Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2023/00012

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 138/ШШ2023/00058 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******

Хариуцагч *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9 850 550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч *******ийн хүсэлтийн дагуу түүнд 9 850 550 төгрөг зээлүүлсэн. 2019 оны 07 сарын 16-ны өдөр Цагаан-Овоо сумын иргэн ******* над руу утсаар ярьсан бөгөөд  Танай ажил дээр ирсэн байна. Би Хаан банкинд зээлтэй, энэ зээлээ хаах хэрэгтэй байна. Зээл хаахад 9 850 550 төгрөг хэрэгтэй байна. Танай ажилтан Саранд хандахад хэд хоногийн өмнө шалгалт ирсэн учраас одоогоор зээл гаргах боломжгүй гэж байна. Эгчдээ яаралтай өгч туслаач гэсэн. Энэ хүсэлтийнх нь дагуу *******аар зээлийн хүсэлт бичүүлж  авсан.  Уг  хүсэлтээ  хариуцагч ******* өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан бөгөөд манай ажилтан Саран уг хүсэлтийг нь над руу мэйл хаягаар явуулсан. Миний бие тухайн үед ажилтай байсан, мөн сумын салбар маань зээл гаргахгүй байсан учраас уг хүсэлтийг үндэслээд өөрийн хувийн данснаас *******ийн дансанд тухайн өдрөө 9 850 550 төгрөгийг шилжүүлсэн. Өмнө нь хуулийн этгээдээр буюу ******* ******* ББСБ ХХК-ын нэрээр *******т холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүхээс нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан. Ийм учраас би өөрийн нэрээр *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******* нь надаас зээлсэн мөнгөө буцаан өгөхгүй 42 сар буюу 3 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Мөнгөө шаардахаар танай ажилтан ******* надаас мөнгө зээлсэн байсан, би тэр мөнгөө л авсан гэж тайлбарладаг. Надтай утсаар ярихдаа *******гаас авлагатай, энэ мөнгөө буцааж авах гэсэн юм гэж огт хэлж яриагүй, зөвхөн ХААН банкны зээлээ хаах гэсэн юм, зээл нэмж аваад буцаагаад төлнө, бараандаа явах гэж байгаа зэргээр ярьсан. Миний хувьд 18 настай байхдаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын бэр болж очоод *******тай танилцаж, бараг л эгч дүүгийн харилцаатай, бие биенээ сайн мэддэг болсон байсан учраас өөрийнхөө хувийн данснаас уг мөнгийг шилжүүлсэн. Надад зээлэх үнийн дүнгээ тодорхой хэлсэн учраас би яг тэр үнийн дүнгээр нь шилжүүлж байсан юм. Манай ажилтан *******гийн хувьд ч *******аас мөнгө зээлсэн, түүнд өглөгтэй талаараа надад огт хэлж байгаагүй. Үнэхээр *******гаас авлагатай байсан юм бол яагаад өөрийнх нь данснаас мөнгөө буцааж авч болоогүй юм. Мөн *******тай хэзээ, ямар зээлийн гэрээ байгуулсан юм гэх асуудлууд нь тодорхойгүй байна. Манай ажилтан *******гийн хувьд манай байгууллагад 58 сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ нь тогтоогдон 2022 оны 04 сарын 23-ны өдөр эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад *******ийн зээлсэн 9 850 550 төгрөгийн асуудал огт яригдаагүй, ******* *******гаас авлагатай байсан юм бол тухайн үед эрүүгийн журмаар гомдол гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

Миний хувьд *******тай зээлийн гэрээ байгуулаагүй боловч над руу мөнгө зээлүүлээч гэж утсаар ярьж, хүсэлт гаргасных нь дагуу би өөрийнхөө данснаас уг мөнгийг шилжүүлж байсан. Тухайн үедээ би аймагт байсан учраас зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөн хүү, алданги тохироогүй тул зээлдүүлсэн 9 850 550 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.  

Хариуцагч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулзул нар хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч ******* 9 850 550 төгрөгийг *******ээс зээлж аваагүй, түүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Харин *******аас ******* ******* ББСБ-ын ажилтан ******* мөнгө зээлсэн байсан бөгөөд *******гаас удаа дараа мөнгөө шаардсаны эцэст дарга болох ******* рүүгээ утсаар ярьсан байдаг. Энэ үед ажилтан ******* нь Тунгалаг гэдэг хүн зээл авах хүсэлтэй байна гэж худал арга хэрэглэн *******ийн данснаас *******ийн данс руу мөнгө шилжүүлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл ******* ******* ББСБ-ын ажилтан ******* нь өөрийн зээлээ захирал *******ээрээ төлүүлчихсэн гэсэн үг. Хариуцагч *******т нэхэмжлэгч *******ээс зээл авах ямар ч шаардлага байхгүй, өөрөө Цагаан-Овоо сумандаа дэлгүүр ажиллуулдаг хүн.  Харин ******* ******* ББСБ-ын ажилтан байсан ******* нь *******аас мөнгө зээлсэн, түүнд өглөгтэй байсан гэсэн *******гийн өөрийнх нь бичсэн өргөдөл нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 9 850 550 /есөн сая найман зуун тавин мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 559 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 172 559 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

*******ийн нэхэмжилж буй 9 850 550 төгрөгийг би ******* ******* ББСБ-аас зээлийн гэрээ байгуулж аваагүй. Мөн *******ээс ч мөнгө зээлж аваагүй. *******ний хооронд байгуулсан гэрээ байхгүй. Тухайн үед би ******* ******* ББСБ-ын Цагаан-Овоо сумын эрхлэгч Саран нь надаас мөнгө зээлж авсан байсан ба миний мөнгийг өгөх гэж өөрийн байгууллагаасаа мөнгө зээлэн миний дансанд хийж зээлсэн мөнгөө өгсөн байсныг би мэдээгүй. Саран нь надаас зээлсэн мөнгөө л буцаан өгч байна гэж ойлгосон. Би ******* ******* ББСБ-аас зээл авч байгаагүй. Надад хүнээс мөнгө зээлээд байх шаардлага ч байдаггүй. Би өөрөө сумандаа дэлгүүр ажиллуулдаг.

Саран нь худал ярьж даргаасаа мөнгө аван над руу өөрөө явуулсан байхад намайг *******ээс утсаар ярьж өдрийн 1 хувийн хүүтэй 9 850 000 төгрөгийг зээлж авсан гэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Саран нь Дорнод аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Тунгалаг намайг ******* ******* ББСБ болон *******ээс зээл авч байгаагүй буюу зээлийн гэрээ байгуулж байгаагүй гэсэн өргөдлийг ч мөн өөрөө бичиж өгсөн байдаг. ******* ******* ББСБ болон Саран ч надаас дээрх мөнгийг өнгөрсөн хугацаанд нэхэмжлээгүй. Цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авч байсан.

Иймд шүүхээс ******* надаас 9 850 550 төгрөг гаргуулж *******т олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр *******ийн дансанд мөнгийг шилжүүлсэн нь нотлогдсон. Гэхдээ ******* нь Ганцэцэгээс мөнгө зээлээгүй. ******* нь банкны зээлээ хурдан дарах гэсэн юм яаралтай мөнгө шилжүүлээч гэж хэлээд мөнгө шилжүүлж авсан байдаг. Гэтэл өөрөө ******* ******* ББСБ-ын захирал руу залгаад манай сумын эгч ******* зээл авах хүсэлтэй байгаа юм байна гэж мэдэгдсэн байсан. Тэрнээс биш *******, ******* нар хоорондоо ярьсан зүйл байдаггүй. Тиймээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж эрх зүйн хувьд алдаатай дүгнэлт хийсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулан алдааг залруулах боломжтой гэж шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 850 550 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч ******* нь 2019 оны 7 сарын 16-ны өдөр над руу утсаар холбогдож Танай байгууллага дээр шалгалт ирсэн гээд зээл олгохгүй байгаа юм байна. Би банкны зээлээ хаах гэсэн юм, зээлээ нэмж аваад буцаагаад мөнгийг чинь өгнө, бараагаа татах гэж байгаа. гэх шалтгаан хэлж, мөн зээл хүссэн хүсэлтээ бичгээр гарган надаас тухайн өдөртөө 9 850 550 төгрөгийг зээлсэн. Би энэ мөнгийг өөрийнхөө хувийн данснаас шилжүүлж, зээлүүлсэн. ... Зээл авахаар ярих үедээ манай ажилтан *******гаас авлагатай байсан талаараа надад нэг ч зүйл яриагүй, мөнгө зээлэх хүсэлтэй байгаагаа л илэрхийлсэн. ******* ч надад *******аас мөнгө зээлсэн, түүнд мөнгө өгөх ёстой гэх зүйл ярьж байгаагүй. ...*******ийг над руу ярих үед би аймгийн төвд байсан учраас зээлийн гэрээг бичгээр байгуулах боломжгүй байсан. Гэрээг бичгээр байгуулаагүй, мөн хүү, алданги гэж тохироогүй тул зээлүүлсэн мөнгө болох 9 850 550 төгрөгөө гаргуулна. гэж,

4. Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: Би *******ээс огт мөнгө зээлээгүй. Надад түүнээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Харин ******* ******* ББСБ-ын ажилтан ******* нь надаас мөнгө зээлсэн байсан бөгөөд би түүнээс мөнгөө буцаан төлөхийг шаардахад намайг захирал ******* руу яриулж зээл хүсэж байгаа мэтээр ойлголт төрүүлсэн. Ингээд захирал *******ийнх нь данснаас миний данс руу мөнгө орж ирсэн. Би *******гаас авах ёстой мөнгөө авчихсан учраас шүүх, цагдаа гэж яваагүй. *******ийн яриад байгаа зээл авах талаар бичгээр гаргасан хүсэлт гээд байгаа зүйлийг би огт бичээгүй, тэр хүсэлт дээр зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг биш. ... гэж тус тус тайлбар гарган маргажээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар 2019 оны 07 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч *******ийн ХААН банкин дахь хувийн данснаас хариуцагч *******ийн данс руу 9 850 550 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

6. Мөн хариуцагч *******ийн ... ажилтан ******* нь Тунгалаг гэдэг хүн зээл авах хүсэлтэй байна гэж худал арга хэрэглэн *******ийн данснаас *******ийн данс руу мөнгө шилжүүлүүлсэн байдаг. ... гэсэн тайлбар, хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт болох *******гийн Дорнод аймгийн иргэний хэргийн шүүхэд өргөдөл гаргах нь гэсэн баримтуудаар нэхэмжлэгч *******ийн ажиллуулдаг ******* ******* ББСБ-ын ажилтан ******* хариуцагч *******аас 9 850 550 төгрөгийг авсан байсан ба энэ мөнгөө авахын тулд нэхэмжлэгч ******* руу хариуцагч ******* холбогдож дээрх мөнгийг өөртөө шилжүүлсэн авсан болох нь тогтоогдож байна.

7. Иймд хариуцагч ******* ******* нарын хоорондох асуудал /мөнгө авсан/ нэхэмжлэгч *******т хамааралгүйгээс гадна хариуцагч *******ийн би *******гаас авах байсан мөнгөө авсан, надад зээл авах ямар ч шаардлага байхгүй. гэсэн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Иймд хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

9. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болов чиг зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь эрх зүйн хувьд алдаатай байх тул залруулан шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

10 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******, түүний төлөөлөгч ******* нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 559 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 138/ШШ2023/00058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг ... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг ... гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******, түүний төлөөлөгч ******* нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 559 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА

С.ОЮУНТУНГАЛАГ