Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 537

 

Н.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 578 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 847 дугаар магадлалтай, Н.Бд холбогдох 1903007820348 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хантайшир овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Тээврийн прокуророос Н.Бг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Э.Бий өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг хэт зохиомжлон авч үзэж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.20-ны өдрийн 847 дугаар магадлалд “...жолооч Баярхүү нь туслах замаар явж байхдаа гол замын автомашинд зам тавьж өгөх дүрэмтэй боловч “Тоёота приус” загварын 10-64УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд ирж байгаа орон зайнд тохируулан нэгэнт уулзварт нэвтэрч /хх-8/ өөрийн орох урсгалын машины хөдөлгөөнд нийцүүлэн хөдөлгөөнөө саармагжуулсан байгааг хохирогч Э.Б нь харсаар байж замын хөдөлгөөний дүрэм зөрчиж мөргөлдөх нөхцөл байдлыг үүсгэсэн” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдлаас тэс хөндлөн дүгнэлт болжээ. Хавтаст хэрэгт Э.Б мэдүүлэхдээ “гэнэт зам хөндлөн тээврийн хэрэгсэл гарч ирсэн” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд хараад зогсож байсан, уулзвар нэвтрэхдээ эсрэг машин хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг харсан тухай нэг ч мэдүүлэг байхгүй. /Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авдгийг энд дурдах нь зүйтэй/, мөн тус магадлалд “...түүнчлэн Н.Бгийн жолоодож явсан Бейвэн загварын 31-54 УНК улсын дугаартай машин нь гарцаар замд нийлэх хөдөлгөөн хийгээд эсрэг урсгалын хөдөлгөөнд тулж ирээд хурдаа саармагжуулсан, уг машины арын зайгаар явсан “Тоёота приус” загварын 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь тойрон гарах боломжтой байсан, тормос дарж зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг нь замын хөдөлгөөнд оролцохдоо илтэд анхаарал болгоомжгүй явсантай холбоотой байна” гэж дүгнэсэн байх юм. Уулзвар нэвтрэх хөдөлгөөн үргэлжлүүлж байх тохиолдолд тойроод гарах тухай асуудал ярих нь цаг хугацааны бөгөөд хурд, бусад хүчин зүйлийн хувьд бодит байдлаас хол, хэргийн нөхцөл байдалтай үл нийцэх хийсвэр дүгнэлт мөн. Хохирогч өөртөө болон бусдад бага хор хохирол учруулах үүднээс хажуу тийшээ дарсан гэж мэдүүлдэг бөгөөд энэ үйл явц нь Бейвэн загварын том оврын машины арын 3-р тэнхлэг рүү мөргөх шалтгаан болсныг мөн анхаарч үзэх ёстой байсан. Хохирогч удаа дараа өгсөн мэдүүлэгтээ тухайн уулзвар хэсгийн зам бага зэрэг өгсүүр учраас эсрэг талын хөдөлгөөнийг бүрэн хянахад бэршээл учруулдаг тухай дурдсан байдаг, тиймээс уулзвар нэвтэрч байгаа хөдөлгөөнийг бүрэн харж байсан мөртлөө зохих арга хэмжээ аваагүй гэж хохирогчийг буруутгах нь хэт нэг талыг барьсан хэрэг мөн. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтаар буруутгах гэж байгаа бол 2 талын жолоочийг адилхан буруутгах хэрэгтэй. Энэ хэргийн улмаас хохирогчид эдийн болон бие сэтгэл зүйн багагүй хохирол учирсныг харгалзан үзэх учиртай. Давж заалдах шатны шүүх дүгнэлтэндээ Замын хөдөлгөөний дүрмэнд ингэж заасан байх боловч шүүгдэгч хангалттай буруутай болох нь нотлогдохгүй байна гэж удаа дараа үзжээ. Замын хөдөлгөөний дүрэм болон хэргийн нөхцөл байдлыг зохиомжлон авч үзэж санаан зоргоор дүгнэх эрх хэнд ч байхгүй болно. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.20-ны өдрийн 847 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэлдээ: “Н.Б нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний 19 цаг 08 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон” зуурмагийн үйлдвэрийн гарц замд “Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Бий жолоодож явсан “Тоуоta Prius” маркийн 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Э.Бий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж гаргасан 578 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 578 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн 847 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэж заасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-12 дугаар хуудас/, хохирогч Э.Бий “...миний урдуур “Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай автомашин гэнэт зүүн гар тийш эргэх гээд гараад ирсэн. Тэгээд л би тоормоз гишгэх хооронд л түс тас гээд л мөргөлдсөн. ...Зогсоох арга хэмжээ авах ямар ч боломж байхгүй байсан, тулаад л ороод ирсэн учир... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 312 дугаар “...1. “Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. “Тоуоta Prius” маркийн 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй...” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд туслах замаас орж ирсэн “Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь, гол замаар яваа “Тоуоta Prius” маркийн 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой байтал, гол замаар явж байсан, давуу эрх бүхий “Тоуоta Prius” маркийн 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй, гэнэт зүүн гар тийш эргэх үйлдэл хийснээс энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон. Гэтэл Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, туслах замаас гэнэт орж ирсэн “Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг “шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж...” гэж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогч ухаангүй, гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь хол буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон”-гийн замд, хэргийн газарт үзлэг хийх цагдаагийн бүрэлдэхүүн ирэх хүртэл “Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл урагшилж зогссон байх боломжтой. Өөрөөр хэлбэл хэргийн газрын ул мөрийг зохиомлоор үүсгэх боломжтой. “Веiben”  маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэнэт орж ирсэн учир хохирогч тээврийн хэрэгслээ дагуулж дарснаас шалтгаалж “Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд дугуйг мөргөсөн байх боломжтой. Гэнэт орж ирэхээр нь сандрахдаа хаашаа, яаж ч дарахыг урьдчилж төсөөлөх аргагүй юм. Уг замд тээврийн хэрэгсэл ороод ирсэн байхад хохирогч харсаар байгаад, өөрийгөө эрсдэлд оруулан байж, очиж мөргөх шаардлага юу байхав. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч мөрдөгчийн магадлагааг зөвшөөрөөгүй, хохирогчийг хурд хэтрүүлж явж байсан гэдэг. Хэрэв хохирогч хурд хэтрүүлж явсан гэж таамаглавал үүнийг тусгай мэдлэг бүхий шинжээч л хурдыг тогтооно. Бид таамаглалаар хэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй, эргэлзээтэй бүх нотлох баримтуудыг нэг мөр шалгаж, тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байтал хэт нэг талыг барьсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч, улсын яллагч нарыг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн /Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан зарлагдсан цагтаа эхлээгүй, нэг цаг гарангийн дараа /талуудад цагийг буруу, зөрүү хэлж мэдэгдсэн/ энэ талаар улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдлыг бичгээр гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу аваагүй байна. Энэ мэтчилэн шүүх дур зоргоороо аашилж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байгаад туйлын харамсалтай байна. Хэргийг анх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 сарын 10-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, “...энэ хэргийн хувьд хүнд даацын уг тээврийн хэрэгсэл нь гэнэт гарч ирэх буюу хохирогчид гэнэт харагдах нөхцөл байдал бодитой байсан эсэхийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасны дагуу туршилт хийж:

- “Норд Бенз” маркийн “Веiben” загварын ачаатай хүнд даацын тээврийн хэрэгсэл нь хэргийн газрын үзлэгийн гэрэл зурагт үзүүлсэнчлэн өгсүүр байдлаар зорчих хэсэг рүү дээд тал нь ямар хурдтай нэвтэрч орох боломжтойг тогтоох;

- Энэ хэргийн хохирогчийн хувьд тухайн замд үзэгдэх ижил нөхцөлд ““Веiben” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг ямар зайнаас харах боломжтой болох;

- Хохирогчийн тээврийн хэрэгсэл 50 км/цаг хурдтай явж байгаад зогсоох арга хэмжээ авахад ямар зайд зогсож байгааг тус тус шалгаж тогтоох шаардлагатай.

- Ийнхүү хэргийн үйл явдлыг үндэслэл бүхий сэргээн дүрсэлж, шалгаж тогтоосны эцэст хэний үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоосны үндсэн дээр хэргийн материалаар шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит үнэнийг тогтоох зарчимд нийцнэ.” гэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2213 дугаар захирамж гаргасан. Улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2213 дугаар захирамжийг эс зөвшөөрч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 6 сарын 11-ний өдөр 30 дугаартай эсэргүүцэл бичсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд “...Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд мөрдөгч магадлагаа гаргаж, хэргийн оролцогч нарт танилцуулан гарын үсэг зурагдсан /хх21-22/ байх бөгөөд мөрдөгчийн магадлагааг эс зөвшөөрч, дахин шинжээч томилуулах талаар талуудаас ямар нэгэн гомдол, санал гаргаагүй байна...” прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 2213 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Уг захирамжинд “...2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 20 дугаар хуудас) гаргасныг шүүх ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тул уг магадлагааг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм...” гэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн байтал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд уг хэргийн нотлох баримт болох мөрдөгчийн магадлагааг үнэлэхгүйгээр 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 578 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 578 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 847 дугаар магадлал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шинжилгээ хийлгэх журмыг хуульчлахдаа “1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ...тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх... шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 578 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 847 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан, прокурорын яллах нотлох баримт болох мөрдөгчийн магадлагааг няцаан үгүйсгэж хууль зүйн дүгнэлт хийгээгүй цагаатгах тогтоол гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх мөн дүгнэлт хийгээгүй цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Мөрдөгчийн магадлагааг зам тээврийн ослын хэргүүдэд Тээврийн цагдаагийн албанаас бичиж хэвшиж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл шинжээч томилох боломжтой. Энэ хэрэгт шинжээч томилоогүй байна. Шүүх мөрдөгчийн магадлагаанд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн оролцогч нарын гомдол тасрахгүй байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан гомдол болон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Н.Бг 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 08 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон” зуурмагийн үйлдвэрийн гарц замд “Beiben” маркийн 31-54 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Бий жолоодож явсан “Toyоta Prius” маркийн 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Э.Бий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 Шүүхийн тогтоосон хэргийн нөхцөл байдлаас харахад Н.Б нь “Beiben” маркийн 31-54 улсын дугаартай, том оврын тээврийн хэрэгслийг жолоодон Сонсголон бетон зуурмагийн үйлдвэрийн гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй өгсөж, эсрэг хөдөлгөөнтэй зорчих хэсгийн уулзвар руу нэвтэрч хойд зүг эргэхээр урагшилж байхад нь “Тоуоta Prius” маркийн 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Н.Бгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуйг мөргөж, үүний улмаас биедээ хүндэвтэр хохирол авсан үйл баримт нотлогдсон байх бөгөөд хохирогчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцэлд хэргийн үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх эрхгүй тул хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаярын гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан хохирогч Э.Бий “...миний урдуур “Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай автомашин гэнэт зүүн гар тийш эргэх гээд гараад ирсэн. Тэгээд л би тоормоз гишгэх хооронд л түс тас гээд л мөргөлдсөн. ...Зогсоох арга хэмжээ авах ямар ч боломж байхгүй байсан, тулаад л ороод ирсэн... ” гэх мэдүүлгийг бусад нотлох баримтаас ач холбогдолтойд тооцож, улмаар “Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогч ухаангүй, гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь хол, ... хэргийн газарт үзлэг хийх цагдаагийн бүрэлдэхүүн ирэх хүртэл “Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл урагшилж зогссон байх боломжтой. Өөрөөр хэлбэл хэргийн газрын ул мөрийг зохиомлоор үүсгэх боломжтой. “Веiben”  маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэнэт орж ирсэн учир хохирогч тээврийн хэрэгслээ дагуулж дарснаас шалтгаалж “Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд дугуйг мөргөсөн байх боломжтой.” гэсэн прокурорын эсэргүүцэлд бичсэн таамаглалыг хяналтын шатны шүүх баталгаажуулж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтыг үгүйсгэх замаар хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгч “1. “Веiben” маркийн 31-54 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. “Тоуоta Prius” маркийн 10-64 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй...” /хх-ийн 20/ гэсэн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 312 дугаар магадлагаа гаргахдаа тухайн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон нөхцөл байдалтай зөрчилдсөн дүгнэлт хийсэн, өөрөөр хэлбэл хоёр тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэгийг тогтоосон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад “Веiben” маркийн тээврийн хэрэгсэл уулзварт нэвтэрч, эсрэг урсгалд орохын өмнө Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл нь “Веiben” маркийн тээврийн хэрэгсэлийн баруун хойд талын дугуйг мөргөсөн нь тогтоогдсон байх тул мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаярын гомдол болон прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 578 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 847 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдол, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР