| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2022/00684/И |
| Дугаар | 213/МА2023/00006 |
| Огноо | 2023-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 213/МА2023/00006
*******гийн нэхэмжлэлтэй *******
холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2022/00805 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн 16.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
1. Миний бие нь 2021 оны 09 сарын 22-ны өдөр *******т 16.100.000 төгрөг барааны таталтын мөнгө болгож зээлүүлсэн, гүйлгээний утгыг хийхдээ тухайн үедээ бараа татна гэсэн болохоор нь барааны үнэ гэж хийсэн байсан юм.
2. би түүнээс өмнө нь ямар нэг бараа зээлсэн зүйл огт байхгүй. Түүний төрсөн эгч болох ******* нь тухайн өдрийн өглөө надаас худалдаж авсан хүнсний дэлгүүр, контейнерын үнэ болох 70 сая төгрөгийг шилжүүлсэн
3. Дэлгүүрээ ажиллуулах бараа таталтын мөнгө байхгүй гэхээр нь би түүнд зээлүүлсэн. Иймд *******ээс 16100000 төгрөгийг гаргуулж өгнө үү .
4. 16.100.000 төгрөгийг *******ийн хүсэлтийн дагуу барааны эргэлтийн мөнгө зээлүүлсэн
5. *******ийн тайлбар татгалзал болох худалдах худалдан авах гэрээний үүрэг төлбөр хийсэн гэх үйлдэл нь тусдаа, энэ нэхэмжлэлээс өөр асуудал бөгөөд *******, ******* нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний асуудал тул хэрэгт хамааралгүй. Хариуцагчаас гаргаж өгсөн бичлэг бүхий баримтад үзлэг хийсэн асуудлыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.
6.Нэхэмжлэгч нь *******тэй биш түүний эгч *******тай худалдах худалдан авах гэрээ хийж 70.000.000 төгрөгөөр контейнер болон дэлгүүрийг хамтад нь худалдсан гэж тайлбарладаг. 16.100.000 төгрөг бол барааны эргэлтийн мөнгө гэж зээлүүлсэн мөнгө гэж хэлдэг юм. ******* нь мөнгө байхгүйн улмаас худалдах худалдан авах гэрээг 100 сая төгрөгөөр хийж, 70.000.000 төгрөг нь миний дансанд орж ирсэн гэдэг юм..гэжээ.
Хариуцагч А.Цэцэгдарийн анхан шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
1. ******* гуай татварт төлөх 2 хувийн шимтгэл болох 4.5 сая төгрөгийн зөрүү 900000 төгрөгийг чи өөрөө төлөх юм бол хамаагүй ээ болж байна гээд харилцан тохиролцоод худалдах, худалдан авах гэрээг 100 сая төгрөгөөр хийж нотариатаар батлуулсан.
2.Банкнаас тухайн гэрээний 70 хувь болох 70 сая төгрөгийг олгох шийдвэр гарч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шилжихээс өмнө тус хөрөнгийг 2 хувийн татварыг төлүүлэх шаардлага тавьсан тохиролцсон ёсоор 55 сая төгрөгийн 2 хувь буюу 1.1 сая төгрөгийг төлөх үед ******* гуай эхлээд танайх нийлүүлээд төлчихөө зээлээ гарсны дараа зөрүү тохирсон ёсоор 15 сая төгрөгийн хамт 16.1 сая төгрөг болгоод чамд өгье гээд *******гаар 2 сая төгрөгийн татварыг төлүүлсэн.
3. Татвар төлсний дараа *******гаас *******гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шилжиж, 2021 оны 09 сарын 22-ний өдөр банкны гэрээ байгуулагдаж 70 сая төгрөгийн зээл олгогдсон. Тус өдрөө банкны журмын дагуу *******гийн данснаас *******гийн данс руу 70 сая төгрөгийг шилжүүлсэн.
4. 9 сарын 20- ний өдөр орсон 70 сая төгрөгөөс татварт төлсөн 1.1 сая төгрөгийг зөрүү тохирсон 15 сая төгрөгийн хамт нийт 16.1 төгрөгийг өгөх байсан ч чамд нэг хонуулаад өгье гэж гуйгаад 9 сарын 22- ны өдөр эгчид нь зав байдаггүй ээ дансаар чинь шилжүүлчихье гээд хар муу саналгүй дансаараа авсан нь миний алдаа болсон байна.
5. 1 сард шүүхэд өгнө гэж байж *******гаас дэлгүүрийг суллаж авсан. Тухайн дэлгүүрийг би худалдан авсан бөгөөд би өөрөө банкны зээлтэй миний нэр дээр зээл гарахгүй тул өөрийн төрсөн эгч *******гийн нэрээр худалдах худалдан авах гэрээ хийж түүний нэр дээр зээл гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргасан байсан. Одоо энэ дэлгүүр байхгүй бөгөөд би 70 сая төгрөгөөр бусдад худалдсан.
7. Тухайн 16.1 сая төгрөгийн гүйлгээний утга дээр барааны мөнгө гэж бичсэн байгааг би ойлгохгүй байна. Тухайн дэлгүүрийг ******* нь надад 55 сая төгрөгөөр худалдсан нь хэтэрхий доогуур үнэлсэн мэт санагдаад дараа нь мөнгө авах зорилгоор нэхэмжлэл гаргаж хүний нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байна.
8. Над руу чатаар илгээсэн өөрийн дуу хоолойны бичлэг дээр дэлгүүрээ 55 сая төгрөгөөр зараад буцааж дэлгүүрээ авъя гэж шаардаж байгаа нь тодорхой байгаа. Би энэ бичлэгийг хууль бусаар хийгээгүй, өөрөө над руу явуулсан дуут захидал юм шүү.. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:
1. “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 ийн 21.2.1 д заасныг тус тус баримтлан зээлийн төлбөр 16100000 төгрөгийг *******ээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй...” гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч *******гийн тус шүүхэд гаргасан гомдлын агуулга:
1. .... Тухайн үед болсон бодит байдал нь барааны мөнгө зээлсэн учир гүйлгээний утгаа “барааны үнэ” гэж хийсэн байгаа.
2.... Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварын мөнгөний хувьд би тусад нь гүйлгээг хийх байжээ гэж харамсаж байна. ...Сүүлд дэвтрээ олоод үзэхэд барааны үнэ нь 15.000.000 төгрөг, 1.100.000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгийн татварт тушаасан мөнгө байсан байна.
3.Энэ байрны мөнгөтэй ямар ч холбоогүй тусдаа асуудал байхад “бодит байдал дээр байр худалдсан” гэж асуудлыг гуйвуулж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ...надад учирсан 15.000.000 төгрөгийн хохирлыг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Учир нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 09 сарын 22 -ны өдөр хариуцагч *******т 16.100.000 төгрөгийг бараа таталтад нь зориулж дансаар шилжүүлэхдээ гүйлгээний утгыг барааны үнэ гэж бичиж зээлүүлсэн тул 16100000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч ******* нь бид дэлгүүрийг 55 сая төгрөгөөр харилцан тохиролцоод 55 сая төгрөгийн 2 хувь буюу 1.1 сая төгрөгийг төлөх үед ******* гуай эхлээд танайх нийлүүлээд төлчихөө зээлээ гарсны дараа зөрүү тохирсон ёсоор 15 сая төгрөгийн хамт 16.1 сая төгрөг болгоод чамд өгье гэснээр банкнаас зээлээр авсан 70 сая төгрөгийг *******гийн данснаас *******гийн данс руу шилжүүлсэн. Тухайн дэлгүүрийг ******* нь надад 55 сая төгрөгөөр худалдсан нь хэтэрхий доогуур үнэлсэн мэт санагдаад дараа нь мөнгө авах зорилгоор нэхэмжлэл гаргаж хүний нэр хүндэд халдаж байгаад гомдолтой, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулна гэж тус тус маргаан үүсгэжээ.
2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй *******гаас 16.100.000 төгрөгийн зээл аваагүй, уг мөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөрийн зөрүү байсан, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварт төлсөн мөнгийг тус тус буцаан гаргуулсан төлбөр юм гэж татгалзлаа тайлбарласныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж, зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
******* нь өөрийн өмчлөлийн Ү-0320001017 дугаар бүхий Баянхонгор сумын 7 дугаар баг Есөн-эрдэнэ захад байрлалтай 28 мкв үл хөдлөх эд хөрөнгийг *******д 2021 оны 08 сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээний үнийг 100.000.000 төгрөгөөр тогтоож, 70.000.000 төгрөгийг ХААН банкны зээлээр төлнө гэж гэрээний 3.1, 3.2 заалтаар тохиролцон гэрээг хэрэгжүүлсэн байна.
4.*******гийн ******* дугаар харилцах дансанд 70.000.000 төгрөгийг “Болормаа дэлгүүрийн үнэ” гэж гүйлгээний утгыг бичиж 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр *******ийн ******* дугаар данснаас орлого ,
*******ийн ******* дугаар дансанд 16.100.000 төгрөгийг “барааны үнэ” гэж гүйлгээний утгыг бичиж 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр *******гийн ******* дугаар харилцах данснаас орлого тус тус орсон болох нь банкны дэлгэрэнгүй хуулгуудаар нотлогдон тогтоогджээ./ хавтаст хэргийн 5, 76 дугаар тал/
5. ******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлого 100.000.000 төгрөгт ногдох татварт 2000000 төгрөгийг 2021 оны 09 сарын 15-ны өдөр төрийн санд төлжээ./хавтаст хэргийн 123 дугаар тал/
6.Анхан шатны шүүх “... *******, ******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдэж үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь хүлээн авч *******д 70.000.000 төгрөг төлсөн мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр хариуцагч ******* нь *******гаас 55.000.000 төгрөгөөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах, санхүүжилтийн мөнгийг ХААН банкнаас зээл гаргуулахын тулд *******гийн нэрээр гэрээ хэлцэл хийж, гэрээнд үнийн дүнг 100.000.000 төгрөгөөр гэрээ хийж , 70.000.000 төгрөгийн зээлийг гаргуулан авсан, ХААН банкнаас гаргуулсан 70.000.000 төгрөгийн зээлийн зөрүү 15.000.000 төгрөгийг, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан 55.000.000 төгрөгт ногдох орлогын албан татвар 1.100.000 төгрөгийн хамт нийт 16.100.000 төгрөгийг ******* нь *******гаас буцаан шилжүүлэн авсан үйл баримт, нөхцөл байдал тогтоогдож байна...” гэж дүгнэсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн бодит байдалд нийцжээ.
Мөн нэхэмжлэгч талын анхан шатны шүүх гаргаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн дуут захидлыг анхан шатны шүүх ач холбогдол бүхий нотлох баримтад авч үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.
7.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан харин нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн 16.100.000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
8.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2022/000805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Л.НЯМДОРЖ