй албан хариу өгсөн.

4.4. Т.Нийг шүүхэд өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж утсаар холбогдоход нарийвчилсан хаяггүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй гэсэн хариу өгсөн.

 

4.5. Т.Н нь хуучин Ховд аймгийн Рашаант багийн 3/36 байр, 20 тоот хаягаасаа шилжих хөдөлгөөн хийлгээгүй төдийгүй тогтсон хаяг байхгүй энд тэнд яваа сураг төдий байсан тул Баян-Өлгий аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хамтран зээлдэгч Ж.А-оос зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00008 тоот шүүхийн шийдвэрээр Ж.А-оос зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2,939,713.61 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн нь нэхэмжлэгч хариуцагчаа зөвхөн өөрөө тодорхойлох бөгөөд хариуцагчийг буруу сонгосон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй  болгох нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасныг зөрчсөн. Мөн нэхэмжлэгчийн эрхэд халдаж, ноцтойгоор зөрчсөн шийдвэр болжээ.

4.6. Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээнд оролцсон тул үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч мөн болох нь нотлогдож байгаа болно. Мөн эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулсан нь 153/ШШ2017/00246 тоот шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа.

4.7. Мөн цалингийн зээлийн гэрээний 3.3-д “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан байхад хамтран зээлдэгчээс хүлээх үүргийг чөлөөлж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

4.8. Ж.Аын гаргасан тайлбарт “Т.Н, Ж.А нар нь хэдийгээр тусдаа амьдарч байгаа гэх боловч дундаасаа гарсан үр хүүхэдтэй төдийгүй гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүүгээрээ дамжуулж Т.Нтэй холбоо барьсан гэдгээс үзэхэд хоорондоо холбоотой нь нотлогдож байгаа тул зээлийн төлбөрийг ч Ж.Аын зүгээс Т.Нээс шаардаж төлүүлэх боломжтой байна.

4.9. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тул Ж.Аоос үндсэн зээл 2,858,119.84 төгрөг, хүүгийн төлбөр 80,191.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,401.79 төгрөг нийт 2,939,713.61 төгрөгийг гаргуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

 

5. Хариуцагч Ж.А-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

5.1. Тухайн үед хамтран амьдарч байсан болохоор гарын үсэг зурсан. Тэгээд ч аав, ээж, хамаатан садангууд нь хотод байдаг болохоор надаас өөр гарын үсэг зурах хүн байхгүй байсан. Дараа нь 4 сарын дараа бид хоёр таарч тохирохгүй байсан болохоор би хүүхдээ аваад явсан. Тэр авсан зээлээс би нэг ч төгрөг аваагүй. Т.Н өөрөө хэрэглэсэн. Би одоо өөрөө ажилгүй, хүүхдээ хараад гэртээ байгаа. Тиймээс би тийм их мөнгийг төлж чадахгүй. Т.Н нас бараагүй, гадаад гарч яваагүй тул Т.Н өөрөө төлөх ёстой гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т банкны салбарын Ж.Ад холбогдуулан гаргасан  “Үндсэн зээл 2,858,119.84 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 80,191.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,401.79 төгрөг, нийт 2,939,713.61 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

7. Нэхэмжлэгч Т банкны Ховд салбар нь хариуцагч Ж.А-д холбогдуулан үндсэн зээл 2,858,119.84 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 80,191.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,401.79 төгрөг, нийт 2,939,713.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг  “Т.Н, Ж.А нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, 2017.04.02-ны өдрөөс хойш ямар нэгэн зээл, хүүгийн төлөлт хийхгүй, зээлийн ажилтантай холбоо барилгүй, зээл төлөхөөс байнга зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Т.Нийн хаяг тодорхойгүй, гадаадад гарсан” гэж тайлбарлажээ.   

 

8. Хариуцагч Ж.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “би тухайн үед зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан боловч уг мөнгийг би хэрэглэж, ашиглаагүй, тусдаа амьдарч байгаа болохоор би зээлийн үлдэгдлийг хариуцах боломжгүй. Т.Нийн оршин сууж байгаа газрыг зохих журмын дагуу олж тогтоон, хариуцагчаар татаж, иргэний хэргийг шийдвэрлүүлэх боломжтой” гэж маргажээ. 

 

9. Анхан шатны шүүх “...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.4-т заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд хариуцагч Ж.А нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх үндэслэлгүй. Иймд Т банкны Ховд салбарын хариуцагч Ж.А-оос зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2939713.61 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.  

 

10. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба үндэслэлээ “Т.Н нь хаяг тодорхойгүй болсон тул Ховд аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 153/ШШ2017/00246 тоот эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулсан. Улмаар цагдаагийн газраас хаягийг тодруулахад Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суугаа гэх тодорхой нарийвчилсан хаяггүй албан хариу өгсөн. Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж утсаар холбогдоход нарийвчилсан хаяггүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй гэсэн хариу өгсөн. ..тогтсон хаяг байхгүй энд тэнд яваа сураг төдий байсан тул хамтран зээлдэгч Ж.А-оос зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. ...нэхэмжлэгч хариуцагчаа зөвхөн өөрөө тодорхойлох бөгөөд хариуцагчийг буруу сонгосон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасныг зөрчсөн. ... хариуцагч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээнд оролцсон тул үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч мөн болох нь нотлогдож байгаа. ...зээлийн гэрээний 3.3-д “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан байхад хамтран зээлдэгчээс хүлээх үүргийг чөлөөлж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэж тодорхойлжээ.

 

11. Нэг талаас Т банк ХХК, нөгөө талаас Т.Н, түүний эхнэр Ж.А нар 2016.04.12-ны өдөр №110000360407 дугаартай барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулсан, тус гэрээний зээлдэгч, хамтран зээлдэгч гэх хэсэгт Т.Н, Ж.А нар гарын үсэг зурсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т.Нийн цалин болон телевизор, хөлдөөгч, дуков зэрэг хөрөнгийг барьцаалж, холбогдох гэрээг байгуулсан, улмаар зээлдэгч Т.Н, хамтран зээлдэгч Ж.А нар тусдаа амьдарч байгаа, үндсэн зээлдэгч Т.Нийн оршин суугаа газрын хаяг тодорхой бус тул шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаагүй байна.

 

12. Талуудын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалт, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлд нийцсэн байна. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

13. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэж өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тодорхойлсон. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт  үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус хуульчилсан.

Талуудын хооронд байгуулагдсан, хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийг тодорхойлсон бөгөөд гэрээний 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтад Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцна гэж хамтран зээлдэгчийн үүрэг хүлээх үндэслэл журам, нөхцөлийг тодорхой зааж харилцан тохиролцсон байна.

Гэтэл гэрээний дээрх заалтад заасанчлан зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдсон зэрэг нөхцөл байдал бий болоогүй хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил гэрээний үүргийн биелэлтийг хариуцах нөхцөл байдал тогтоогдоогүй байхад зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хамтран зээлдэгчээс шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн болон бодит үндэслэлд нийцээгүй ба энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны хийгээд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

14. Анхан шатны шүүхээс “...Зээлдэгч Т.Н, хамтран зээлдэгч Ж.А нарын Т банкны Ховд салбартай 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан №110000360407 тоот Барьцаат зээлийн гэрээ (цалингийн зээл)-ний 3 дугаар зүйлийн 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан боловч энэ нь гэрээний ерөнхий зарчмын зохицуулалт бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтад Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцна гэж хамтран зээлдэгчийн үүрэг хүлээх үндэслэл журам, нөхцөлийг тодорхой заасан байна. Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.4-т заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд хариуцагч Ж.А нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх үндэслэлгүй” гэж дүгнэн Т банкны Ховд салбарын хариуцагч буюу хамтран зээлдэгч Ж.А-оос зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2939713.61 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            15. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2023/00008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т банк ХХК-ийн Ховд салбарын харилцааны менежер М.Э-ын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК