| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2016/0033/З |
| Дугаар | 00001 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 00001
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн Гөрөөчин Ж.Д***********-ийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” үндсэн, “Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***********в , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга П.А***********т , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М**********ХХК-ийн өмгөөлөгч А.Ууганбаяр нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Ж.Д**********н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х**********ХХК-ийн захирал Ж.Д**********н би 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дуудлага худалдаагаар үр тарианы зориулалтаар Эрдэнэбулган сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/104 дугаартай захирамжаар 340 га газрыг 14 600 000 төгрөгийн үнэлгээтэй эзэмших эрх авч 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх захирамж гарсан билээ. Ингээд Эрдэнэбулган сумын 340 га газартаа 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших гэрээ, гэрчилгээг бичүүлж авсан ба үүнд Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Сонгины аманд 150 га, Хашигт 100 га, Улиадын аманд 45 га, Цахирын бэлд 45 га газрыг тус тус үр тарианы зориулалтаар нийтдээ 340 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмших болж улмаар газрын төлбөрийг тухай бүр нь төлж байсан. Үүнээс хойш манай эхнэр Б.Н***********в нь 2012, 2013, 2014 онуудад хүнд өвчин тусаж байнгын эмчилгээ асаргаанд байх болж мөн 2012, 2013, 2014 онуудад Солонгос улс руу эмчилгээнд явж байсан. Мөн эхнэрийн ах Б.Б*********** тархины залгиур хоолойн хавдар өвчиж тусаж 2012, 2013, 2014 онуудад манай гэр бүл маш хүнд байнгын химийн тариа, туяа эмчилгээ хийлгэж явсаар 2015 оны 04 сарын 26-нд нас барсан. Эхнэр Б.Н***********в нь 11 сард Америкийн нэгдсэн эмнэлгийг мэс заслын баг ирж мэс засалд орсон. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 26-нд ах нас бараад бид 49 хоногийн өнгөрөөгөөд газраа боловсруулна гээд Батхүрэл даргад албан бичиг явуулахад тодорхой хариу хэлээгүй байж байгаад газрын даамал нь бичиг явуулсан гэх боловч ямар утгатай ямар бичиг нь тодорхойгүй байсан. Уг бичгийг Х**********ХХК-д хүлээлгэн өгөөгүй, нэг ч удаа мэдэгдэл ирж байгаагүй.
Гэтэл сумын Засаг даргын 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичигт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй бол газар эзэмших эрхийг цуцална гэсэн боловч би хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас газраа ашиглаагүй нь энэхүү Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчөөгүй бөгөөд миний эзэмшиж байсан 340 га газрыг эзэмшүүлсэн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/104 дугаартай захирамжийг хүчингүй болгоогүйгээр давхардуулан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаартай захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 520 га болгон газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хууль бус байна.
Би газраа хагалахаар очтол манай гэрээг цуцалсан гэсэн бөгөөд би сураглаж өөрөө явсаар байгаад Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаартай захирамжаар Цахирын бэлд 60 га, Улиадын амны 60 га, Хашигийн ам, Уртын амны 60 га, Сонгины ам 340 га, нийт 520 га газрыг Д.А**********-д 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн захирамж гарсныг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн болно. Энэхүү Д.А**********-д Эрдэнэбулган сумын Засаг даргын 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 захирамжийн талаар надад мэдэгдээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухай эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд надад эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжаа мэдэгдээгүй болно. Мөн тус Засаг даргын захирамжийн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэсэн нь буруу байгаа бөгөөд харин ч уг захирамжаар Д.А**********-д газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн, түүнчлэн төсөл сонгон шалгаруулсан нь тодорхойгүй байгаа болно.
Ингээд аймгийн Засаг даргад 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр урьдчилсан шийдвэрлүүлэхээр хандсан боловч 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1801 дугаартай албан бичгээр захиргааны хэргийн шүүхэд хандана уу гэсэн хариуг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан болно.
Иймд Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаартай захирамж нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Д**********н 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Ж.Д**********н би 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эрдэнэбулган суманд зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар нийтдээ 340 га газрыг ... эзэмших болж гэрчилгээнүүд бичигдсэн байдаг. ... Гэтэл Эрдэнэбулган сумын Засаг дарга нь надад албан ёсоор мэдэгдээгүй байж албан бичиг явуулсан гэх боловч тэр албан бичиг нь ирээгүй байхад 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/09 дугаартай захирамжаар Х**********ХХК нь 1 дүгээр багийн нутагт байршилтай үр тарианы зориулалтаар авсан 340 га газраа хуулийн хугацаанд ашиглаагүй тул 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0176936 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байгаа бөгөөд энэхүү захирамжаар миний зөвхөн нэг гэрчилгээг /Гэрчилгээний дугаар 0176936 Цахирын бэл 45 га/ хүчингүй болгосныг би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн материалтай танилцаж байхдаа мэдсэн бөгөөд үлдсэн 3 ширхэг гэрчилгээ буюу 295 га газрын гэрчилгээ нь хүчингүй болоогүй, хүчинтэй хэвээр байгаа ба түүнчлэн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/104 дугаартай захирамжийг хүчингүй болгоогүй байгаа юм. Мөн түүнчлэн уг захирамждаа гэрчилгээ олгосон он, сар, өдрийг буруу бичсэн байгаа бөгөөд гэрчилгээ 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бичигдсэн болно. Иймд Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаартай захирамж нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мөн түүнчлэн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дугаартай Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Д**********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***********в болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын А/104 тоот захирамжийг цуцлагдаагүй гэж үзэж байна. Мөн бидний газар эзэмших эрхийн 4 гэрчилгээ болоод газар эзэмших гэрээ цуцлагдаагүй юм. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/09 тоот захирамжид Х**********ХХК-ийн нэг гэрчилгээг хүчингүй болгосон байж болох юм. Х**********ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0176934, 0176935, 0176936, 0176937 гэсэн дугаартай гэрчилгээнүүдээр 340 га газрыг эзэмшиж байгаа юм. Х**********ХХК нь жил бүр газрын төлбөрийг төлдөг байсан. Ингээд 2016 оны 08 дугаар сард газраа хагалах гэтэл Х**********ХХК-ийн газар эзэмших гэрээг цуцалж, өөр компанид газар эзэмших эрхийг шилжүүлчихсэн гэж хэлсэн. Үнэхээр бидэнд газар эзэмших гэрчилгээг цуцлах талаар мэдэгдсэн бол хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа тайлбар өгөх байсан. Мөн би сүүлд хэргийн материалтай танилцаж, Х**********ХХК-ийн газар эзэмших эрхийн нэг гэрчилгээг хүчингүй болгосон юм байна гэдгийг ойлгосон. ... Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 тоот захирамжид Амарбаясгаланд шилжүүлсүгэй гэж заасан байдаг хэдий ч тус компанийн захирал нь өөрчлөгдсөн байдаг юм. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Сонгины ам гэдэг нэртэй газар байдаггүй юм. Харин Сонгины булан гэдэг газар байдаг юм. Х**********ХХК нь Сонгины буланд 150 га газар, Улиадын аманд 45 га газар эзэмшдэг бөгөөд М**********ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд Уртын амны 60 га газар гэж бичсэн байдаг. Мөн Х**********ХХК-ийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Цахирын бэлийн 45 га газрыг, М**********ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд 60 га газар болгож, харин Хашгийн аманд хэдэн га газар эзэмшихийг дурдаагүй байдаг бөгөөд Х**********ХХК нь Хашгийн аманд 100 га газар гэрчилгээгээр эзэмшдэг. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Цахирын бэлийн 0176936 дугаартай 45 га газрыг “Хөх бүрд” ХХК-ийн газар мөн гэж үзвэл тус газрын гэрчилгээг цуцалсан байгаа юм. … би гэрээний биелэлтээ дүгнүүлж байсан гэж үзэж байгаа. Учир нь жил бүр над руу газрын даамал утсаар ярьдаг байсан бөгөөд би жил бүр газрын төлбөрөө төлдөг байсан. Мөн М**********ХХК-д 520 га газрыг ганцхан гэрчилгээгээр эзэмшүүлсэн байдаг. Үүнийг мөн ойлгохгүй байгаа юм. М**********ХХК-д олгосон газрын гэрчилгээнд дурдагдсан зарим газрууд манай газартай давхцаж байгаа хэдий ч М**********ХХК-д олгосон га газар нь манайхаас их байгаа юм. М**********ХХК-д Эрдэнэбулган суманд газар эзэмших гэрчилгээ олгохдоо газрын нэрийг буруу бичсэн байдаг. Тухайлбал Сонгины буланг Сонгины ам гэх зэргээр буруу бичсэн байдаг. Х**********ХХК-ийн 1 ширхэг гэрчилгээг хүчингүй болгохдоо надаас тайлбар авах ёстой бөгөөд аваагүй юм. Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/20 тоот албан бичиг манай компанид ирээгүй гэдэг нь Б.Н**********ын өөрийнх нь болон Я.Нансалын мэдүүлэг, тайлбарт байдаг. Б.Н**********ямар мэдүүлэг өгөөд байгаа тухай би гайхаж байна. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар Ж.Д**********д хүргүүлсэн бичиг нь Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/20 тоот албан бичиг байх гэсэн тайлбар өгсөн байдаг. Тайлбар өгөх хэрэгтэй гэсэн бичгийг би аваагүй байхад таны газар эзэмших эрхийг цуцлав гэсэн бичгийг би яаж хаанаасаа авах юм бэ? Энэ тухай хугацаанд нь мэдсэн байсан бол би мөн хугацаанд нь шүүхэд хандаж тайлбараа гаргах байсан. Мөн ямар учраас газар давхцуулан олгосон гэж үзэж байгаа вэ гэвэл Эрдэнэбулган аймгийн Засаг даргын эрхийн гэрчилгээ цуцаллаа гэсэн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 захирамжид манай газрын нэг ширхэг гэрчилгээг цуцаллаа гэсэн байдаг. Надад 4 нэгж талбарын дугаар бүхий дөрвөн өөр гэрчилгээ байхад нэг ширхэг газрын гэрчилгээг цуцалсан мэт ойлгогдож байна.
… Х**********ХХК-д 340 га газрыг эзэмшүүлсэн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/104 дугаар захирамжийг хүчингүй болгосон 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дугаартай захирамж гаргасан хэдий ч захирамжийн утга нь нэг л эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа мэт ойлгомжгүй байдаг юм. Хэрэв үнэхээр 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/104 дугаар захирамжаар үүссэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа бол 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 тоот захирамжид газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар тус бүрээр нь дурдах ёстой байтал зөвхөн нэг эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа. … 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаартай дээрх захирамжаар М**********ХХК-ийн захирал Д.А**********-д 20 жилийн хугацаатай, 520 га газрыг эзэмшүүлсэн байдаг. Гэтэл хэргийн материалд авагдсан гэрчилгээнээс үзэхэд тус М**********ХХК-д эзэмшүүлэхээр гэрчилгээ бичигдсэн боловч газар эзэмшүүлэх эрхийн гэрээнд хувь хүн М**********ХХК-ийн захирал Д.Амарбаясгалантай гэрээг байгуулснаар бичсэн байна. Энэ нь Газрын тухай хуулийн 34 дүгээр заалт, 36 дугаар заалтыг зөрчсөн. Мөрөн Эрх чөлөө сонинд төсөл сонгон шалгаруулалт явуулах зарыг өгсөн байдаг ба тухайн зард газар тариалангийн зориулалтаар газрыг олгоно гэж бичсэн байдаг. Хэргийн материалд авагдсан М**********ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь газар тариалангийн зориулалтай биш булцуут ургамал, төмс хүнсний ногоо тарьдаг компанид үр тарианы зориулалтаар газар эзэмшүүлсэн байгаа юм. Энэ нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн байх тул Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/09 тоот захирамж, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү. Мөн А/09 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлгүй гэдгийг хариуцагч хэлж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн хариу өгснийг анхаарч үзнэ үү” гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Д**********н нь 2011 онд дуудлага худалдаагаар 300 га газрыг үр тарианы зориулалтаар худалдан аваад өнөөг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй учир 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/20 тоот албан бичгээр тайлбар ирүүлэхийг хүссэн. Гэвч огт хариу ирүүлээгүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Газар эзэмших гэрээний 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжийг гаргаж, гарсан шийдвэрийг холбогдох газарт хүргүүлэхийг газрын даамалд даалгасан. Газрын тухай хуулийн 40.1-д эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байгаа болно. Ж.Д**********н нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэлээ. Тэрээр надад ямар ч мэдээлэл ирүүлээгүй, манай нутгаар бизнес эрхэлж явж байхдаа гэрээний 4.4-т заагдсан хүлээсэн үүргээ биелүүлж гэрээгээ дүгнүүлж байгаагүй учир надад мэдэх боломж байгаагүй. Хэрэв үнэн зөв учраа хэлсэн бол би ийм шийдвэр гаргахгүй байсан. Яг ийм нөхцлөөр Д.Самбуу-Ёндонд шаардлага хүргүүлэхэд заасан хугацаанд өөрийн тайлбар ирүүлсэн учир хүндэтгэн үзэж газрыг хураах шийдвэр гаргаагүй болно.
... 2015 онд Ж.Д**********н надад албан бичиг ирүүлээгүй. Мөн 2011 оны 10 дугаар сарын 21-ний А/104 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй байж давхардуулж олгосон гэжээ. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан тухайн үеийн Бэхбат даргын гаргасан захирамж хууль зөрчөөгүй харин Ж.Д**********н хууль гэрээгээ зөрчсөн болно.
Иймд Газрын тухай хуулийн 40.3-т заасан хугацаа 10 хоногт ямар нэг гомдол санал гараагүй болохоор 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/22 дугаартай захирамжаар газрыг төсөл сонгон шалгаруулахаар шийдвэрлэж ажлын хэсэг томилон ажиллаж, ажлын хэсгийн шалгаруулсан төсөлд Газрын тухай хуульд заасан 33.1.2 дахь заалтыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжаар газар олгох шийдвэр гаргасан.
Иргэн Б.Н***********в нь 8 сарын 8-нд ирэхдээ нэг намын хүн байж ямар өөдгүй юм, тэр бичиг чинь надад ирээгүй гэж гомдлоход би холбогдох бүх бичгийг хувилж өгсөн. Дараа нь Б.Н***********в манай холбооны эрхлэгч надад нөгөө бичгийг өгөөгүй мартсан байна гэж утсаар ярьсан. Тэр хүний ажилдаа хайнга хандсан нь манай сумтай холбоогүй, хариуцлагыг манай сум хариуцахгүй гэдгийг тайлбарласан. ... нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад тайлбар гаргах зүйлгүй болно” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өмнөх Засаг даргын гаргасан захирамж дээр хариуцагчаар оролцож байна. Сумын Засаг дарга нь хуулиа хэрэгжүүлэх ёстой албан тушаалтан байдаг. 2011 онд Х**********ХХК-д олгосон байсан газрыг 2016 он буюу үндсэндээ 5 жил ашиглаагүй явсан. Газрын тухай хуулийн дагуу хоёроос дээш жил зориулалтын дагуу ашиглаагүй газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг цуцлах нь Засаг даргын бүрэн эрхэд байдаг. Түүний дагуу тус шийдвэрийг гаргаад явсан гэж ойлгож байна. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дугаартай захирамж гарсан байдаг. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаартай захирамжаар өмнө олгосон газар дээр давхцуулан газар олгосон байдаг. Үүнээс харахад хоёр компанийн эрх ашиг хөндөгдөж байдаг. Хавтаст хэрэгтэй танилцаж байхад манай сумын газрын даамлын хариуцлагагүй байдлаас болж газрын гэрчилгээг нэгж талбай тус бүрт нь гаргаагүй байдаг. Би Засаг даргын гаргасан захирамжийг дэмжиж оролцоно, гэхдээ хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсэж байна. Манай сумын Бөөрөлж буюу 1 дүгээр багийн нутагт Сонгины булан гэдэг газар байдаг. Сонгины ам гэж байхгүй. Уртын ам, Улиадын ам, Цахирын бэл, Хашгийн ам гэсэн нэртэй газрууд байдаг. Хасахын ам гэсэн нэртэй газар байхгүй. М**********ХХК, Х**********ХХК-д эзэмшүүлсэн газрууд нь Сонгины булан, Цахирын бэл, Хашгийн ам, Улиадын амаар тус тус давхацсан гэж үзэж байна. Харин Уртын амны газар нь давхцаагүй. Бусад нэр бүхий 4 газар давхацсан. Маргаан бүхий газар нь атаршсан газар юм. Сонгины булан нь саяхан болтол газар тариалангийн зориулалтаар ашиглаж байсан газар бөгөөд сүүлийн 3 жил тариалалт хийгдээгүй. Бусад газрууд нь 1980-аад онд л тариалалт хийж байсан атаршсан газрууд юм. М**********ХХК 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжаар авсан 520 га газартаа кадастрын зураг хийлгээгүй байгаа. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. … Тухайн үед би Засаг дарга болоогүй байсан. Тэгээд сумын Засаг даргын ажлыг авсныхаа дараа Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газраас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар Тариалан сум руу ямар бичиг явуулсан талаар сураглаж асуухад манай бичиг хэргийн ажилтан мэдэхгүй, санахгүй байна гэж хэлж байсан ...” гэв.
Гуравдагч этгээд М**********ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “... М**********ХХК нь хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 онд байгуулагдсан бөгөөд одоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн кластер байгуулахаар ажиллаж байна.
Бид 2016 оны 4 дүгээр сард Эрх чөлөө сонины 4 дүгээр сарын №14 (5461) дугаараас Эрдэнэбулган суманд газар тариалангийн зориулалтаар төсөл сонгон шалгаруулах гэж байгаа тул зарыг харсан юм. Уг зар дээр “Эрдэнэбулган сумын Бөөрөлз багийн Цахирын бэлийн 60 га, Улиадын амны 60, Хасахын ам, Уртын ам 60 га, Сонгинод орших 340 га, нийт 520 га газрыг газар тариалангийн зориулалтаар төсөл сонгон зарлаж олгох”-оор зар тавьсан байсан болно. Үүний дагуу зар дээр байсан 88488458 дугаар руу холбогдож, газрын албаны даамал Б.Н**********гэх албан тушаалтнаас нэмэлт мэдээлэл авч, төслийн бичиг баримтаа бэлтгэж эхэлсэн.
Бид Эрдэнэбулган суманд малын тэжээл тарих, мал бордох, эрүүлжүүлэх аж ахуй байгуулах төсөл боловсруулж, тооцоо судалгаа хийж, холбогдох бичиг баримтын хамт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн юм.
Ингээд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Н**********утсаар холбогдож “төсөл сонгон шалгаруулахад М**********ХХК-ийн материал хамгийн сайн төслөөр шалгарсан” тухай бидэнд мэдэгдсэн ба бид Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/166 тоот албан бичгийг 5 дугаар сарын 20-д орчимд хүлээн авсан болно. Уг албан бичигт “... танай компани төслийн шаардлага хангаж шалгарсан тул гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ авч үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ үү” гэсэн байсан болно.
Үүний дараа бид 5 дугаар сарын 27-нд Эрдэнэбулган суманд очиж, гэрээгээ байгуулсан болно. Уг төсөл сонгон шалгаруулалтын үр дүнгээр Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 тоот шийдвэр гарч, уг шийдвэрийг үндэслэн М**********ХХК-д 520 га газрыг газар тариалангийн зориулалтаар 20 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Уг төсөл сонгон шалгаруулалттай холбоотойгоор ямар нэгэн байгууллагаас гомдол гараагүй ба төсөл сонгон шалгаруулалтын процесст алдаа гарсан тухай одоогийн байдлаар ямар нэг маргаантай асуудал үүсээгүй гэж ойлгож байна.
Х**********ХХК-ийн захирал Ж.Д**********-ийн нэхэмжлэл болон Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаас харахад уг газрын маргаан нь Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/22 тоот захирамж, мөн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 тоот захирамж болон төсөл шалгаруулах процесстой холбоогүй нь харагдаж байна.
Харин 2011 онд гэрээ байгуулж авсан газраа өнгөрсөн хугацаанд ашиглаагүй гэж үзээд Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газраас газар цуцлах тухай албан бичгийг Х**********ХХК-д илгээж, тайлбар ирүүлэхийг хүссэн ч уг компанийн зүгээс тайлбар ирүүлээгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Эрдэнэбулган сумын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 тоот захирамж гарсан болох нь Засаг дарга Д.Батхүрэлийн тайлбараас ойлгогдож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, Эрдэнэбулган сумын Засаг даргын хариу тайлбар болон бусад бичиг баримтаас харахад Х**********ХХК нь газраа ашиглаагүй удсан болон мөн газар цуцлах тухай Эрдэнэбулган сумын Засаг даргын албан тоотод хариу өгөөгүй зэргээс газар ашиглах эрхээ цуцлуулсан гэж харагдаж байгаа ба энэ нь манай компани болон Эрдэнэбулган сумын Засаг даргаас шалтгаалахгүй болно. Мөн Х**********ХХК нь хохирлоо Эрдэнэбулган сумын Засаг даргаас хүргүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/20 тоот албан бичгийг зохих эзэнд нь хүргэж өгөөгүй шуудангийн компани, шууданчаас нэхэмжилж хохирлоо барагдуулах нь зүйтэй гэж харагдаж байна.
Иймд Х**********ХХК-ийн захирал Ж.Д**********-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М**********ХХК-ийн захирал Д.Батсүх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М**********ХХК нь 2013 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багт газар тариалан, малын бэлчээрийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар нь газар тариалангийн зориулалтаар төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай зарлаж байсан бөгөөд тус зарлалд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн Цахирын бэлийн 60 га, Улиадын амны 60 га, Хасахын амны 60 га, Сонгины буланд 340 га газар, нийт 520 га газар сонгон шалгаруулалт явуулах талаар дурдагдсан байдаг. Тус зарын дагуу М**********ХХК нь төсөл сонгон шалгаруулалтад оролцсон юм. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр М**********ХХК-ийн төсөл шалгарсан гэдгийг мэдээд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр М**********ХХК-д Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний 166 тоот газар эзэмших гэрээ байгуулах тухай албан бичиг ирж, үүний дагуу газар эзэмших гэрээгээ байгуулж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаартай захирамжаар М**********ХХК-д 20 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Бид үүнээс хойш газрын төлбөрөө төлсөөр ирсэн. 520 га газрын кадастрын зургаа одоогоор хийлгэж амжаагүй байгаа” гэжээ.
Гуравдагч этгээд М**********ХХК-ийн өмгөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй эсэх нь тодорхойгүй байна. Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжаар 520 га газар М**********ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гарах үед нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлнэ. Нэхэмжлэгч энэ тухай мэдсэн байдаг. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг харгалзаж үзэх байх гэж бодож байна. М**********ХХК нь 520 га газрыг хуулийн дагуу дуудлага худалдаагаар авсан байдаг. 520 га газар гэсэн хэмжээ хязгаарт ямар нэг өөрчлөлт гарахгүй байх гэж найдаж байна. Газрын маргаан нь хуулиараа шууд шүүхэд харьяалагдсан маргаан байдаг. Захиргааны актыг мэдсэн даруйдаа шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа бол дууссан гэж үзэж байна. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай ямар нэг хүсэлт байхгүй. Албан бичгийг холбооны газраас аваагүй, мэдээгүй гэх баримт л хавтаст хэрэгт байгаа болохоос биш хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай баримт байдаггүй.
Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэж мэдээгүй байж яагаад шүүхэд хандсан юм бэ? Тэгэхээр бичгийг үзээгүй гэж хэлээд байдаг. Энэ хүн энэ талаар мэдсэн байсан. 08 дугаар сарын 11-ний өдөр бичгийг яагаад өгсөнгүй вэ гэж тухай холбооны ажилтныг загнаад гарсан байдаг. Үүнээс хойш гомдол гаргах хугацаа нь дууссан байна. Х**********ХХК-ийн газрын хувьд хэдэн оны хэдэн сард энэ кадастрын мэдээллийн санд орсон тухай баримт хэрэгт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх шүүх хуралдааныг хойшилсоноос хойш ч энэ кадастрын зургийг хийлгэсэн байх магадлалтай харагдаж байна. Х**********ХХК-ийн эзэмшлийн газар анх хэдэн оны хэдэн сарын хэдэнд кадастрын мэдээллийн санд орсон тухай нотлох хэрэгтэй гэж үзэж байна.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүчингүй болгож, гэрчилгээнд заагдсан хэмжээгээр Мөрөн-Арго ХХК газар эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Шүүх нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Ж.Д**********н нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
Нэг. Хөөн хэлэлцэх хугацааны талаар
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актуудын талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актуудын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар[1] захирамжийн талаар мэдсэн ба уг захирамжийг хүчингүй болгуулахаар 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргад хандсаны[2] хариуд аймгийн Засаг даргаас 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1801 тоот албан бичгээр[3] захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвлөжээ.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор заасан тул нэхэмжлэгчийг шүүхэд шууд хандах ёстой гэж маргаж байгаа гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын дээрх албан бичгийг хүлээн аваад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжийн[4] талаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хэтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжийн талаар хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас нэхэмжлэгчид 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн гэж маргаж байгаа боловч энэ нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Н**********[5], Я.Нансал[6], У.Баяндалай[7] нарын мэдүүлгээс дүгнэхэд хариуцагч нь уг маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан журмаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.
2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцахдаа маргаан бүхий захиргааны актын талаар мэдсэн ба тухайн өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасантай нийцэж байна.
Түүнчлэн хариуцагч уг маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаснаар Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д заасанчлан нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдах эрх зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байгааг дурдъя.
Хоёр. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын талаар
Нэхэмжлэгч Ж.Д**********н нь нэг гишүүнтэй Х**********ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал болох нь хэргийн материалд авагдсан Х**********ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр[8] тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Д**********н нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/104 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[9] Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үр тарианы зориулалттай 340 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.
Улмаар Ж.Д**********н нь өөрийн Х**********ХХК-ийн нэр дээр 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Сонгины булан гэх газарт нэгж талбарын 212301158 дугаар бүхий 150 га газрыг эзэмших гэрээ байгуулж, 0176934 дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[10], Хашиг гэх газарт нэгж талбарын 212301159 дугаар бүхий 100 га газрыг эзэмших гэрээ байгуулж, 0176935 дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[11], Цахирын бэл гэх газарт нэгж талбарын 212301160 дугаар бүхий 45 га газрыг эзэмших гэрээ байгуулж, 0176936 дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[12], Улиадын ам гэх газарт нэгж талбарын 212301161 дугаар бүхий 45 га газрыг эзэмших гэрээ байгуулж, 0176937 дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[13] тус тус авсан бөгөөд, нийт 340 га газрыг эзэмшихээр гэрээ байгуулж, гэрчилгээ авсан байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байхаар, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нэгж талбар” гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, обьект буюу түүний хэсгийг, 3.1.3-т “эдлэн газар” гэж Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газрыг ойлгохоор тус тус заасан байдаг. Иймд нэхэмжлэгч Ж.Д**********-ийн Х**********ХХК-д Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт 340 га газрыг эзэмшүүлэхдээ нэгж талбар тус бүрт гэрчилгээ олгосон нь хуульд нийцжээ.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжаар[14] Х**********ХХК нь 1 дүгээр багийн нутагт байршилтай үр тарианы зориулалтаар авсан 340 га газраа хуулийн хугацаанд ашиглаагүй гэсэн үндэслэлээр 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0176936 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д эрхийн гэрчилгээ эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байхаар заасан ба мөн хуулийн 40.2-д зааснаар дээрх үндэслэл тогтоогдвол сумын Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэх ёстой.
Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжаар Х**********ХХК-ийн 0176936 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын өмнө нэхэмжлэгчид энэ талаар урьдчилан мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч ..... нарын мэдүүлэг, Эрдэнэбулган сумын шуудан үйлчилгээний салбарын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеэр хуулбарлаж авсан явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэр зэргээр[15] тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтлах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа энэ талаар түүнд урьдчилан мэдэгдээгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Түүнчлэн хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжаар Х**********ХХК-ийн 0176936 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “тухайн үед би Засаг дарга болоогүй байсан. Тэгээд сумын Засаг даргын ажлыг авсныхаа дараа Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газраас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар Тариалан сум руу ямар бичиг явуулсан талаар сураглаж асуухад манай бичиг хэргийн ажилтан мэдэхгүй, санахгүй байна гэж хэлж байсан” гэх тайлбар, гэрч Б.Н**********ийн “Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газраас Хөвсгөл аймгийн Тариалан сум руу Х**********ХХК-д хандаж 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр явуулсан RD108056502 баталгааны дугаартай шуудангаар Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/20 тоот албан бичиг явсан байх гэж бодож байна. Ямар ч байсан тэр албан бичгийг шуудангаар явуулсан юм” гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын шуудан үйлчилгээний салбарын явуулсан бичгийн бүртгэл[16] зэргээр тогтоогдож байна.
Харин Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газраас 2016 оны турш ганцхан удаа 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр RD108056502 баталгааны дугаартай шуудан Тариалан сум руу явуулсан бөгөөд энэхүү шуудангаар Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дугаар бүхий Х**********ХХК-ийн захирал Ж.Д**********-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.
Мөн хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжаар Х**********ХХК нь 1 дүгээр багийн нутагт байршилтай үр тарианы зориулалтаар авсан 340 га газраа хуулийн хугацаанд ашиглаагүй гэсэн үндэслэлээр 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0176936 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Гэтэл нэхэмжлэгч Ж.Д**********н 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн компанийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ авсан төдийгүй маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн 0176936 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, түүний газар эзэмших эрхийн бусад 0176934, 0176935, 0176937 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгоогүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гурав. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын талаар
Хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/22 дугаар захирамжаар[17] Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн 520 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр төсөл сонгон шалгаруулалт зарлаж, улмаар тус сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжаар[18] Бөөрөлж багийн Цахирын бэлийн 60 га, Улиадын амны 60 га, Хашгийн ам, Уртын амны 60 га, Сонгины амны 340 га, нийт 520 га газрыг газар тариалангийн зориулалтаар М**********ХХК-ийн захирал Д.А**********-д 20 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
Улмаар 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр М**********ХХК-ийн захирал Д.Амарбаясгалан Эрдэнэбулган сумын газрын даамал Б.Н**********тай “Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ” байгуулсан[19] ба гэрээнд 1 дүгээр баг Цахирын бэлд 520 га гэж бичсэн бөгөөд Улиадын ам, Уртын ам, Хашгийн ам, Сонгины аманд тус бүр ямар хэмжээтэй газар эзэмшүүлж байгаа талаар тусгаагүй байна. Мөн М**********ХХК-д нэгж талбарын 212301566 дугаар бүхий 520 га газрыг эзэмшүүлэх тухай 000307117 дугаар эрхийн гэрчилгээ[20] олгожээ.
Гэрч Б.Н**********ийн мэдүүлэг, хариуцагч Эрдэнэбулган сумын Засаг дарга П.А***********т ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нэрийг Бөөрөлж гэх ба тус багийн нутаг дэвсгэрт Сонгины булан, Хашиг буюу Хашгийн ам, Улиадын ам, Цахирын бэл, Уртын ам гэх нэртэй газрууд байдаг. Харин Сонгины ам гэх газар байхгүй ажээ. Гэхдээ хариуцагчийн тайлбараас үзэхэд Сонгины буланг Сонгины ам гэх андуурч бичсэн ба нэхэмжлэгчийн Сонгины буланд эзэмшиж буй 150 га газартай гуравдагч этгээд М**********ХХК-ийн Сонгины ам гэх газарт байрлах 340 га газар давхацсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн гэрч Б.Н**********, хариуцагч Эрдэнэбулган сумын Засаг дарга нарын мэдүүлэг, тайлбараас үзвэл Х**********ХХК-ийн эзэмшлийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цахирын бэлийн 60 га, Хашгийн амны 100 га, Улиадын амны 45 га газар нь тус тус М**********ХХК-ийн Цахирын бэлийн 60 га, Хашгийн ам, Уртын амны 60 га, Улиадын амны 60 га газартай давхацсан байх үндэслэлтэй байна.
Гэхдээ гуравдагч этгээд М**********ХХК-ын эзэмшиж буй 520 га газар нь газар эзэмших гэрээний салшгүй хэсэг болох газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зургаар баталгаажаагүй болох нь гуравдагч этгээд, хариуцагч нарын тайлбар, гэрч Б.Н**********ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн эзэмшиж буй 340 га газартай аль хэсгээр, ямар хэмжээгээр давхцаж байгааг шүүх тогтоох боломжгүй байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой.
Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үр тарианы зориулалтаар эзэмшиж буй 340 га газраас Улиадын аманд байрлах 45 га газрын эзэмших эрхийн 0176936 дугаар бүхий гэрчилгээг[21] хүчингүй болгосон нь хууль бус болох нь өмнө дурдсанаар тогтоогдсон тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын давхацлыг цаашид бүхэлд нь нарийвчлан тогтоох шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамж[22] нь М**********ХХК-д эрх олгосон, эерэг үйлчлэл бүхий захиргааны акт бөгөөд энэхүү маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар хэмжээгээр хөндөгдөж байгааг нарийвчлан тогтоох нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай гуравдагч этгээдийн эзэмшлийн газар давхцахгүй байгаа хэсгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гуравдагч этгээдэд эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь шударга ёсонд нийцэхгүй ба хэргийн нөхцөл байдлыг цааш тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх ёстой. Гэтэл гуравдагч этгээд М**********ХХК-д өөр өөр нэр бүхий газруудад өөр өөр хэмжээтэй газар олгосон захирамж гаргасан атлаа нэг нэгж талбарын дугаар бүхий нэг газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь ойлгомжгүй байна.
Иймд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах дөрвөн нэгж талбар бүхий 340 га газартай гуравдагч этгээд М**********ХХК-д эзэмшүүлсэн 540 га газар аль хэсгээр, ямар хэмжээгээр давхцаж байгааг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжийн үйлчлэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д**********д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
[1] Хэргийн 34 дүгээр хуудас
[2] Хэргийн 21-22 дугаар хуудас
[3] Хэргийн 7 дугаар хуудас
[4] Хэргийн 35 дугаар хуудас
[5] Хэргийн 127 дугаар хуудас
[6] Хэргийн 95-96 дугаар хуудас
[7] Хэргийн 71, 146 дугаар хуудас
[8] Хэргийн 110 дугаар хуудас
[9] Хэргийн 5 дугаар хуудас
[10] Хэргийн 9-10 дугаар хуудас
[11] Хэргийн 11-12 дугаар хуудас
[12] Хэргийн 15-16 дугаар хуудас
[13] Хэргийн 13-14 дүгээр хуудас
[14] Хэргийн 35 дугаар хуудас
[15] Хэргийн 91-93 дугаар хуудас
[16] Хэргийн 93 дугаар хуудас
[17] Хэргийн 31 дүгээр хуудас
[18] Хэргийн 34 дүгээр хуудас
[19] Хэргийн 62 дугаар хуудас
[20] Хэргийн 61 дүгээр хуудас
[21] Хэргийн 16, 35 дугаар хуудас
[22] Хэргийн 34 дүгээр хуудас