Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 918

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,  

Улсын яллагч: Н.Энхболд,

Насанд хүрээгүй хохирогч: М.Э, хууль ёсны төлөөлөгч: Б.М,

Шүүгдэгч: З.Н, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Нд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805043370857 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З.Н, 1999 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Манса” ХХК-д цахилгааны техникч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 0-02 гудамж 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ТА-99041619 тоот регистртэй,

Шүүгдэгч З.Н нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн арын сааданд М.Эзодож дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа, тархины эдийн цус харвалт, дух, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн зулгаралт, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирогчийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Эшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ гараад хүнтэй уулзчихаад гэмтлийн эмнэлгийн ойролцоо явж байгаад А ээс автобусны мөнгө асуутал байхгүй гэсэн. Хэсэг хугацааны дараа утсаа хартал А над руу залгасан байхаар нь буцааж залгатал “Өргөө  дээр байна, хүрээд ир” гэж хэлсэн. Хэлсэн газар нь очиход А, Ану гэдэг найзтайгаа хамт ирсэн. Тэгтэл Н 2 найзтайгаа ирсэн. Н бидэн дээр ирээд “Тулгаа чи намайг өдөөд байгаа юм уу” гээд намайг сууж байхад баруун гараараа нүүр лүү цохиод, мөн архины шилээр цохьсон. Дараа нь хоёр найз нь намайг зодсон. Ойролцоо байсан нэг хүн болиоч гэж орилсон. Хэсэг байж байгаад намайг дахин зодсон. Би босч чадахгүй байсан. Тэгтэл Нийн нэг найз нь намайг түшээд ойролцоох байрны саравчинд суусан. Тэгээд би тэндээс явсан...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хүүхэд багаасаа надтай хамт байгаа юм. Ээж нь гадаадад байдаг. Тухайн үед Э ээж нь над руу утасдаад гэмтлийн эмнэлэг ор гэсэн. Намайг гэмтлийн эмнэлэгт очиход Э хагалгаанд орох шаардлагатай гэсэн боловч тархинд хурсан цусыг шимэгдүүлэх эмчилгээ хийсэн. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Э хэлснээр Н 2 найзтайгаа нийлж Э зодсон гэдэг. Гэтэл Нийн 2 найзыг энэ хэрэгт шалгаагүй, асуугаагүй байна гээд хэргийг прокуророос буцааж байсан. Дараа нь гарын үсэг зурах гээд байцаагч дээр очиход тэдгээр хүүхдүүдийн мэдүүлэг хэрэгт байхгүй талаар байцаагчид хэлж байсан. Эмчилгээний зардалд 2 сая төгрөгийг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Эмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед гэмтлийн эмнэлгийн ойролцоо автобусны мөнгө байхгүй алхаж байснаа, найз Сайхнаатай гэмтлийн эмнэлэг дээр уулзаад мөнгө асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд мөнгө байхгүй гэж хэлэхээр нь 2 цагийн дараа А рүү залгасан. Эхлээд Н утсыг нь аваад “хэн бэ” гэсэн Аийн найз нь байна гэж хэлсэн чинь А утсаа аваад “яасан” гэхээр нь 500 төгрөг байвал өгөөч гэж хэлсэн. 18 цагийн үед би Өргөө кино театрын хажууд алхаж байтал А залгасан байсан, би буцаагаад залгасан, хаана байгаа юм бэ гэсэн чинь Өргөөгийн хажууд байна гэж хэлсэн. Автобусны мөнгө ав гэж хэлээд 18 цагийн үед Өргөөгийн хажууд уулзсан. А, Ану гэх охинтой ирсэн. Тамхи татмаар байна гэж А хэлсэн “за” гээд би дагаад Апекс дэлгүүрийн арын байрны сааданд очтол Н ирсэн. Н баруун гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохьсон, дараа нь архины шилээр ар дагз руу 1 удаа цохьсон. Төмөр хашаа налаад сууж байтал мөн хэдэн удаа өшиглөсөн, хэд гэдгийг би мэдэхгүй байна. Хаанаас юм бүү мэд нэг ах болиоч гэж орилсон. Үүний дараа Н хөлөөрөө дахиад толгой руу өшиглөсөн. А хажуунаас одоо болох байх гэж хэлсэн. Би алхаж чадахгүй, хүн ялгаж чадахгүй байж байтал Нтэй хамт явж байсан найз нь намайг түшээд саадан дотор суусан. Суух үед Н утсаа зараад буудал авна гэж хэлсэн. Намайг Н яв гэж хэлсэн, би такси барьж байсан эгчийг хаашаа явах гэж байгаа юм гэж асуугаад хорооллын эцэс хүртэл суугаад түүнээс буугаад дахиад нэг хүнийг гуйгаад гэмтлийн эмнэлэгт очсон. ...эмч зүгээр байна, хавдсан байна гэж хэлээд гаргасан. Би гараад бөөлжсөн. Ингээд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Н нь баруун гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохиж, толгой руу архины шилээр нэг удаа цохьсон. ...Эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

  Насанд хүрээгүй гэрч Э.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд Номин Их дэлгүүрийн арын сааданд уулзсан. Уулзаад мөнгө байна уу, тамхи байна уу гэж асуусан, би мөнгө байхгүй гэсэн. Н хажуунаас “А чиний тамхины мөнгийг өгөх ёстой юм уу” гэсэн чинь “тийм” гэж хэлсэн чинь Н нүүр рүү нь 2-3 удаа цохьсон....Дээрээс нэг ах та нар болиоч гэж орилсон, цаана сууж байсан танихгүй ах ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дугуйгаа унаад тоглох гээд гэрээсээ гарсан, цагаа санахгүй байна. ...Энэ хооронд Хос-Эрдэнэ ирсэн. Н, А хоёр 10-20 минутын дараа гарч ирсэн, Өргөө кино театр руу утас үзэхээр бид нар явсан. Ингээд явах замдаа Этай таарсан. Н, Э чи яагаад Аээс зайгаа барь гээд байхад утсаар залгаад дарамтлаад байгаа юм гэж хэлэн толгой руу нь гараараа 1 удаа цохьсон. Дараа нь мөн хэд хэдэн удаа цохьсон. Э босгоод “Апекс” дэлгүүрийн арын садан дотор очоод яагаад А рүү залгаад байгаа юм бэ гэж хэлэн Нтэй ярилцсан. Э “хойд аав гэртээ оруулахгүй байна, аавтайгаа маргалдсан ганц хоног буудалд хонох мөнгө Аээс авах гэсэн юм аа” гэж хэлсэн. Ингэж хэлэхээр нь Н миний найз охин чиний хонох буудлын мөнгийг өгдөг юм уу гэж хэлэн уурласан. Ингээд Э, Н хоёр зодолдоод Н, Э толгой руу баруун хөлөөрөө сууж байхад нь нэг өшиглөсөн. Дахиад Н толгой руу нь гараараа 2-3 удаа цохьсон. Энэ үед нэг хүн болиоч гэж орилсон. Одоо болъё гээд больсон. Энэ үед Э босгоход манарсан байдалтай байсан. Ингээд нэг байрны саад дотор суугаад Н, Э хоёр ярилцсан, бид нар хол байсан. Э уруулаас цус гарсан байсан болохоор амны цаас авч өгч арчуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Хмөрдөн байцаалтад өгсөн: “...Н явах замдаа юм ярихгүй ууртай байсан. А, Этай уулзаад “Апекс” дэлгүүрийн ард Э, А хоёр ирсэн. Э ирээд юу байна гээд гар барьсан. Өмнө нь Э ирж уулзахдаа дахиж Атэй уулзахгүй гэж хэлсэн биз дээ “чи намайг өдөөд байгаа юм уу” гэж Н хэлээд нүүрэн тус газарт 5-6 удаа цохиж, Э газар унасан, хажуунаас хүн болиоч гэж орилсон. Э босж ирээд явж чадахгүй байсан. Би Э сугадаад Апекс дэлгүүрийн арын байрны сааданд суулган гар барьсан. Э би явлаа гээд явсан. Би гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Шинжээчийн 10315 тоот дүгнэлтэд: “...М.Эбиед дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа, тархины эдийн цус харвалт, дух, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 29/,

Сэжигтнээр З.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ингээд бид гурав уулзсан, гэтэл Тулгаа гэх хүүхэд Ариукагаас би гэрээсээ гараад хэд хоног очоогүй тамхины мөнгө байна уу гэж хэлсэн. Би уур хүрээд “Ариука яахаараа чиний тамхины мөнгийг өгдөг юм” гэж хэлсэн чинь өөдөөс “болно шүү дээ” гэж хэлсэн. Хажуунаас Ариука тамхины мөнгө байхгүй, бид хоёр явж болох юм уу гэж хэлтэл Тулгаа мөнгө өгөөч дээ гэж хэлэхээр нь миний уур хүрээд Тулгаагийн нүүрэн тус газарт нь баруун гараараа 4-5 удаа цохьсон. Тулгаа мөн миний нүүр рүү 2-3 удаа цохьсон. Тэгээд бид хоёр зодолдож байх үед хажууд байсан танихгүй хүмүүс болиоч гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, насанд хүрээгүй хохирогч М.Эбиеийн байдлын талаарх баримтууд /хх-н 32-37/, хохирлын баримтууд /хх-н 38-40, 58/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-46, 62-77/, хохирол төлсөн баримт /хх-н 60/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүгдэгч З.Н нь ганцаараа зодож гэмтэл учруулаагүй, түүнтэй хамт байсан хоёр найз нь мөн зодсон байхад тэдгээр хүмүүсийг уг хэрэгт  холбогдуулан шалгаагүй гэсэн хүсэлт гаргасан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг хэрэгт гэрчээр байцаалт өгсөн насан хүрээгүй гэрч Ц.Хос-Эрдэнэ, Б.Б нар нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдохгүй байх тул энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч З.Н нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” Их дэлгүүрийн арын сааданд М.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу найз охин Аээс мөнгө нэхлээ гэх зүйлээс маргалдан зодож дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа, тархины эдийн цус харвалт, дух, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнгийн зулгаралт, цус хуралт гэтмэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч М.Э: “...Апекс дэлгүүрийн арын байрны сааданд очтол Н ирсэн. Н баруун гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохьсон, дараа нь архины шилээр ар дагз руу 1 удаа цохьсон. Төмөр хашаа налаад сууж байтал мөн хэдэн удаа өшиглөсөн, хэд гэдгийг би мэдэхгүй байна. Хаанаас юм бүү мэд нэг ах болиоч гэж орилсон. Үүний дараа Н хөлөөрөө дахиад толгой руу өшиглөсөн. А хажуунаас одоо болох байх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, насанд хүрээгүй гэрч Э.Аийн: “...Тэгээд Номин Их дэлгүүрийн арын сааданд уулзсан. Уулзаад мөнгө байна уу, тамхи байна уу гэж асуусан би мөнгө байхгүй гэсэн. Н хажуунаас “А чиний тамхины мөнгийг өгөх ёстой юм уу” гэсэн чинь “тийм” гэж хэлсэн чинь Н нүүр рүү нь 2-3 удаа цохьсон. ...Дээрээс нэг ах та нар болиоч гэж орилсон, цаана сууж байсан танихгүй ах ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, насанд хүрээгүй гэрч Б.Бийн: “...Ингээд явах замдаа Этай таарсан. Н, Э “чи яагаад Аээс зайгаа барь гээд байхад утсаар залгаад дарамтлаад байгаа юм” гэж хэлэн толгой руу нь гараараа 1 удаа цохьсон. Дараа нь мөн хэд хэдэн удаа цохьсон. Э босгоод “Апекс” дэлгүүрийн арын садан дотор очоод яагаад А рүү залгаад байгаа юм бэ гэж хэлэн Нтэй ярилцсан. Э “хойд аав гэртээ оруулахгүй байна, аавтайгаа маргалдсан ганц хоног буудалд хонох мөнгө Аээс авах гэсэн юм аа” гэж хэлсэн. Ингэж хэлэхээр нь Н миний найз охин чиний хонох буудлын мөнгийг өгдөг юм уу гэж хэлсэн уурласан. Ингээд Э, Н хоёр зодолдоод Н, Э толгой руу баруун хөлөөрөө сууж байхад нь нэг өшиглөсөн. Дахиад Н толгой руу нь гараараа 2-3 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, насанд хүрээгүй гэрч Ц.Хос-Эрдэний: “...Э ирээд юу байна гээд гар барьсан. Өмнө Э ирж уулзахдаа дахиж Атэй уулзахгүй гэж хэлсэн биз дээ “чи намайг өдөөд байгаа юм уу” гэж Н хэлээд нүүрэн тус газарт 5-6 удаа цохиж, Э газар унасан, хажуунаас хүн болиоч гэж орилсон” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, шинжээчийн 10315 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч З.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.Н нь насанд хүрээгүй хохирогч М.Этай найз охиноос мөнгө нэхлээ гэх зүйлээс маргалдан зодож улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Эбиед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Насанд хүрээгүй хохирогч М.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М нь шүүгдэгчээс 2.000.000 төгрөг авсан. Одоогоор нэхэмжилж байгаа зүйл байхгүй.

Харин цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлж байх тул насанд хүрээгүй хохирогч М.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М нар нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч З.Нийг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч З.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч З.Нд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 02 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа ба түүний цалин орлогын хэмжээ, мөн түүнд оногдуулсан ялыг өөрийн хөдөлмөрлөж олсон орлогоор нь биелүүлж, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах зорилгоор дээрх хугацааг тогтоосон болно.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З.Нийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч З.Нд шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Насанд хүрээгүй хохирогч М.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М нар нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР