Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 930

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Г.О- түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Г-ийн О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805006941051  дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мяралзаа” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 1, Увс аймгийн Сагил сум ... баг .........гэх газарт оршин суух бүртгэлтэй, .............. дугаар хороо .... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн О-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.О- нь “найзынхаа хөөргийг алдчихлаа 1.500.000 төгрөг зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.А-аас 1.460.000 төгрөгийг 5812080794 дугаарын Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ” /хэргийн 66 дугаар хуудас/

 

          Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах баримтууд болох:

          Хохирогч Б.А-ийн “Бид найзуудын харилцаа холбоотой байсан. Би уг нь Отгонбаяртай санаа нийлсэн бол нэг гэрт орох бодолтой байсан юм. Би Отгонбаярт нийт 1.460.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Надад нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Отгонбаяр надаас мөнгө авахдаа “найзынхаа хөөргийг алдчихлаа 1.500.000 төгрөг өгөөчээ” гэсэн. Би энэ мөнгийг цалингийн зээл авч өгсөн. Хамгийн сүүлд 2018 оны 03 сард над руу 86999427 дугаараас залгаад би Улаанбаатар хотод ахынхаа хувийн компанид ажилд орж байгаа гэж байсан. Хаана ямар нэртэй компани гэдэг талаар би мэдэхгүй. 2018 оны 03 дугаар сарын 20-ны 17 цагийн орчим над руу нөгөө дугаараас залгаад “би хөдөө ажлаар явлаа” гэсэн тэрнээс хойш ахиж холбогдоогүй. Би залгахаар дандаа холбогдох боломжгүй гээд байдаг. Ярихаар нь би мөнгөө нэхэхээр өгнөө санаа зоволтгүй л гээд байдаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

          “2018 оны 01 дүгээр сарын 12-нд миний Хаан банкны 5029332733 тоот данс руу Г.О- 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг надаас авсан мөнгөнөөсөө төлж байгаа юм гэж хэлээд тушаасан байгаа. ... Би Г.О-т өгсөн 1.460.000 төгрөгнийхөө 200.000 төгрөгийг эргүүлэн авсан. Тийм болохоор одоо үлдэгдэл 1.260.000 төгрөгийг авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

          Хаан банкны 5812080794 дугаартай Г.О-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 29-30 дугаар хуудас/

          Шүүгдэгч Г.О-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би найзынхаа хөөргийг алдчихлаа гэж хэлээд л мөнгө авсан. Авсан мөнгөө идэж уугаад дуусгасан. Би буруу хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал, шалгуулах зүйлгүй болно. Хэргээ хурдан шийдүүлмээр байна.

          ... Би Ангарагаас худал хэлж мөнгө авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 70-71 дүгээр хуудас/ зэргийг  улсын яллагч яллах үндэслэл болгожээ.

 

           Дээрх баримтуудаас дүгнэхэд хохирогч Б.А-аас, шүүгдэгч Г.О-т 1.460.000 төгрөг шилжүүлэн өгчээ.

          Уг шилжүүлэн өгсөн мөнгийг Г.О- нь авсанаа хүлээн зөвшөөрсөн, ХААН банкны 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Г.О-ын 5812080794 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хэргийн 29 дүгээр хуудас/ нотлогдсон байна.

          Харин уг мөнгийг Г.О- өөртөө шилжүүлэн авснаар захиран зарцуулах эрх нь үүсэх бөгөөд хэрхэн зарцуулах нь түүний эрхийн асуудал юм.

Өөрөөр хэлбэр Г.О- нь Б.А-аас авсан мөнгөөрөө “хөөрөгний төлбөр” төлсөн эсхүл өөртөө зарцуулсан нь эсэх нь Б.А-т хамааралгүй бөгөөд ингэсэн нь “итгэлийг урвуулан ашигласан” гэж үзэх боломжгүй юм.

 

Прокуророос Г.О-ыг “найзынхаа хөөргийг алдчихлаа 1.500.000 төгрөг зээлээч” гэж хохирогчоос мөнгө авсныг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байдаг бөгөөд энэ хэргийн хувьд дээрх шинжгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.О- нь “Ангарагаас авсан мөнгөөрөө хөөрөгний төлбөр” төлөөгүй гэх байдал нь Б.А-ийн хувьд ямар ч үр дагавар үүсгэхгүй бөгөөд харин түүний өгсөн мөнгийг нь эргүүлж төлөөгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээ эдлэж шүүхэд хандах боломжтой юм.

Иймд шүүгдэгч Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаах” нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлана” гэж заасан тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлийг баримтлан шийдвэрлэв.

 

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тодорхойлох хэсэгт “иргэн Г.О-ын мэдүүлэг” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заагаагүй “иргэн” гэсэн нэр ашиглаж бичсэн зөрчил гаргажээ.    

          Мөн энэ хэрэг гарсан гэх цаг хугацаа нь хохирогч Б.А-аас шүүгдэгч Г.О-т 1.460.000 төгрөг шилжүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

          Энэ тохиолдолд хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой бөгөөд тухайн хэрэгт тэр үед мөрдөгдөж байсан хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.  

          Гэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх боловч Г.О-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж шүүх шийдвэрлэсэн тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

          Хохирогч Б.А- нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Г.О-ын оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн О-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.О-т холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3. Хохирогч Б.А- нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Г.О-ын оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ