Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/0030

 

Б.Б-гийн гомдолтой,

НОБГ-ын ГТТХ-ийн ГТХ-ын УБ-ид

 холбогдох зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг,

Шүүгчид:                                    Г.Банзрагч,

                                                    М.Батсуурь,

                                                    Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                            П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:              Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0030697 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, хохирлын хэмжээг багасгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0609 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 614 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагч Э.Түвшин нарыг оролцуулж,

Гомдол гаргагч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0609 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-гийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, НОБГ-ын ГТТХ-ийн ГТХ-ын УБ-ийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0030697 дугаар шийтгэлийн хуудсаар хохиролд төлүүлэхээр тогтоосон 22,236,213 төгрөгийн төлбөрийн хэмжээг 8,113,343 төгрөгөөр багасгаж, хохирлыг 14,022,874 төгрөгөөр тогтоож, гомдлын шаардлагаас улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0030697 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 614 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 609 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасныг шүүх хэрэглээгүйгээс НОБГ-ын ГТТХ-ийн ГТХ-ын УБ-ийн буруу хүнд хариуцлага ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгоогүй гэж үзэж байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол...” гэж заасан.

4. Мөн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараах үүрэг хүлээнэ” гэж 17.2.4-т “ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх”, 17.2.6-д “гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах”, 17.3-т “Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна” гэж тус тус хуулийн этгээд буюу байгууллагын удирдлагад үүрэг ногдуулсан.

5. Б.Б- нь “Баясах трейд” ХХК-ийн сахиул ажилтай 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ХГ17 дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан байсан. Б.Б- нь тухайн үед сахиулын үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд ажлын байрын тодорхойлолтын дагуу манаж буй объектынхоо хогийг цэвэрлэн зайлуулдаг байсан. Өдөр бүр хог цэвэрлэж зайлуулсан тухай ажлын мэдээгээ удирдлагадаа өгч байсан. Ийнхүү өөрийн ажил үүргээ гүйцэтгэж Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны аманд байрлах “Баясах трейд” ХХК-ийн газар бүхий объектын хогийг цэвэрлэж, ажлын хувцсаа хамт шатаасан байдаг. Гал гарсан газар хийсэн үзлэгээр Рафинированнос масло гэх бичигтэй тосны сав, юуных нь мэдэгдэхгүй яс, үнс нурам зэрэг зүйл олдсон нь зөрчлийн ажиллагааны баримтуудад дурдагдсан байдаг. Гэтэл “Баясах трейд” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мануулж уг объектод гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэргийг байрлуулаагүй, ажилтандаа хөдөлмөрийн болон галын аюулгүй байдлын заавар зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй байснаас үүдэлтэйгээр байгаль орчинд өндөр хэмжээний хохирол үүсэх нөхцөл байдал үүссэн байхад бүх хохирлыг ажилтан Б.Б-гаас гаргуулах шийтгэл ногдуулсан огтхон ч үндэслэлгүй, шударга бус юм. Хэрэв гал түймрийн үед унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бодисыг байрлуулсан байсан бол даруй арга хэмжээ авч галыг унтрааж байгаль орчны хохирлыг үүсгэхгүй байсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан болон шүүхээс энэ нөхцөл байдлыг үнэлж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаагүйд гомдолтой байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Гэтэл шүүхээс хуульд заасан дээрх үүргээ биелүүлж, бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шийдвэрлэсэн нь 128/ШШ2020/0609 дугаар шийдвэр, 614 дүгээр магадлал гарахад нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл шүүх эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үнэн зөв явагдсан эсэх, хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгалгүйгээр, “Баясах Трейд” ХХК-ийн хуулиар хүлээсэн үүргийг тодруулахгүйгээр, холбогдох нотлох баримтыг цуглуулахгүйгээр шийдвэрлэсэн байна.

7. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 609 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 614 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдол гаргагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

9. Гомдол гаргагч Б.Б- нь Нийслэлийн Онцгой байдлын газрын, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0030697 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, хохирлын хэмжээг багасгуулах шаардлага гаргасан бөгөөд уг шийтгэлийн хуудсаар “галын аюулгүй байдлыг хангаагүйгээс гал алдаж, түймэр гаргасан” гэх үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгож, 22,236,213 төгрөгийн хохирол гаргуулахаар тогтоожээ.

10. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, энэ тохиолдолд Б.Б- нь галын аюулгүй байдлыг хангаагүйгээс гал түймэр гаргасан зөрчил үйлдсэн болох нь түүний “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчим жалганд хувцсаа шатааж байгаад гал алдаж, уулын энгэр тэр чигтээ шатаж эхэлсэн” гэх тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

11. Гомдол гаргагчийн ““Баясах трейд” ХХК галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, гал түймрээс хамгаалах багаж хэрэгслээр хангаагүй” гэх гомдлын тухайд: Б.Б- нь тус компанид сахиулаар ажиллаж байсан бөгөөд гал алдах үед компанийн удирдлагын заавраар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгээгүй буюу “Баясах трейд” ХХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалан гал гараагүй тул гомдол гаргагчийн “буруу хүнд хариуцлага ногдуулсан” гэсэн гомдол үндэслэлгүй.

12. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж зааснаар зөрчлийг Б.Б- гаргасан тул түүнд шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн, иймээс “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг хэрэглэх” тухай гомдол үндэслэлгүй, зөрчил гаргагч нь хуучин хувцас шатаах явцдаа гал алдсан болох нь тогтоогдсон тул компанийн үйл ажиллагаанд хамааралгүй байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах болохгүй” гэж заасан, энэ маргааны тохиолдолд зөрчил шалгах ажиллагааны явцад гомдол гаргагчаас “компани гал түймрээс хамгаалах багаж хэрэгслээр хангаагүй” гэж маргаж байгаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх 3.1 дүгээр зүйлийн 2.5-д “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах” гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй, мөн анхан болон давж заалдах шатны шүүхэд энэ үндэслэлээр маргаагүй тул хяналтын шатны шүүхэд энэ үндэслэлээр гомдол гаргах нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй. 

14. Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0609 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 614 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ