Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 911

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Г.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Г-ийн Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805044801057  дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5,  эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн ...  дугаар хороо ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн Э-

 

Холбогдсон хэрэг.  /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Э- нь 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэл” караоке баарны гадна иргэн Б.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

          Хохирогч Б.Э-гийн “2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 24-01 цагийн орчим найз Амарбаясгалант, Бадрал мөн Бадралын найз гэх хоёр залуугийн хамт бид тав уулзаад хорооллын Е март дэлгүүрийн хойд талд байрлах “Гэрэл” караоке бааранд орсон. Тэнд ороод вип өрөөнд нь 0,75 граммтай Соёрхол архи 1 шил аваад түүнийгээ бид хуваагаад 200 орчим граммыг уугаад баарны гадна талд тамхи татах санаатай баарны гадаа Бадрал, Амарбаясгалан бид гурав зогсож байтал нэг танихгүй залуу дундуур орж ирээд маргаан өдөөд байсан ба уг залуу найз Амараагийн нөгөө ангид сурч байсан Пүрэв-Очиртой хамт явж байсан.

          Ингээд би найз Амраатай юм ярьж байтал бид хоёрын дундуур нөгөө танихгүй залуу муухай харж орж ирээд над руу хараад чи надтай юм яриад байна уу гэсэн тэгэхээр нь би үгүй би найзтайгаа юм ярьж байна гэж хариулсан. Тэгтэл тэр залуу тэгвэл чи намайг даваад ярьчих гэж хэлэхээр нь би тэгвэл даваад ярья гэж хэлсэн. Тэгтэл уурлаад амандаа үглээд цаашаа болоод зогссон. ... Нөгөө залуу утсаа гаргаж ирээд хүн рүү залгаад баахан залуучуудыг дуудаж гаргаж ирсэн.

          ... Надад уурлаад байсан залуу утсаар яриад ална гээд амандаа хараал хэлээд утсаар хүмүүс рүү яриад байсан тэгтэл 5-6 минутын дараа тэр хавиас 7-8 залуучууд гарч ирж цугларсан. Тэгтэл надтай маргалдах гээд байсан залуу шууд эрчээрээ хүрч ирээд миний нүүр рүү гараараа цохисон. Тэр үед би хойшоо саваад газар унах үед дээрээс өшиглөсөн. Тэр үед Амараа намайг газраас өндийлгөж босгож аваад шатан дээр суулгах хооронд Бадрал араас босож ирээд намайг өмөөртөл нөгөө залуучууд Бадрал руу дайрч барьж авч зодож эхэлсэн. Тэгээд буцаж намайг шатнаас нөгөө маргалдаад байсан залуу ирж чирж газар дахин унагаад дээрээс дахин хэд хэдэн удаа хөлөөрөө гараараа цохиж зодож байсан.

          ... дундуур орж  ирээд маргаан өдөөд байсан залуу эхлээд нүүр рүү гараараа цохиж газар унагах үед дээрээс дахин гар, хөлөөрөө цохиж байсан. Энэ үед миний нүүр болон нүд, шүд болон толгойд учирсан бүх л гэмтлийг тэр залуу учруулсан.

           ... Миний толгой их өвддөг болсон. 1 шүд хугараад уначихсан. Юм идэхэд зовиуртай байна. Цохиулсан баруун нүд утас харахаар аргаж өвдөөд байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-10 дугаар хуудас/

          “Миний харснаар бол Эрдэнэпүрэвээс өөр хүн надад гэмтэл учруулаагүй. Тухайн үед Эрдэнэпүрэв утсаар хэдэн залуучууд дуудуулж авчирсан. Гэхдээ эд нар нь Бадралтай ноцолдоод байсан. Миний хувьд бол намайг Эрдэнэпүрэв зодсон. ... Гэхдээ надад Эрдэнэпүрэв сайн дураар эмчилгээнд зарцуулах болох хохиролд 3.500.000 төгрөгийг өгсөн. Одоо бол нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

          Гэрч Г.Ган-Эрдэнийн “... Надад хэлэхдээ дүү маань нэг залуутай баарны гадаа маргалдаад цохилцож зодолдоод гэж ярьж байсан. Надад өөр нэмж ярих зүйл алга байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10432 дугаартай:

          “1. Б.Э--н биед хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал, 1 шүдний  булгарал, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун шанаа, баруун хацар, зүүн өвдөг, баруун хөлийн шагайн гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. 1 шүдний булгарал гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулна.

          4. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 27 дугаар хуудас/

 

          Г.Э-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Миний хувьд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.

          ... Тэгээд би тэр залуутай барилцаж аваад заамдалцаад уг залуугийн нүүр рүү би нэг удаа цохиод, толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгтэл тэр залуу унасан. Тэгээд би дээрээс нь цохих гэхэд хамт явж байсан залуучууд болон манай найз нар салгасан. Ингээд би тэр залуутай маргалдаж байхдаа Батмөнхийг дуудаад гэртээ хүргүүлсэн. ... Одоо бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү. Миний хувьд дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Өөрийн буруугаа ойлгож байгаа тул хэргийг хааж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 70 дугаар хуудас/

 

          Шинжээч М.Аригуунтөгсийн “Б.Э-гийн биед учирсан гэмтлийн хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал нь хүндэвтэр гэмтэлд хамрагдана” гэсэн мэдүүлэг /хэргийн 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Г.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.Э-гийн “... Эрдэнэпүрэвтэй сайн дураараа эвлэрсэн нэхэмжлэх зүйлгүй тул хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний бие шүүх хуралд оролцохгүй болно” гэсэн хүсэлт /78 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Г.Э- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Г.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ