Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 102/2016/1823/и |
Дугаар | 1091 |
Огноо | 2016-06-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1091
Ж.Шархүүгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01823 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Шархүүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Шагдарсүрэнд холбогдох,
Автомашины үнэ 16 500 000 төгрөг, орон сууцны өрөө хөлслөсөн төлбөр 12 900 000 төгрөг, нийт 29 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ж.Шархүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ж.Шархүү
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Ургаа
Хариуцагч: Д.Шагдарсүрэн
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Энхтүвшин
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Шархүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Шархүү миний бие 2011 оны 05 сард Harrier маркийн 78-84 УНО улсын дугаар бүхий машиныг 16 500 000 төгрөгөөр худапдан авсан. Д.Шагдарсүрэнгийн хүсэлтээр 2015 оны 04 сард түүний нэр дээр шипжүүлсэн. Ингэхдээ түүнээс ямар ч мөнгө төгрөг аваагүй. Улмаар Д.Шагдарсүрэн нь миний орон сууцны 2012, 2013 оны зээлийн хүүг өөрөө төлсөн мэт ойлгуулаад байгаа нь худал бөгөөд миний банкинд тушаагаад ир гэж явуулсан мөнгийг өөрийн нэрийн өмнөөс хийсэн болж шүүхэд гомдол гаргаж надаас мөнгө нэхэж байгаа нь хууль бус юм. Иймд хариуцагч Д.Шагдарсүрэнгээс машины үнэ болох 16 500 000 төгрөгийг гаргуулан өгнө үү.
Иргэн Д. Шагдарсүрэн нь 2011 оны 3 дугаар сараас манай гэрт амьдарсан боловч 2011 оны 8 дугаар сарын 17-нд манай ам бүлд албан ёсоор орж бүртгэлийн хаягаа шилжүүлсэн. 2011 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 4 жил буюу 48 cap манай 2 өрөө байранд амьдарч байсан. Энэ бүх хугацаанд дулаан байр тохилог тавилга, ор дэр, өмсөх хувцасыг нь бэлдэж хоолыг нь тогтмол хийж тайван амгалан, өвчин зовлонгүй, эрүүл саруул амьдруулсаар ирсэн. Би өөрийн эзэмшлийн 16 500 000 төгрөгөөр авсан УНО 78-84 улсын дугаартай шаргал өнгөтэй Harrier маркийн машинаа Д.Шагдарсүрэнгийн нэр дээр шилжүүлсэн. Мөн хамтран амьдрахдаа авсан хөргөгч, тоос сорогч зэргийг өгч хөдлөх хөрөнгөтэй болгосон. Миний харамгүй цагаан сэтгэл гаргаж байгаа байдлыг ар гэр ах дүү.найз нөхөд хамт олон гэрчилнэ. Бид хоёр нэг байгууллагад нэг дор ажиллаж дотносон хамтран амьдарсан. Би Д.Шагдарсүрэнгийн манай гэрт амьдарсан 4 жил 43 сарын хугацааны орон сууцны хөлсийг хажуу өрөөгөөр тооцон 43x300 000=12 900 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2 өрөө орон сууц учраас хажуу өрөөний хамгийн бага ханшаар тооцсон. Мөн хаягийн бүртгэл хийгдээгүй үеийн 5 cap буюу 1 500 000 төгрөг, эдлэж хэрэглэж байсан хувцас, хоол хүнс, гэрлийн хөлс зэргийг оруулаагүй тооцсон байгаа. Яагаад энэ бүх хугацааны зардлыг нэхэмжлэх болсон шалтгаан нь 2015 оны 4 дүгээр сарын 20-нд манай гэрээс явчихаад 4 дүгээр сарын 21-нд гэнэт надаас 21 700 000 төгрөгийг ямар ч шалтгаангүйгээр нэхэмжилсэн. Миний банкинд тушаа гэсэн мөнгийг өөрийн нэрээр тушаан намайг баримтгүйг олзлон хэлмэгдүүлж намайг хохироох гэж зүтгэж байгаа. Миний хүүгийн намар америкаас авчирч өгсөн цагийг ажил тарах үед нь хүмүүс дээрэмдсэн, энэ хүмүүсийг намайг явуулсан гэж гүтгэж цагдаад өгсөн. Ийм хүний мөсгүй зан гаргаж байгаа, надад болон миний ах, дүүд муу санаа өвөрлөж байгаагаа удаа дараа үйлдлээрээ харуулсан учраас би энэ хүнтэй амьдрах нөхцөл байхгүй болсон. 2014 оны 8 дугаар сард би амралтыг нь хөөцөлдөж авч өгөөд манай ээж, ах, дүү нар луу явсан. Ирэхдээ төрсөн эгчийнхээ нөхрийг авч явахаар болсон, гэтэл Д.Шагдарсүрэн гэнэт өглөө нь босож хувцасаа өмсөөд юу ч дуугарахгүй гарч яваад 3 хоног таг чимээгүй алга болчихсон.
Хариуцагч Д.Шагдарсүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хамт амьдарч байх хугацааны дээрх зардлууд болох 12 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Би машинаа 16 500 000 төгрөгөөр Э.Азжаргалаас 2011 оны 5 дугаар сарын 20-нд авсан. Банкнаас 14 400 000 төгрөгийг авч, гар дээр бэлэн байсан 2 100 000 төгрөгөө өгөөд авсан. Д.Шагдарсүрэнтэй хамт амьдарч байсан болохоор 2015 оны 4 дүгээр сарын 18-нд нэр дээр нь машинаа шилжүүлсэн. Учир нь машинаа өгчих би танайхаас явья, өөр очих газаргүй гэсэн юм. Тэгэхлээр нь ядаж машиндаа хонож байг гээд өрөвдөөд өгсөн. Гэхдээ Тээврийн хэрэгслийг шилжүүлэх маягт дээр гарын үсгээ зураагүй учраас хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Харин чамаас салвал хамт амьдарсан хугацааны байрны мөнгийг хажуу өрөө хөлсөлснөөр тооцож өгье гэж байсан болохоор нь өрөө хөлслөсний мөнгийг нэхэмжилж байна.
Баянгол дүүргийн 62 дугаар байр 18 тоотод бүртгэлтэй 2 өрөөний 1 өрөөг хөлслүүлснээр тооцож 2011 оны 8 дугаар сарын 17-ноос 2015 оны 4 сарын 20-ныг хүртэл 4 жил 48 сарыг 300 000 төгрөгөөр тооцож 12 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харин машинаа зүгээр л буцааж авмаар байна, хамт амьдрахгүй болсон, бас надаас мөнгө нэхсэн учраас буцааж авья гэж бодсон. Уг нь очих газаргүй гэхээр нь өгсөн юм. Тиймээс машины үнэд 16 500 000 төгрөгийг, нийт 29 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Шагдарсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Шархүү бид хоёр 2011 оны 3 сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн ба 2011 оны 05 сард би Harrier маркийн суудлын авто машин худалдан авахаар болж Материал импекс компаний талбайд Японоос орж ирж буй машин буулгаж байхад нь очиж уг машиныг зарах гэж байгаа залуутай уулзан үнэ өртгийг ярьж тохироод явсан. Энэ өдрөө Ж.Шархүүтэй хамт явж энэ машинаа худалдан авсан.
Би машинаа Гурвалжингийн гүүрний баруун урд байдаг "Хөсөг трейд" ХХК-д үзлэг оношлогоонд би өөрийн нэр дээрээ оруулсан. Улсын дугаарыг Ж.Шархүү таньдаг хүнээр гоё дугаар авхуулж өгье гэж ганцаараа явахдаа өөрийнхөө нэр дээр гэрчилгээг гаргуулаад ирсэн. Би хамт амьдарч буй учир гомдоллоогүй тэр хэвээр нь орхисон. Үүнээс хойш би машинаа унаж өөрөө хэрэглэсээр өнөөдрийг хүрч байгаа ба Ж.Шархүү бид хоёр салж тусдаа амьдрах болсон үед 2015 оны 4 сард Ж.Шархүү миний 78-84 УНО улсын дугаартай машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Машины талаар хэн нь ч ямар ч маргаан гаргаагүй. Энэ олон сарын дараа машйныг өөрийнхөө өмч юм шиг мөнгө төгрөг нэхэмжилж буйд гайхаж байна. Нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Ж.Шархүү 12 900 000 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж түүнтэй хамт амьдарсан 4 жилийн хугацаааны орон сууцны хөлсийг нэхэмжилжээ.
Би түүнтэй хамт амьдрахдаа 2 биедээ түшиг болж гэр бүл болохоор тохиролцон нэг гэрт амьдарсан болохоос түүний 1 өрөөг хөлсөлж суухаар амаар болон бичгээр гэрээ хэлцэл байгуулаагүй. Иймд түүний нэхэмжилж буй орон сууцны хөлсийг би төлөх /хажуу өрөөний ханшаар/ эрх зүйн үр дагавар, хуулийн үндэслэл үүсээгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Миний бие 78-84 УНО улсын дугаартай машиныг өөрөө мөнгийг нь төлж худалдан авсан. Худалдан аваад оношлогоог өөрийн биеэр хийлгэж байсан, гэтэл Ж.Шархүү нь номер авч өгнө гэж хэлээд авч яваад өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулчихсан байсан. Би хамт амьдарч байсан болохоор юу ч хэлээгүй, мөн би хамтран амьдарч байх хугацаанд машинаа унаж хэрэглэдэг байсан. Тэгээд бид хоёр тусдаа амьдрах болоход өөрөө л өөрийнхөө машиныг ав гэж өгсөн. Тиймээс би өөрийнхөө зүйлийг авсан учраас мөнгийг нь төлөх үндэслэлгүй. Бид 2011 оны 3 сараас нийлж, нэг гэрт амьдарсан. Салах болвол хажуу өрөө хөлсөлснөөр тооцож мөнгийг чинь төлнө гэж хэлээгүй, сална гэж амьдардаг хүн байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Шархүүгийн хариуцагч Д.Шагдарсүрэнд холбогдуулан гаргасан 29 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 461 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Шархүү давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болсон 12 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буй шийдвэрт гомдохгүй бөгөөд зөвхөн өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлснээ буцаан шаардаж буй нэхэмжлэлийн хувьд гомдол гаргаж буй болно. Анхан шатны шүүх иргэний хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгч Ж.Шархүү миний бие нь хариуцагч Д.Шагдарсүрэнтэй 2011 оны 03 дугаар сараас хамтран амьдарч нэг гэрт орсон бөгөөд таарч тохирохгүйн улмаас 2015 оны 04 дүгээр сараас тус тусын амьдралаар амьдарч эхэлсэн.
Би өөрийн эзэмшлийн УНО 78-84 улсын дугаартай Harrier маркийн автомашиныг 2015 оны 04 дүгээр сард Шагдарсүрэнгийн нэр дээр шилжүүлж өгсөн.
Анхан шатны шүүх нь дүгнэхдээ УНО 78-84 улсын дугаартай Harrier маркийн автомашин нь Ж.Шархүү миний өмч байсныг нотлон дүгнэсэн ба хариуцагч Шагдарсүрэнг өөрийнхөө мөнгөөруг автомашиныгхудалдан авсан гэх нотлох баримт байхгүй буйг нотлон дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэж буй нь үндэслэлгүй юм.
Ингээд тусдаа амьдарч эхэлснээсээ хойш хариуцагч Шагдарсүрэн нь Шархүү миний байрны лизингийн мөнгийг надаас авч миний зээлийг банкинд аваачин тушааж байснаа өөрөө мөнгө гаргасан хэмээн үндэслэлгүйгээр нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг хуульчилсан ба 492 дугаар зүйлийн 492.3-д ...үйлдэл эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж заасан ба тухайн хариуцагч Шагдарсүрэн нь миний эсрэг нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь миний хүсэл зоригт нийцэхгүй буй тул өөрийн шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан өөрийн эзэмшлийн хөрөнгө УНО 78-84 улсын дугаартай Harrier маркийн автомашиныг буцаан гаргуулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ж.Шархүү нь хариуцагч Д.Шагдарсүрэнд холбогдуулан автомашины үнэ 16 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж орон сууцны өрөө хөлслөсөн төлбөр 12 900 000 төгрөг, нийт 29 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-гээр нэхэмжлэгч Ж.Шархүү нь иргэн Э.Азжаргалаас 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Toyota Harrier” маркийн шаргал өнгөтэй, автомашиныг 10 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг нь 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон болох нь дээрх гэрээ, нэхэмжлэгч Ж.Шархүү болон Э.Азжаргал .нарын иргэний үнэмлэхний хуулбар, авто тээврийн газрын тээврийн хэрэгсэл бүртгэх маягт зэрэг баримтаар нотлогдсон, уг автомашин худалдах, худалдан авах гэрээнд машины үнийг 10 000 000 төгрөг гэсэн боловч зохигчид 16 500 000 төгрөгөөр худалдан авсан талаар хэн аль нь маргаагүй байна. /хх 32-35/
Хариуцагч нь 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 6 000 000 төгрөгний зээл, мөн Б.Болормаад зээлсэн мөнгө болох 4 200 000 төгрөгийг буцаан авч 2011 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Toyota Harrier маркийн машиныг худалдан авсан, энэ нь оношлогооны баримтаар нотлогдоно гэж тайлбарлаж байгаа хэдий ч анхан шатны шүүх хариуцагчийг уг мөнгөөрөө автомашин худалдан авсан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Автотээврийн Үндэсний төвийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №23466-т "эзэмшигч иргэн Д.Шагдарсүрэн, 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдөр" гэж бүртгэгдсэн боловч “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г нэхэмжлэгч Ж.Шархүү нь Э.Азжаргалтай байгуулсан, Автотээврийн Үндэсний төвийн бүртгэлийн хэлстийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн лавлагаанд “78-84 УНО улсын дугаартай, шаргал өнгөтэй 2001 онд үйлдвэрлэгдсэн Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэл Ж.Шархүүгийн нэр дээр шилжиж тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар авч байсан нь үнэн болно" гэсэн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.Шархүүг уг машиныг худалдаж авсан, автомашины өмчлөгч гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна. /хх 3, 66, 91, 92/
Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 78-84 УНО улсын дугаартай, Toyota Harrier маркийн машиныг хариуцагчийн өмчлөлд 2015 оны 04 сарын 18-нд шилжүүлэн өгсөн боловч Тээврийн хэрэгслийн бүртгэх маягт дээр гарын үсгээ зураагүй учир хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж, машины үнэ болох 16 500 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д "нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ" гэж зааснаар автомашиныг шилжүүлсэн тул нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага. хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ" гэж заажээ.
Анхан шатны шүүх Тээврийн хэрэгслийн бүртгэх маягтаар 78-84 УНО улсын дугаартай, Toyota Harrier маркийн автомашиныг шилжүүлэхдээ гарын үсэг зураагүй нь хууль зөрчсөн хэлцэлд тооцогдох үндэслэлгүй, тээврийн хэрэгслийн №00890003 дугаарын гэрчилгээнд 78-84 УНО улсын дугаартай, шаргал өнгийн Toyota Harrier маркийн автомашины эзэмшигч буюу өмчлөгчөөр Д.Шагдарсүрэн бүртгэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д "өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр өмчлөх эрх үүснэ" гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Шархүү нь хариуцагч Д.Шагдарсүрэнгийн эзэмшилд 78-84 УНО улсын дугаартай, Toyota Harrier маркийн автомашиныг шилжүүлсэн байх тул Д.Шагдарсүрэнгийн өмчлөх эрх үүсэж, Ж.Шархүүгийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж дүгнэн, нэхэмжлэгч Ж.Шархүүгийн нэхэмжлэлийн шаардлагаас автомашины үнэ 16 500 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Д.Шагдарсүрэнгээс хамтран амьдарч байх хугацааны 4 жил 43 сарын орон сууц хөлслөсний төлбөрийг 12 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь орон сууцны өрөөг хөлслөхөөр тохиролцоогүй гэж маргасан байна.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 104-51 тоотод оршин суудаг, уг орон сууц нь түүний өмчлөлийнх болох нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна. /хх 15, 18/
Зохигчид уг орон сууцанд хамтран амьдарч байсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт өрхийн гишүүдийн үндсэн бүртгэлд Ж.Шархүү, Д.Шагдарсүрэн нар тэмдэглэгдсэн, өрхийн тэргүүлэгчээр Д.Шагдарсүрэн гэж бүртгэгдсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан "Орон сууц хөлслөх гэрээ” байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн хариуцагчаас орон сууцны хөлсөнд 12 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Шархүүгийн төлсөн 240 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН