Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2023/00010

 

 

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 138/ШШ2022/01156 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй,

*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг,

Гуравдагч этгээд *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү.

******* нь Хэрлэн сумын 6 дугаар баг, Хүлэмжийн ******* тоот хаягтай явж байгаа. Өмнө нь манай багт амьдарч байсан юм. Ер нь архи согтууруулах ундааны зүйлсийг хэвшмэл буюу тогтмол хэрэглэдэг. Өөрийн төрсөн хоёр хүүхдээ өөрийн ээж ******* дээр орхиж явдаг. Өөрийнх нь зан харилцааны хувьд ширүүн догшин авиртай иргэн байна. *******гийн архи согтууруулах ундааны үзүүлэлтийн хувьд дээд хэмжээнд байгаа. Өдөр бүр архи хэрэглэдэг. 2021 онд 2 удаа, 2022 онд 1 удаа зөрчлөөр баривчлагдсан байна. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө больчихож чадна. Ээж маань намайг аймагтаа гайгүй хүнээр үзүүлчихнэ гэж хэлсэн. гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н *******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар энэ шийдвэрийн талаар *******гийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******г албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

 Гуравдагч этгээд ******* давж заалдах гомдолдоо: ...Би өөрийн алдаа зөрчлөө бүрэн ухамсарлаж архи, дарс хэрэглэхгүй хоёр хүүхдээ асарч ээжийгээ харж хандаж байна. Намайг архинд уруу татдаг байсан Сэргэлэнбаатар гэгч нь Булган сум руу шилжсэн. Би өөрийн ухамсраар архи дарс тогтмол хэрэглэдэг зуршлаа бүрэн больсон гэж үзэж болно. Мөн би тэр хүчтэй эм тариаг хэрэглээд миний бие даахгүй. Би өрөөсөн бөөртэй. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш гадуур гарахгүй, гэр орноо цэвэрлээд үр хүүхдээ асраад явж байгаа. Иймд энэ шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гуравдагч этгээд *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар *******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг гуравдагч этгээд ******* эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ: ******* нь архи согтууруулах ундааны зүйлсийг хэвшмэл буюу тогтмол хэрэглэдэг. Өөрийн төрсөн хоёр хүүхдээ өөрийн ээж ******* дээр орхиж явдаг. Өөрийнх нь зан харилцааны хувьд ширүүн догшин авиртай иргэн байна. *******гийн архи согтууруулах ундааны үзүүлэлтийн хувьд дээд хэмжээнд байгаа. Өдөр бүр архи хэрэглэдэг. ******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. гэж,

4. Гуравдагч этгээд ******* хүсэлтийг татгалзаж буй үндэслэлээ: Би албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө больчихож чадна. Ээж маань намайг аймагтаа гайгүй хүнээр үзүүлчихнэ гэж хэлсэн. гэж тус тус тайлбар гарган мэтгэлцжээ.

5. Хэрэгт авагдсан Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /загвар/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, эрүүлжүүлэгдсэн судалгаа зэрэг баримтуудаар гурвдагч этгээд ******* нь архи согтууруулах ундааны зүйлсийг хэвшмэл буюу тогтмол хэрэглэдэг, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан, согтуурах мансуурах донтой болох нь нотлогдон тогтоогдсон байна. /хх 4, 6, 13, 14 дэх талууд/

6. Гуравдагч этгээд ******* Би өөрийн алдаа зөрчлөө бүрэн ухамсарлаж архи, дарс хэрэглэхгүй хоёр хүүхдээ асарч ээжийгээ харж хандаж байна. ...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш гадуур гарахгүй, гэр орноо цэвэрлээд үр хүүхдээ асраад явж байгаа, өрөөсөн бөөртэй тул эмчилгээг дийлэхгүй. гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт болон нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргаж чадаагүй байна.

Мөн хэрэгт авагдсан гуравдагч этгээд *******гийн эрүүл мэндийн байгууллагад өгсөн шинжилгээ, эход харуулсан тэмдэглэл, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан баримтаар түүнийг өрөөсөн бөөртэй, түүнд эмчилгээ хийхэд харшлах өвчтэй болох нь тогтоогдоогүй байна.

7. Анхан шатны шүүх Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль болон холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагатай нийцжээ. Иймд гуравдагч этгээд *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тус шүүхээс үзэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3зааснаар гуравдагч этгээд ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 138/ШШ2022/01156 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар гуравдагч этгээд ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

З.ЭНХЦЭЦЭГ