Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 201/МА2023/00002

 

*******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 138/ШШ2022/000958 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******т холбогдох,

3 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 үнээ, 2 бярууг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэрлэн голын урд Дэхт гэх газарт цөөн тооны малтай амьдардаг. 2020 оны намар Хан-Уулын урд амьдардаг ******* гэх залуутай танилцсан. Тэр эхнэр 4 хүүхэдтэйгээ хааяа манайд ирж очин танилцаад найзууд болсон. Олон үхэр, адуутай гэж ярьдаг байсан. *******оос нэг удаа өвөл идэшний үеэр 1 үнээ, 1 бярууг 1 500 000 төгрөгөөр бодож бэлэн мөнгөөр нь авч байсан. Манай хэдэн үхэр хөдөө айлд байдаг байсан тэгэхэд ******* манайд өвөлжүүлэхгүй юу даа, хавар төллөх үеэр нь аваарай гэхэд нь өөрийн 1 үнээ, 2 эр бяруугаа авчраад тавьсан. 2021 оны 1 сард цагдаагийн ахмад ******* гэдэг хүн ирж намайг өөрөөс чинь хэдэн юм тодруулъя чиний үхэр чинь урд айлд байдаг уу, тэр ******* үхрийг чинь зараад алга болсон байна гэж хэлээд намайг дагуулаад урагшаа мал дээр нь очиход миний үхэр бүгд байсан. ******* чи үхрээ таньж байгаа бол гаргаад ир гэхээр нь би гаргаж ирэхэд зургийг нь дарж авсан. Тэгээд цагдаагийн газарт аваачиж байцаагаад явуулсан. Тэр үеэс *******ийг Батбаатар гэдэг хүний малыг хардаг, хүний мал зарж үрсэн юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд өөрийн малаа авъя гээд очиход Батбаатар надад тэмдэглэлийн дэвтрээ үзүүлээд 1 үнээ, 2 бяруу тавьсан гэсэн бичиг үзүүлчихээд чи тэр цагдаатайгаа учраа олчихоод ирж аваарай гээд өгөөгүй. Иймээс Батбаатарын малаас 3 000 000 төгрөгөөр үнэлсэн 1 үнээ, 2 бяруу гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Би 2019 оны 7 сарын 2-ны өдөр ******* гэх залууг өөрийн малчнаар авч ажиллуулсан 2019 оны 12 сард малын тооцоо хийхэд 33 тооны мал дутаж, үрэгдүүлсэн байсан тул энэ хэргээр цагдаад хандаж *******ийг шалгуулсан. Шалгалтын хугацаанд ******* би 33 тооны малынхаа тооцоог цалингаасаа төлье гэхээр нь олон хүүхэдтэй байсан болохоор зөвшөөрөөд гэрээгээ цуцлахгүйгээр цааш малчнаараа ажиллуулсан. Тэр хооронд эргүүлээд 2020 оны 12 сард малын тооцоо хийхэд 48 тооны мал дахин дутсан учир малчны гэрээгээ цуцлаад *******оос 2021 оны 1 сарын 22-нд малаа буцааж тоолж авсан. Одоо Г.******* 48 тооны мал дутаасан, үрэгдүүлсэн хэргээр цагдаад шалгагдаж байгаа. Харин өмнөх 33 тооны мал дутаасан асуудал нь шийдэгдээд надад дутаасан малаа бүрэн төлж дуусаагүй байгаа. ы асуудлын хувьд гэвэл намайг малаа хүлээж авахад хүний мал байсан гэж огт яриагүй. Малыг нь хүлээлгэж өгснөөс хойш цагдаад шалгагдаж байх хугацаанд  , Батжав гэх мэт хэдэн хүн уг хэрэгт холбогдсон юм. Тэр үед эдгээр хүмүүс нийлж хүний малыг нааш цааш болгож хольж сольсон асуудал гарч ирсэн. Тэгээд би дэвтэр дээрээ ямар мал хаашаа өгсөн, хэн хэний малыг хольж сольсон талаар бүртгэж бичиж авсан. ******* нь мал хүлээлгэж өгөх үедээ хүний тавиул мал байгаа энэ тэр гэсэн зүйл надад яриагүй. Би өөрийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байгаа. ******* нь миний малыг нааш, цааш болгож хүний малтай хольж, сольсон асуудал нь одоогоор цагдаагаар шалгагдаж байгаа. Энэ хүмүүсийн өгсөн, авсан асуудлыг би нарийн сайн мэдэхгүй учраас цагдаагаар шалгагдаж дуусахаар болъё л гэж хэлсэн.  Би анх *******т 101 тооны мал хүлээлгэж өгөөд 91 тооны мал буцааж авсан. Би үндсэндээ малын тоо, дэвтэр хоёроороо л бүртгэж явдаг. Өөрөө мал дээрээ байнга байдаггүй болохоор сайн зүсэлж мэдэхгүй. Жилдээ 1 удаа бүртгэж тоолдог. ******* нь олон мал дутаасан, хольсон, сольсон юм байгаа болохоор би тэрийг сайн мэдэхгүй байна.  Өөр хүний гэх 10 тооны мал байсан. Энэ хүмүүсийн яриад зүслээд байгаа 3 тооны үхрийг яг байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би энэ хүнд 3 тооны мал төлнө гэж байхгүй гэдгийг хэлмээр байна. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* 3 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 үнээ, 2 бярууг гаргуулан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, овогт д олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ... Шүүх хэргийн бодит байдал үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй.

Миний өөрийн өмч хөрөнгө болох малыг малчин ******* маллаж байсан ба богино хугацаанд малчнаар ажиллахдаа миний малаас 48 тооны мал дутаасан. Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр малчин *******оос өөрийн хүлээлгэн өгсөн малаа хүлээн авсан. Энэ үед ******* нь надад бусдын мал манайд тавигдсан байгаа, байна гэдгийг хэлээгүй. Одоо маргаад байгаа ы мал түүний хүлээлгэн өгсөн малын тоонд орсон бол дахин түүний дутаасан малын тоо нэмэгдэх болж байна.

Анх малаа хүлээн авсан үед эдгээр үйл явдлыг би огт мэдээгүй. Мал дутааж завшсан талаар цагдаагийн байгууллагад шалгуулж байх явцад ы мал гэх асуудал гарч ирсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцэхэд өөрийн мал нь бодитоор манай малд байгаа гэдгийг нотлуулаагүй. Би ч ы малыг маллах, хариуцах үүрэг аваагүй. Манай малаас 2021 оны 02 дугаар сард нэлээд бяруу, үхэр, адуу хорогдсон. Хэрвээ энэ хорогдол дотор ы мал үхэж хорогдсон бол яахав. Хамгийн гол нь шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ гэрч гээд мэдүүлгийн эх сурвалж нь бусад баримтаар давхар нотлогдоогүй хүний мэдүүлгээр үндэслэж шийдвэрлэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч малаа миний малд байгаа эсэхийг тогтоолгож шийдүүлэх ёстой. Би мэдэхүй байгаа зүйлийнхээ хариуцагч болж харин бусдын өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй байж хариуцлага хүлээн өөрийн өмчөөсөө өгөх болж байгаа нь зөв юм уу.

Малчин *******ийн мал дутааж завшсан асуудал шалгагдаж дуусаагүй. Ер нь ******* нарын хооронд харилцан хэлцэл, тохиролцоо, үүрэг үүссэн. Би тэр талаар огт мэдэхгүй. *******т маллуулахаар өгсөн малаа *******оос л нэхэх ёстой байтал ******* нь манай малд байгаа гэж өөрөөсөө зайлуулаад малтай учраас төлбөр хариуцах чадвартай гээд над руу дайран шүүхээр шийдвэрлүүлж байгаа нь буруу юм.

Хэргийн жинхэнэ хариуцагч ******* тэгээд ч хэрвээ би малд маань байна гэж тооцож өгөх бол миний малыг маллаж байсан ******* надад хүлээлгэн өгсөн малнаас дутаж бусдын өмнө хариуцлага хүлээх болж буй учраас эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байна.

Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ *******ийн мэдүүлэг, ы мэдүүлэг, миний гаргаж буй тайлбар зэрэгт үндэслэн жинхэнэ хариуцагч этгээдийг тогтоож хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргаж шийдвэрлэж болох байсан. Хэдийгээр нэхэмжлэгч хэргийн хариуцагчийг солих хүсэлт гаргаагүй, зөвшөөрөөгүй бол нэхэмжлэгчийн тухайд шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ хэнээс шаардах байсан гэдэгт зөв дүгнэлт гаргаж болох байсан. Гэтэл тэгсэнгүй. Ерөөсөө нэхэмжлэгчийн талд л шийдвэр гаргалаа. Тухайн мал нь манай малд байхгүй бол би мөнгөөр төлөх болж байна гэж ойлгож байна. Тэгвэл тэр үхэр, бяруу гээд байгаа мал нь 2021 оны өвөл ямар үнэтэй байсан гэдгийг эргэлзээгүй үнэлж хэргийг шийдвэрлээгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ үүсч байна.

Би гэдэг хүнтэй нэг ч ярьж малыг нь өөрийн малдаа байлгах тухай яриагүй, өөрийн малд ы мал байгааг ч мэдээгүй. Малаа хүлээн авахдаа малчин *******ийн өөрийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг л хүлээн авсан. Тийм ч учраас ******* бусдын өмнө хүлээсэн үүргээ өөрөө биелүүлэх ёстой. Хэн нэгэн хүнийг хуурч мэхлэн өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээс бултаж завшсаар байх уу, шударга асуудал мөн үү гэдэгт шүүх дүгнэлт хийн анхаарч үзэхийг хүсч байна.

Би бусдын мал гэж мэдээгүй байхад манай малаас хорогдсон малын тоонд ы мал орсон эсэхэд шүүхээр ажиллагаа хийлгүүлэх ёстой гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгч ыг нотолсон намайг нотлох ажиллагаа хийж чадаагүй гэж дүгнэсэн. Тэгвэл ы тухайд манай мал дотор түүний мал байгаа эсэхийг бодитоор тогтоолгож чадаагүй. Би түүний өмнө эрсдэлийг хүлээх ёсгүй гэж ойлгож байна.

Миний тухайд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй харин ч хохирч байна. Би *******оос авах ёстой малаа л авсан. Харин ******* миний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ бусдын эрхийг зөрчиж, өмчлөх эрхэд хохирол уруулсан бол ******* өөрөө л хариуцах ёстой. Ямар ч байсан шүүх хэргийн бодит байдлыг, үйл явдал фактыг хангалттай шударга, зөвөөр тогтоож чадаагүй дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж буй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

5.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх нотлох баримтуудыг үндэслэн үнэн зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Намайг нотлох баримтгүй гэж хэлээд байх юм. Цагдаагийн ахмад хүн миний үхэрний зургийг дарж өгсөн. Гэвч намайг энэ хэрэгт хамааралгүй гэж үзээд зургийг өгөөгүй, зургийг устгасан гэдгийг хэлсэн. ...Батбаатарын дэвтэр дээр миний үхрүүд зүсээрээ тамгатайгаа бичээстэй байгаа. ... ******* гэх залуу анхан шатны шүүх хуралдаанаас гараад чи Батбаатар ахад үхэрнүүдээ үлдээчих. Би тэгж байгаад төлбөрийг нь төлье гэж хэлж байсан. Энэ хүмүүс хуйвалдсан ч байх боломжтой байна. гэв.

ХЯНАВАЛ: 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч *******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 3 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 үнээ, 2 бярууг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:... *******оос нэг удаа өвөл идэшний үеэр 1 үнээ, 1 бярууг 1 500 000 төгрөгөөр бодож бэлэн мөнгөөр нь авч байсан. Манай хэдэн үхэр хөдөө айлд байдаг байсан. Тэгэхэд ******* манайд өвөлжүүлэхгүй юу даа, хавар төллөх үеэр нь аваарай гэхэд нь өөрийн 1 үнээ, 2 эр бяруугаа авчраад тавьсан. 2021 оны 1 сард цагдаагийн ахмад ******* гэдэг хүн ирж намайг өөрөөс чинь хэдэн юм тодруулъя, чиний үхэр чинь урд айлд байдаг уу, тэр ******* үхрийг чинь зараад алга болсон байна гэж хэлээд намайг дагуулаад урагшаа мал дээр нь очиход миний үхэр бүгд байсан. ******* чи үхрээ таньж байгаа бол гаргаад ир гэхээр нь би гаргаж ирэхэд зургийг нь дарж авсан. ... Тэр үеэс *******ийг Батбаатар гэдэг хүний малыг хардаг, хүний мал зарж үрсэн юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд өөрийн малаа авъя гээд очиход Батбаатар надад тэмдэглэлийн дэвтрээ үзүүлээд 1 үнээ, 2 бяруу тавьсан гэсэн бичиг үзүүлчихээд чи тэр цагдаатайгаа учраа олчихоод ирж аваарай гээд өгөөгүй. Иймээс Батбаатарын малаас 3 000 000 төгрөгөөр үнэлсэн 1 үнээ, 2 бярууг гаргуулж өгнө үү. гэж,

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ: ...******* нь мал хүлээлгэж өгөх үедээ хүний тавиул мал байгаа, энэ тэр гэсэн зүйл надад яриагүй. Би өөрийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байгаа. ******* нь миний малыг нааш, цааш болгож хүний малтай хольж, сольсон асуудал нь одоогоор цагдаагаар шалгагдаж байгаа. Энэ хүмүүсийн өгсөн, авсан асуудлыг би нарийн сайн мэдэхгүй учраас цагдаагаар шалгагдаж дуусахаар болъё л гэж хэлсэн.  ...Энэ хүмүүсийн яриад зүслээд байгаа 3 тооны үхрийг яг байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би энэ хүнд 3 тооны мал төлнө гэж байхгүй гэдгийг хэлмээр байна. ... гэж тус тус тайлбарласан байна. /хх 1, 12-13/

4. Хэрэгт авагдсан талуудын тайлбар, гэрчээр асуугдсан *******ийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч ******* нь 2020 оны намар иргэн Г.*******оос 1 үнээ, 1 бярууг 1 500 000 төгрөгөөр худалдан авч идшиндээ хэрэглэсэн, мөн 2020 оны өвөл өөрийн 1 үнээ 2 бяруугаа Г.*******ийнд тавьж өвөлжүүлсэн, Г.******* нь хариуцагч *******ын малыг /үхрийг/ маллаж байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 26-27/

5. Нэхэмжлэгч ******* нь өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор хариуцагчийг сонгон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын малчнаар ажиллаж байсан Г.*******той харилцан тохиролцож тэднийд 1 үнээ, /хар халзан/ 2 бярууг /улаан халзан/ тавьж өвөлжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.*******ийн ... Би малыг нь дутаасан болохоор тухайн үед *******ы тавиул үхэр байгаа гэж хэлээгүй. ... гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийг солих талаар шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.7. Иймд хариуцагч *******ын би хариуцагч биш гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 138/ШШ/2022/00958 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Ж.ДОЛГОРМАА