Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 102/2016/2307/и |
Дугаар | 1090 |
Огноо | 2016-06-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1090
Р.Баярсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/02307 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Р.Баярсайханы нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Омнифорс” ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсны улмаас учирсан хохирол 25 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4 561 102 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрдэнэчимэг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Мягмарбаатар
Хариуцагчийн өмгөөлөгч: П.Баттулга
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Р.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Баярсайхан нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 50 мянгатын 23 дугаар байрны 4 тоотод байрлах 1 давхрын цайны газрыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж тус компанид захирал ажилтай н.Бүрнээбаатартай “Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх” 09/113 тоот гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ыг хүртэл 1 жилийн хугацаатайгаар харилцан тохиролцож байгуулсан юм. Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж байгаа болохоор барьцаа болгож 2.000.000 төгрөг, мөн 2 сарын түрээсийн төлбөрийг урьдчилан төлөхийг шаардсаны дагуу 3.500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө өгсөн. Ингээд уг цайны газарт үйл ажиллагаа явуулахын тулд тохижилт болон үйл ажиллагааны зардал нийлээд 25.000.000 төгрөгийн зардлуудыг гаргаад, ажиллуулж байтал бидэнд доорх хууль бус байдлуудыг “Омнифорс” ХХК нь гаргаж гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн юм. Уг цайны газрын гал тогоо, үйлчилгээний заал нь гэрээнд заасны дагуу 114м.кв биш, тус 1 давхрын өргөтгөл нь нийтдээ 114 м.кв байсан бөгөөд цайны газрын голд нь “Омнифорс” ХХК байрладаг. Мөн доод давхартаа өөрсдийнх нь ашигладаг караокены 3 том VIP өрөө, урт коридор, ариун цэврийн өрөөнүүд байрладаг. Ингээд миний бие нь уг цайны газрыг түрээслэсэн даруйдаа өөрийн түрээсэлж буй гал тогоо, үйлчилгээний заалыг хэмжиж үзтэл 54 м.кв байсан. Хариуцагч компани хууль бусаар 60 м.кв-ийг илүү тооцож, сарын 947.000 төгрөгийг төлөх ёстой байтал 2.000.000 төгрөгийг төлүүлж хохироож байсан. Сар бүр бид тухайн компанийн хэрэглэсэн, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, хог, хамгаалалт, ТВ, дохиолол гэх мэт зардлуудыг 2 дугаар давхрын түрээслэгчтэй хамтран 2 хувааж төлсөөр ирсэн. Уг нь 3 хувааж төлөх ёстой атал иргэн надаар 1 дүгээр давхрын буюу тус компанийн ашиглаж байгаа талбай болон доод давхрын ашиглалтын зардлыг хамт төлүүлж байсан. Нэг жилийн гэрээ хийж барьцаа болгон 2.000.000 төгрөг, мөн түрээсийн төлбөрөө 2 сараар нь шууд бэлэн аваад үүнээс хойш түрээсийн төлбөрөө хугацаанд нь хийсээр байтал гэнэт 2014 оны 12 сарын 12-ны өдөр ямарч үндэслэлгүйгээр гэрээгээ зөрчин уг гэрээг цуцалсан. Гэрээний 5.6-д заасны дагуу түрээсийн төлбөрөө бодит үнэнд нийцүүлэн шинээр тогтоох, мөн талбайн хэмжээ, ашиглалтын зардлыг 3 хувааж төлдөг байх, ялангуяа манайх хийн түлш байнга хэрэглэдэг мөртлөө цахилгааны зардал сар бүр 350.000-380.000 төгрөг төлнө гэдэг шударга бус байгаа тухай удаа дараа ярьж, шаардаж байсан. Гэтэл ямар ч хариу өгөхгүй байсаар 2014 оны 12 сарын 12-ны өдөр гэрээгээ дангаараа цуцалсан. Үүнд иргэн миний бие маш их гомдолтой байгаа бөгөөд уг цайны газрыг ажиллуулахдаа би төрийн банкнаас 12 сарын хугацаатай сарын 2%-ийн хүүтэйгээр 30.000.000 төгрөгийг, “Прогресс капитал” ББСБ-аас 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар 5%-ийн хүүтэйгээр зээл авсан бөгөөд 10, 11 саруудад тохижолт, маркетингийн зардал болон түрээсийн төлбөр үйл ажиллагаандаа 23.000.000 төгрөгийн зардал гаргаж ажилласны үр дүнд байнгын үйлчлүүлэгч олонтой болж орлого төлөвлөгөө ёсоор орж байтал “Омнифорс” ХХК нь гэрээгээ цуцлаж, иргэн миний олох байсан орлого болон бодитоор 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд Р.Баярсайханы “Ажлын байр, эд хөрөнгө түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г цуцалсны улмаас учирсан хохирол 25.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч сүүлд гаргасан задаргаагаар түрээсийн талбай 2.410.122 төгрөг, ашиглалт 599.223 төгрөг, хог 105.000 төгрөг, кабель 52.500 төгрөг, хамгаалалт 105.000 төгрөг нийт 3.271.845 төгрөг, цалин 4.932.955 төгрөг, тохижолт болон маркетингийн зардал 2.612.750 төгрөг, бусад зардал 1.066.800 төгрөг, олох байсан орлого 12.700.000 нийт 24.584.350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Гэрээ цуцалсан актын тухайд барьцааны 2 сая төгрөгөө буцааж авахын тулд гарын үсэг зурсан, зурахдаа уг актыг зөвшөөрөхгүй гэсэн байна гэжээ.
Хариуцагч “Омнифорс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмарбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Омнифорс” ХХК нь иргэн Р.Баярсайхантай 2 дугаар хороо, 50 мянгат хороолол, 23 дугаар байрны 4 тоот өргөтгөлийн хамт нийт 114 м.кв талбай бүхий 1 давхрын үйлчилгээний танхим, гал тогоог түрээслүүлэхээр харилцан тохиролцож ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулсан юм. Дээрх гэрээг анх байгуулах үед Р.Баярсайханы бизнесийг эрхэлж байгаатай холбогдуулан манай компанийн зүгээс хямдрал үзүүлж 1.500.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт тооцон авсан. Цаашид түрээсийн төлбөрийг 2.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, сар бүрийн 08-ны өдөр төлөхөөр гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасан. Мөн манай компани дээрх ажлын байрыг үйл ажиллагаа эрхлэх бүхий л боломжоор хангах үүднээс өөрсдийн хөрөнгөөр засаж, тохижуулан иргэн Р.Баярсайханд түрээсийн гэрээний хавсралт 1, 2-ийн дагуу хүлээлгэн өгсөн тул барьцаа хөрөнгийг 2.000.000 төгрөг байхаар иргэн Р.Баярсайхантай харилцан тохиролцож, хүлээн авсан. Гэрээний 5.3-т цахилгаан, дулаан, ашиглалтын зардлыг тухайн сар бүрийн гаргасан тооцоог үндэслэж түрээслэгч тал төлж байхаар харилцан тохиролцсон. Мөн зүйлийн 5.4-т цэвэр, бохир ус, дохиоллын ашиглалтын зардал болон цэвэрлэгээний хөлсийг тухайн сар бүрийн гарсан зардлын 50 хувийг төлж байхаар харилцан тохиролцсон юм. Иргэн Р.Баярсайхан нь тухайн цайны газарт ямар нэгэн тохижилт, засвар үйлчилгээ хийгээгүй бөгөөд гал тогооны болон үйлчилгээний зориулалттай ямар нэгэн зүйл худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй. Энэ нь гэрээний хавсралт 1, 2-т заасан эд хөрөнгийн жагсаалтаар нотлогдож байгаа. Бид түрээсийн төлбөрийг зах зээлийн бодит ханштай уялдуулан тогтоосон. Тус обьектод ашиглагддаггүй нэг өрөө болон зоорийн давхрын караоке өрөө болгон тохижуулсан 3 өрөө, мөн бие засах өрөө байдаг. Манай компани анх тухайн ажлын байрыг караоке, ресторан болгон тохижуулж зөвшөөрөл авахаар төлөвлөж байсан боловч холбогдох зөвшөөрөл олгогдоогүйн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Манайх зоорийн давхрын хэсэгт ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, манай оффис тухайн цайны газрын голд байрладаггүй, тиймээс манай компани түрээслэгч 2 иргэнтэй хамтарч ашиглалтын зардал төлөх үндэслэлгүй юм. Үүнийг ч гэрээнд тодорхой заасан байдаг. Барьцаа төлбөр нь гэрээний хавсралт 1, 2-т дурдсан эд хөрөнгийг хүлээлгэн өгснөөр үүссэн харилцаа болохоос гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан барьцаа төлбөр авсан асуудал биш юм. Иргэн Р.Баярсайхан нь гэрээний үндсэн төлбөр болох 2.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа буюу сар бүрийн 08-ны өдөр төлдөггүй, ямар нэгэн шалтгаан хэлж удаашруулдаг, шаардуулан байж 2-3 хувааж төлдөг байсан. Р.Баярсайхан нь “Цахилгааны төлбөр өндөр гараад байна, манайх цахилгаан хэрэглэдэггүй, газ хэрэглэдэг” гэж тайлбарласан тул бид цаашид гарах маргаанаас зайлсхийж цахилгааны тоолуур тавиулан, хамтран ажиллах бүхий л бололцоогоор ханган ажилласан. Харин цахилгааны тоолуур тавиулснаар өмнөх төлбөрөөс илүү төлбөр гарсан байсан. Гэвч иргэн Р.Баярсайхан нь дээр дурдсан алдаа, зөрчлийг удаа дараа гаргаж түрээслүүлэгч талын эрх ашгийг ноцтой зөрчиж байсан. Р.Баярсайханаас “түрээсийн төлбөр яагаад цаг хугацаандаа орж ирэхгүй байна вэ” гэхэд ”орлого орохгүй байна” гээд байхаар нь “тэгвэл түрээслэхээ болих юм уу” гэхэд тэгье гэсэн. Ингээд гэрээний 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу иргэн Р.Баярсайхантай цаашид хамтран ажиллах боломжгүй учраас гэрээг цуцлах саналыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тавьсан. Манай компанийн тавьсан саналыг Р.Баярсайхан нь тэр даруйд нь хүлээн зөвшөөрч, тухайн өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “гэрээ цуцлах тухай” акт үйлдэж, 2014 оны 11 дүгээр сарын төлөгдөөгүй байсан ашиглалтын зардлууд, гэрээний хавсралт 1, 2-т дурдсан эд хөрөнгөнөөс дутсан болон эвдэрсэн эд зүйлийг барьцаа 2.000.000 төгрөгөөс төлүүлж, үлдэгдэл 1.221.000 төгрөгийг иргэн Р.Баярсайханд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан билээ. Ингэснээр гэрээг 2 тал харилцан тохиролцож цуцалсан гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн хэлснээр манай компани гэрээг дангаар цуцлаагүй юм. Иймд иргэн Р.Баярсайханы үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 25.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Р.Баярсайханы хэрэгт хавсаргасан төлбөр төлсөн тухай баримт бол сүүлд нөхөж зуруулсан хуурамч баримт. Энэ баримтыг бичиж өгсөн нь үнэн боловч үнийн дүнг нягтлалгүй, сүүлд нөхөн зурж өгсөн баримт юм гэжээ.
Хариуцагч “Омнифорс” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Омнифорс” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх гэрээ”-г иргэн Р.Баярсайхантай байгуулсан. Манай компани уг гэрээг байгуулахаас өмнө энэхүү ажлын байрыг нийтийн хоолны газрын зориулалтаар бүрэн засварлан тохижуулж, хоолны газрын үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмж, аяга таваг, халбага сэрээ, заалны сандал ширээ, тек, ханын зурагт зэрэг түрээсийн гэрээний хавсралтад заасан бүхий л эд хогшил, тоног төхөөрөмжтэй нь хамт түрээслүүлсэн. Түрээслэгч Р.Баярсайхан ажлын байрыг эд хөрөнгөтэй нь хамт түрээслэн орлого олж, ашигтай ажиллаж байсан. Гэвч Р.Баярсайхан эхний сараас эхлээд цахилгаан, дулаан, усны төлбөр зэрэг түрээсийн ашиглалтын зардлыг гэрээнд заасны дагуу төлөхгүй гэж түрээслүүлэгчтэй маргалдаж, хугацаа хэтрүүлэн байж дутуу төлж ирсэн. Тухайлбал: Түрээсийн гэрээний 5.3-т цахилгааны зардлыг гарсан хэмжээгээр нь төлнө гэж заасан бөгөөд 150.000 төгрөгний цахилгааны төлбөр гарсан ч төлөхгүй гэж маргаан үүсгэж 130.000 төгрөг төлөөд явсан. Ингээд Р.Баярсайханы цахилгааны төлбөр их байна гэсэн гомдлын дагуу, түүний хүсэлтээр манай компани өөрийн зардлаар цахилгааны тоолуур нэмж суурилуулсан бөгөөд 380 вольт /3фаз/-ын цахилгаан тоолуур, пускателийн үнэ 182.600 төгрөг, 10 метр кабелийн утасны үнэ 285.000 төгрөг, суурилуулалтын зардал 70.000 төгрөг, нийт 537.600 төгрөгний зардал гаргасан. Мөн гэрээний 5.4-т цэвэр, бохир усны ашиглалтын зардлыг сар болгон гарсан төлбөрийн 50%-ийг төлнө гэж тохиролцсон боловч Р.Баярсайхан төлөх ёстой төлбөрөө байнга хугацаа хэтрүүлэн дутуу төлж байсан. Р.Баярсайханы нийт төлөөгүй ашиглалтын зардал 743.717 төгрөг байна. Мөн Р.Баярсайхан ажлын байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулаад хэсэг хугацаа өнгөрсний дараа “Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс ариун цэврийн өрөө асуугаад байна. Мөн манай ажилчид хувцас солих өрөөгүй, бараа материал багтахгүй байна. Танай зоорийн давхрын караокены өрөөнүүдийг 00-ын хамт нэгдүгээр давхрын түрээстэй адилхан үнээр түрээсэлж ашиглая. Архины зөвшөөрөл гарч караоке ажиллуулж эхлэхээр гэрээгээ бичгээр хийе” гэж гуйсны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн манай компани зөвшөөрч нийт 64.38 м.кв талбайтай зоорийн давхрын караокений 3 өрөө, коридор, 00-ын өрөөний түлхүүрийг Р.Баярсайханд хүлээлгэн өгч, түүнд зоорийн давхрыг бүхлээр нь ашиглуулж эхэлсэн. Р.Баярсайхан уг өрөөнүүд, коридор болон 00-г ашиглаж байсныг нотлох гэрэл зургуудыг шүүхэд өөрөө гарган өгсөн болно. Гэтэл зоорийн давхрыг ашигласны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зоорийн давхрын 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 1 дүгээр давхрын түрээсийн төлбөр болох 17.500 төгрөгөөр тооцоход нийт 64.38 м.кв талбайн нэг сарын түрээс 1.126.650 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2 сар 27 хоногийн нийт түрээсийн төлбөр 3.267.285 төгрөгийг Р.Баярсайхан манай компанид төлөх ёстой. Мөн Р.Баярсайхан манай компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үүдэж бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой нотариатын зардал гаргасан тул Р.Баярсайханаас 380 вольт /3фаз/-ын цахилгаан тоолуур, пускателийн үнэ, 10 м кабелийн утасны үнэ, суурилуулалтын зардалд нийт 537.600 төгрөг, түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой цэвэр бохир ус, дулаан, цахилгааны зардалд нийт 743.717 төгрөг, зоорийн давхрын караокены өрөөнүүд, коридор, 00-ын өрөөг ашигласны төлбөрт 3.267.285 төгрөг, нотариатын үйлчилгээ хөлс 12.500 төгрөг нийт 4.561.102 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 380 вольтын цахилгаан тоолуур, пускателийн үнэ, 10 м кабелийн утасны үнэ, суурилуулалтын зардалд нийт 537.600 төгрөгийг Р.Баярсайхан төлөх үндэслэлгүй юм. Учир нь гэрээний 2.4-т зааснаар түрээслүүлэгч өөрөө энэ зардлыг хариуцах үүрэгтэй. Ашиглалтын зардалд 743.717 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна, энэ хэзээний төлбөр юм бэ. Зоорийн давхар, караокений өрөө түрээслэсэн гээд байна, хэзээ түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм бэ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Омнифорс” ХХК-иас 1.512.376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23.071.974 төгрөгт холбогдох хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас39.148 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч иргэн Р.Баярсайхан нь хариуцагч "Омнифорс" ХХК-тай 2014 оны 9 сарын 3-ны өдөр 09/113 тоот ажлын байрны зориулалтаар байр болон эд хөрөнгө түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Гэтэл "Омнифорс" ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Р.Мягмарбаатар нь уг гэрээг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр.эд хөрөнгө хүлээн авах акт үйлдэж байгаа мэтээр уг нэхэмжлэгч иргэн Р.Баярсайханд барьцаанд байсан 2 000 000 төгрөгийг өгөхдөө уг гэрээг дуусгавар болгож илт давуу байдлаа ашиглан дангаараа цуцалсан юм. Энэ нь уг түрээсийн гэрээний 6.1, 6.1.2, 6.2, 6.3.1-6.3.3 мөн 6.4-р зүйлүүдийг илт ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу судлан доорх хууль бус шийдвэрүүдийг гаргасанд маш их гомдолтой байна.
...Хариуцагч "Омнифорс" ХХК-ийг камерын 17.50 м.кв талбайтай оффисын өрөөнд үйл ажиллагаа явуулсныг нь анхан шатны шүүх, гэрчүүд болон бусад мэдүүлгүүдээр тогтоосон мөртлөө ийм илт зөрүүтэй шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр хууль бус юм...хэрэгсэхгүй болгосон гэх 23 074 974 төгрөгөөс нэхэмжлэгчид 1 512 376 төгрөг олгохоор шийдвэрлэснээс үзэхэд даруй 415 615 төгрөгийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь огт мэдэгдэхгүй, нэхэмжлэгчид олгосон юмуу гэтэл олгоогүй, дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлээгүй зэрэг ойлгомжгүй шийдвэрийг шүүх гаргасан. Гэтэл нэхэмжлэгч Р.Баярсайхан нь шүүхэд 25 000 000 төгрөг нэхэмжлэн нэхэмжлэл гаргаж түүндээ ч улсын тэмдэгтийн хураамжинд 282 950 төгрөгийг хуулийн дагуу төлсөн байдаг. “Инженер Геодези" ХХК-ийн Шинжээчийн дүгнэлтэд "1-р давхрын нийт талбайн хэмжээг 102.81 м.кв" гэж дүгнэсэн байхад зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1,.2-т /114 м.кв талбай бүхий 1-р давхрын үйлчилгээний заал, гал тогооны хамт байна /хх 4 хуудас/ гэсэн байгаа нь нэхэмжлэгч иргэн Р.Баярсайхан нь зөвхөн уг түрээсийн байрнаас гал тогоо, үйлчилгээний заалыг ашиглах эрхтэй гэдэг нь тогтоогдож байна. Үүнээс дундын ашиглалтдаа хамтран хариуцагч талтай угаалгын өрөө, коридорыг ч хамтран ашигласан гэдэг нь тогтоогдож байна. Гэтэл хариуцагч талыг дээрх үүргээс нь бүрэн чөлөөлөн зөвхөн нэхэмжлэгч Р.Баярсайханаар ашиглалт, түрээсийн төлбөр болон бусад бүхий л зардлуудыг дангаар нь хариуцуулан хууль бус шийдвэр гаргасан нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.3, 5.4-ийг зөрчиж байгаагаас гадна 5.5, 5.6 зэрэг заалтуудыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоогүй учраас дээрх хууль бус нэхэмжилсэн талбайн түрээсийн 3 287 285 төгрөг, ашиглалтын зардалд 743 717 төгрөгийг тус тус нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон зөв шийдвэрлэсэн атлаа зоорийн давхрын ашиглалт болон бусад холбогдох бүхий л зардлуудыг мөн адил нэхэмжлэгч иргэн Р.Баярсайханд хариуцуулан шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхээс доорхи хохирлуудыг тооцон шүүхийн магадлалаар зохих өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар дараах гомдолыг гаргаж байгаа болно. Үүнд:
Шүүхээс томилсон "Инженер геодези" ХХК-ний хэмжилтээр 1-р давхар нь нийт-102.81 м.кв, зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр" 114 м.кв талбай бүхий гал тогоо, үйлчилгээний заалын хамт" гэжээ. Үүнээс үзэхэд 11.19 м.кв-ыг илүү тооцон хариуцагч "Омнифорс" ХХК нь авч байсан. /Энэ нь зохигчдын хооронд байгуулсан 09/113 тоот гэрээ болон "Инженер гёодези" ХХК-ны гаргасан актын зөрүү юм/
Нэхэмжлэгч иргэн Р.Баярсайхан нь 1-р давхар болон зоорийн давхрын ашиглалтын зардалд 9 сард 319 500 төгрөг, 10 сард 450 000төгрөг, 11 сард 427 100төгрөг, 12 сард 252 900 төгрөг нийт 1 449 500төгрөг дангаар төлж хохирсон. Гэтэл зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.4-д "Цэвэр бохир ус, дохиолол, ашиглалтын зардал болон цэвэрлэгээний хөлсийг cap болгоны гарсан төлбөрын 50% түрээслэгч түрээсийн төлбөрт нэмж төлнө" гэсэн нь хариуцагч "Омнифорс" ХХК-ийг дээрх төлбөрүүдийн тал хувийг нь төлөх ёстой гэдгийг харуулж байна. Мөн ОСНААҮГ-ын 9-12 дугаар саруудын нэхэмжлэл /хх-ийн 45-р хуудас/ болон "Омнифорс" ХХК-ийн гэрчээр иргэн Тамирийг асуулгах хүсэлт xx-187-p хуудас/ зэргээс үзэхэд " Баярсайхан нь ус, дулаан, цахилгааны төлбөрийг TG центрийн 2-3 дугаар давхрын цахим тоглоомын үйлчилгээ үзүүлдэг иргэн Тамиртай хуваан төлдөг байсан гэх мэдүүлэг зэргээс үзэхэд ч дээрх төлберийг нэг ч удаа хариуцагч тал болох "Омнифорс" ХХК нь төлж байгаагүй, зөвхөн иргэн Р.Баярсайханаар түүний ашиглаагүй зоорийн давхар болон "Омнифорс" ХХК-ийн оффислож үйл ажиллагаа явуулж байсан гэх талбай болон зоорийн давхрын /31,67м.кв/ ашиглалтын зардлыг хууль бусаар төлүүлж байсан нь шүүхээр нэгэнт тогтоогдсон. Иймд ашиглалтын зардлын 1 449 500 төгрөгөөс 50 хувийг нь буюу 724 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэгч Р.Баярсайханы түрээслэсэн нийт талбайг үйлчилгээний заал 45.96 м.кв, гал тогоо нь 19.98 м.кв, угаалгын өрөө 0,94 м.кв, коридори 5.32 м.кв, гэж үзэн түрээслэсэн нийт талбайг 72.2 м.кв "Омнифорс" ХХК-ийг нэгдүгээр давхраас камерын өрөө 17.5 м.кв, складны өрөө 6.85 м.кв, коридори 5.32 м.кв, угаалгын өрөө 0.94 м.кв нийт 30.64 м.кв гэж тооцох нь /хх-ийн 197-198/ зүйтэй бөгөөд үүнээс нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт cap бүр 1 263 500 төгрөг төлөх /1м.кв=17 500төгрөг тооцоход/ ёстой атал 2 000 000төгрөг төлж үүнээсээ 9 дүгээр сард 236 500 төгрөг 10 дугаар сард 736 500 төгрөг 11 дүгээр сард 736 500төгрөг 12 дугаар сард 119 420 төгрөг тус тус илүү төлж, нийтдээ 1 828 920төгрөгөөр хохироосон.
Кабель, дохиолол, хогны төлбөрт нэхэмжлэгч нь 9 дүгээр сард 175 000 төгрөг, 10 дугаар сард 175 000 төгрөг, 11 дүгээр сард 175 000 төгрөг, нийт 525 000 төгрөг төлсөнөөс хариуцагч "Омнифорс" ХХК-д гэрээний 5.4-д заасны дагуу 50% нь хариуцуулахад 262 500 төгрөгийг нэхэмжлэгч талд буцаан олгох ёстой.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.Баярсайханыг түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсаны улмаас учирсан хохирлыг шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 21 312 505 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь ч хуульд нийцэхгүй байгаа юм...Мөн уг актанд нэхэмжлэгч нь гэрээг цуцлахыг харилцан зөвшөөрсөн тухай нэг ч үг өгүүлбэр байхгүйгээр барахгүй харин ч дулааны мөнгө дээр суутгагдах зардал гээд уг зардлуудыг доош нь жагсаалт болгон бичиж байгаад суутгалуудаа тооцсон нь илт байна. Үүний хойд талд хүлээн зөвшөөрөхгүй байна Р.Баярсайхан гэсэн нь ч гэрээг хүчээр цуцалсан гэдгийг баталж байгаа юм. Үүнээс гадна нэхэмжлэгч нь гэрээг цуцлахгүй цааш нь үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтэй байсан нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн захирал болох Б.Бүрэнжаргалын "Хаан" банкны дансанд 2 000 000 төгрөг хийсэн нь уг иргэний хүсэл зоригийг харж болохоор байна. Иймд уг зохигчдын хооронд байгуулсан гэрээг хууль бусаар хариуцагч тал хүчээр цуцалсан нь үнэнд нийцэж байх тул уг гэрээний хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан зардлын 5 225 500 төгрөгөөс 50% буюу 2 612 750 төгрөг, мөн олох байсан орлогоос 4 000 000 төгрөг, нийт- 8 000 000 төгрөгөөр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал давж заалдах гомдолдоо: “...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримт бүрдүүлэх зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаан эхлэхийн өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс цахилгааны тоолуурын заалтыг бичдэг цахилгааны монтёр буюу тус төвийн цэвэр бохир ус, дулааны заалтыг бичдэг холбогдох байгууллагын ажилтныг гэрчээр дуудаж, нэхэмжлэгч Р.Баярсайхан нь тус төвийн зоорийн давхрыг ашигладаг байсан эсэх талаар гэрч асуулгах хүсэлт гаргасан. Учир нь цахилгааны болон усны тоолуур нь тус төвийн зоорийн давхрын нэхэмжлэгчийн ашигладаг байсан караокены өрөөнд байрладаг ба нэхэмжлэгч буюу цайны газрын ажилтныг байлцуулан ус, цахилгааны заалт бичдэг байсан. Гэвч шүүх энэхүү хүсэлтийг хангаагүй. Мөн нэхэмжлэгч Р.Баярсайхан зоорийн давхрын коридор, 00-ын өрөөг ашигладаг байснаа хүлээн зөвшөөрсөн фото зургууд /хх-30/-ыг шүүхэд өөрөө гарган өгсөн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч цайны газарт ажиллаж байсан бөгөөд уг хэрэгт хөндлөнгийн байр сууринаас хандах боломжгүй. Н.Алтанцэцэг, Н.Уранчимэг нарын хүмүүсийг шүүгчийн захирамж гараагүй байхад тус өдрийн шүүх хуралдаан дээр шууд авчирсан байхад шүүх гэрчээр оролцуулах захирамжаа гаргаагүй байж эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь нэхэмжлэгч "Р.Баярсайхан TG төвийн зоорийн давхрын караокены 2 өрөөнөөс бусад 00 буюу ариун цэврийн өрөө, коридор, цайны газрын ажилчдын хувцас, эд зүйл тавьж байсан караокены 1 өрөөг тус тус ашиглаж байсан." гэж сөрөг нэхэмжлэл /хх-143/-дээ болон шүүхэд гаргасан бусад тайлбартаа дурдсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч нь ...Зоорийн давхрын 1 өрөө, ариун цэврийн өрөөг, 1 дүгээр давхрын камерын өрөөнөөс бусдыг Р.Баярсайхан ашиглаж байсан гэж тайлбарлаж байна" гэж хариуцагчийн шүүхэд бичгээр болон амаар гаргасан тайлбарыг илтэд мушгиж, буруу дүгнэсэн. Мөн шүүх "...Р.Баярсайхан нийт 85.31 м.кв талбайг ашигласан байх боломжтой гэж шуүх дүгнэлээ" гэж баттай нотлогдсон баримтад үндэслэхгүйгээр таамаг төдий дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бухий байна." гэж заасныг зөрчсөн байна.
Мөн шүүх хуралдаан дээр гэрч Ц.Алтанцэцэг "...Хааяа ус тасарсан үед 00 өрөө рүү ордог байсан." /хх-226/ гэж, гэрч Л.Уранчимэг "...зоорийн давхрын 1 өрөө нь цоожтой байсан. 2 өрөө нь онгорхой байдаг байсан. ...Сонирхоод орж үзэж байсан." /хх-226 дахь талын ар/, гэрч Г.Тамираас "Р.Баярсайхан гэдэг хүн цайны газрын үйл ажиллагаа явуулж байхад та 00-ын өрөө рүү орж байсан уу" гэж асуухад "Би доод талын 00-ы өрөө рүү нь орж байсан." /хх-227/ гэж тус тус мэдүүлсээр байхад шүүх нэхэмжлэгчийг зоорийн давхрын 00, коридор, караокены 1 өрөөг ашиглаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн ашигласан талбайд ногдох түрээсийн төлбөрийг бодохдоо талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан "Ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх гэрээ"-ний 1 4-д "Энэ гэрээний 1, 2 дугаар хавсралтад заасан түрээсийн байранд байгаа эд хөрөнгийг мөн түрээсээр шилжүүлэн өгнө." гэж заасныг зөв үнэлж дүгнэхгүйгээр түрээслүүлэгч нь зөвхөн ажлын байр түрээслүүлсэн мэт гэрээг дүгнэж сарын түрээсийн төлбөр 2 000 000 төгрөгийг гэрээнд бичигдсэн 114 м.кв талбайд хувааж 1 м.кв-ын үнэ 17.544 төгрөг гэж бодсон. Гэрээний нэрэнд ч мөн ажлын байр болон эд хөрөнгө түрээслэх гэрээ гэж заасан байгаагаас үзэхэд уг гэрээгээр үйлчилгээний зориулалттай ажлын байр, түүн доторх эд хөрөнгийг хамтад нь түрээслэсэн бөгөөд түрээсийн үнэнд ажлын байр, түүн доторх эд хөрөнгийг түрээслэх үнэ хамтдаа багтсан гэж ойлгогдохоор байна. Гэтэл шүүх 1 м.кв талбайн түрээсийн үнийг бодохдоо гэрээгээр түрээслүүлсэн нэг хэсэг хөрөнгө болох ажлын байрны нийт талбайгаас бодож, гэрээний 1, 2-р хавсралтад заасан эд хөрөнгүүдийг үнэгүй ашиглуулсан мэт дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
...Хавтаст хэргийн 10-12 дахь талд байгаа нэхэмжлэгчийн гаргасан баримтууд нь дансаар шилжүүлсэн болон бэлнээр хийсэн тооцоог сүүлд нь баталгаажуулсан баримтууд байдаг. Тухайлбал, "Омнифорс" ХХК-ийн Захирал Б.Бүрэнжаргалын нэр дээрх данс руу хийсэн төлбөрийг "Омнифорс" ХХК-ийн кассанд тушаасан байдлаар дараа нь баталгаажуулсан байдаг. Харин нэхэмжлэгч ийнхүү сүүлд нь баримтаа бичүүлж авахдаа ашиглалтын зардал, дохиолол, хогний нийт дүнг нэгтгэж нэг бичүүлээд, мөн тус тусад нь дахин бичүүлж авсан байдаг. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтад 9 дүгээр сарын ашиглалтын зардал 319 500 төгрөг гэсэн ба энэ нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "Омнифорс" ХХК-ийн захирал Б.Бүрэнжаргалын Хаан банкны дансанд "Түрээс төлбөр" гэсэн утгаар шилжүүлсэн /хх-155 тал/ зардлыг кассанд төлсөн гэдгээр нь баталгаажуулсан баримт болно. Тэгсэн хэрнээ нэхэмжлэгч хавтас хэргийн 24 дэх талд байгаа орлого, зарлагын тооцоон дээр 319 500 төгрөгийг зөвхөн цахилгаанд төлсөн гэж мөн тооцоонд оруулсан байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн нэг дүнг 2-3 удаа төлсөн мэт шүүхэд тайлбарлаж, ойлгомжгүй, худал тооцоогоор мөнгө нэхэж байгааг шүүх анхаарч үзээгүй ба хариуцагчийн тайлбарлаж байсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "...хариуцагч "Омнифорс" ХХК-иас 1 512 376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Баярсайханд олгож..." гэж заасныг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Р.Баярсайхан нь хариуцагч “Омнифорс” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг хугацааны өмнө цуцалснаас учирсан хохиролд 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 24 584 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 4 561 102 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Зохигчид хоорондоо 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх гэрээ”-г байгуулж, түрээслэгч “Омнифорс” ХХК нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат хороолол, 23 дугаар байрны 4 тоот өргөтгөлийн хамт байрлах 114 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын үйлчилгээний заалыг гал тогоо, бусад эд хөрөнгийн хамт нийтийн хоолны зориулалтаар 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглахаар шилжүүлэх, түрээслэгч Р.Баярсайхан нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээж, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр, барьцаанд 5 830 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 4-12, 19, 20/
Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.
Мөн шүүх хэрэгт авагдсан “Гэрээ цуцлах” тухай зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гэрээний 6.6-д заасны дагуу иргэн Р.Баярсайхантай цаашид хамтран ажиллах боломжгүй учраас гэрээг цуцлах саналыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тавьсан. Манай саналыг Р.Баярсайхан хүлээн зөвшөөрч тухайн өдөр акт үйлдэж...гарын үсэг зуруулсан” гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...уг актыг зөвшөөрөхгүй гэж Р.Баярсайхан гарын үсэг зурсан” гэх тайлбарыг харьцуулан үзэж зохигчид түрээсийн гэрээг харилцан тохирч цуцалсан гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.
Зохигчид түрээслэсэн талбайн хэмжээний талаар маргасан байх ба шүүх шинжээч “Инженер геодези” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 17 544 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 512 376 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Гэрч Ц.Алтанцэцэг “...ОО-ын өрөөг ашиглаж байсан үе байхгүй, хаяа ус тасарсан үед ордог байсан” /хх-226/, гэрч Л.Уранчимэг “...зоорийн давхрын 1 өрөө нь цоожтой байсан, 2 өрөө нь онгорхой байдаг байсан...Сонирхоод орж үзэж байсан” /хх-226/, гэрч Г.Тамир “...Би доод талын ОО-ын өрөө рүү нь орж байсан” /хх-227/ гэж шүүхэд тус тус мэдүүлснээс харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Р.Баярсайханыг зоорийн давхрын ариун цэврийн өрөө, коридор, караокены 1 өрөөг ашигласан гэж үзэж түрээсийн төлбөр болон бусад зардлыг нэмэгдүүлэн тооцох боломжгүй юм.
Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор үйлдэгдсэн хэргийн 207 дугаар талд авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Р.Баярсайхан нь дулааны төлбөрөөс бусад асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн мөнгөн дүнгийн хэмжээг буруу байна гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй зохицуулалт болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримталсныг хасч өөрчлөх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/02307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1...” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргалын төлсөн 94 950 төгрөг, нэхэмжлэгч Р.Баярсайханы төлсөн 142 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН