Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2023/00008

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2023/00008

 

 

 

Х.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2023/00008 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Баасанжаргалд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын 128,850,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөнүүдээс өөрт болон 3 хүүхдэдээ ногдох эд хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Баасанжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч Б.Баасанжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хүрэлбаатарын ******* нь нөхөр Б.Баасанжаргалтай танилцаж, үерхэж байгаад 2008 оны 8 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б.Итгэл, 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Гэгээнээ, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б.Тогтохбаяр нарыг төрүүлсэн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бидний харилцаа хэвийн, амьдрал сайхан байсан боловч нөхөр Б.Баасанжаргал нь 2011 оноос эхлэн архи согтууруулах ундаа хэрэглэж, согтуу үедээ намайг удаа дараа зодож танхайрч, үр хүүхэд эцэг эхийг минь айлган сүрдүүлж дарамталдаг болсон. 2020 онд хутга мэс барьж намайг элдэв үгээр хэлж бусадтай хардаж, ална гэж байсан.

Би өдийг хүртэл нөхрийнхөө муухай аашийг тэвчиж, эцэг, эх үр хүүхдүүдээ доромжлуулж ирсэн. Дээрх байдлаас шалтгаалан бид цаашид хамтран амьдрах боломжгүй, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохоор байна. Нөхрөө засрах болов уу, ухаарах болов уу гэж горьдож цагдаагийн байгууллагад удаа дараа мэдэгдэж, Зөрчлийн тухай хуулиар баривчлах арга хэмжээ хүртэл авахуулж байсан.

Бид гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд дараах эд хөрөнгөтэй болсон. Үүнд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 13-20 тоотод байрлах гражтай хашаа, 6 ханатай гэр, нийт 110 толгой үхэр, 70 толгой хонь, 40 толгой адуу зэрэг эд хөрөнгөтэй болсон.

Иймд Б.Баасанжаргал бид 2-ын 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Итгэл, 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Гэгээнээ, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Тогтохбаяр нарыг өөрийн асрамжид авч, эцэг Б.Баасанжаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд... нийт 78,480,000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхдэд оногдох хувь болох 62,784,000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж өгнө үү. Манай малын А данс дээр бичигдсэнээр үхэр 110 толгой, адуу 40 толгой, хонь 50 толгой, ямаа 50 толгой, нийт 250 толгой мал байгаа. Үүнийг ам бүлийн тоондоо тэнцүү хуваагаад авах хүсэлтэй байна. Үхэр 110 толгой үүнд үнээ 10 толгой, бух 2 толгой, шүдлэн үхэр 10 толгой, бяруу 10 толгой, тугал 10 толгой, хязаалан үхэр 68 толгой, адуу 40 толгой үүнд гүү 10 толгой, азарга 1 толгой, соёолон морь 10 толгой, хязаалан морь 8 толгой, даага 10 толгой, унага 1 толгой, хонь 50 толгой үүнд хязаалан хонь 20 толгой, шүдлэн хонь 20 толгой, хурга 10 толгой, ямаа 50 толгой үүнд борлон 20 толгой, ишиг 20 толгой, эм ямаа 10 толгой мал байгаа. Үүнээс өөртөө болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох үхэр 66 толгой, адуу 24 толгой, хонь 30 толгой, ямаа 30 толгойг авах хүсэлтэй байна. Мөн нөхөр бид хоёр хамтран амьдрах хугацаандаа бий болгосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 13 дугаар гудамжны 20 тоотод байрлах 3 тал, гражтай хашааг 35,000,000 төгрөгөөр үнэлж, ногдох хэсгээ нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Баасанжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Гурван хүүхдээ эцэггүй өсгөмөөргүй байна. Эцэггүй өссөн хүүхэд ямар байдаг билээ. ...Би эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулах юм бол 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Би ямар нэгэн гаж буруу зуршилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, дээрээ олон ах, эгч нартай өссөн. Манай аав байнгын сумын аварга малчин болдог, хөдөлмөрч хүн байдаг. Би ийм хүний хүмүүжлээр өссөн. Би эхнэр лүүгээ уучлалт гуйж, гэрлэлтээ цуцлуулахгүй байх утгатай мессеж, чатыг байнга бичдэг. Учир нь бид хоёр гэрлэлтээ цуцлууллаа гэхэд би гурван хүүхдэдээ маш их санаа зовж байна. 3-5 жилийн дараа манай гурван хүүхэд над дээр буцаад хүрээд ирэх нөхцөл байдал үүсэх вий гэхээс маш их айж байна. Манайд 110 толгой үхэр, 40 толгой адуу байхгүй. Манай эхнэр малынхаа тоог мэдэхгүй байна. Тодруулбал манай эхнэр 110 толгой үхэр байгаа. Үүнд 68 толгой хязаалан, 10 толгой тугал, 10 толгой үнээ, 10 бяруу толгой байгаа гэж тайлбарлаж байна. Энэ бол худлаа, яахаараа нэг насны үхэр ийм олон тоотой байдаг юм бэ? Энэ малын тоог бичүүлдэг жил манайх Эрдэнэт Мах маркетын дотоодын хүнсний махыг аавтай хамтарч бэлтгэсэн. Тухайн компаниас энэ ажилтай холбоотой эрсдэл гарах юм бол танд өөрийн гэсэн барьцаалах эд хөрөнгө гэж байхгүй, хэдхэн цөөхөн тооны малаас өөр юу ч байхгүй байна гэсэн учраас би малын А данс дээр малынхаа тоог бичүүлэхдээ малын тоогоо байгаа бодит тооноосоо нэмж бичүүлж байсан. Тухайн үед манайд 90 толгой үхэр л байсан. Гэхдээ манай эхнэр өнгөрсөн жил ирээд би дахиж чамаас юм нэхэхгүй гэж хэлээд 45 толгой үхрийг аваад явсан. Мөн манайх өмнө нь 200 толгой хонь, ямаатай байсан ч 100 гаруй толгойг нь зараад 70 толгой хонь авч үлдсэн. Энэ талаар Х.******* мэдэж байгаа. Тэгээд бид хоёр нарийн малаа цөөлж, төв суурин газар бараадъя гэж ярилцаад хонь, ямаагаа зарсан.

Одоо 70 толгой хонь байгаа. Үүнд: хязаалан эр хонь 35 толгой, эм хонь 35 толгой байгаа. Нэхэмжлэгч 45 үхэр, 70 толгой хонь авсан талаараа ч тайлбарладаг. Өнгөрсөн жил манай эхнэр том хүүгээ сургуулиас нь шууд гаргаад Хөвсгөл аймгийн Их-Уул сум руу аваад явчихсан. Тухайн үед би хүүхдийн 108 дугаарын утас руу удаа дараа энэ асуудалтай холбоотойгоор хандсан. Мөн цагдаагийн байгууллагатай хамтарсны хүчинд эхнэр, хүүхдүүдээ хаана байгааг нь олж мэдсэн. Тэр үеэс хойш манай том хүү одоог хүртэл миний асрамжид надтай хамт амьдарч байгаа. Манай том хүү одоо 13 настай аав, ээж хоёрынхоо хэн нь буруутай талаар мэдэж байгаа, одооны хүүхдүүд мэддэг болчихсон байна. Би том хүүгээсээ аав, ээж хоёрынхоо хэнтэй хамт амьдрах талаар нь асуугаад ээжтэйгээ хамт амьдармаар байвал хэлээрэй гэж хэлэхэд манай хүү ээжтэй амьдрахгүй, тантай амьдарна гэж хэлсэн. ...Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа 110 толгой үхэр нь 2020 оны малын А дансны тоо юм байна лээ. Тухайн үед бид хоёр 90 толгой үхэртэй байсан. Би малаа өнгө, зүс, нас, хүйстэй нь нэрлэж чадна. Би гурван хүүхдээ өөрийнхөө асрамжид авмаар байгаа боловч манай хоёр бага хүүхэд ээжийнхээ асрамжид очих саналтай учраас хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн жилийн мал тооллогоор 42 толгой үхэр тоологдсон байна. Үүнээс шүлхий өвчнөөр хэд нь үхсэн мөн зарж борлуулсан байгаа.

Бага 2 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа боловч 1 хүүхдэдээ л тэтгэлэг төлнө. Учир нь том хүүг миний асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа учраас 1, 1 хүүхдэдээ тэтгэлэг төлөхгүй. Би 1 хүүхдэдээ тэтгэлэг төлнө. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гражтай 3 тал хашаа нь бидний өмч биш. Аавынхаа хашаанд манайх амьдарч байсан. Монгол гэр манай гэр бүлийн өмч мөн. Х.*******ийн үндэслээд байгаа малын тоог би мах бэлтгэхийн тулд өсгөж тоолуулсан учраас хүлээн зөвшөөрөхгүй. Харин надад байгаа 12 толгой адуу, 39 толгой үхэр, Х.*******т байгаа 45 толгой үхэр, 70 толгой хонь зэрэг малууд нь бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн. Ямаа угаасаа манайд байхгүй. Би Х.*******т байгаа 70 хонийг тэрнээс авна гэхгүй. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох малаа хуваалгаад хонь буюу бог малаа Х.******* болон 2 хүүхдэдээ үлдээнэ гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2023/00008 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар регистрийн дугаар ...................., Боржигон Хүрэлбаатарын *******, регистрийн дугаар ....................., Шарнууд Буяннэмэхийн******* нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар регистрийн дугаар ..................., . оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Итгэлийг эцэг Б.Баасанжаргалын, регистрийн дугаар .................,  оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, охин Б.Гэгээнээ, регистрийн дугаар ............., .. оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, хүү Б. нарыг эх Х.*******ийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Тогтохбаярт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2-т зааснаар 2011 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Гэгээнээ, хүү Б.Тогтохбаяр нарт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Баасанжаргалаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар адуу 40 толгой, үхэр 110 толгой, хонь 70 толгой, 6 ханатай иж бүрэн монгол гэр зэрэг 121,850,000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөд тооцож, нэхэмжлэгчид хязаалан эр хонь 35 толгой, хязаалан эм хонь 33 толгой, тугал 5 толгой, шүдлэн үхэр 5 толгой, хязаалан үхэр 40 толгой, үнээ 7 толгой, бух 1 толгой, бяруу 5 толгой, даага 5 толгой, гүү 3 толгой, шүдлэн адуу 5 толгой, соёолон адуу 4 толгой, нийт 148 толгой мал, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 6 ханатай гэр зэрэг эд хөрөнгийг, хариуцагчид хязаалан эм хонь 2 толгой, тугал 5 толгой, шүдлэн үхэр 5 толгой, хязаалан үхэр 28 толгой, үнээ 3 толгой, бух 1 толгой, бяруу 5 толгой, даага 5 толгой, гүү 7 толгой, шүдлэн адуу 3 толгой, соёолон адуу 5 толгой, унага 1 толгой, хязаалан адуу 1 толгой, азарга 1 толгой, нийт 72 толгой малыг тус тус ногдуулж, хариуцагчаас хязаалан үхэр 27 толгой, даага 5 толгой, гүү 4 толгой, шүдлэн адуу 5 толгой, соёолон адуу 4 толгой, нийт 45 толгой мал, 6 ханатай гэр зэрэг эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс үнээ 3 толгой, хязаалан эм хонь 2 толгой, нийт 5 толгой малыг гаргуулж хариуцагчид тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 13 дугаар гудамжны 20 тоотод байрлах 7,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 тал, гражтай хашааг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар хариуцагч Б.Баасанжаргалаас 169,335 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 499,409 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.*******т олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг хүүхдийн эрх ашигт харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэгэн нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохыг хориглохыг тус тус мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Баасанжаргал давж заалдах гомдолдоо: 1. Шүүхийн шийдвэрийн дараах зүйл, заалт үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Тогтохбаярт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2-т зааснаар 2011 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Гэгээнээ, хүү Б.Тогтохбаяр нарт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Баасанжаргалаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй хэмээжээ.

Гэтэл Х.******* бид нар дундаасаа 3 хүүхэдтэй миний асрамжид үлдсэн 13 настай хүү Б.Итгэлийн тэтгэлгийн асуудлыг шүүх анхаарч үзсэнгүй. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ гээд 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заажээ. Б.Итгэлийг Х.******* төрүүлсэн нь үнэн. Гэтэл анхан шатны шүүх гэрлэлт цуцалсан юм бол том хүү*******ийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, хүүхдийг ялгаварлан гадуурхаж, ээжийнх нь тэжээн тэтгэх үүргийг эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар адуу 40 толгой, үхэр 110 толгой, хонь 70 толгой, 6 ханатай иж бүрэн монгол гэр зэрэг 121,850,000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөд тооцож, нэхэмжлэгчид хязаалан эр хонь 35 толгой, хязаалан эм хонь 33 толгой, тугал 5 толгой, нийт 148 толгой мал, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 6 ханатай гэр зэрэг эд хөрөнгийг, хариуцагчид хязаалан эм хонь 2 толгой, тугал 5 толгой, бяруу 5 толгой, даага 5 толгой, гүү 7 толгой, шүдлэн адуу 3 толгой, соёолон адуу 5 толгой, унага 1 толгой, хязаалан адуу 1 толгой, азарга 1 толгой нийт 72 толгой малыг тус тус ногдуулж, хариуцагчаас хязаалан үхэр 27 толгой, даага 5 толгой, гүү 4 толгой, шүдлэн адуу 5 толгой, соёолон адуу 4 толгой нийт 45 толгой мал, 6 ханатай гэр зэрэг эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс үнээ 3 толгой, хязаалан эм хонь 2 толгой нийт 5 толгой мал гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэр нь зөвхөн гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтыг барьж хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа 2021 оны малын А дансанд тоологдсон малын тоогоор нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй талаар тайлбарлах байсан ч авч хэлэлцээгүй нь нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Мөн анхан шатны шүүх 40 толгой, үхэр 110 толгой, хонь 70 толгой, 6 ханатай иж бүрэн монгол гэр зэрэг 121,850,000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөд тооцсон. Үүнээс нийт малын тоо 220 толгой үүнээс 148 толгойг нэхэмжлэгчид олгож хариуцагчид 72 толгой мал оногдуулж үүнээс 45 толгой малыг нэхэмжлэгчид буцаан гаргуулж нэхэмжлэгчээс 5 толгой малыг хариуцагчид буцаан олгов гэснийг тодорхойлбол:

Нийт малын тоо 220 толгой үүнээс нэхэмжлэгчид 148+45-5=188 толгой мал, хариуцагчид 72-45+5=32 толгой малыг тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Мөн нэхэмжлэгчид бидний амьдарч байсан 6 ханатай гэрийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. Тус шүүхийн шийдвэрийг би тун гайхаж бас гомдож байна. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан. Гэтэл дээрх шийдвэр нь шударга ёсны зарчимд үл нийцэж, мөн адил миний асрамжид үлдсэн Б.Итгэл хүүг орхигдуулж дундын эд хөрөнгийг ингэж хуваарилж шийдвэрлэв үү? ямар хуулийн ямар заалтыг баримталж дээрх шийдвэрийг гаргасан эсэх, мөн хуулийн 129.4-т Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг шүүх огт харгалзаж үзээгүй зэрэг нь тус Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй шийдвэр байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 155\ШШ2023\00008 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.Баасанжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын 128,850,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөнүүдээс өөрт болон 3 хүүхдэдээ ногдох эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Баасанжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээс үзвэл зохигч нь 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б.Итгэл, 2011 оны 5 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Гэгээнээ, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Тогтохбаяр нар төрсөн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл хүүхдүүдийн асрамжийг хэнд үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэрхэн хуваарилах нь маргааны гол зүйл болжээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.******* нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнэлгээг ИХЭРМӨРӨН-АУДИТ ХХК-иар, нөхцөл байдлын үнэлгээг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраар тус тус хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 155/ШЗ2022/00467 дугаартай захирамжаар хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ /хх-н 100-104/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заажээ.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан байгууллагаар үнэлгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулсан нь ойлгомжгүйн дээр дээрх шүүгчийн захирамжаар ИХЭРМӨРӨН-АУДИТ ХХК, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилохдоо шинжээч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 91 дүгээр зүйлийн 91.3, 91.4, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 13, 14, 15, 16, 17, Эрүүгийн хуулийн 21.4-д заасныг тус тус тайлбарлан өгч, хууль сануулахыг үүрэг болгосон атал шинжээчид 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан эрх, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үүргийг танилцуулаагүй, Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасан баримт хэрэгт авагдаагүй тул шинжээчийн дүгнэлтийг хуульд заасны дагуу гаргасан гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байх ба шинжээч нар нь худал дүгнэлт гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэвэл шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заажээ.

Харин шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шинжээчээр томилогдсон ИХЭРМӨРӨН-АУДИТ ХХК, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх учир энэхүү баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн заалттай нийцнэ.

2. Шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүү Б.Итгэлийг эцэг Б.Баасанжаргалын, охин Б.Гэгээнээ, хүү Б.Тогтохбаяр нарыг эх Х.*******ийн асрамжид тус тус үлдээж, сар бүр эцэг Б.Баасанжаргалаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгчид нийт 148 толгой мал, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 6 ханатай гэр зэрэг эд хөрөнгийг, хариуцагчид нийт 72 толгой мал ногдуулж, хариуцагчаас нийт 45 толгой мал, 6 ханатай гэр зэрэг эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс нийт 5 толгой малыг гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 13 дугаар гудамжны 20 тоотод байрлах 7,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 тал, гражтай хашааг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хуульд нийцүүлэн тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

Тодруулбал Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хуваах, харилцан тохиролцох журмаар хуваах, маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг шүүх тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болохоор хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах зохицуулалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлд тусгайлан заажээ.

Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан атал шүүх... нийт 121,850,000 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэдэн хүнд, хэрхэн хуваасан нь тодорхойгүй, ямар үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчид маргаан бүхий дундын эд хөрөнгийг тооцож хуваарилсан, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3 хүүхдэд ногдох эд хөрөнгө гаргуулах шаардлагыг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, орхигдуулсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор Гэр бүлийн тухай хуульд заасан атал хүү Б.Итгэл, охин Б.Гэгээнээ, хүү Б.Тогтохбаяр нарт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг олгосон эсэх нь тодорхойгүй болжээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 3 дахь заалтад 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Тогтохбаярт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар сар бүр эцэг Б.Баасанжаргалаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг хоёр удаа бичиж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

3. Харин ...Х.******* бид нар дундаасаа 3 хүүхэдтэй миний асрамжид үлдсэн 13 настай хүү Б.Итгэлийн тэтгэлгийн асуудлыг шүүх анхаарч үзсэнгүй, Гэр бүлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Дээрх маргааныг шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул гомдлын энэ үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2023/00008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,050 /нэг зуун наян есөн мянга тавь / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ    

Л.ЭРДЭНЭБАТ