Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 900

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Х.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Ч овогт Х-ийн Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805055091128  дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, интернэт бизнес мэргэжилтэй, .............. -д нярав ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хорооны ... дугаар байрны ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол ......... дүгээр байр ... тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Х-ийн Э

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Э- нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 11 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр О.Д-тай маргалдаж хүч хэрэглэн халдаж толгой руу нь өшиглөн биед нь тархи доргилт, баруун зулайн төвгөр, зүүн эрүүний буланд зөөлөн эдийн няцрал, мөчдөд цус хуралтууд бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Х.Э- мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч О.Д-ын “Би 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цагийн үед өөрийн нөхөр Эрдэнэбулган руу залгахад ажил ихтэй байна, удахгүй очно гэхээр нь би хүүхдээ дагуулаад ажил дээр нь очиход манай нөхөр ажлынхаа гадаа машин дотроо хамт ажилладаг хоёр эмэгтэйгийн хамт сууж байсан. ... Гэртээ ирээд бид хоёр маргалдаад Эрдэнэбулган уурлаад гараад явсан. ... Би ээжийнх рүүгээ машинаа унаад Бичилийн хажуугаар явж байхад ажлынх нь хүмүүс баарны гадаа зогсож байхаар нь бууж очоод нөхрөө асуухад баар руу орсон гэхээр нь араас нь ороод дагуулж ирээд баарны гадаа нөхөртөө уурлаж хэрүүл болсон. Тухайн үед  ажлынх нь дөрвөн хүн хажууд байсан. Бид хоёрыг тайвшруулаад Баянгол дүүргийн .... дүгээр хороо ... дугаар байр ... тоот руу манайх руу очихоор болсон. ... манай нөхөр машин дотор ажлынхаа Цээгий гэх эмэгтэйд мөнгө өгч авалцаад байсан болохоор нь Цээгийтэй хардаж уурласан. Тэгээд нөгөө хамт ирсэн Цээгий нь явлаа гэхэд араас нь манай нөхөр Эрдэнэбулган таксинд суулгаж өгнө гээд гарсан. Би араас нь гарахад орцон дотор тэр хоёр зогсож байхаар нь би нөхрөө явуулахгүй гээд Цээгий гараад явсан. Тэгээд би Эрдэнэбулгантай орцонд хэрэлдээд зууралдаад явуулахгүй гээд Эрдэнэбулган явна гээд бид хоёр зодолдсон. Тухайн үед би нэлээд халсан байсан. Эрдэнэбулган дээшээ шатаар гарахад нь би хөлнөөс нь зуурахад надаас хөлөө татаж авах гээд толгой руу өшиглөсөн. Тэгээд бид хоёр орцны гадаа хэрэлдээд гараад ирэхэд Цээгий гэх эмэгтэй гадаа зогсож байсан. Араас нь ажлынхан нь гарч ирсэн. Тэгээд байрны гадаа зууралдаад хэрэлдээд зогсож байхад цагдаа нар ирээд  Эрдэнэбулганыг авч явсан. ... Бид хоёр гэр бүлийн баталгаатай. 2017 онд гэр бүлээ батлуулсан дундаасаа 1 нас 6 сартай нэг хүүхэдтэй. Миний биед учирсан гэмтлийг би нөхөртэй зууралдаж ноцолдож байхад учирсан. Манай нөхөр Эрдэнэбулган надад учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн нөхөр Эрдэнэбулгантай сайн дураараа эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

          Гэрч Б.Сэвжидийн “...Тэгээд бид хэд сууж байгаад Цэцэгдэлгэр, Эрдэнэбулганы эхнэр бид гурав гарч караокед орох болоод Эрдэнэбулганы халаасыг ухаад мөнгөө яасан юм цалин чинь дутуу байна гээд нөхөр лүүгээ дайраад алгадаад байсан. Тэгэхэд Цэцэгдэлгэр би харилаа гээд гарахад араас нь Эрка суулгаж өгнө гээд гарахад араас нь эхнэр нь гараад явсан. Тэгээд Цэцэгдэлгэр орцонд Сэвжидээ гээд орилоод байхаар нь би ганцаараа гараад очиход эхнэр нь Эрка энэ хоёр сая үнсэлдсэн би харсан гээд хоорондоо хэрэлдээд байсан. Би гэр лүү нь ороод нөхрийгөө аваад буцаж гарахад байрныхаа гадаа зам дээр Эркаг эхнэр нь цохиод алгадаж өшиглөөд байсан. Тэгээд манай нөхөр очоод эхнэрийг нь салгаж аваад хоорондоо хэрэлдээд муудалцаад байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12698 дугаартай:

          “1. Д-ын биед тархи доргилт, баруун зулайн төвгөр, зүүн эрүүний буланд зөөлөн эдийн няцрал, мөчдөд цус хуралтууд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/

          Шүүгчдэгч Х.Э-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би хохирогч О.Д-ын биед учирсан гэмтлийг цохиж учруулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн эхнэр О.Д-аас уучлалт гуйж, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/

          Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Х.Э-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч О.Д-ын “... Миний бие Хүрэлбаатар овогтой Эрдэнэбулгантай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн бөгөөд цаашид ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй болно” гэсэн хүсэлт /хэргийн 57 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.  

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Х-ийн Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Э-ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Х.Э- торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Х.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ