Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 973

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч: Д.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Д.Бид холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  1805032501106 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б, 1989 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “ОДДА” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 58-48 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, АЮ-89102871 тоот регистртэй,

          Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Лаки-21” бааранд иргэн Б.Итой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Иийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Д.Бийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Иийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдсан. Нутаг усаараа нэгнийгээ янз бүрээр хэлж байсан. Тэгээд маргаан ч биш хэрүүл ч биш нэг юм болоод өнгөрсөн. Тэгсэн хэсэг хугацааны дараа Б архи уугаад сууж байснаа гэнэт миний нүүр рүү өшиглөөд миний  дээрээс цохьсон. Би толгойгоо дараад хамгаалж байгаад цааш нь түлхтэл хамт байсан найз нар нь салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Шинжээчийн 7035 тоот дүгнэлтэд: “...Б.Иийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зулайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд язарсан шархтай, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгний доод хэсэгт няцарсан шарх, зүүн хацар, зүүн бугалганы урд дээд хэсгүүдэд зулгаралт, баруун, зүүн мөрний гадна, ар хэсэг, зүүн бугалганы ар дээд хэсэг, баруун, зүүн тохойн гадна, дээд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэг, хүзүүний зүүн доод, ар доод хэсэг, өвчүүний дээд хэсэг, зүүн өвдөгний дотор, доод хэсгүүдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Яллагдагчаар Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаки-21” спорт лоунжид ажиллаж байхад манай найз Ишдорж, Гэбо гэх найзын хамт 22 цагийн орчим хамт орж ирж үйлчлүүлсэн. Та нар надад урд нь 100 грамм архи илүү бичсэн байсан. Өөрийнхөө уусан юмыг би мэдэх болохоор бичүүлэхгүй гэж маргалдсан. Тэгсэн намайг Архангайн “танк хүлдэг” гэхээр нь би “Завханы завхай, загас нь хүртэл тэмбүүтэй” гээд нутаг усаараа маргалдсан. Тэгэхээр нь би хоёулаа маргалдаад яахав дээ нэг бол гар барилдъя, үгүй бол үндэсний бөхөөр барилдъя гэж хэлсэн. Тухайн үед Ишдорж согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан болохоор миний хэлсэнг тоогоогүй. Тэгээд маргалдаад өнгөрсөн. Намайг үгээр идээд “чи явж зөөгчөө хий, би бол элит, чам шиг гуйлгачинтай харьцахгүй” гэх мэтээр доромжлоод байхаар нь би сууж байгаад мөр лүү нь тохойгоороо нударсан. Тэгсэн Ишдорж босч ирсэн, би ч бас боссон тэгээд бид хоёр заамдалцаж байгаад зодолдоход тэнд байсан найзууд салгасан салгах үед нь би хөлөөрөө нүд хэсэг рүү нь өшиглөж таарсан. ...Ишдорж бид хоёр уг нь найзууд юм. Ишдорж Завхан аймаг, би Архангай аймаг тэгээд нутаг усаа ярьж байгаад хоорондоо маргалдсан. Нэг удаа толгой руу нь өшиглөсөн. Бид хоёр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14, 31-33/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Хохирогчийн хүсэлт /хх-н 7/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 19- 27, 35/, хохирлын баримт /хх-41/, хохирогчийн хүсэлт /хх-н 42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Лаки-21” бааранд иргэн Б.Итой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Иийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Иийн: “...Б бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдсан. Нутаг усаараа нэгнийгээ янз бүрээр хэлж байсан. Тэгээд маргаан ч биш хэрүүл ч биш нэг юм болоод өнгөрсөн. Тэгсэн хэсэг хугацааны дараа Б архи уугаад сууж байснаа гэнэт миний нүүр рүү өшиглөөд миний  дээрээс цохисон би толгойгоо дараад хамгаалж байгаад цааш нь түлхтэл хамт байсан найз нар нь салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, шинжээчийн 7035 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Бнь хохирогчтой маргалдан зодож түүний толгой руу өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 240.000 төгрөг авсан, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-н 42/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

   Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.ОТГОНБАЯР