Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 905

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Ядмаа,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Т.Э түүний өмгөөлөгч Ж.Бадамханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Х овогт Т-ийн Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010372 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  1995 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Болгар улсын Софи хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү эдийн засгийн их сургуулийн ...................... дугаар курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Т-ийн Э-

 

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн оройн 21 цаг 11 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва их дэлгүүрийн урд замд Мерседес бенз 230 маркийн 9598 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч  Т.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн оройн 21 цаг 11 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва их дэлгүүрийн урд замд Мерседес бенз 230 маркийн 9598 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 5-7 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 8-12 дугаар хуудас/

Хохирогч Б.Б-ын “Би тэр өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед 3,4 дүгээр хороололд ажлын найзууд Болдбаатар, Өлзийбилэг, Батбаяр нарын хамт Москва их дэлгүүрийн урд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Тэгтэл 1 болон 2 дугаар эгнээнд явж байсан автомашинууд зогсож зам тавьж өгсөн. Тэгэхээр нь хурдан гарчихъя гэж бодоод бараг гүйгээд зам гарч байтал 3 дугаар эгнээнд явж байсан автомашин зам тавьж өгөлгүй, хурдтай ирээд тоормозоо гишгээд автомашинаа зогсоож чадалгүй намайг нилээн хүчтэй мөргөсөн. Тэгээд нэг мэдсэн чинь эмнэлэг, цагдаагийнхан ирчихсэн байсан. Тэгээд намайг эмч эмнэлгийн машинаар Гэмтлийн эмнэлэг дээр авчирсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд зургаа авхуулсан. Дунд чөмөгний яс хугаралтай байна шууд хагалгаанд орно гэрээсээ хүн дууд гэсэн. Тэгээд би гэрээсээ ээж Нарантуяаг дуудсан. Тэгээд би Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад 4 хоногийн дараа хагалгаанд орсон. ... Би ажилгүй байх хугацааны цалин, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал, чихээ эмчлүүлмээр байна. Нэг жилийн дараа хагалгаанд орох зардал гээд нийт 15.580.000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед осол болсоны дараа эмчилгээнд хэрэглэж бай гээд 300.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар өөр хохирол барагдуулаагүй байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/

Гэмтэл согог судлалын  үндэсний төвийн 12391 дугаартай өвчний түүхийн хуулбар. /хэргийн 32-40 дүгээр хуудас/

Иргэний хариуцагч С.Чогдонгийн  “... Би болсон ослын талаар сайн мэдэхгүй. Надад дараа нь манай Энэрэл машинтайгаа явж байгаад хүн мөргөчихсөн гэж хэлж байсан. Mercedes Benz 230 маркийн 9598 УБМ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг боловч манай найз Энэрэлийн автомашин байгаа юм. Тухайн үед манай найз Энэрэл нь машинаа худалдаж авахдаа хөдөө байсан, тэгээд намайг нэр дээрээ аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би худалдагч талтай уулзаж өөрийн нэр дээрээ Mercedes Benz 230 маркийн 9598 УБМ улсын дугаартай автомашиныг авсан. ...Миний хувьд бусдад учирсан хохирлыг боломж бололцоогоороо барагдуулахыг бодно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44 дүгээр хуудас/

Гэрч А.Батбаярын “... Тэгтэл тухайн үед 1, 2 дугаар эгнээний автомашинууд зам тавьж  өгсөн. Тэгтэл 3 дугаар эгнээний автомашин маш хурдан орж ирсэн. Тэгэхээр нь би хараад өөрөө хойшоо болоод зогсчихсон. Баярбатыг араас нь татах гээд амжаагүй. Тэрүүхэн хооронд Баярбат автомашинд мөргүүлээд нилээн өндөр шидэгдээд газарт унасан. Тэгээд газарт унаад баруун хөл нь нилээн эвгүй болчихсон харагдаж байсан. Тэгээд нөгөө мөргөсөн автомашинаас нэг нүдний шилтэй залуу гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр залууд 1, 2 дугаар эгнээний машинууд зам тавьж өгөөд байхад чи яагаад зогсож болоогүй юм бэ гээд асуутал юу ч хэлэхгүй чичрээд зогсоод байсан. Тэгээд удалгүй цагдаа, эмч нар ирээд Баярбатыг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү шууд аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11723 дугаартай

“1. Б.Б-ын биед зүүн дунд чөмөгний дунд хэсгийн хөндлөн далд хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 50 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 228 дугаартай

“1. Mercedes Benz 230 маркийн 9598 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Тамир овогтой Энэрэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”  гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Батжаргал овогтой Баярбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэсэн магадлагаа. /хэргийн 71-72 дугаар хуудас/

Т.Эийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад 3, 4 дүгээр хорооллын зүүнээс баруун тийшээ явж байсан. ... Тэгтэл хажуугийн машин тоормоз гишгээд чахрах дуу сонсогдсон. Тэгэхээр нь би зэрэгцээд тоормозоо гишгээд машинаа зогсоох үед ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа хоёр хүн гүйгээд гараад ирсэн. Тэгээд би машиныхаа тоормозоо гишгээд машинаа арай зогсоож амжилгүй гүйж байсан хүнийг мөргөсөн. Тухайн үед хүн газарт унасан. Тэгээд би машинаасаа сандарч бууж ирээд нөгөө хүнийг хартал нөгөө хүн нүдээ аньчихсан, амьсгаатай байсан.

... Би хохирогч нарт одоогийн байдлаар нийт 420.000 төгрөг төлсөн. ... Би тухайн үед 3 дугаар эгнээнд явж байсан. Замын ачаалал бүр таг түгжрээгүй, тэгэхдээ тодорхой хэмжээнд ачаалал ихтэй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79 дүгээр хуудас/

Түргэн тусламжийн дуудлагын хуудас. /хэргийн 96 дугаар хуудас/

ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 105-106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Т.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн гэмт хэргийн шинжтэй бөгөөд Т.Эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Э нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Эийн буруутайд үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Б-ад зам тавьж өгөх дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас түүнийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгч Т.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Эийн ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 80 дугаар хуудас/ урьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн мэдээлэл авагдсан бөгөөд түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзсэн болно.

Хохирогч Б.Б- нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “Би ажилгүй байсан хугацааны цалин, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал, чихээ эмчлүүлмээр байна, хагалгаанд орох зардал гээд нийт 15.800.000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед осол болсны дараа эмчилгээндээ хэрэглэж бай гээд 300,000 төгрөг өгсөн” гэжээ. /хэргийн 23 дугаар хуудас/

Хэрэгт цуглуулсан хохирлын талаарх нотлох баримтууд болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 262.405 төгрөгийн орлогын баримт, Мөнхийн тун мед ХХК-ний 35.000 төгрөгийн, 17.200 төгрөгийн, 67.200 төгрөгийн 1900 төгрөгийн баримтууд, Фармалогик эмийн сангийн 4.500 төгрөгийн, Ану тулга ХХК-ний 7.200 төгрөгийн, Тавин ус эмийн сангийн 5.900 төгрөгийн баримтуудаар хохирогч Б.Б- нь эмчилгээний зүйлс авсан нь тогтоогдсон.

Эдгээр нь нийт 401.305 төгрөг болж байгаа бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 420.000 төгрөг төлсөн тул баримтаар нэмж гаргуулах төлбөргүй байна.

Харин хэрэгт цуглуулсан хохирлын талаарх “Номин плаза супермаркетаас хүнсний зүйлс авсан 11.287 төгрөг, хоол авсан “Берлин зоог 12.028 төгрөгийн, 2000 төгрөгийн, шатахуун авсан тухай баримтууд нь хүний өдөр тутмын хэрэглээний зүйлс байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх үндэслэлгүй юм.

Хохирогч Б.Б- нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байна гэх боловч хэдий хугацааны хэдэн төгрөгний цалин нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, түүний ажилладаг гэх “ВИ ЭЙЧ энд БИ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт авагдаагүй, ажлаас хэдийн хугацаагаар чөлөөлөгдсөн тухай эмнэлгийн магадлагаа байхгүй тул Б.Б-ын ажиллаагүй хугацааны цалингийн тооцоо гаргах боломжгүй болжээ.

Гэхдээ Б.Б- нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж байна.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Э гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн 865107 дугаартай үнэмлэх, 02006961 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг зэргийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй.

          Шүүх, шүүгдэгч Т.Эийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан холбогдсон зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Т-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Э торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Т.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Т.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн 865107 дугаартай үнэмлэх, 02006961 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг зэргийг Т.Эд буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ