Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 916

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Ч.М-нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Б овогт Ч-ийн М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805028981007 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын программ хангамжийн мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн  .... дугаар хороо ............ тоотод оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны  07 дугаар сарын 09-ний өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсаныг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ч-ийн М-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.М-нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 14 дүгээр гудамжны 87 тоот “Баян-Уул” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Ө.Ө-тай үл ялих зүйлээс болж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.М-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ө.Ө-гийн “2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би Сайншандаас вагоноор Улаанбаатар хотод 07 цаг өнгөрч байхад ирсэн. 10-н жилийн ангийн найз Сарантуяа намайг тосож аваад Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 612 дугаар худгийн хойд талын нийтийн байранд Сарантуяагийн гэрт нь очиход найз залуу Мөнхзаяа нь танихгүй 2 найзтайгаа унтаж байсан. 11-12 цагийн үед 2 найз нь босоод ажилтай гээд гараад явсан. Орой 17 цагийн үед Сарантуяаг хоол хийж байхад нь Мөнхзаяа бид хоёр хөзөр тоглоод би хожигдсон учир 2,5 литрийн савтай нэг пиво авч өгсөн. ... 21 цагийн үед пивоо ууж дуусаад дахиж гарч пиво авчирч уугаад байсан. Тэгтэл Сарантуяа уулгахгүй гээд Мөнхзаяатай бага зэрэг маргалдаад гэрээсээ гарсан. ... Мөнхзаяа, Бразила хоёр араас ирээд Мөнхзаяа Сарантуяагаас түлхүүрээ нэхээд хэрэлдээд байхаар нь би чи одоо болиоч согтуу байна ш дээ гэтэл миний цээж рүү гараараа түлхтэл би хойшоо хана түшээд зогсоод уурандаа гартаа барьж байсан утсаа Мөнхзаяа руу шидтэл бие нь дээр нь оночихсон чинь шууд миний нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би доошоо нүүрээ дараад суутал хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Мөнхзаяа, Бразила хоёр доошоо зам руу алхаж байхаар нь Сарантуяа бид хоёр такси бариад Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлтэл хамар хугарсан байна гэсэн. ... Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ... Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй байгаа. Би одоо 3 сартай жирэмсэн учир ямар нэг эм тариа хэрэглэж болохгүй гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6152 дугаартай:

“1. Өнөрмаа-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 30 дугаар хуудас/

Гэрч Б.Сарантуяагийн “... Мөнхзаяа надаас гэрийнхээ түлхүүрийг нэхээд бид хоёр  хэрэлдэж байтал Өнөрмаа  дахиж бид хоёрын дундуур маргаанд ортол Мөнхзаяа уурандаа  “чи зүгээр зайл” гэтэл Өнөрмаа “би гадаа байхад чи хааш нь зайлуулах гээд байгаан” гээд гартаа барьж байсан жижиг Нокиа маркийн гар утсаа Мөнхзаяагийн нүүр рүү шидчихсэн. Мөнхзаяа уурлаад Өнөрмаагийн нүүр рүү гараараа алгадаж байгаа юм шиг нилээн хүчтэй цохичихсон. Тэгтэл Өнөрмаа хамраа дараа доошоо суутал хамраас нь цус гараад байсан. Би Мөнхзаяа руу уурлаад бид хоёр хэрэлдэж байгаад Мөнхзаяа, Түвшинжаргалтай хамт доошоо уруудаад явахаар нь би такси бариад Өнөрмааг аваад суутал “хамар нь нэг л биш, эвгүй оргиод цус нь тогтохгүй байна” гэхээр нь Гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлтэл хамар нь далийсан байна гэсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-38 дугаар хуудас/

Ч.М-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Ө.Ө-гийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ... Би Өнөрмаагийн нүүр рүү гараараа нэг удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан. Би хамтран амьдрагч Сарантуяатай маргалдах үед Өнөрмаа дундуур орж ирээд хэрүүл хийгээд байсан юм. ... Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй тул надад холбогдох хэргийг нааштайгаар шийдэж өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Ч.М-Ө.Ө-тай үл ялих зүйлээс болж нүүрэн тус газарт нь цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, Ч.М-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ө.Ө-гийн “... Мөнхзаяа бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэгэн маргаангүй болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлт /хэргийн 63 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ч.М-нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасаныг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.М-баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Ч.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.М-500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.М-торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.М-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.М-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ