Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 948

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

           Шүүгдэгч: Б.Гөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010400 дугаартай хэргийг 2018 оны 11 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г, 1967 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Гнь 2018 оны 10 дугаар сарын 16-ны оройн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТБД андуудын урд замд Suzuki Swift маркийн 42-62 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Гшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Э.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны оройн 20 цаг өнгөрч байхад ТБД андууд дэлгүүрийн урд замд явган хүний гарцаар явж байтал гэнэт машин хажуугаас хурдан орж ирээд мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Иргэний хариуцагч Х.Уийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Suzuki Swift маркийн 42-62 УВХ улсын дугаартай автомашин нь миний эзэмшилийнх юм. Манай нөхөр Б.Гминий зөвшөөрлөөр уг машиныг жолоодон явсан. Бусдад учруулсан хохирлыг төлнө...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Шинжээчийн 12763 тоот дүгнэлтэд: “...Э.Эын биед зүүн шуу ясны далд хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 43/,

Техникийн шинжээчийн 57789 тоот дүгнэлтэд: “...Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын хүчний хэмжээ хэвийн хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос стандартын шаардлага бүрэн хангахгүй байна. ...Урд талын оврын гэрлүүд асахгүй, дуут дохио ажиллахгүй, зүүн талын их гэрэл цуурсан, гуферийн зүүн тал, зүүн хаалгууд бага зэрэг гэмтэлтэй. Хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ стандартыг бүрэн хангахгүй, зогсоолын тоормос ажиллахгүй, мөн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 14,5 мм/м буюу тохиргоо хэвийн бус байна. Зүүн талын их гэрэл цуурсан гэмтэл нь осол болох үед үүсэн, урд талын оврын гэрлүүд асахгүй, дуут дохио ажиллахгүй, гуферийн зүүн булан хагарсан, зүүн хаалга сэвтэй, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ стандартыг бүрэг хангахгүй, зогсоолын тоормос ажиллахгүй байгаа, мөн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 14,5 мм/м буюу  тохиргоо хэвийн бус зэрэг гэмтлүүд нь ашиглалтын үед үүсэн байна. Дуут дохиог зам тээврийн ослоос сэргийлэх, гүйцэж түрүүлэхэд бусдад анхааруулах зохилгоор ашиглах ба эвдэрсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 14,5 мм/м буюу тохиргоо хэвийн бус байгаа нь ашиглалтын үед үүссэн ба осол хэрэгт нөлөөлөх боломжгүй. Хойд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь автомашин тоормослох үед тухайн замын гадаргуугын байдал автомашины хурд зэргээс хамаарч тоормосны зам уртсана. Тоормосны хий шингэн дамжуулгатай ба тоормосны систем хэвийн бус ажиллагаатай, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ стандартын шаардлага хангаж байна, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны зөрүү зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байна. Тоормосны систем нь хий- шингэн дамжуулгатай ABS тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугын байдал автомашины хурд зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжтой. Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна...” гэсэн дүгнэлт /хх-н 50-55/,

Мөрдөгчийн 243 дугаар магадлагаа: “...Suzuki swift маркийн 42-62 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Батсуурь овогтой Гантулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон., чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Эрдэнэ-Олдох овогтой Эрдэнэсувд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадлагаа /хх-н 59-61/,

Яллагдагчаар Б.Гмөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны орой Амгаланд ажил гараад 20 цагийн үед гэрээсээ явж байтал ТБД андуудын урд талын туслах замын явган хүний гарцан дээр эмэгтэй хүүхэд урдуур гүйгээд ороод ирсэн. Тэгээд би шууд тоормосоо гишгээд машинаа зогсоох үед нөгөө урдуур гүйгээд орж ирсэн хүүхэд миний машины зүүн талын их гэрэл хэсгээр мөргүүлээд газар унасан. Би машинаас буугаад нөгөө газарт унасан хүүхэд дээр очоод хартал нөгөө охины амнаас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би хүүхдийг өргөж аваад машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг орсон. Тухайн үед гэмтлийн эмнэлэг рүү явах замд миний утсаар нөгөө охин ар гэрийнхэндээ хэлж мэдэгдсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр явж очоод эмч нарт үзүүлсэн, охиныг үзсэн эмч нь зураг авахуул гэсний дагуу авахуулахад зүүн шуу хэсгээрээ хугарсан байна гэж хэлсэн. Удалгүй охины ар гэрээс хүмүүс ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 67-68/,

Гэмт хэргийн талаархи, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/ Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 14/ Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх-н 15/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 76-96/, хохирлын баримтууд /хх-н 25-28/ зэрэг болно.

             Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Гнь 2018 оны 10 дугаар сарын 16-ны оройн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТБД андуудын урд замд Suzuki Swift маркийн 42-62 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Эыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Эын: “...дэлгүүрийн урд замд явган хүний гарцаар явж байтал гэнэт машин хажуугаас хурдан орж ирээд мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, Мөрдөгчийн 243 дугаар магадлагаа, /хх-н 59-61/, шинжээчийн 7639 тоот, техникийн шинжээчийн 446 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Гүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Гүйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Эын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Э.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь шүүх хуралдаанд хохирогчийн хохирлыг түүний данс руу шилжүүлсэн дансны хуулга шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Гантулгыг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Ггэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар  шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Г388873  дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Б.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гнь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Б.Г388873 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР