Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 949

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

Шүүгдэгч: Б.Гөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б.Г- холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805027961042 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г-, 1986 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Гнь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зет караоке дотор иргэн Ц.Ч-ийн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед найз залуугийн хамт караоке ажиллуулдаг байсан. Манай найз охин Цээгий гэх найзтайгаа хамт манай караокед ирж сууж байгаад баар орж бүжиглье гэсэн тул бид 3 баар ороод буцаж ирсэн. Бид 3 хамт караокед суусан. Манай найз залуу өглөө эрт шүдээ янзлуулна гээд явах гэж байх үед би гадаа гарч тамхи татчихаад буцаад ороод иртэл намайг янхан энэ тэр гээд  манай найз залууд хэлсэн байсан. Тэгтэл манай найз залуу “энэ чинь мэдрэл муутай юм биш үү” гээд хөөгөөд гаргасан чинь хаалгаа балбаад байсан. Тэгэхээр цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд Ч-ийг аваад явсан. Өглөө нь манай найз залуу эмнэлэг явсан. Тэгтэл Ч-ийг цагдаа нь явуулсан байсан. Тиймээс буцаж ирээд “янхан минь намайг цагдаад өгдөг чи хэн бэ” гээд үүдний өрөөнд байдаг аяга таваг хагалсан. Энэ үед хажуу талд үйлчилгээ явуулдаг хүмүүс хаалга цохиод амруулахгүй байна гэхээр нь би түүнийг 5 номерийн өрөөнд оруулсан. Тэгтэл тэр хооронд зурагт болон бусад зүйл хагалсан байсан. Тэгээд маргаан болсон бөгөөд цонхоор гараад зугтаасан. Би эхлээд хохирогчийн нүүр лүү нь алгадсан, үснээс зулгаасан, дараа нь караокены өрөөнд харилцан зодолдсон гэв...” гэв.

Хохирогч Ц.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 02-ны оройн 03 цагийн үед Модны хоёрт байрлах “Зет” караокед очсон. Өрөө аваад дуулж байтал Г хажуугийн өрөөний эрэгтэй хүнтэй зодолдон, найз эмэгтэйг нь манай өрөөнд оруулж ирээд суулгаад байхаар нь би “чи наад хүнээ явуулаач” гэж хэлсэн чинь явуулахгүй гэж над руу дайраад караокений өрөөнөөс гарган шатаар дээшээ гаргаад буудлын ресепшин дээр очин “буудлын өрөө байна уу, би чамайг өрөөнд оруулж байгаад ална” гэж хэлж над руу дайрсан. Ресепшиний хажууд байрлах буйдан дээр намайг дарж унагаад, Ц эгч салгаад караокений өрөө рүү Гг дагуулж орсон. Би араас нь орж цүнхээ авах гэсэн чинь Г араас зуураад татаж байсан тамхиараа зүүн талын хацарыг түлсэн. Би шууд цагдаа дуудсан. ...Зет караокений хаалгыг нүдсэн чинь Г гарч ирсэн. ...Наашаа ороод ир гэж хэлэхээр нь хаалгаар караоке рүү орсон чинь үсдэж аваад үүдний өрөө рүү оруулаад зодсон....Г араас ирж ширээн дээр даран хутга авчираад үснээс нэг гараараа зулгаагаад би чамайг мөчилж ална, махаар чинь хоол хийж зарна гэж хэлэн хутгаа хоолойнд тулгасан, мөн гэдэс рүү өшиглөөд үснээс зулгаагаад дуугүй бай гэж хэлсэн. Тэгээд зодож байтал гаднаас найз залуу нь түлхүүрээр онгойлгоод орж ирсэн. Намайг өрөөнөөс Г гаргахгүй, гарвал ална шүү гэж хэлэн найз  залуу дээрээ очин хайраа гэж хэлсэн. Би уйлж гарч ирсэн чинь найз залуу нь “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Г “яадгийн наадахыг чинь алсан байхад араас нь нэхээд ирэх хүн байхгүй” гэж хэлсэн. Найз залуу нь “би чамайг битгий ингэж бай гэж хэлдэг биз дээ” гэж хэлсэн. Би хоёр давхрын караокений өрөөнөөс цонхоор үсэрч гарч зугтсан. ...Гараараа толгой руу зодсон, гэдэс рүү өшиглөсөн. Ширээн дээр унагаж байгаад нуруу руу өшиглөсөн. Мөн хоолойн дээр хутга тулгаж ална гэж сүрдүүлсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-н 19-20/,

Шинжээчийн 5849 тоот дүгнэлтэд: “...Ц.Ч-ийн биед эрүүн дор, зүүн гуяны гадна дээд хэсэг, зүүн тохойд зулгарал, цус хуралт, зүүн шанаанд 2-р зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Зүүн шанааны 2-р зэргийн түлэгдэл өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 23/,

Яллагдагчаар Б.Г-гийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...Цээгий нилээн согтуу байсан, манай нөхөр рүү хандраад “чи чөлөөтэй үедээ над руу залгаарай” гэж хэлсэн чинь манай нөхөр уурлаад байсан, наад хүүхдээ явуул гэж хэлсэн. Ч- над руу агсам тавьсан. “Чи ийм царай муутай байж, ямар сайхан залуу олж авсан юм” гэж хэлэхээр нь би хөөгөөд гаргасан. ...Хаалга балбаад байсан. Өглөөний 06 цагийн үед Ч- хаалга дахин балбаад юмаа орхисон авна гэсэн, юмыг нь өгөөд явуулах гэсэн чинь манай нөхөрт “чи эхнэрээ мэдэх үү, янхан шүү дээ” гэж хэлсэн. Манай нөхөр түлхээд гаргасан. Гэтэл буцаж хүрч ирж хэрүүл хийж маргалдсан, би согтуу байсан болохоор чамтай харьцахгүй гэж хэлэхэд намайг өшиглөсөн. Би хариуд нь алагдсан. Ч- ширээн дээр байсан пивоны бакал хагалсан. Би барьж аваад үсдэж зодсон. ...Би Ч-ийг үсдээд 5 номерийн өрөө рүү оруулсан. 5 номерийн өрөөнд байсан зурагтыг хагалсан байсан. Үүнийг хараад би Ч-ийг дахин зодсон. Ч- цонхоор гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, хохирогчийн гэмтэлтэй холбоотой баримтууд /хх-н 24-27/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 32-41, 46-54/, хохирол төлсөн баримт /хх-н 66/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Гнь 2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зет караоке дотор иргэн Ц.Ч-ийн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Ч-ийн: “...Г ...над руу дайраад караокений өрөөнөөс гарган шатаар дээшээ гаргаад буудлын ресепшин дээр очин “буудлын өрөө байна уу, би чамайг өрөөнд оруулж байгаад ална” гэж хэлж над руу дайрсан. Ресепшиний хажууд байрлах буйдан дээр намайг дарж унагаад, Ц эгч салгаад караокений өрөө рүү Гг дагуулж орсон. ...Зет караокений хаалгыг нүдсэн чинь Г гарч ирсэн. ...Наашаа ороод ир гэж хэлэхээр нь хаалгаар караоке рүү орсон чинь үсдэж аваад үүдний өрөө рүү оруулаад зодсон. ...Г араас ирж ширээн дээр даран хутга авчираад үснээс нэг гараараа зулгаагаад би чамайг мөчилж ална, махаар чинь хоол хийж зарна гэж хэлэн хутгаа хоолойнд тулгасан, мөн гэдэс рүү өшиглөөд үснээс зулгаагаад дуугүй бай гэж хэлсэн. Тэгээд зодож байтал гаднаас найз залуу нь түлхүүрээр онгойлгоод орж ирсэн. Намайг өрөөнөөс Г гаргахгүй, гарвал ална шүү гэж хэлэн найз  залуу дээрээ очино хайраа гэж хэлсэн. Би уйлж гарч ирсэн чинь найз залуу нь “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Г “яадгын наадахыг чинь алсан байхад араас нь нэхээд ирэх хүн байхгүй” гэж хэлсэн. Найз залуу нь “би чамайг битгий ингэж бай гэж хэлдэг биз дээ” гэж хэлсэн. Би хоёр давхрын караокений өрөөнөөс цонхоор үсэрч гарч зугтсан...” гэсэн мэдүүлэг  /хх-н 19-20/, шинжээчийн 5849 дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Г-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Гнь хохирогч Ц.Ч-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ч-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчийн хохирол болох 150.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн /хх-н 66/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Г-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Г-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Гнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР