Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 963

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Сд холбогдох эрүүгийн 1805037690983 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.С 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэн буудал” гэх нэртэй буудалд хамт байсан Л.Шын Самсунг Эс-6 маркийн гар утсыг авч явж, улмаар данснаас нь 630.000 төгрөг шилжүүлэн авч нийт 828.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: Би энэ хэргийг хийсэндээ маш их харамсаж байна. Ийм байдалд орно гэж бодоогүй. Би мөрдөн байцаалтан дээр мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Шын данснаас авсан мөнгөн дээр мөнгө нэмээд 4 ханатай гэр аваад айлын хашаанд гэр бариад амьдарч байна. Шын утсыг нь буцааж өгсөн. Харин данснаас нь авсан 630.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Энэ мөнгийг төлнө, чадвал өнөөдөр төлнө. Би дахиж хэрэг хийхгүй гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Л.Ш мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр би Оюу толгойн ажлаасаа ирсэн юм.  Тэгтэл 17 цагийн орчим  над руу Сараа залгаад найздаа 50.000 төгрөг зээлээч гээд бид 2 уулзаад пиво уусан юм. Ингээд Сараа бид хоёр буудалд орж дахин 3 пиво уусан энэ үед би буудалд ороод орой 20 цагийн орчимд Сараа руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би пиво уучихаад замдаа яваад ядарсан байсан тул унтсан байсан. Намайг унтсаны дараа Сараа миний гар утасны мобайл банкыг ашиглан өөрийнхөө 5020788557 данс руу 30.000 төгрөг шилжүүлээд дахиад 600.000 төгрөг шилжүүлээд Самсунг эс-6 маркийн утасны хамт хулгайлаад явсан байсан. Би унтаад өглөө сэрэхэд Сараа байхгүй байсан. Би Стэй урд нь нэг жилийн өмнө паабад танилцаж байсан тэрнээс хойш хааяа холбоотой над руу ярьдаг байсан.  Сийн утасных нь дугаарыг би мэдэхгүй байна. Миний утсан дээр байсан. Гэрийг нь мэдэхгүй. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Дахин байцаалтаар хохирогч Л.Ш: Би Сийн утас руу маш олон удаа залгасан. Утас нь холбогдохгүй байсан. Би хайгаад олохгүй болохоор нь цагдаад хандаж олж авсан юм. Би Сийн гэрт нэг ч удаа очиж байгаагүй.  Би Сээс 750.000 төгрөг авах ёстой. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр эрүүгийн төлөөлөгч Ю.Батзориг мөрдөн байцаалтанд: Уг хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад н.Хүдэр-Эрдэнээс хүлээн авч гүйцэтгэх ажлын шугамаар шалгаж би тухайн үед Б.Стэй уулзаад “гар утас нь хаана байгаа юм бэ гэж асуухад надад байгаа би утсаар ярьж байгаад утсыг нь өгчихье гэсэн тэгэхээр нь би Л.Ш удахгүй ирнэ чи уулзаад утсыг нь өгнө шүү хамт хүрээд ир гэхэд за” гээд над дээр ирэхээсээ өмнө уулзаад утсыг нь өгсөн байсан. Л.Ш надтай биечлэн уулзахдаа би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан одоо мөнгөө авмаар байна гэж хэлсэн. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Б.С мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сард хуучны танил Л.Ш маань Оюутолгойд ажиллаж байгаа Улаабаатар хотод ирчихсэн байна уулзъя гээд залгаад Андуудын орчимд уулзаад бид хоёр Хар хорин захын орчимд паабад сууж нэг, нэг шил нийслэл нэртэй шар айраг уусан. Тухайн үед Л.Ш нь шинэ Самсунг эс-6 маркийн гар утас авсан байсан ба энэ утсандаа тохиргоо хийлгэнэ гэж ярьж байсан мөн өөр нокио барьчихсан байсан. Тэгээд Хар хорин зах орж гар утсандаа тохиргоо хийлгэхээр ороод хийлдэг гудас авсан. Тэндээсээ гараад гудсаа дэнжийн мянгад байрлах манай гэрт очиж гудсаа тавиад гарч ирээд хорооллын Өргөө кино театрын хажуу талын паабад орж тус бүр нэг шил нийслэл нэртэй пиво уугаад өргөөгийн Бичил зоогийн газрын ард байрлах зочид буудалд нэг өрөө аваад нэг шил 0,5 литрийн хараа, 4 шил шар айраг, чипс аваад орсон. Тэгээд тэрийгээ хувааж ууж байтал Л.Ш нь өөрөө карт байхгүй байсан учир миний хаан банкны 5020788557 тоот дансруу мөнгө хийж тооцоо хийгээд байсан. Л.Ш нэлээд согтсон байсан учир би усанд оруулаад гарч иртэл архиа ууж байснаа над руу гэнэт агсраад байхаар нь би буудлын хүн дуудах гэж байгаад болиод унтуулсан. Над руу агсарч байхдаа шилтэй шар айрагаа унагаж хагалаад хөлөө зүсчихсэн. Би тэрийг нь даавуугаар ороож боогоод унтуулаад хорооллын эцэс рүү найзынхаа төрсөн өдөр рүү явсан. Би ганцаараа унтаж байгаад гар утасаа алдчихаж магадгүй гэж бодоод Л.Шын Самсунг эс-6 гар утсыг нь аваад гарсан. Тэгээд найз нар дээрээ очсон тэндээ үүр цайтал сууж ууж байгаад гэр рүүгээ такси бариад харьсан. Маргааш нь үдээс хойш ажпаа зохицуулаад Сонгинохайрхан дүүргийн ханын материалын орчимд гэрийг нь хайгаад олохгүй байхаар нь Ханын материалын эцэст нийтийн байранд байдаг найз дээр нь очоод гэрийг нь асуутал мэдэхгүй байна гэж нийтийн байрны хүн нь хэлсэн. Тэгээд би олоогүй, Л.Шын гар утас цоо шинэ байсан учир ямар ч дуудлага байгаагүй тийм учраас би эргэж холбогдож чадаагүй. Тэгээд манай гэрт ирж гудас тавьж байсан юм чинь гэрийг маань мэдэж байгаа байх гэж бодоод гэр рүүгээ явсан. Тэгэхээр нь би гэртээ утсыг нь үлдээгээд Баянзүрхийн 52-ын давааны орчим 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 5 орчим хоног очиж ажиллаад буцаж ирээд Эмээлтэд хэд хоног ажилласан. Тэгтэл цагдаагаас дуудаж байна гэсэн. Тэгэхээр нь явж очсон. тэр үед Л.Штай уулзаад гар утас болон гэрийг нь хүлээлгэж өгсөн. ...явахдаа маргааш нь 450.000 төгрөг авсан. Штай уулзахад надад 300.000 төгрөг зээлээч гэхэд маргааш аваарай гэж хэлж байсан болохоор  нь би  данснаас нь мөнгө авсан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Самсунг эс-6 маркийн гар утас 198.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. /хх-ийн 24/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, хүүхдийн  төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 36/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 39/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 42/ боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 44/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэн буудал” буудалд хамт байсан Л.Шын Самсунг эс-6 маркийн гар утсыг авч, улмаар данснаас нь 630.000 төгрөг шилжүүлэн авч нийт 828.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Шын”...Сараа миний гар утасны мобайл банкыг ашиглан өөрийнхөө 5020788557 данс руу 30.000 төгрөг шилжүүлээд дахиад 600.000 төгрөг шилжүүлээд миний Самсунг эс-6 маркын утасны хамт хулгайлаад явсан байсан...” /хх-ийн 12/, гэрч Ю.Батзоригийн”...Л.Ш надтай биечлэн уулзахдаа би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан одоо мөнгөө авмаар байна гэж хэлсэн...” /хх-ийн 15/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон гар утасны үнэлгээ /хх-ийн 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Прокуророос Б.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Сийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Б.Сийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Мөрдөн байцаалтын явцад хохирогч Л.Шын Самсунг эс-6 маркийн гар утас Б.Сээс биет байдлаар буцаан олгогдсон байна. 

Л.Шын данснаас Б.С өөрийн данс руу шилжүүлж авсан 630.000 төгрөг төлөгдөөгүй байгааг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.С бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоос үлдсэн 630.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Мөн эдгээр нөхцөл байдлууд болон шүүгдэгч Б.Сийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүх, Б.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэхээр тогтов. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                       

     

 

      ТОГТООХ нь:

1.     Шүүгдэгч Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3.     Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хуулийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Сд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Сд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

6.     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.     Шүүгдэгч Б.Сээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.Шт олгосугай.

 

8.     Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ