Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00002

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

“Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Гадаадын иргэдийг бүртгэлд хамруулах тухай 11 дүгээр тогтоол, уг тогтоолыг үндэслэн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Сувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дагвадорж, түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Гадаадын иргэдийг бүртгэлд хамруулах тухай” 11 дүгээр тогтоолыг баталсан. Тухайн тогтоолыг үндэслэн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Золзаяа, аймгийн Авто тээврийн төвийн дарга З.Дарьсүрэн, Ханх дахь Хилийн 0117 дугаар заставын дарга, ахмад Ц.Алтанбаатар нар хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулан одоо хүртэл уг тогтоол, гурвалсан гэрээ тухайн сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа нь хууль бус үйл ажиллагаа бөгөөд иргэдийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөөр байна. ... аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч О.Амарсайхан Ханх сумын Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын төвлөрүүлэлт, зарцуулалтын үйл ажиллагаанд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрийн хооронд шалгалт хийн зөрчлийг илрүүлэн Улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 36-07/68 дугаар актыг гаргасан. ... Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Гадаадын иргэдийг бүртгэлд хамруулах тухай” 11 дүгээр тогтоол нь “Төсвийн тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.8.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 заалт, 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын 1.1.12, 1.1.14 заалт, Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Иймд Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Гадаадын иргэдийг бүртгэлд хамруулах тухай” 11 дүгээр тогтоол, уг тогтоолыг үндэслэн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг тус тус хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Улсын тэмдэгтийн хураамжийн хувь,хэмжээг тогтоох тухай” 199 дүгээр хавсралтийн Нэг-ийн 1.1. заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10,6-д заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд зөвшөөрөл, виз олгох, түүнийг бүртгэхэд тэмдэгтийн хураамж хураахаар зааж, хувь хэмжээг гадаадын иргэнийг бүртгэхэд 1000 төгрөг, орон нутагт явахад зөвшөөрөл олгоход 1000-2000 төгрөг байна гэж заасан байдаг. Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ-ийн 11 дүгээр тогтоолоор баталсан завьтай иргэдээс хураамж авахтай холбоотой асуудлыг бид хөндөөгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд уг зохицуулалтыг Засгийн газар тогтооно гэж заасан заалтыг зөрчиж Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргасан байдаг. Гадаадын иргэдээс орох орлого нь төсвийн орлого байх ёстой. Түүнээс орсон орлогыг төсөвт хэрэглээгүй хувь хүн авч хэрэглэсэн байдаг гэв.

Хариуцагч Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Л.Дуламхүү  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувдын захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг авч хэлэлцээд:

Ханх сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6.12-д “Гадаадын иргэдийг бүртгэхэд 2500 төгрөг гэж, 10.6.14-д “Гадаадын иргэн орон нутагт зорчиход 2500 төгрөг” гэж тогтоосон заалтыг  зөрчөөгүй байна” гэж үзээд хэвээр үлдээж, уг тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шинээр тогтоол  батлан гаргасан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Ханх сумын ИТХ-ын Тэргүлэгчдийн тогтоол нь бараг 2006 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн. Тухайн үеийн Засаг дарга 2500 төгрөг хурааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлж ирсэн. Үүний дагуу манай сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2500 төгрөгийг хураамж хураахаар тогтоол гаргасан. Манай нутаг дэвсгэрт олон Орос улсын иргэд ирж, хог хаягдал хаядаг. Тиймээс гадаадын иргэдээс мөнгө авч сум орон нутагтаа орлого оруулах нь зүйтэй гэж үзсэн. Сумын ИТХ-ын тогтоолыг өөрчлөхөөр 2016 онд ИТХ-н хуралдаанд оруулж ирсэн. Үүний дагуу саналаа ярилцсан. Энэ хуралдаанаар уг тогтоолыг хүчингүй болгох тухай асуудал яригдсан ч гэсэн, сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө энэ тогтоолоо хэвээр үлдээхээр болсон. Манай ИТХ-ын Тэргүүлэгчид бид хууль зөрчөөгүй. Бид Улсын тэмдэгтийн тухай хууль тогтоомжийг үндэслэж л тогтоосон шүү дээ. Шинэ Хурлын Тэргүүлэгчид уг тогтоолыг хэлэлцээд 2 дахь заалтыг хүчингүй болгосон гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талд ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй. Үндсэн хуульд заасан зарчмаас улаабаалаад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, түүний хэвлий, байгалийн нөөц баялаг, орон нутгийн өмч, бүх төрлийн өмчийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогоос бий болсон хуримтлал, албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ гэж заасан байдаг. Үүнийгээ хэрэгжлүүлэх бодит чадвар нь Төсвийн тухай хуулиар хязгаарлагдсан байдаг. Энэ нь өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн хууль юм. Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэглэж болохгүй. 1000-2500 төгрөг бол Засгийн газраас тогтоосон үнэ шүү дээ. Засгийн газраас тогтоож болно гэснээс бусад байгууллагын зүгээс тогтоож болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэв. 

                                                               ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Гадаадын иргэдийг бүртгэлд хамруулах тухай” 11 дүгээр тогтоол, уг тогтоолыг үндэслэн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Гадаадын иргэдийг бүртгэлд хамруулах тухай” 11 дүгээр тогтоол гарган,

1 дэх  заалтаар: Ханх сумын нутаг дэвсгэрт Ханх-Мондын боомтоор дайран өнгөрч байгаа ОХУ-ын жуулчид, иргэнээс авах хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар:

а/. Гадаадын иргэнийг бүртгэхэд 2500 төгрөг,

б/.Орон нутагт зорчиход 2500 төгрөг,

 г/.Автомашин, моторт завь тус бүр 12 000 төгрөг” гэж баталж,

            2 дахь заалтаар: Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахын тулд Хөвсгөл аймгийн Автотээврийн төв, Ханх дахь Хилийн цэргийн салбар, сумын Засаг даргын Тамгын газрын хамтарсан гэрээ байгуулж ажиллахыг зөвшөөрч... шийдвэрлэжээ.

Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд  3 байгууллага 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулжээ.   

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын удирдлагын зарчмаар үйл ажиллагаа явуулдаг, бүрэн эрхийн хүрээнд хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргахдаа тухайн хуралдаанд

оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталдаг нутгийн өөрөө удирдах ёсны  байгууллага бөгөөд түүний бүрэн эрхийг сумын Хурлын Тэргүүлэгчид нь дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлэх бүрэн эрхийг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д  зааснаар олгосон байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар 18.1.2.г/-д “тухайн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф үндэслэлтэй эсэхийг хянах, журам тогтоох” гэж,  18.1.2.ж/-д “бүс нутгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй хамтран ажиллах тухай гэрээ, хөтөлбөр , бусад баримт бичгийг батлах” гэж, 18.1.2.з/-д “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах” тухай бүрэн эрхийг  ...Сумын  Хурлын Тэргүүлэгчдэд олгогдсон байна.

Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4.1.2, 10 дугаар зүйлийн 6.12,14 дэх заалтуудыг үндэслэн дээрхи тогтоолыг гаргасан хууль зөрчөөгүй гэж маргаж байгаа боловч,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”энэ хуулийн ...10.6... зүйлд заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Улсын тэмдэгтийн хураамжийн хувь,хэмжээг тогтоох тухай” 199 дүгээр хавсралтийн Нэг-ийн 1.1. заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10,6-д заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд зөвшөөрөл, виз олгох, түүнийг бүртгэхэд тэмдэгтийн хураамж хураахаар зааж, хувь хэмжээг гадаадын иргэнийг бүртгэхэд 1000 төгрөг, орон нутагт явахад зөвшөөрөл олгоход 1000 төгрөг  гэх зэрэг тогтоож, энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

Гэтэл  Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь өөрийн эрх хэмжээгүй буюу чиг үүрэгт нь үл  хамаарах асуудлаар дээрхи захиргааны акт гаргасан нь дээрхи  хуулиудыг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт гаргасан байна. 

Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д  “... захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хэдийд ч гомдол болно” гэж  заасан тул “нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдлоо гаргаагүй” гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувдын захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг авч хэлэлцээд:

Ханх сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6.12-д “Гадаадын иргэдийг бүртгэхэд 2500 төгрөг гэж, 10.6.14-д “Гадаадын иргэн орон нутагт зорчиход 2500 төгрөг” гэж тогтоосон заалтыг  зөрчөөгүй байна” гэж үзээд хэвээр үлдээж, уг тогтоолын 2 дах заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шинээр тогтоол  батлан гаргасан болно,  энэ тогтоолтой нэхэмжлэгч гомдол гаргаагүй” гэж тайлбарлах боловч  Захиргааны  ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “Захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол уг захиргааны акт нь илт хууль бус акт болох ёстойг  заажээ.

Иймээс Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан учир   Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Гадаадын иргэдийг бүртгэлд хамруулах тухай” 11 дүгээр тогтоол нь илт хууль бус акт болох нь тогтоогдсон  тул түүнийг хүчингүй болгох шаардлагагүй, харин илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох нь зүйтэй  гэж шүүх дүгнэлээ. 

Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Гадаадын иргэдийг бүртгэлд хамруулах тухай 11 дүгээр тогтоолын 2 дах заалтыг үндэслэн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” нь илт хууль бус актыг үндэслэн гарсан учраас түүнийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3,106.3.1, 106.3.2, 106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ханх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Гадаадын иргэдийг бүртгэлд хамруулах тухай” 11 дүгээр тогтоол /захиргааны акт/-ыг  илт хууль бус болохыг тогтоож, уг  илт хууль бус актыг үндэслэн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН