Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 950

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Л.Соёмбо,

Хохирогч: Н.Ц, түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа,

Шүүгдэгч: Ш.Аөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Ш.Ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805051911032 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш.А, 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....  тоот регистртэй,

Шүүгдэгч Ш.Ань 2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд шалтгаангйүгээр иргэн Н.Ц руу ууж байсан шар айрагны шилийг шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Н.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр найзтайгаа уулзаад 23 цагийн үед бааранд орсон. Би цэвэр ус, манай найз 2 пиво авсан. Шөнийн 03 цагийн үед баарнаас гарах гэтэл манай найз 00 орсон тул би үүдэнд хүлээгээд зогсож байтал баарнаас 4 залуу гарч ирсэн. Эхний 3 залуугийн ард явсан залуу нь над руу пивоны шил шидсэн. Миний толгойноос цус гарсан тул араас нь очтол намайг хохино гээд тоохгүй яваад өгсөн. Тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. Тэгтэл тухайн үед тавьсан оёдол нь хонхойгоод маш эвгүй болсон. Тиймээс цаашид гоо сайхны хагалгаанд орох шаардлагатай болсон тул одоо гарсан 625.120 төгрөгийн хохирол мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Н.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Найз охин Нын хамт 2018 оны 10 дугаар сарын 04-ний орой 23 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Стелла баарны гадна хаалганы дотор шатны дэргэд найз охиноо хүлээгээд зогсож байхад өндөр нуруутай махлаг биетэй, саравчтай малгай, бэлтгэлийн хослол, пүүз өмссөн залуу шатаар бууж ирээд намайг зогсож байхад над руу шууд гартаа бариад ууж байсан пивоны шилээ шидсэн. Би духаа дарсан, цус их гарсан. Би тэр залуугийн араас гарч зүүн зүг рүү нөгөө залуугийн араас дагаад миний духыг чи цохьсон гэхэд тэр тоохгүй явж байгаад намайг хохь чинь гээд явчихсан. Би араас нь дагаж явахдаа цагдаа дуудсан. Тэр залууг явчихаар нь би “Стелла” баарны урдаас такси бариад гэмтлийн эмнэлэгт орж оёдол тавиулсан. Надад гомдол санал их байна...” гэсэн мэдүүлэг  /хх-н 13/,

Шинжээчийн 12043 тоот дүгнэлтэд: “...Н.Цын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 28/,

Яллагдагчаар Ш.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Тын хамт архи ууж байгаад 2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед байх Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Стелла баар луу Тын хамт орсон. Тэнд Хүдэрбулгатай таарсан. Бид нэг ширээнд суугаад уусан. Би баарнаас гарсанаа санахгүй байна. Би өглөө нь гэртээ сэрсэн. Би гэмтлийг учруулсан байна. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2 /, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-10/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 24, 33-36 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ш.Ань 2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла бааранд шалтгааангүйгээр иргэн Н.Ц руу ууж байсан шар айрагны шилийг шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Цын: “...намайг зогсож байхад над руу шууд гартаа бариад ууж байсан пивоны шилээ шидсэн. Би духаа дарсан, цус их гарсан. Би тэр залуугийн араас гарч зүүн зүг рүү нөгөө залуугийн араас дагаад миний духыг чи цохьсон гэхэд тэр тоохгүй явж байгаад намайг хохь чинь гээд явчихсан...” гэсэн мэдүүлэг  /хх-н 13/, шинжээчийн 12043  дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Ань согтуурсан үедээ хохирогч Н.Ц руу ууж байсан шар айрагний шилийг шалтгаангүйгээр шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэмт буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Цын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс үлдэгдэл 625.120 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилнэ. Мөн цаашид гоо сайханы ажилбар хийлгэх зардлаа жич нэхэмжилсэн ба шүүгдэгч нь тухайн хохирлыг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн тул 625.120 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Цд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид 500.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Н.Ц нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн тухайн баримт нь хавтас хэрэгт байхгүй, ямар эмчилгээ хийлгэх, хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхойгүй байгаа тул хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ш.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Ш.Ань  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Ш.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Ань цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш.Аийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Цд 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аээс 625.120 төгрөг гаргуулж хохирогч Н.Цд олгосугай.
  5. Хохирогч Н.Ц нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР