Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 16

 

  Л.Сарантуяад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

ялтан Л.Сарантуяа /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцов/,

ялтны өмгөөлөгч А.Ганбат, С.Галцацрах, Б.Энх-Амгалан, 

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Сарантуяа, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Сарантуяад холбогдох 201501080407 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Лхамсүрэнгийн Сарантуяа, 1963 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зохиолч, найруулагч мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч гэх, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 10 дугаар гудамжны 834 тоотод оршин суух,

-2000 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан торгох ялуудыг нэмж нэгтгэн 70.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

-2005 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан /РД: УД63051203/;

  Л.Сарантуяа нь Налайх дүүргийн 5 дугаар хороо 72 дугаар байр 57 тоотод байрлах, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээг эзэмшигч А.Маамаас 15-30 хоногийн хугацаатай барьцаанд тавиад зээл аваад өгчих гэж хуурч мэхлэн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч А.Маам нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Налайх дүүргийн 5 дугаар хороо 72 дугаар байр 57 тоотод байрлах 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг иргэн Б.Байгальмаад 20.530.000 төгрөгөөр худалдаж, хохирогч Х.Маамын "Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 дугаар байр 57 тоотод байрлах, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг залилан бусдад 48.840.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Д.Норовсүрэнгийн өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 41 дүгээр байр 35 тоотод байрлах 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг "банкны зээлээр" худалдаж авна гэж хуурч мэхлэн өмчлөх эрхийг шилжүүлж, хохирогч Д.Норовсүрэнд 47.740.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр /3 сарын хугацаатай/ хохирогч Ж.Энхтуяатай зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг залилан мэхлэж, нийт 3 удаагийн давтан үйлдлээр бусдад 116.580.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас: Л.Сарантуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Сарантуяаг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг залилан мэхлэж авах гэмт хэргийг хуурч мэхлэх аргаар үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 100 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Тогтохын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5/01 дүгээр “эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах” тогтоолыг хүчингүй болгож, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 41 дүгээр байр 35 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Д.Норовсүрэнгийн нэр дээр шилжүүлэхийг Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан Л.Сарантуяа давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2014 оны 9 дүгээр сарын дундуур Маамаас байрныхаа ордерийг барьцаалж туслаач гэж гуйсан. Маам нь манайд ирээд нэг таньдаг хүн нь “Ариг” банкнаас зээл авч өгье гэсэн, надад 2.000.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд тэр зээл 2 өдрийн дотор бүтэж, налайхын нотариат орж зээлийн гэрээ батлуулаад 20.000.000 төгрөг “Ариг” банкнаас авсан. Нөгөө хүүхэн зээл гаргаж өгсөн гээд 800.000 төгрөг авсан. Би 17.100.000 орчим төгрөг авсан. Би Маамтай зээлийн эргэн төлөлтийг эхний зургаан сард төлнө. Маам гражаа зараад 2.000.000 төгрөгөө буцааж хийнэ гэж ярьж байсан. Тэгээд 2 дугаар сарын эргэн төлөлтөөс 20 хоног хожигдуулсан. Зээлийн эдийн засагч Бямбасүрэн надтай уулзаад “Сарыг чинь сунгаад 36 сар болгоод хүүг нь 2.2 хувь болгож өгье, эхний зээлээ хаачих” гэж хэлсэн. Маам зөвшөөрч сонин дээрээс зээл чөлөөлнө гэсэн зарын дагуу нэг хүүхэнтэй утсаар ярьсан. Маам энэ зээлийг өөрийн нэр дээр авсан байсан. Гэтэл Бямбасүрэн нь “Налайхын байранд зээл гаргах боломжгүй боллоо” гэсэн. Зээл чөлөөлсөн Байгальмаа нь “Та нар эдийн засагч нартай хуйвалдлаа” гэж уурласан. Маам бид хоёр Байгальмааг хэд хоног хүлээгээч гэж гуйхад “барьцаагаа нэмээд энэ машинаа тавь” гэж хэлээд хүргэн Отгондэлгэрийн портер машиныг заасан. Энэ машин ББСБ-ын нэр дээр байгаа гэж хэлтэл “хамаагүй” гээд машины түлхүүрийг аваад цоожилсон. Тэндээсээ бид нар Налайх яваад нотариат дээр ирсэн. Нотариат дээр Маам, Байгальмаа хоёр сууж байгаад гэрээ хийж байгааг би шилний цаанаас хараад зогсож байсан. Дараа нь Байгальмаа надтай 1 сарын хугацаатай 1 хувийн хүүтэй 19.200.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Миний таньдаг Мөнх-Эрдэнэ гэдэг залууг Маам бид хоёр гуйж, “Транс капитал” ББСБ-аас зээл гаргуулахаар хөөцөлдсөн. Энэ хугацаанд Байгальмаатай байгуулсан зээлийн гэрээ дуусах гэж байсан тул Би Мөнх-Эрдэнэтэй хамт очиж уулзан зээл гарахыг хүлээж байгаач гэж гуйсан. Намайг материалаа бүрдүүлж иртэл Мөнх-Эрдэнэ “Транс капитал” ББСБ руу ороод удалгүй бүх материалаа бариад гараад ирсэн. Байгальмаа эгч Маамын байрыг нэр дээрээ шилжүүлсэн байна гэж хэлсэн. Уг нь Байгальмаа 3 хоног хүлээсэн бол зээл гарч түүний хохирол төлөгдөх байсан. Дараа нь Маам руу ойр ойрхон очиж байраа суллаж өг гэх болсон ба энэ үед Маамын бие муу байсан. Машинаа Байгальмаад алдсан Отгондэлгэрийн амьдрал бас хэцүүдсэн. Банкны төлөлтөө хийгээгүй тул “Онч-Энх” ББСБ түүнийг Налайхын шүүхэд гомдол гаргасан. Шүүх Отгондэлгэрийн портерийг гэрээний дагуу ББСБ-д өгөхөөр шийдвэрлэсэн боловч Байгальмаа өгөөгүй. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж Отгондэлгэрийг баривчлах гэж байхад нь Байгальмаа “Онч-Энх” ББСБ-д төлөх ёстой мөнгийг нь өөрөөсөө төлөөд машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Нялх өвчтэй 1-8 насны гурван хүүхэдтэй Отгондэлгэрийн гэр бүлийн хувьд Байгальмаа нь ганц амьжиргааг нь булаан авсан, энэ хууль бус үйлдэлд хуулийн байгууллага ямар ч арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг надад урвуулан ашиглаж яллах талыг барьж ажилласан мөрдөн байцаалтын ажиллагаа шүүхийн нотлох баримт болсонд би гомдолтой байна. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Маам нь Байгальмаатай 1 сарын хугацаатай өөрийн байрыг нотариатч Мариягулийн байранд очиж гэрээ хийгээд, үл хөдлөх орж “Ариг” банкнаас чөлөөлсөн бичиг өгсөн атлаа өөрөө байгаагүй, би түүний өмнөөс дур мэдэн Байгальмаад байрыг нь зарчихсан болгож гүтгэн мэдүүлэг өгч, тэр мэдүүлгээр нь намайг яллаж байгаад гомдолтой байна. “Ариг” банкны зээлийн эдийн засагч Бямбасүрэн нь Маам бид хоёрыг хууран мэхлэж, Байгальмаагаар 19.200.000 төгрөгийн эргэн төлөлт хийлгэсэнд гомдолтой байна. Миний хүргэн ямар ч хамааралгүй зүйлээс машингүй болж, би ялтан боллоо. Мөн Маам нь 2.000.000 төгрөгийн зээл авсан атлаа хохирол барагдсан ч эргэн төлөлт хийгээгүй. Байгальмаагийн хохирлыг Маам биш би барагдуулсан. Би хохирогч Д.Норовсүрэн, Энхтуяа нарт хохирол учруулсандаа өөрийн бурууг ойлгож гэмшин, учруулсан хохирлоо барагдуулсан. Маам нь Байгальмаатай өөрийн байраа алдана гэж айхдаа надад гомдол гаргаж, хүнд гэмт хэрэгт гүтгэсэнд гомдолтой байна. Мөрдөн байцаагч Ган-Эрдэнэ нь анхнаасаа хуулийн дагуу ажилласан бол хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэх байсан. Ган-Эрдэнэ нь “Чиний үхэл зовлон хэнд хэрэгтэй юм бэ” гэж загнасан. Мөн нөхрийг маань өндөр дуугаар загнахад 4-9 настай зээ нар айж уйлсан. Тэгээд хориод өмгөөлөгчгүй байцаалт авсан. Өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэтэл танай өмгөөлөгчтэй би харьцахгүй, энэ өмгөөлөгчтэй байцаалт өг гээд Мягмаржав гэдэг хүнийг дагуулж ирсэн. Ган-Эрдэнэ нь нэг өрөөнд ороод “Энэ мууг ясыг нь цайтал суулгана, манай Батдоржийг ээжийг хулхидсан” гэж хэлэхийг нь би сонссон. Батдорж гэдэг нь Норовсүрэн гуайн хүү нь бөгөөд Баянзүрх дүүргийн мөрдөн байцаагч залуу байдаг юм. Хэргийн үнэнийг тогтоох талаар Ган-Эрдэнэ ахмад ажиллаагүйд би гомдолтой байна. Би давтан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Миний ар гэрийн байдлын хувьд хүнд өвчтэй нөхөр, хүү хоёр маань охины асрамжид үлдсэн. Би Маамаас 17.100.000 төгрөгийг 24 сарын хугацаатай тохирч авсныг түүний “Ариг” банктай хийсэн гэрээ батална. Маам нь зээлдэгчийн хувьд “Ариг” банк болон Байгальмаагийн өмнө хариуцлага хүлээх ёстой байсан. Мөн Байгальмаа нь зээл гаргахыг зориуд боогдуулж, Маамын байрыг нэр дээрээ шилжүүлсэн. Гэтэл надаас байр шилжүүлсэн 400.000 төгрөг, Отгондэлгэрийн машиныг нэр дээрээ шилжүүлсэн мөнгөө нэхдэг. Би энэ мөнгийг өгөх ёсгүй гэж бодож байна. Маамын байрыг чөлөөлсөнд Сарантуяа хамаагүй гэж мэдүүлдэг атлаа Отгондэлгэрийн машиныг булаасан нь ойлгомжгүй байна. Уг машиныг үнэлүүлж зөрүүг нь нэхэмжлэхээр прокурорт хандахад “энэ хэрэгт хамааралгүй, шүүхэд өг” гэсэн. Шүүх уг асуудлыг хүлээн аваагүй. Монгол Улсын иргэн хэн боловч хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт надад болон манай гэр бүлийнхэнд үйлчлээгүйд гомдолтой байна. “Ариг” банкны эдийн засагч О.Бямбасүрэнд биднийг хууран мэхлэж, ийм байдалд хүргэсэнд гомдол гаргаж, хариуцлага тооцуулахыг хүсч байна. Байгальмаад булаалгасан хүргэн Отгондэлгэрийн  автомашинд улсын үнэлгээ хийлгэж, Байгальмаагаас зөрүү 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би Норовсүрэнгийн хохирлыг барагдуулсан тул Отгончимэгээс 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн өөрөө Байгальмаатай байраа худалдах, худалдан авах гэрээ хийж нэр дээрээ шилжүүлчихээд Байгальмаад байраа алдах болохоор надад гомдол гаргаж, худал хэлж, хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хохирогч Маамын мэдүүлгийг дахин шалгуулж өгнө үү...” гэв.

Ялтны өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.Сарантуяаг 3 удаагийн үйлдлээр уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэдэгт онолын хувьд маргаантай байдал үүсээд байна. Учир нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Д.Норовсүрэнгийн өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 41 дүгээр байрны 35 тоотод байрлах 28 м.кв талбайтай, 2 өрөө байрыг залилан мэхлэж, өмчлөлийг өөрийн нэр дээрээ шилжүүлэн 47.740.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Д.Норовсүрэнгийн бэр болох Ч.Отгончимэгийн ятгалгаар үйлдэж, түүнээс 5.000.000 төгрөгийг Ч.Отгончимэг дансаар шилжүүлэн авсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “ятгах, өдөөн түлхсэн...”, 35.6 дахь хэсэгт “...учрах саадыг арилгах...” үйлдэл хийсэн бол уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гэж заасан байдаг. Гэтэл Ч.Отгончимэгийн энэхүү Д.Норовсүрэнгийн Л.Сарантуяад үл итгэх байдлыг арилгаад байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан “...учрах саадыг арилгах...” гэсэн ойлголттой тохирч байна. Энэ үйлдлийнхээ төлөө шан харамж болгож 5.000.000 төгрөг дансаар шилжүүлэн авсан. Энэ талаар Ч.Отгончимэг, хохирогч Д.Норовсүрэн нар тодорхой мэдүүлсэн.

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Маам гэдэг хүн Б.Байгальмаа гэгчээс 19.200.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. Гэтэл Б.Байгальмаа нь зээлийн гэрээний барьцаа болгож, Н.Отгондэлгэрийн эзэмшлийн Портер загварын машиныг булааж аваад буцаан өгөлгүй, өөр барьцаанд байгаа эд хөрөнгийг дур мэдэн худалдан борлуулж, өөртөө ашиг олсон байхад мөрдөн байцаалтын шатанд үүнийг шалгаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтны өмгөөлөгч С.Галцацрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа яллах болон цагаатгах нотлох баримтыг хамтад нь цуглуулах үүрэгтэй. Залилан мэхлэх гэмт хэргийн гол шинж нь зорилго, сэдэлтийг тогтоож өгөх ёстой байдаг. Л.Сарантуяа болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр Л.Сарантуяагийн нөхрийн бие хүнд өвчтэй учраас эмчлүүлэх зорилгоор иргэн А.Маамын эзэмшлийн байрыг банкны барьцаанд тавиулсан. Энэ үүргийн гүйцэтгэлээ хангаад “Ариг” банкнаас авсан зээлийг чөлөөлсөн. Л.Сарантуяагийн нөхөр нь үнэхээр үе мөчний өвчтэй байсан гэдгийг гэрчүүд мэдүүлгээрээ хэлдэг боловч эмнэлгийн магадлагаа, тухайн хүний өвчний түүх зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Энэ баримтуудаар Л.Сарантуяагийн сэдэлт, зорилгыг нотлох байсан. Гомдол гаргагч А.Маамаас иргэн Б.Байгалмаад өмчлөх эрхээ шилжүүлсэн атал Б.Байгалмааг хамт сэжигтнээр татаагүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дээрх асуудлуудыг шалгуулах нь зүйтэй гэсэн саналтай байна...” гэв.

Ялтны өмгөөлөгч Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн гол шинж нь бусдын өмчлөх, эзэмших эрхийг өөрт ямар ч хариу төлбөргүйгээр эсхүл хариу төлбөрийг дүр эсгэн хуурч мэхэлсэн шинжийг агуулсан байдаг. Гэтэл хэргийн материалтай танилцахад эдгээр шинж нь харагддаггүй. Зээл аваад төлөх боломжгүй эрсдэл үүсэнгүүт дахин өөр зээл аваад төлөх байдлаар үүссэн харилцаа маш олон байдаг. Зээлийн харилцаа үүсээд төлөлт хийгдэж байсан. Сүүлдээ төлөлт хийгдэхээ болиод эрсдэл үүсээд ирэхээр зээлийг нь чөлөөлөөд өөр банк, хувь хүмүүсээс зээл авсан харилцаа 2015 оны туршид үргэлжилсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Залилан мэхлэж байгаа бол тэр чигт  нь аваад зугтаад уулзахгүй байх байсан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа 2016 онд хохирлууд бүрэн төлөгдөөд хохирогч нар гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнийг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Иймд Л.Сарантуяагийн үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Норовсүрэн дээр Ч.Отгончимэг нь ирээд “ээжээ би байраа Л.Сарантуяа эгчид 57.000.000 төгрөгөөр зарахаар боллоо” гэж хэлсэн. Ч.Отгончимэг нь Д.Норовсүрэнг өдөөн хатгаж байраа заръя гэж хэлсэн зүйл огт байхгүй гэдэг нь үүнээс харагддаг. Ч.Отгончимэг нь байр авахад урьдчилгаа 5.000.000 төгрөг өг гэсэн тул төрсөн ахаасаа 5.000.000 төгрөгийг зээлээд гэрээ хийсэн. Уг байр нь Д.Норовсүрэн, түүний хүү Батдорж, Батмэнд нарын нэр дээр байдаг. Л.Сарантуяа нь “би банкнаас зээл авах гэсэн юм. Энэ байрыг миний нэр дээр шилжүүлсэн тохиолдолд банкнаас зээл гарна гэж байна. Тийм учраас өөрийнхөө байрыг миний нэр дээр шилжүүлчих” гэж хууран мэхлэж, итгэл эвдэх замаар тухайн байрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад мөнгийг нь өгөөгүй 3 сар амьдарсан. Б.Байгалмаа Маамын байрыг барьцаанд аваад Л.Сарантуяад 20.000.000 төгрөгийн зээл өгсөн. 20.000.000 төгрөгийн хүү өсөөд барьцаанд тавьсан байр үнэд хүрэхгүй болохоор нь Л.Сарантуяаг барьцаан дээрээ нэмж үл хөдлөх хөрөнгө тавь гэж хэлдэг. Тэр үед Л.Сарантуяа өөрийн хүргэн Н.Отгондэлгэрийн автомашиныг барьцаанд тавьсан. Б.Байгалмаа автомашиныг зөвшөөрөлгүй авч хувьдаа ашиглаж, завшсан зүйл байхгүй. Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг автомашин нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байна гэсэн тул Байгалмаа нь тухайн байгууллагатай ярилцаад банк бус санхүүгийн байгууллагаас машиныг худалдан авч дахин, дахин Л.Сарантуяад залилуулсан. Л.Сарантуяа өөрийгөө залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа бол бүх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх эрхтэй байсан. Зээлийн төлөлт “Ариг” банкинд төлж байсан гэж яриад байна. Хэргээс харахад Л.Сарантуяа нь Б.Байгалмаа, Ч.Отгончимэг, Д.Норовсүрэн нар “Ариг” банкинд огт зээл, зээлийн хүү төлж байгаагүй. Л.Сарантуяа нь итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг гэм буруутайд тооцсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд Л.Сарантуяагийн нэг дэх удаагийн үйлдлийг “Налайх дүүргийн 5 дугаар хороо, 72 дугаар байр 57 тоотод байрлах, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээг эзэмшигч А.Маамаас 15-30 хоногийн хугацаатай барьцаанд тавиад зээл аваад өгчих гэж хуурч мэхлэн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч А.Маам нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Налайх дүүргийн 5 дугаар хороо 72 дугаар байр 57 тоотод байрлах 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг иргэн Б.Байгальмаад 20.530.000 төгрөгөөр худалдаж, хохирогч Х.Маамын "Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 дугаар байр 57 тоотод байрлах, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг залилан бусдад 48.840.000 төгрөгийн хохирол учруулсан” гэжээ.

А.Маамыг хохироосон гэх энэ үйлдлийг Л.Сарантуяа нь А.Маамын орон сууцыг ашиглан А.Маамаас гадна иргэний нэхэмжлэгч Б.Байгалмааг мөн хохироосон байдлаар ойлгомжгүй дүгнэсэн байхад шүүх түүнд ямар нэгэн хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоолдоо мөн адилаар хуулбарлан бичиж, Л.Сарантуяагийн гэм бурууг тодорхойлсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг зөрчихөд хүргэсэн байна.

Иймд яллах дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу бичиж, хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Сарантуяад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Багахангай, Налайх дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул ялтан Л.Сарантуяа, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гомдлыг энэ удаад хэлэлцээгүй болно.