Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 914

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч А.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Эт холбогдох эрүүгийн 1805044380989 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Э нь фэйсбүүк хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авах зориулалт бүхий Z-Shadows.co сайтыг ашиглан

2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэн П.Дгийн “Doogii” фэйсбүүк рүү, Ц.Чын “MGL” фэйсбүүк рүү,

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.Гын “Tserenbaljir” фэйсбүүк рүү,

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.Аын “Amgaa” фэйсбүүк рүү тус тус фэйсбүүк хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг  илрүүлэх зориулалт бүхий линкийг явуулж фэйсбүүк хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авч иргэн П.Д, Ц.Ч, Ц.Г, Г.А нарын цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээлэлтэй нь танилцсан гэмт хэргийг,

мөн 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр П.Дгийн, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ц.Чын, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Гын, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэн Г.Аын тус тус хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэн өгөхийг шаардсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2018 оны 8 дугаар сард хүний фейсбүүк рүү ордог сайт мэдэж авсан. Анх Гын фейсбүүкийг авсныхаа дараа Гаас 200.000 төгрөг өгвөл фейсбүүкийг чинь буцааж өгье гэж хэлэхэд надад 100.000 төгрөг өгсөн. Бусад фейсбүүк хэрэглэгчдийн Чукагийн фейсбүүк А руу чат бичиж мөнгө асуухад, А болохоор завтай болохоороо 100.000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсэн. Над руу мөнгө шилжүүлээгүй тэгээд л би орхисон. Уржигдар хохирогч Ч, Д нартай уулзаад фейсбүүкийг нь  бүгдийг  өгсөн.  Би Дота-2 гэдэг нэртэй тоглоом тоглодог тэр тоглоомоо тоглохын тулд мөнгө хэрэгтэй болоод ийм үйлдэл хийсэн. Өөрөөр хүний мэдээллийг тараахаар мөнгө нэхээгүй юм. Гаас авсан 100.000 төгрөгийг буцааж өгсөн гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч П.Д мөрдөн байцаалтанд”...Би Doogii нэртэй фэйсбүүк хэрэглэдэг байсан ба 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр одоо нэрийг нь санахгүй байна үл таних фэйсбүүкээс “энэ өөрөө мөн үү” гэсэн пост бүхий мэссэнжэр чатаар линк ирсэн байсан. Тэгэхээр нь би “энэ юу юм бэ” гэж хариу бичихэд “таны эвгүй зураг яваад байна ороод хардаа” гэж бичихээр нь уг линк рүү ороход фэйсбүүк аккаунт нэхсэн талбар гарч ирэхээр нь Doogii нэртэй фэйсбүүк аккаунтаа хийхэд үл мэдэх гадаад бичигтэй хуудас гарч ирэхээр нь буцаад гарчихсан юм. Тэгээд нэг цаг орчмын дараа фэйсбүүк рүү орох гэтэл орж болохгүй паспорт нэхээд байсан. Тэгтэл тэр үед манай найз нар над руу залгаад чиний фэйсбүүкээс юун сонин линк ирээд байгаа юм бэ, гэхэд нь фэйсбүүкээ алдсан байна гэдгээ мэдээд Doogii нэртэй фэйсбүүк нээгээд найз нартаа “энэ хаягийг шууд блок хийгээрэй, нэг балай юм хакердсан байна, шууд устга, бас элдэв линк ирвэл битгий ороорой, паспортоо алдсан байна” гэсэн пост бичээд өөрийнхөө алдсан фэйсбүүкийн зургийг явуулсан юм.

Тэгтэл 2018 оны 08 сарын 15-ны өдөр надтай хамт нэг үйлдвэрт ажиллаж байсан Ц.Ч “чи над руу юу явуулчихваа, энэ чи мөн үү гэсэн юм чинь вирус байсан байна, хакердуулаад бөөн юм боллоо” гэсэн чат явуулсан байсан. Би “найз нь хуучин хаягаа хакердуулсан” гэхэд “өө тийм үү би бас хакердуулчихлаа” гэсэн чат бичсэн байсан.

...Надад тэр линк байхгүй, харин би хуучин Doogii фэйсбүүк рүү "чи яагаад хүний хувийн юм руу ороод байгаа юм бэ” гэхэд “50.000 төгрөг өгвөл фэйсбүүк аккаунтыг чинь өглөө” гээд нэг данс явуулсан байсан ба би хэрэггүй байх гээд уг чатаа устгачихсан юм. Гомдолтой байна, фейсбүүкээ буцааж авмаар байна. /хх-ийн 17-19/ гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Ч мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 сарын сүүлээр өдөр хоногийг нь санахгүй байна ажил дээрээ байхад миний Mgl фэйсбүүкт танил Дгийн Doogii хаягнаас “энэ чи мөн үү” гэсэн линк явуулсан байсан ба би чатаар “энэ юу юм бэ” гэхэд “ороод үзээ” гэсэн чат ирэхээр нь уг линк руу орж үзэхэд хоосон байсан. Тэгэхээр нь би нэг их юм бодолгүй фэйсбүүкээ хаалгүй гарчихаад хэсэг байж байгаад буцаад орох гэхэд миний фэйсбүүк хаагдчихсан паспорт нэхээд байсан. Тэгэхээр нь би хэд хэдэн удаа орох гэж үзээд болохгүй байхаар нь Chuka нэртэй фэйсбүүк хаяг нээсэн юм.

Тэгтэл 2018 оны 8 сарын эхээр байх манай 10 жилийн ангийн групп дээр миний Mgl фэйсбүүк хаягнаас ангийн хүүхдүүдийн ах дүү нараас мөнгө нэхсэн байсан. 2018 оны 8 дугаар сарын 13-ны 19 цаг 44 минутанд миний Mgl хаягнаас миний шинэ нээсэн Chuka фэйсбүүк хаяганд найзын хүсэлт илгээсэн байхаар нь би гайхаад саналыг хүлээж авсан. Тэгтэл тэр дор нь “за” гээд чат бичсэн ба би зөрүүлээд “чи хүний фэйсбүүк ашиглаад, наадахаа өг” гэж бичихэд над руу зөрүүлээд 2 хүний фэйсбүүк аккаунтыг явуулсан байсан. Би уг аккаунт руу орж үзэхэд манай ангийн Doogii-ийн фэйсбүүк байсан. Тэгээд би ангийнхаа Мандахаа гэдэг залууг надаар тоглоод байна гэж бодоод хэсэг чат бичсэн ба Мандахаа биш болж таарсан. Тэгээд нөгөө хүн над руу Хаан банкны 5174090145 дугаарын данс явуулаад 5000 төгрөг өгөөд фэйсбүүкээ ав гэсэн чат бичсэн ба 88528383 дугаарыг явуулсан байсан. Би тэр залуутай хэсэг мэссэнжэрээр чаталсан ба миний Mgl хаягыг эргүүлэн өгөөгүй. Би өөрийн хаягийг эргүүлэн авах хүсэлтэй байна. Мөн миний хаягаар миний найз нөхдөөс мөнгө төгрөг нэхэж миний нэр төрд халдсанд гомдолтой байна. /хх-ийн 26-27/ гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Г мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 сарын дундуур шиг санагдаж байна. Миний Г нэртэй фэйсбүүкт мэссэнжэрээр нэг танихгүй фэйсбүүк хэрэглэгчээс “энэ чиний зураг яваад байхын” гэсэн посттой линк ирсэн байсан. Би уг линк рүү орж үзэхэд нээгдэхгүй байхаар нь тэр танихгүй фэйсбүүк хэрэглэгч рүү “болохгүй байна ш дээ” гэж бичихэд “та компьютерээсээ ороод үзээрэй” гэхээр нь компьютерээс фэйсбүүкт орж үзэхэд бас л болохгүй байхаар нь нэг их тоолгүй орхичихсон юм. Тэгээд маргааш өглөө нь фэйсбүүк рүүгээ орох гэхэд орж болохгүй байхаар нь ажлынхаа хүний фэйсбүүкээс өөрийнхөө Г фэйсбүүкийг харахад онлайн байхаар нь уг хаягнаас “би Ганбаа байна чи миний фэйсбүүк хаягийг буцаагаад өгчих” гэхэд “би фэйсбүүк хаягийг чинь хакердаад авчихсан, би Лондонд амьдардаг” гэхээр нь би “чи юу хүсээд байгаа юм бэ” гэхэд “чи миний хүслийг биелүүлэх юм уу 200.000 төгрөг өгчих, тэгээд фэйсбүүкээ ав” гэхээр нь би “100.000 төгрөг өгье” гэхэд “за тэгвэл би чам руу нэг данс явуулъя” гээд 5028830900 гэсэн данс явуулаад Мэнд-Амар гээд хийгээрэй” гэсэн байхаар нь би өөрийн 5133051276 дугаарын данснаас 100.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд шилжүүлэг хийсэн мэссэжээ скрийн шот хийж зургийг нь аваад чатаар явуулахад зөрүүлээд “энэ паспорт чинь шүү” гээд мэдэхгүй паспорт явуулаад паспортоо өөрөө солиорой гэсэн. Тэгээд би паспортоо сольж фэйсбүүкээ авсан...Тэр чат одоо байхгүй, би тухайн үед ажлынхаа газрын хүний фэйсбүүкээс чат бичиж харьцаж байсан ба тэр хүн надтай миний фэйсбүүкээр харьцаж байсан юм. Би алдсан өдрийнхөө маргааш нь фэйсбүүк хаягаа буцааж авсан ба миний хаягнаас А ахын фэйсбүүк рүү 2018 оны 8 сарын 20-ны өдөр мөн хуурамч линк явуулсан гэж бодохоор 2018 оны 8 сарын 19, 20-ны өдөр л байх гэж бодож байна. Би яг ямар хүнээс уг линк ирснийг санахгүй байна. Гомдолтой байна тэр хүн рүү шилжүүлсэн 100.000 төгрөгөө нэхэмжилж байна. /хх-ийн 33-34/ гэх мэдүүлэг,

Хохирогч Г.А мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 сарын 20-ны орой 22 цагийн үед Мөрөөдлийн театрын жүжигчин Гын “Г” фэйсбүүк хаягнаас “ахаа таны эвгүй зураг фэйсүүкээр яваад байна ш дээ харсан уу? та, энэ рүү ороод хардаа та” гээд нэг линк мэссэнжэр чатаар явуулсан байсан. Би уг линк руу ороход миний фэйсбүүк аккаунт нэхсэн талбар гарч ирж байсан ба би уг талбар дээр өөрийн фэйсбүүк аккаунтыг хийхэд орж болохгүй байсан. Тэгэхээр нь нэг их тоолгүй орхичихсон юм. Тэгтэл 2018 оны 8 сарын 23-ны 17 цаг 46 минутанд гэртээ байхад миний Amgaa хаягт Mgl хаягнаас “би Зиндаа.мн сайтыг ажиллуулдаг хүн байна, өөрийн чинь эвгүй зураг манай дээр орж ирсэн, би 100.000 төгрөгөөр худалдаад авчихсан, би илүү дутуу мөнгө нэхэхгүй намайг хохиролгүй болгочихвол заавал иймэрхүү юм сенсацлах шаардлага байхгүй, хэрэв намайг хохиролгүй болгохгүй бол би яаж авсан тэр аргаараа өөр сенсацитай пэйжид зарчихъя, өөр бас бус зургууд бий шүү” гэсэн мэссэнжэр чат ирсэн байсан. Тэгэхээр нь Гын 99116176 дугаар руу залгаж “ахын дүү ахынх нь юун зураг яваад байна гэсэн бэ” гэж асуухад “үгүй ээ ахаа наадах чинь би биш шүү, би өөрийнхөө фэйсбүүкийг хакердуулж алдаад 100.000 төгрөг өгч байж хаягаа буцааж авсан” гэж хэлэхээр нь “фэйсбүүк хаягаа хакердуулсан байна” гэж ойлгосон. Тэгээд нөгөө хүн рүү “би том болсон хүүхэдтэй хүн элдэв хэл аманд ормооргүй байна, наад зургийг чинь харж болох уу” гэхэд миний эхнэр рүү мэссэнжэр чатаар явуулж байсан эхнэр бид хоёрын цээж нүцгэн зургийг явуулсан байсан. Уг хоёр зураг нь миний утсан дээр мэссэнжэрт байсан зураг мөн байсан. Тэгээд над руу “та намайг хохиролгүй болгочих, би устгачихъя, тийм үгүйгээ хэлээрэй” гэхээр нь би “чи надаас яаж мөнгөө авах юм бэ” гэхэд над руу Хаан банкны 5085136844 дугаарын данс явуулаад “наад дансны чинь нэр Анар гэж байгаа, гэхдээ утган дээр нь Чука гэж бичээрэй” гэсэн чат явуулсан байсан. Тэгэхээр нь би “одоо би хөдөө ажилтай явж байна, орой хот орно, надад мобайл байхгүй учраас, экспрэсс банкнаас шилжүүлнэ гэж хэлээд түр орхисон. Тэгтэл нөгөө хаягнаас дахин чат бичээд 5174080185 дугаарын Э гэх хүний данс  явуулаад утга дээр нь item  гэж бичээд мөнгөө хийгээрэй гэсэн чат ирсэн байсан. Би өөрийн хаягаа ашиглаж байгаа тухайн хүн миний фэйсбүүк аккаунтыг авчихаад аккаунтыг өөрчлөлгүй мэссэнжэрт байсан зургийг маань авсан байна лээ. Би хаягаа одоо ашиглаж байгаа бөгөөд надад ямар нэг хохирол учраагүй. /хх-ийн 38-39/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Анар мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 01 сараас эхлэн Dota-2 цахим тоглоом тоглож эхэлсэн ба Dota-2 тоглоомыг зохион бүтээсэн компани нь тоглоомын баатруудыг гоё харагдуулахын тулд онлайнаар хувцас, зэвсгийг зардаг юм. Энэ гоё ганган хувцас зэвсгийг Item гэж нэрлээд байгаа юм. Үүнийг авахын тулд хувцас хэрэгсэл нь маш олон янз байдаг бөгөөд үүнийг Steam Community сайт зардаг юм. Ингэхдээ онлайнаар худалдан авдаг ба Монголд томоохон супер маркетууд, PC тоглоомын газруудад байрлуулсан Quickpay Mongolia нэгжний машинаар Item худалдаалагддаг, мөн Хятадын VPGame нэртэй сайтаар дамжуулан зардаг. Нэгжний машинаас Item авахад зөвхөн мөнгөө хийгээд авдаг ба 7 хоногийн дараа item нь идэвхиждэг болохоор хүмүүс ихэнхдээ зардаг хувь хүмүүсээс авдаг. Хувь хүмүүс нь ихэвчлэн VPGame сайт ашиглан item худалдан авдаг ба тухайн хүн нь VPGame-д бүртгэлтэй байх ёстой, мөн надаас item авах гэж байгаа бол миний Хаан банкны данс руу item-ийн мөнгөө шилжүүлсний дараа VPGame-ийн бэлэглэх хэсгээр нь дамжуулан Item шилжүүлэх процессоор худалдан авалт явагддаг. Item болгон өөрийн загвар олдоцоос хамааран 0.01-800 ам долларын хооронд үнэтэй байдаг. Сүүлийн үед item-ийг бэлэн мөнгөний оронд Dota-2 тоглоомыг Steam сайт ашиглан тоглодог ба тухайн тоглоомыг онлайнаар тоглохын тулд заавал steam хаяг нээх ёстой. Энэ яг фэйсбүүк аккаунт нээдэгтэй адил төстэй зүйл юм. VPGame-д өөрийн steam-ээр нэвтэрдэг ба ийм хаяггүй бол item авах боломжгүй юм. Миний тухайд Анар Орлой нэртэй фэйсбүүк пэйж хуудастай ба уг пэйж хуудсаараа дамжуулан Монголын Дота-2 сонирхогчдын групп, Mongolian bet 8 trading VIP group/verified зэрэг группуудад бүртгэлтэй байдаг. Би зарах гэж байгаа ltem-аа дээрх группуудэд шэйрлэж тарааж зардаг.

Фэйсбүүк чатаар анх холбогддог, зарим хүмүүс надад итгэхгүй тохиолдолд дугаараа өгчих, иргэний үнэмлэхний зургаа өгчих гэж холбогдож байгаад авдаг хүмүүс байдаг. Би 2018 оны 5 сараас хойш item зарж байгаа бөгөөд тухайн үед зохион явагдаж байгаа олон улсын тэмцээн уралдаанаас хамаарч худалдан авалт янз янз байдаг. Жишээ нь хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр хоорондоо бооцоо тавихдаа Item ашигладаг болохоор худалдан авалт ихэсдэг.

Миний зарсан item VPGame дээр бүртгэлтэй байгаа, миний бүх зарсан item харагдана. Энэ хүн 2018 оны 8 сарын 23-ны өдөр надтай холбогдож 100.000 төгрөгөнд Item байна уу гэж чат бичиж байсан байна. Мөнгөө шилжүүлээгүй байгаа учраас би item-ийг нь шилжүүлээгүй байна. Би энэ хүнийг танихгүй, харж байгаагүй хүн байна, Гэхдээ энэ хүний насны хүмүүс item худалдан авах тохиолдол байдаг. /хх-ийн 41/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мэнд-Амар мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 7 сарын 10-ны үед БНХАУ-д сургууль төгсөж ирээд эрхэлсэн ажилгүй байх үедээ dota-2 тоглоомын баатрын хувцас хэрэглэл буюу item-ийг бөөндөж худалдан аваад эргүүлээд зарах бизнес хийж эхэлсэн юм. Би Ёндон shop нэртэй пэйж хуудасны админаар ажиллаж энэ хугацаандаа дээрх ажлыг хийж эхэлсэн. Пэйж хуудсаар холбогдож item авах хүсэлт явуулсан хүмүүстэй холбогдож item зардаг байсан ба Мэнд- Амар Болдбаатар фэйсбүүк нэрээр холбогддог байсан юм.

Би 5028830900 дугаарын Хаан банкны данс ашигладаг бөгөөд уг дансыг 2018 оны 07 сарын эхээр нээлгэж байсан бөгөөд одоо уг дансыг ашиглаж байгаа.

....Энэ өдөр дээрх гүйлгээ хийгдсэн байна. Гүйлгээний утган дээр нь Ганбаа гэж бичсэн 5133051276 дугаарын данснаас дээрх гүйлгээг хийсэн байна. Tserenbaljir гэх фэйсбүүк хэрэглэгчээс 100.000 төгрөгөнд тааруулж item авъя гэсэн мэссэнжэр чат ирүүлсний дагуу чатаар холбогдож item-ийг Gambaa гэсэн аккаунттай хэрэглэгч VP Game сайтаас авсан байсан. Би тухайн үед сонирхоод Ganbayar Tserenbaljir фэйсбүүк хэрэглэгч рүү орж үзэхэд жүжигчин Гын фэйсбүүк хаяг байсан ба dota-2 тоглодог юм байна даа гэж бодоод өнгөрч байсан. Би энэ хүнтэй холбогдож утсаар ярьж царай зүсийг нь хараагүй. Чатаар холбогдоод л өнгөрсөн.

Би qweqwvb avqwe нэртэй фэйсбүүк хэрэглэгчийг харж байсан юм байна. Гэхдээ хэзээ яаж холбогдож байснаа мэдэхгүй байгаа бөгөөд утсан дээрээ чатууд дундаас хайгаад дээрх нэрээр гарч ирэхгүй байна. Б.Э гэх хүнийг бол танихгүй. Надад дээрх чат нь байгаа бөгөөд би материалд хавсаргуулахаар гаргаж өгье /хх-ийн 48/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар Б.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 08 сарын эхээр шиг санагдаж байна интернэт ухаж байгаад youtube сайт дээр Z-SHADOWS.CO сайтын талаар анх харсан. Уг сайт нь хуурамч линк үүсгээд тэр линкээ фэйсбүүк хэрэглэгч рүү явуулан улмаар нэвтрэх нэр, нууц дугаарыг нь олзлон авдаг болохыг мэдэж авсан. Тэгээд би Z-SHADOWS.CO сайтад бүртгүүлэхийн тулд нэвтрэх нэрд нь E, нууц дугаарыг нь Mulan123 гэж хийж бүртгүүлсэн. Ингээд уг сайтаас линк аваад 2018 оны 8 сарын 11-ний өдөр фэйсбүүк группууд руу “энэ чи юу” гэсэн гарчигтай линкийг явуулсан. Ингээд хамгийн эхэнд “ Doogii” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц дугаар Z-SHADOW.COM сайтын victim хэсэгт ирсэн байсан ба уг хулгайлагдсан нэвтрэх нэр, нууц дугаараар нь ороход болж байсан. Ингээд “Doogii” фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг харж байгаад нөгөө линкээ дахин “Purwee Doogii” фэйсбүүк хэрэглэгчийн найзууд руу явуулахад “Mgl” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн мэдээлэл мөн victim хэсэгт ирсэн байсан. Тэгээд яг аль хаягнаас гэдгийг нь санахгүй байна 2018 оны 8 сарын 20-ны үед жүжигчин Гын “Tserenbaljir” нэртэй фэйсбүүк хаяг руу уг линкийг явуулах фэйсбүүкийн нэвтрэх нэр нууц дугаар нь ирсэн. Ингээд Гын фэйсбүүк рүү орон 2018 оны 8 сарын 23-ны өдөр жүжигчин Г.Аын “Amgaa” нэртэй фэйсбүүк хаяг руу линкийг явуулж фэйсбүүкийн нэвтрэх нэр нууц дугаарыг нь авсан. Тэгээд Аын фэйсбүүк мэссэнжэр доторхи мэдээллийг нь үзэж байхад эхнэртэйгээ харьцсан чат дотор эхнэрийнх нь бололтой эмэгтэй хүний зураг байхаар нь уг зургийг аваад Mgl хаягнаас Аын фэйсбүүк хаяг руу мэссэнжэрээр явуулаад “таны зургийг хүнээс олж авлаа, би 100.000 төгрөгөөр авсан, та надад 100.000 төгрөг өгчих, намайг хохиролгүй болговол таны зургийг олон ниитийн хэрэгслээр тараахгүй” гэж бичихэд  А “за би шилжүүлье” гэхээр нь би Item худалдан авдаг Анар гэх залуугийн Хаан банкны дансны дугаарыг явуулсан. Мөнгөө шилжүүлчихээд хэлээрэй гэсэн боловч надад мөнгө шилжүүлсэн талаар хариу хэлээгүй. Тэгээд л дахиж Ат чат бичээгүй. Би Doogii, Mgl, “Ganbayar” хаягууд pyy нэвтрэн нэвтрэх нэр, нууц дугаарыг нь сольж өөрийн болгосон ба Гын “Ganbayar  фэйсбүүк хаягийг түүнд Item зардаг Мэнд-Амар гэх хүүхдийн Хаан банкны дансны дугаар явуулан 100.000 төгрөг шилжүүлүүлж аваад фэйсбүүкийнх нь нэвтрэх нэр, нууц дугаарыг нь буцааж өгсөн. Би Мэнд-Амараас 100.000 төгрөгнийх нь оронд item тоглоомын хэрэгсэл авсан. Би Аын эхнэртэйгээ бичсэн чат доторх эхнэрийнх нь нүцгэн зурагны нүүрний хэсгийг нь аваад А руу явуулсан юм. Тэр зураг одоо надад байхгүй. Би тухайн үедээ хадгалж аваагүй зүгээр мөнгө авах гэж л тийм зүйл хийсэн. Надад өөр ямар нэг санаа зорилго байгаагүй. Би энэ зургийг явуулаад Ааас мөнгө аваагүй...би дээрх 2 хүний мэдээллээр фэйсбүүкт нь ороогүй, миний явуулсан линкээр ирсэн фэйсбүүк хэрэглэгчийн мэдээлэл бөгөөд өөр надад уг сайтыг ашиглаж бусдыг фэйсбүүк аккаунтыг хулгайлж авсан зүйл байхгүй. Би Ц.Гаас л ганц удаа 100.000 төгрөг авсан...надад тэр хүмүүсийн фэйсбүүк аккаунт байхгүй би Mgl хаягийг мартсан байна лээ.  Харин Doogii хэрэглэгч өөрөө фэйсбүүк рүү хандаж байгаад нэвтрэх нэр, нууц үг сэргээгээд авчихсан юм шиг байна лээ. Би гэрээсээ гэрийнхээ компьютерээс дээрх сайтад нэвтрэн ордог байсан ба цагдаад баригдахаас хэд хоногийн өмнө  browser дээрх мэдээллээ устгачихсан юм. /хх-ийн 120-121/ гэх мэдүүлэг,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 71/, компьютерийн процессорт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 75/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  129/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 131/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132/, суралцагчийн ерөнхий мэдээллийн  хуулбар /хх-ийн 133/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна. 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Шүүгдэгч Б.Э нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 4 дүгээр байрны 156 тоот дахь гэрийнхээ компьютероос 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэн П.Д, Ц.Ч нарын фэйсбүүк рүү,  2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.Г, Г.Аын фэйсбүүк рүү тус тус фэйсбүүк хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг  илрүүлэх зориулалт бүхий линкийг явуулж фэйсбүүк хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг авч П.Д, Ц.Ч, Ц.Г, Г.А нарын цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээлэлтэй нь танилцсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч П.Дгийн”... үл таних фэйсбүүкээс “энэ өөрөө мөн үү” гэсэн пост бүхий мэссэнжэр чатаар линк ирсэн байсан...би "чи яагаад хүний хувийн юм руу ороод байгаа юм бэ” гэхэд “50.000 төгрөг өгвөл фэйсбүүк аккаунтыг чинь өглөө” гээд нэг данс явуулсан байсан...” /хх-ийн 19/,

хохирогч Ц.Чын”...миний Mgl фэйсбүүкт танил Дгийн Doogii хаягнаас “энэ чи мөн үү” гэсэн линк явуулсан байсан ба би чатаар “энэ юу юм бэ” гэхэд “ороод үзээ” гэсэн чат ирэхээр нь уг линк руу орж үзэхэд хоосон байсан...миний фэйсбүүк хаагдчихсан паспорт нэхээд байсан...”/хх-ийн 27/,

хохирогч Ц.Гын”...миний...нэртэй фэйсбүүкт мэссэнжэрээр нэг танихгүй фэйсбүүк хэрэглэгчээс “энэ чиний зураг яваад байхын” гэсэн посттой линк ирсэн байсан...ажлынхаа хүний фэйсбүүкээс өөрийнхөө...фэйсбүүкийг харахад онлайн байсан...уг хаягнаас “би Ганбаа байна чи миний фэйсбүүк хаягийг буцаагаад өгчих” гэхэд “би фэйсбүүк хаягийг чинь хакердаад авчихсан, би Лондонд амьдардаг” гэсэн...”/хх-ийн 33-34/,

хохирогч Г.Аын”...Гын...фэйсбүүк хаягнаас “ахаа таны эвгүй зураг фэйсбүүкээр яваад байна ш дээ харсан уу”...гээд нэг линк мэссэнжэр чатаар явуулсан байсан...би...өөрийн фэйсбүүк аккаунтыг хийхэд орж болохгүй байсан...” /хх-ийн 38-39/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 71/, компьютерийн процессорт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 75/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.Э нь П.Дгаас “...50.000 төгрөг өгвөл фэйсбүүк аккаунтыг чинь өглөө” гээд данс явуулсан...”/хх-ийн 17-19/, Ц.Гаас “...чи миний хүслийг биелүүлэх юм уу 200.000 төгрөг өгчих, тэгээд фэйсбүүкээ ав” гэхээр нь би “100.000 төгрөг өгье” гэхэд “за тэгвэл би чам руу нэг данс явуулъя” гээд 5028830900 гэсэн данс явуулаад Мэнд-Амар гээд хийгээрэй” гэсэн байхаар нь би өөрийн 5133051276 дугаарын данснаас 100.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн...” /хх-ийн 33-34/, Г.Аын “...та намайг хохиролгүй болгочих, би устгачихъя, тийм үгүйгээ хэлээрэй” гээд...над руу Хаан банкны 5085136844 дугаарын данс явуулаад “наад дансны чинь нэр Анар гэж байгаа, гэхдээ утган дээр нь Чука гэж бичээрэй” гэсэн чат явуулсан байсан...” /хх-ийн 38-39/, Ц.Чын ”... нөгөө хүн над руу Хаан банкны 5174090145 дугаарын данс явуулаад 5000 төгрөг өгөөд фэйсбүүкээ ав гэсэн чат бичсэн...” /хх-ийн 26-27/ гэсэн мэдүүлгүүд авагдсан байна.  

Өөрөөр хэлбэл Б.Э бусдын цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээлэлтэй танилцсан гэмт хэргийг үйлдэж, улмаар П.Дгаас 50000 төгрөг, Ц.Чаас 5000 төгрөг Г.Ааас 100.000 төгрөг авахаар нэхсэн, Ц.Гаас 100.000 төгрөг шилжүүлж авсан нь тогтоогджээ.

П.Д, Ц.Ч, Г.А нар Б.Эт мөнгө шилжүүлээгүй бөгөөд тус тусын фэйсбүүк аккаунтаа буцаан авсан байна.

Харин Ц.Гаас дансаар шилжүүлсэн 100.000 төгрөгөөр энэ хэрэгт гэрчээр тогтоогдсон Б.Мэнд-Амараас item авсан болох нь гэрч Б.Мэнд-Амарын  “...энэ өдөр дээрх гүйлгээ хийгдсэн байна. Гүйлгээний утган дээр нь Ганбаа гэж бичсэн 5133051276 дугаарын данснаас дээрх гүйлгээг хийсэн байна. Tserenbaljir гэх фэйсбүүк хэрэглэгчээс 100.000 төгрөгөнд тааруулж item авъя гэсэн мэссэнжэр чат ирүүлсний дагуу чатаар холбогдож item-ийг Gambaa гэсэн аккаунттай хэрэглэгч VP Game сайтаас авсан байсан...” гэсэн мэдүүлгээр нотлогджээ. 

Эдгээр байдлаас дүгнэхэд Б.Эын энэ үйлдэл нь хохирогч нарын хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэн өгөхийг шаардсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна.

Иймд Б.Эт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Шүүхээс, иргэн хүний хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэлд хууль бусаар нэвтэрсэн нь тогтоогдсон шүүгдэгч Б.Эыг “Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан, мэдээлэлтэй танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд нэр бүхий хохирогч нараас “энэ хүүхдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж, хохирогч Ц.Г “100.000 төгрөг хүлээн авсан болно, гомдолгүй” гэсэн хүсэлтүүд шүүхэд ирүүлсэн байх тул Б.Эыг бусдад төлөх төлбөргүйд  тооцлоо.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, мэдээлэлтэй танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч Б.Э ”Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, мэдээлэлтэй танилцсан” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн,  түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

Мөн эдгээр нөхцөл байдлууд болон шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүх, Б.Эт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэхээр тогтов. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1.  Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж мөнгө шилжүүлэн өгөхийг шаардсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.  Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, мэдээлэлтэй танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч Б.Эт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.  Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгосугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Эт анхааруулж мэдэгдсүгэй.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Эт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

7.  Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.

8.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тззний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ