Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2023/00009

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 138/ШШ2022/01018 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, *******,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 53 545 496 төгрөг 36 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******, ******* тэдний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Энхчулуун, М.Энхтуяа, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр ******* бид хоёр *******, ******* нартай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулан 51 000 000 төгрөгийг сарын 1.2 хувь буюу жилийн 14.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Бид гэрээний үүргээ биелүүлж 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 51 000 000 төгрөгийг *******ийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн.

Гэрээ байгуулахдаа залуу хүмүүст боломж олгох үүднээс 2, 3 төрлийн хөнгөлөлт үзүүлсэн. Нэгдүгээрт, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг төлүүлэхээр тохиролцсон. Бүтэн 7 сарын хугацаанд зээл, зээлийн хүү авахгүйгээр тохирсон. Хоёрдугаарт, аль ч банкинд байхгүй бага хүүгээр тооцож гэрээгээ байгуулсан. Гуравдугаарт, хариуцагч нар манай байрыг бүтэн 2 жил түрээсэлсэн учир бид итгээд ямар ч барьцаагүй зээл олгосон.

Хариуцагч нар энэ хугацаанд нийт 34 619 000 төгрөг төлсөн бөгөөд энэ талаар маргаан байхгүй. Харин зээл, зээлийн хүүг төлөхдөө гэрээгээ байнга зөрчин, хугацааг 5-471 хоногоор хэтрүүлж байсан. Нийт 20 удаа төлөлт хийснээс 4 удаа хугацаандаа төлж, 16-д нь ямар нэгэн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй. Бид гэрээгээ маш тодорхой хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл маш хүлээцтэй хандсаар ирсэн. Мэдээж энэ хугацаанд цар тахлын үе ч таарч байсан. Гэхдээ энэ хоёр хүний хувьд мөнгөө төлье гэсэн бодол санаа байгаагүй. Үндсэндээ 2020 оны 11 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч талын нэг болох *******ийн хүсэлтийн дагуу зээлийн төлбөрийн нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэх баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байдаг. Дээрх баримт бичиг нь Иргэний хууль болон зээлийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчиж үйлдэгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болно.  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 53 дугаар зүйлийн 53.1-т Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ, ******* дугаар зүйлийн *******.1-т Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, *******.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ  гэж тус тус зохицуулсан байна.

Нэхэмжлэгч ******* нь *******т нэмэлт өөрчлөлт нэртэй хэлцэл хийх ямар нэг эрх олгоогүй, түүний хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, итгэмжлэл олгогдоогүй байхад хариуцагч *******тэй хоёулаа дээрх хэлцлийг байгуулж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн хариуцагч ******* нь оролцоогүй, гарын үсэг зураагүй тул хууль зөрчсөн болохыг давхар нотолж байна.

2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэх хэлцэл нь ямар үндсэн гэрээ, хэлцэлд оруулж буй нэмэлт болох нь тодорхойгүй байна. Хэрвээ 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бол энэ гэрээний 7.2-т заасныг удирдлага болгож, үндсэн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг хууль, гэрээний дагуу нотлох ёстой. Энэ нэмэлт өөрчлөлтийн 3 дахь заалтаас эхлээд зээлийн гэрээнд хамааралгүй, өнөөдрийн маргаанд хамааралгүй зүйлсүүд тусгагдсан байдаг. Тийм учраас бид нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн тодорхойлж тооцооллыг хийсэн. Мөн зээлийн гэрээний 6.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцох талаар тусгасан байна. Хариуцагч нарын зүгээс бидний гаргасан тооцооллыг буруу гэж ярьдаг боловч үүнийгээ нотолсон баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна.

Бид хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 32 247 422 төгрөг 63 мөнгө, зээлийн хүүгийн үлдэгдэл 1 075 414 төгрөг 42 мөнгө, алданги 16 123 711 төгрөг 31 мөнгө, нийт 49 446 548 төгрөг 36 мөнгийг нэхэмжилнэ.  Мөн хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бидэнд бодит хохирол учирсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, зээлдүүлсэн мөнгөө авах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг ажлаар Дорнод аймагт 3 удаа ирж буцсан замын зардал 2 943 948 төгрөг, зочид буудалд байрласан төлбөр 1 155 000 төгрөг, нийт 4 098 948 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд нийт 53 545 496 төгрөг 36 мөнгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч *******, ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид нар *******, ******* нартай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 51 000 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй байхаар, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор, зээлийн төлбөрийг 2019 оны 1 сараас эхлэн сар бүр 1 738 000 төгрөг төлөхөөр тус тус тохирч зээлсэн. Гэтэл 2019 онд бидний төсөөлөөгүй хүндрэлүүд гарсан бөгөөд 2019 оны нийт 3 сарын төлбөр болох 5 214 000 төгрөгийг төлөөгүй байсан. Энэ үеэр бидний дунд дулаантай холбоотой маргаан үүссэн байсан юм.

Нэхэмжлэгч нараас худалдаж авсан өрөөнүүд нь дулаан байхгүй учир уг талбайг буцаая гэсэн саналыг нэхэмжлэгч талд тавьсан. Нэхэмжлэгчийн хувьд биднийг өмнө нь энэ байрыг 2 жилийн хугацаанд түрээслэж байсан учир энэ асуудлыг мэдэж байсан гэдэг. Бид өмнө нь энэ байрыг түрээслэж байсан болохоос бидний өмч байгаагүй. Бид түрээслэгч нар учраас хүйтэн байна гэдгээ хэлдэг л байсан болохоос өөр байдлаар хандаж байгаагүй. Харин энэ байрыг худалдаж аваад бидний өмч болсноос хойш энэ дулааны асуудал яригдсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Дулааны асуудлаас болж бидний дунд цаашдаа мөнгөө өгөх үү, үгүй юу гэдэг маргаан үүссэн бөгөөд бидний зүгээс дулаан тавьтал мөнгийг нь өгөхгүй гэсэн.

Дулааны асуудлыг шийдэхээр бид дөрөв уулзаж ярилцаад дахин нэмэлт гэрээ хийхээр болсон юм. Үүний дагуу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцсон бөгөөд гол агуулга нь бид худалдаж авсан өрөөнүүдээ буцаахгүй, харин дулаан тавих асуудлыг хамтран тохирсон. Нэхэмжлэгч нарт төлөх ёстой 2019 оны 3 сарын мөнгө болох 5 214 000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлбөл үлдэх 36 050 686 төгрөгөөс алданги тооцохгүйгээр зөвхөн  хүүг төлж байхаар тохиролцож шинээр сар бүр төлөх хуваарийг шинэчлэн гаргасан.  Тухайн үед Алтанцэцэг эгч гэрээгээ бэлдээд ирье гээд бэлдэж ирээд шинээр гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь бидний зүгээс дулаантай холбоотой асуудлаар байраа буцаая гэсэн санал гаргаснаас үүдэн байгуулагдсан юм.

Зээлийн гэрээгээ шинэчлэхдээ зээлийн хүүг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар гэрээний эргэн төлөлтийн шинэ хуваариа гаргасан бөгөөд энэ гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу сар бүр 1 250 000 төгрөгөөр нийт 7 удаа төлж хамгийн сүүлд 2021 оны 11 сарын төлөлтийг хийсэн. 2020 оны 11 сард Монголд корона өвчин бүртгэгдэж бүх газрыг хааж хөл хорио тогтоосноос бидний бизнес доголдож эхэлсэн бөгөөд улмаар зээлээ төлөхөд хэцүү болсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч нарын зүгээс ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй. Тухайн үед нийт 13 төрлийн байгууллагыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөд бусад бүх байгууллагын үйл ажиллагааг хаасан. Үүнд манай гарын утасны худалдааны бизнес хаагдсан. Ингээд 1 жил гаруй хугацаанд худалдаа борлуулалт хийж чадаагүй учраас Буяндэлгэр ахтай утсаар холбогдоод бүх юм хаагдчихлаа, байдал хэцүү боллоо гэхэд Буяндэлгэр ах дэлхий нийтээр болж байгаа асуудал учраас битгий санаа зов гэж хэлсэн. Хугацаа хэтэрсэн 400 хоног гэдэгт коронагийн үеийн хоногийг оруулсан байх.

Энэ гэрээний нэмэлт өөрчлөлтийг бид дөрөв хамт ярилцаж байж шийдсэн асуудал юм. Тиймээс Буяндэлгэрийн хувьд уг нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөхгүй гэх нөхцөл байхгүй гэж бодож байна. Нэмэлт өөрчлөлтөд заасан сар бүр төлөх 1 250 000 төгрөгийг бүтэн жил төлж явсан. Энэ хугацаанд үнэхээр нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөөгүй байсан бол маргаан гаргах байсан байх. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ******* нь энэ гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж зүтгэж ярьж байсан атал өнөөдөр хүчин төгөлдөр бус гэж ярьж байгааг бид ойлгохгүй байна. Бид 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлээд байгаа алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 2020 онд нийтдээ 8 750 000 төгрөг, 2022 онд 5 000 000 төгрөг төлсөн.  2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 36 050 686 төгрөг байсан ба үүнийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусах байсан боловч нэхэмжлэгч нар 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан учир хүү төлөх үүрэг энэ өдрөөр дуусгавар болсон гэж үзэж байна.  

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 29 639 419 төгрөг үлдэж байгаа бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг /2020 оны 12 сараас 2022 оны 3 дугаар сар хүртэлх үндсэн зээл болон хүүгийн төлбөр гэж үзэж байгаа/ хасвал 2021 оны 4 дүгээр сарын байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 24 639 419 төгрөг, 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх зээлийн хүүд 3 144 507 төгрөг төлөх ёстой гэж үзэн үүнийг үндсэн зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцвол 27 783 926 төгрөг болж байна. Энэ мөнгийг бид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Харин зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэж 4 098 948 төгрөг нэхэмжилж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нарын ажил Дорнод аймагт байдаг учраас үргэлж ажлаараа ирж, эргэж тойрч байдаг. Ирсэн үедээ бидэнтэй уулзах уу гэдэг байсан. Иймд дээрх зардлыг төлөх ёсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжилж байгааг бид зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас бид зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан сүүлийн гэрээний дагуу үндсэн зээл хүүгээ төлнө, нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа 16 123 711 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нар нь сүүлд байгуулсан гэрээн дээр ******* гарын үсэг зураагүй учраас хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаад байна. Зээлийн гэрээг заавал бичгээр байгуулна гэж заагаагүй учир зээлийн гэрээг амаар ч байгуулж болно, энэ бол талуудын өөрсдийн эрхийн асуудал. Гэрээ заавал бичгээр байгуулагдах ёстой гэж үзээд хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж болохгүй. Мөн гарын үсэг ямар ач холбогдолтой юм бэ гэдэг асуудал яригдах байх. Гэрээнд гарын үсэг зураагүй бол хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж үзэх талтай. Гэтэл энэ зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт болон гэрээний хуваарь дээр Батсүхийн Буяндэлгэр гээд гарын үсэгний дардас дарсан байна. Тиймээс энэ гэрээг зөвшөөрөөд гарын үсгээ зурсан гэж ойлгож байна. *******ийн хүсэл зориг энд илэрхийлэгдсэн учраас хэлцэл байгуулагдсан гэж үзэж байна. 2020 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл зээлээ 1 250 000 төгрөгөөр төлж байсныг ******* мэдэх боломжтой бөгөөд зөвшөөрөөгүй байсан бол маргах боломжтой байсан. Гэтэл нэг ч удаа тийм асуудал гаргаагүй. Иймд энэ зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа учраас үүний дагуу үндсэн зээл болон хүүгээ төлөх ёстой гэж үзэж байна. гэжээ.

 3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******ээс 19 757 769 /арван есөн сая долоон зуун тавин долоон мянга долоон зуун жаран ес/ төгрөг 07 /долоон/ мөнгө, хариуцагч *******оос  19 757 769 /арван есөн сая долоон зуун тавин долоон мянга долоон зуун жаран ес/ төгрөг 06 /зургаа/ мөнгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 029 958 төгрөг 23 мөнгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 677 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 177 764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдэхийг дурдаж,... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******, *******, тэдний өмгөөлөгч Д.Галтогтох нар давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

*******, ******* бид нэхэмжлэгч нараас Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах ******* дугаар байрны 2 давхарт оффисын зориулалттай 2 тусдаа өрөө талбайг банкны зээлээр худалдан авсан. Ингээд бид өөрсдийн гар утасны худалдаа, үйлчилгээнд зориулж нэхэмжлэгч нартай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 51 000 000 төгрөгийг зээлж авсан. Тус гэрээний дагуу эргэн төлөлтийг 2019 оны 01 сараас эхлэн төлж байсан.

Гэвч бидний худалдаж авсан оффисын өрөө нь дотроо халаалтын шугамгүйгээс хүйтэн байсан учир талбайг худалдан авсан гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч нарт хэлсэн. Тус гэрээг цуцлахтай холбоотойгоор 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2019 оны 03, 11, 12 дугаар сарын төлөлт болох нийт 5 214 600 төгрөгийг төлөөгүй байсан юм.

Гэтэл нэхэмжлэгч нар нь үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор бид нартай уулзахаар болсон. Ингээд бид уулзаж оффисын байр худалдах, худалдан авах гэрээг цуцлахгүйгээр дулааны асуудлыг хамтран шийдвэрлэх, өмнөх зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 5 214 600 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлсөн тохиолдолд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг өөрчилж алданги авахгүйгээр зөвхөн хүү, үндсэн төлөлтийг төлж байх талаар тохиролцсон юм. Энэхүү тохиролцоог бид дөрвүүлээ харилцан ярилцсаны дүнд шийдвэрлэсэн.

Тухайн үед зээлийн үлдэгдэл төлбөрийг 36 050 686 төгрөг болохыг тогтоож уг мөнгийг 36 сарын хугацаанд сар бүр 1 250 000 төгрөг төлж байхаар харилцан ойлголцож тохиролцсон. Энэ тохиролцоогоо 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэж бичээд ард нь эргэн төлөлтийн хуваарийг хавсаргасан байсан. Үүний дагуу 2020 оны 4 дүгээр сараас эхлэн 10 дугаар сарыг дуустал сар бүр 1 250 000 төгрөгөөр төлж байсан. Гэвч 2020 оны 11 дүгээр сараас корона вирус дэгдэж бүх юм хаагдаж хоригдсон учир сар бүрийн төлөлтийг төлөх боломжгүй болсон. Энэ талаар *******т хэлэхэд Дэлхий нийтийг хамарсан хүндрэл юм чинь ойлгож байна, та хоёр битгий санаа зов. гэж хэлж байсан.

Бид 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу өмнөх 2019 оны төлөлт болох 5 241 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд нь төлсөн. Мөн ******* нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд заасан ёсоор оффисын дулааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотоос хуучин паарыг өөрийн биеэр авчирч тавьж өгсөн. Үүнийг ******* нь *******, *******, ******* бид дөрвийн 2020 оны 02 дугаар сард уулзаж ярилцаж тохиролцсон асуудлыг бүрэн ухамсарлаж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд заасны дагуу өөрийн үүргээ гүйцэтгэж байсан гэж ойлгож байна.

Дээрх үйлдлүүд нь бид дөрвүүлээ хамт ярилцаж тохиролцсоны дагуу үүргээ биелүүлж, хэлэлцсэн тохиролцоогоо хүчин төгөлдөр болгох гэж хийсэн үйлдлүүд гэж ойлгож байгаа. Гэтэл нэхэмжлэгч ******* нь Уг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ, ******* зөвшөөрөөгүй учраас гарын үсэг зураагүй, гарын үсгийн дардсыг би дур мэдэн гэрээн дээр дарсан. гэж тайбарлаж байгааг ёс зүйгүй, увайгүй үйлдэл гэж үзэж байна.

******* нь дээрх тохиролцоог зөвшөөрөхгүй байх ямар ч үндэслэлгүй юм. Учир нь биднээс гаргасан оффис худалдан авсан гэрээг цуцлах саналыг буцаалгаж, гэрээгээ хэвээр үлдээж дулааны асуудлыг хамтран шийдэх тухай асуудлын хариуд бидний үлдэгдэл зээлийн төлбөрөөс алданги тооцохгүй байх талаар зөвшөөрсөн шүү дээ. Энэ тохиролцоо нь хэн хэндээ ашигтай байсан. Хэрэв 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг байгуулаагүй байсан бол бид оффисын өрөө, талбайг худалдан авсан гэрээгээ эд хөрөнгийн доголдлын улмаас цуцлах талаар шүүхэд хандах байсан. Үүнээс гадна үнэхээр ******* тухайн гэрээг зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ яагаад бидэнд хэлээгүй юм бэ. Энэ гэрээний дагуу бид сар бүр 1 250 000 төгрөгөө төлөөд явж байсныг хүлээн зөвшөөрөөд л байсан шүү дээ.

******* бодитоор зөвшөөрөөгүй байсан юм бол ******* нь яагаад бидэнд мэдэгдээгүй юм бэ. Хэрэв мэдэгдсэн бол бид өөр арга хэмжээ авах байсан. Зөвшөөрөхгүй байсан талаар бидэнд хэлээгүй явдал нь *******ийн буруу байх ёстой юм биш үү. Тэгвэл Алтанцэцэг энэ хариуцлагаа хүлээх ёстой. Бүтэн 2 жилийн турш нэхэмжлэгч нар нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж яриагүй шүү дээ. Эцэст нь шүүх дээр ирээд өөрсөддөө ашигтай байх үүднээс дөрвүүлээ нүүр нүүрээ хараад тохиролцсон тохиролцоогоо одоо үгүйсгэж байгааг маш их гайхаж байна. Өндөр боловсролтой, өндөр албан тушаал хашдаг хүмүүс хэлсэн ярьснаа үгүйсгэж байгаад харамсаж байна.

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрээнд ******* гарын үсэг зураагүй учраас хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох талаар огт нэхэмжлэл гаргаагүй. Үүнээс гадна зээлийн гэрээг амаар байгуулж болдог. Бичгээр байгуулсан байх шаардлага нь зээлдүүлэгч тал зээлдэгчээс хүү нэхэмжлэх тохиолдолд тавигддаг хуулийн шаардлага юм. Түүнээс бус амаар байгуулсан тохиролцоог үгүйсгэх үндэслэл биш юм.

Хариуцагч талаас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт-ийн дагуу 27 783 926 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу биднээс тус бүр 19 757 769 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрээс 11 731 612 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх харин ч гэрээний үүргийн биелэлттэй холбоотой алданги нэхэмжилсэн үнийн дүнгээс 50 хувь болох 6 811 855 төгрөг 50 мөнгө төлөх хариуцлага буюу үүргээс чөлөөлсөн. Мөн эдгээр хариуцагч нарын хариуцлагагүй байдлаас болж хэд хэдэн удаа ирж очсон зардлыг ч шүүх чөлөөлж шийдсэн. Бид шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлж дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаагүй. Гэтэл хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт гомдол гаргаж шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэжээ. Шүүх хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн буруу тайлбарласан талаар бичээгүй байна.

Гомдлын агуулгаас харвал 2020 оны 02 дугаар сарын 11-нд Зээлийн гэрээнд нэмэлт оруулах өөрчлөлтийн тухайд маргаж уг өөрчлөлтийн үг үсгийг өөрсдийнхөөрөө тайлбарлаж маргаж байна. Шүүхээс уг нэмэлт өөрчлөлт оруулсан гэх баримтыг Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн асуудал биш юм. Нөгөөгөөр уг баримтын агуулгыг уншаад үзэхэд зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 3, 11, 12 дугаар саруудын 10-ны өдрийн дотор төлөх ёстой үрэг 5 214 600 төгрөгөө төлөөгүй. Үүнийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлчихвөл дээрх үүрэгтэй холбогдуулан алданги тооцохгүй гэсэн агуулга тодорхой байхад 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд бүхэлд нь өөрчлөлт оруулсан мэтээр буруу тайлбарлаж маргаж байна.

Яагаад гэрээнд нэмэлт оруулах болсон шалтгаанаа гомдолд бичсэн байдлаас үзвэл гэрээ цуцлах шаардлагаас үүссэн мэт буруу тайлбарлажээ. Түүндээ оффисын байр дулааны асуудал шийдэгдээгүй, эд хөрөнгийн доголдолтой гэрээ хийсэн учир гэрээ цуцлах шаардлага тавьсан гэжээ. Уг хоёр оффис павилионыг хариуцагч нар худалдан авах гэрээ байгуулж, худалдаж авахаасаа өмнө 2 жил түрээслэж үйл ажиллагаа явуулж байсан учир дулаангүй, доголдолтой байх, авахгүй гэдэг асуудал 2018 оны 6 дугаар сард худалдах худалдан авах гэрээний үед яригдаагүй, гэрээг зөвшөөрч байгуулсан.

Харин 2019 оны 11, 12 сард зээлийн гэрээний үүрэг шаардаж алданги хүүгийн асуудал ярих үед л дулаангүй учир түрээс төлөхгүй байх асуудлыг хөндсөн гэдэг. Мөн дундын өмчлөлийн талбайн ашиглалтын зардал төлүүлэх асуудал ч үүссэнтэй холбоотой үүссэн асуудал гэж үзэж байна. Дулааны асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон ба төлөгдөөгүй түрээсийн төлбөрөө төлөх талаар тохирч, зээлийн гэрээний төлөлтийг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан сард 1 740 000 төгрөг төлдөг байсныг багасгаж 1 250 000 төгрөг төлөх ба зээлийн төлөлт багассанаас шалтгаалан зээл төлж дуусах хугацаа хуваарь нь 2023 он болж харагдаж байгаа. Энэ нь зээлдэгч нарт л ашигтай боломж олгосон нөхцөл байсан боловч харамсалтай нь гэрээгээ албан ёсоор хүчин төгөлдөр болгоогүй байна. Энэ гэрээ тохиролцоо амаар хийгдсэнээр хүчинтэйд тооцогддоггүй гэрээ юм. Энэ талаар гомдолд бичсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолд шүүх Иргэний хуулийг буруу тайлбарласан гэж бичсэн боловч чухам ямар зүйл заалтыг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн болох, үүний улмаас эрх ашиг нь хөндөгдөж, зөрчигдсөн эсэх асуудлаар бодитой, тодорхой, үндэслэл бүхий зүйл гомдолд тусгагдаагүй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд аливаа бичгээр хийх хэлцлийг хийгдсэнд тооцохоор заасан байдаг.

Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг дурдаж, хариуцагч нар нь өөрсдийн тайлбараа нотолж чадаагүй гэдгийг тодорхой тусгажээ. Мөн түүнчлэн дээрх нэмэлт өөрчлөлт гэх гэрээ нь агуулгын хувьд болон гэрээгээр зохицуулж буй харилцааны талаар туйлын ойлгомжгүй, субьектын хувьд доголдолтой гэрээ байх тул энэ асуудлаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Зохигч талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр огноолсон нэмэлт өөрчлөлт гэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг бүрэн агуулж байх тул энэ талаар нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн дүгнэлт, холбогдох нотлох баримтуудад тулгуурлан шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд заасан тайлбараар давхар нотлогдож байгаа юм. Иймд нэхэмжлэгч нарын зүгээс бие даасан шаардлага гаргах үндэслэл байсан болно.

Нэхэмжлэгч нар цар тахлын улмаас бизнес эрхлэгч нарт тулгарсан зарим хүндрэл бэрхшээлийг ойлгон хүлээн авч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, шаардлагаас 14 029 958 төгрөг 23 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандаж байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн тооцоолол буруу гэж маргадаг боловч энэ талаар хийсэн тооцоолол шүүхэд ирүүлээгүй.

Анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр зээлийн гэрээнд үндэслэж, холбогдох тооцооллыг хийж, хуулиар шүүхэд эрх олгосноор алдангийн хэмжээг 50 хувиар бууруулан тооцож, тэр хэмжээгээр нэхэмжэлийн шаардлагыг хангаж, хариуцагч тус бүрээс 19 757 769 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан зохицуулалттай бүрнээ нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхино уу. гэжээ.

7. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх 2018 онд гэрээг байгуулсан нь үнэн. Гэхдээ 2020 оны 02 дугаар сард дахин нэмэлт гэрээ байгуулахдаа алданги тооцохгүй байхаар тохиролцсон. Гэтэл энэ гэрээг нэхэмжлэгч талаас хүчин төгөлдөр бус гэж маргасан. ...Манай төрсөн дүү дэлгүүр дээр маань суудаг байсан юм. Би өөрөө очиж сууж үзэхэд маш их хүйтэн байсан. Тиймээс дулаанаа сайжруулж өг эсвэл байраа буцааж ав гэдэг шаардлагыг тавьсан. ...Бид ярилцаж зөвшөөрөөд хамтарч дулааны асуудлыг шийдвэрлэхээр тохирсон. Ингээд сар бүрийн төлөлтийн хэмжээг багасган нэмэлт гэрээ байгуулж, зээлийн үлдэгдлийн хэмжээг 36 050 686 төгрөг байхаар тогтоосон. Бид өөрсдөө дур мэдээд гэрээ байгуулаад Алтанцэцэг эгчээр гарын үсэг зуруулаад Буяндэлгэр ахын дардсыг дараагүй. Үнэхээр хүчин төгөлдөр бус гэж үзэх байсан бол бид тухайн үед тухайн объектийг буцаах ёстой байсан. ...Одоо гэнэт хүчин төгөлдөр бус гэж хэлээд байх юм. Бид алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Батболд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй учраас бичгээр тайлбараа гаргасан. ...2020 онд гэрээ байгуулах үед Буяндэлгэр, Алтанцэцэг нар өөрсдөө ирсэн байдаг. Ингээд дөрвүүлээ ярилцаж тохиролцоод гэрээгээ шинэчилж байгуулсан талаар хэлсэн. Үндсэн зээл 36 орчим сая төгрөг байсан. Зээлийн хүүг төлөх боломжтой гэхдээ алданги төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Ингээд талууд зөвшилцөлд хүрээд хугацаагаа сунгаад зээлийн төлөлтийн хэмжээг багасгасан байдаг. ...Дулааны асуудлыг хоёр талаасаа хувааж янзлахаар тохиролцсон. Ингээд Буяндэлгэр нь Алтанцэцэг эгч чинь гэрээ болгож авч ирнэ гэж хэлээд гарсан байдаг. Энэ явдлын дараа Корона өвчин гарч төлөлт удааширсан. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа мөнгөн дүн нь 11 731 612 төгрөг байгаа юм. Энэ дунд алданги орсон. Үндсэн зээл, зээлийн хүүний төлөлтийг буруу тооцоолсон гэж үзэж байгаа. Шүүх 2018 оны гэрээний дагуу тооцоолж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...Гол нь хамт ярилцаж тохиролцчихоод гарын үсэг зураагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Анхны гэрээн дээр 51 сая гэж байсан бол сүүлд 36 сая төгрөгийн хэмжээний гэрээ байгуулагдсан байдаг. ...Зээлийн үндсэн төлбөр хүүг 2018 гэрээний дагуу бодож гаргасан нь үндэслэлгүй. 2020 оны гэрээн дээр алданги тооцохгүй байхаар тохиролцсон байгаа. Мөн дардасны асуудал яригдаж байгаа. Өмнө нь төлбөр төлөхийг шаардах бүрт Буяндэлгэрийн дардас дарагддаг байсан. гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нар ярьж байгаа зүйлсээ нотлохгүй байна. Хүйтэн байсан гэж үзэж байгаа бол энийгээ баримтаар нотлох ёстой байсан. Манай талаас нэхэмжлэл гаргахдаа 2018 оны гэрээг баримталсан. Энэ нь зээл авагч нарт хүндэтгэлтэй хандсан гэрээ байдаг. 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг одоо яриад байх юм. 2020 оны 02 сарын 11-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр эсэх тал дээр анхан шатны шүүх хуралдаан дээр маш тодорхой яригдсан, хэлэлцэгдсэн. Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд багтаж байгаа хэлцэл юм. Анхан шатны шүүхээс хууль зүйн хувьд дүгнэлтийг их сайн хийсэн гэж үзэж байгаа. ...Бид энэ төлбөрийг хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу төлнө гэж хэлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хууль зүйн үндэслэл ч алга. Тиймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нар шүүх иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргасан боловч хуулийн ямар заалтыг яаж буруу хэрэглэсэн гэдэг нь тодорхой бус байна. Зөвхөн 5 214 600 төгрөгийн хэмжээнд алданги тооцохгүй гэдэг санаагаар ярилцаж тохирсон гэдгийг өөрсдөө ч гэсэн ойлгох хэрэгтэй байна. Нэмэлт гэрээн дээр цаашид алданги тооцохгүй гэдэг үг үсэг байхгүй байгаа. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дэмжиж байна. Тиймээс хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч, тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хариуцагч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, Б.Батболд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53 545 496,36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *******, ******* нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  ... Хариуцагч нар энэ хугацаанд нийт 34 619 000 төгрөг төлсөн бөгөөд энэ талаар маргаан байхгүй. Харин зээл, зээлийн хүүг төлөхдөө гэрээгээ байнга зөрчин, хугацааг 5-471 хоногоор хэтрүүлж байсан. Нийт 20 удаа төлөлт хийснээс 4 удааг хугацаандаа төлж, 16-д нь ямар нэгэн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй. ...Үндсэндээ 2020 оны 11 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй. ... Нэхэмжлэгч ******* нь хариуцагч талын нэг болох *******ийн хүсэлтийн дагуу зээлийн төлбөрийн нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэх баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байдаг. ...Нэхэмжлэгч ******* нь *******т нэмэлт өөрчлөлт нэртэй хэлцэл хийх ямар нэг эрх олгоогүй, түүний хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, итгэмжлэл олгогдоогүй байхад хариуцагч *******тэй хоёулаа дээрх хэлцлийг байгуулж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. ... Тийм учраас бид нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн тодорхойлж тооцооллыг хийсэн. Мөн зээлийн гэрээний 6.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцох талаар тусгасан байна. Хариуцагч нарын зүгээс бидний гаргасан тооцооллыг буруу гэж ярьдаг боловч үүнийгээ нотолсон баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. гэж,

4. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ... Дулааны асуудлаас болж бидний дунд цаашдаа мөнгөө өгөх үү, үгүй юу гэдэг маргаан үүссэн бөгөөд бидний зүгээс дулаан тавьтал мөнгийг нь өгөхгүй гэсэн. Дулааны асуудлыг шийдэхээр бид дөрөв уулзаж ярилцаад дахин нэмэлт гэрээ хийхээр болсон юм. Үүний дагуу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцсон бөгөөд гол агуулга нь бид худалдаж авсан өрөөнүүдээ буцаахгүй. Харин дулаан тавих асуудлыг хамтран тохирсон. Нэхэмжлэгч нарт төлөх ёстой 2019 оны 3 сарын мөнгө болох 5 214 000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлбөл үлдэх 36 050 686 төгрөгөөс алданги тооцохгүйгээр зөвхөн  хүүг төлж байхаар тохиролцож шинээр сар бүр төлөх хуваарийг шинэчлэн гаргасан.  Тухайн үед Алтанцэцэг эгч гэрээгээ бэлдээд ирье гээд бэлдэж ирээд шинээр гэрээ байгуулагдсан. ... Энэ гэрээний нэмэлт өөрчлөлтийг бид дөрөв хамт ярилцаж байж шийдсэн асуудал юм. Тиймээс Буяндэлгэрийн хувьд уг нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөхгүй гэх нөхцөл байхгүй гэж бодож байна. Нэмэлт өөрчлөлтөд заасан сар бүр төлөх 1 250 000 төгрөгийг бүтэн жил төлж явсан. Энэ хугацаанд үнэхээр нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөөгүй байсан бол маргаан гаргах байсан байх. ... Бид 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлээд байгаа алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. ... 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 29 639 419 төгрөг үлдэж байгаа бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг /2020 оны 12 сараас 2022 оны 3 дугаар сар хүртэлх үндсэн зээл болон хүүгийн төлбөр гэж үзэж байгаа/ хасвал 2021 оны 4 дүгээр сарын байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 24 639 419 төгрөг, 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх зээлийн хүүд 3 144 507 төгрөг төлөх ёстой гэж үзэн үүнийг үндсэн зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцвол 27 783 926 төгрөг болж байна. Энэ мөнгийг бид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэж 4 098 948 төгрөг нэхэмжилж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. гэж тус тус тайлбар гарган мэтгэлцжээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч *******, ******* нар нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулж, 51 000 000 төгрөгийг, сарын 1.2 хувь буюу жилийн 14.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд уг гэрээгээ нотариатаар батлуулан, 51 000 000 төгрөг мөн өдөр хариуцагч *******ийн ХААН банкны 540 554 4355 тоот дансанд шилжүүлсэн, хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч нарт нийт 34 619 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ-нд оруулах нэмэлт өөрчлөлт гэсэн баримт үйлдэгдсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., мөн зүйлийн 3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасан.

7. Зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Зээлийн гэрээнд заасан үүргээ хариуцагч тал биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч тал хариуцагч талаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч тал 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй маргадаг бөгөөд татгалзаж буй үндэслэлээ 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ-нд оруулах нэмэлт өөрчлөлт гэсэн баримтыг үндэслэнэ гэж тайлбарлажээ.

9. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 281, 282 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.

10. Иймд хариуцагч *******, *******, тэдний өмгөөлөгч Д.Галтогтох нарын ... анхан шатны шүүхийн шийдвэрээс 11 731 612 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тус шүүхээс үзэв.

11. Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 138/ШШ2022/01018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, тэдний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Ж.ДОЛГОРМАА