Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 872

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.     Шүүгдэгч Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

3.     Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

4.     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.     Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

6.     Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч В.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Олхинууд овогт Ванчиндоржийн Бид холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 Бид холбогдуулж ирүүлсэн эрүүгийн 1805051040996 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч В.Б нь согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Эргэн дурсахуй баарны үүдэнд маргааны улмаас хохирогч Ц.Оыг нүүр болон цээжинд нь цохиж биед нь баруун 6, 7 дугаар хавирганы далд хугарал, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд би үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 2 сая төгрөг өгсөн. Бид сайн дураараа эвлэрсэн. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэв. 

 

        Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.О мөрдөн байцаалтанд “ Би 2018 оны 9 дүгээр сарын 27-нд хамаатны дүү Баянцогтын хурим болоод тэрийг тараад орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Эргэн дурсахуй” бааранд ээж, ах, дүү нарын хамтаар долоо, наймуулаа орсон. Тэндээ ороод бид нар 1 шил 0,75 литрийн архи ундаа, ус захиалж ууж сууцгаасан. Тэгээд шөнө 01 цагийн үед би тамхи татах гээд баарны үүд рүү гарсан. Тэгэхэд тэнд байсан биерхүү согтуу залуу үг өдөөд байхаар нь би нээх тоогоогүй. Тэгэхэд манай дүү Батбилэг араас гарч ирээд хамт тамхи татахад манай дүү рүү нөгөө залуу юм яриад хэрүүл өдөөд байхаар нь би тэр залууд хандаж манай дүү байгаа юм чи боль гэсэн. Тэгэхэд найз нь бололтой нэг залуу гарч ирээд манай дүүтэй хэрүүл хийгээд зууралдаад авахаар нь би очоод болиулах гэтэл нөгөө биерхүү залуу намайг эрүү рүү нэг цохиод, үргэлжлээд цээж рүү 2, 3 удаа гараараа цохьсон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс ирээд салгасан. Тэгээд би 102-т дуудлага өгөөд, удалгүй цагдаа нар ирээд уг залуучуудыг бариад авсан. Тэр залуугийн биерхүү нь нэлээд халамцуу байсан. Сүүлд гарч ирдэг нь гайгүй харагдсан. Манай дүү Батбилэг халсан байсан. Харин би бага зэрэг халамцуу байсан. Намайг гадаа тамхи татаад зогсож байхад гадаа тамхи татаад зогсож байсан биерхүү залуу нь хэрүүл өдөөд, хүнтэй андуураад байх шиг байсан. Тэгээд хамт явж байсан залуу нь гарч ирээд манай дүүг зуураад авсан. Тэр хоёр залуугийн бор царайтай биерхүү залуу нь намайг гараараа эрүү рүү 1, 2 удаа цохиж, цээж хэвлий хэсэг рүү 2, 3 удаа гараараа цохьсон. Тухайн үед би амьсгал авахад эвгүй болоод доошоо суусан. Тухайн үед манай дүү Батбилэг, нөгөө биерхүү залуугийн найз нь гэх залуу бас байсан. Манай дүү Батбилэгтэй нөгөө найз нь гэх залуу зууралдаж заамдаж байсан. Манай дүүг цохиж зодсон асуудал байхгүй. Миний биед хавирга хугарсан байгаа. Уг залуу миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна гэсэн. Миний зүгээс гомдол санал байхгүй. /хх-ийн 9-10/,

 

Гэрч Д.Сүх-Очир мөрдөн байцаалтанд “ Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн найз Бийн хамтаар “Эргэн дурсахуй” бааранд орж сууцгаасан. Тэгээд ороод хүний нэг нэг пиво захиалж уугаад бүжиглэж сууж байсан. Тэгээд манай найз Б тамхилах гээд гарахаар нь би 00-н өрөө орж бие засчихаад араас нь гараад ирэхэд манай найз Б 2 хүнтэй маргалдаад зогсож байхаар нь би очоод нэг залууг нь барьж аваад бие биенийгээ зуураад заамдаад зогсож байсан. Тэгэхэд Б тэр нэг залуутай нь зууралдаад байх шиг байсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс ирээд салгасан. Тэгээд бид 2 баар луугаа ороод сууж байхад удалгүй цагдаа нар ирээд бид хоёр аваад гарсан. Бид хоёр урьд нь Жуковт Бийн ажил дээр нэг нэг шил пиво уусан байсан. Тэгээд “Эргэн дурсахуй”-д дахиад нэг нэг шил пиво уусан. Бид тухайн үед согтолтын зэрэг бага байсан. Тэр хоёр залуу бага зэрэг согтолттой гайгүй байсан. Тухайн үед ямар шалтгаанаас болж хэрүүл маргаан болсныг мэдээгүй. Намайг гараад ирэхэд хоорондоо хэрэлдээд баарны үүдэнд бие биенийгээ мөрлөсөн юм шиг байсан. Тэрнээс болж хэрүүл болсон байх. Намайг гарахад Б тэр залуутай зууралдаад хажуунаас нь бас нэг залуу дайраад байхаар нь би тэр залууг татаад зууралдаад зогсож байсан. Б уг залууг хэдэн удаа цохьсныг хараагүй. Тухайн үед хурдан болоод өнгөрсөн. Би зодоон хийгээгүй. Нөгөө залууг нь салгаад зогсож байсан. Тэр хоёр залуу харилцан зодоон хийгээгүй. Тухайн үед баарны гадаа тамхи татаж байсан ганц нэг хүмүүс байсан. Бааранд бид хоёр ямар нэгэн асуудал гаргаагүй. Тэр хоёр залууг огт харж байгаагүй. Танихгүй ах нар байсан. Би Бтой 2011 оноос хойш хөдөө хамт ажиллаж байхдаа танилцаж байсан. Тэрнээс хойш найзалж нөхөрлөж байгаа. Би гадуураа улаан цамцтай, саарал жилетик, хар өмдтэй, пүүзтэй байсан. Б ногоон цамц, биеийн тамирын өмд пүүзтэй байсан.” /хх-ийн 11-12/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Батбилэг мөрдөн байцаалтанд “ Би 2018 оны 9 дүгээр сарын 27-нд орой хамаатныхаа хуриманд орж тараад өөрийн төрсөн ээж, ах дүү нарын хамтаар орой 21 цагийн үед “Эргэн дурсахуй” бааранд орцгоосон. Тэгээд тэнд ууж идэж юм ярьж сууж байгаад манай ах О тамхи татах гээд ганцаараа гарч яваад удаад байхаар нь би араас нь гарахад баарны гадаа үл таних биерхүү залуутай муудалцаж байхаар нь би ахыг өмөөрөөд нөгөө залуугийн өөдөөс хэрэлдсэн. Тэгэхэд тэр залуугийн найз нь гэх залуу гарч ирээд намайг зуураад заамдаад авсан. Би тэр залуугийн өөдөөс заамдаад авахад нөгөө биерхүү залуу нь ахыг зодоод эхэлсэн. Тэгэхэд тэнд байсан хүмүүс больцгоо гээд салгасан. Би ахыгаа босгож аваад баар луу ороод гэрийнхэндээ хэлээд 102-т дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө 2 залууг аваад явсан. Ах бид хоёр тодорхой хэмжээгээр архи ууцгаасан байсан. Нөгөө хоёр залуугийн биерхүү нь нэлээд халамцуу харагдсан. Нөгөө залуу бас согтуу байсан. Ямар шалтгаанаас болсныг нь мэдэхгүй. Намайг гараад ирэхэд махлаг биерхүү залуу нь ахтай хэрэлдээд дайраад байсан. Тэгэхэд хажуунаас нь найз нь ирээд намайг зуураад авсан. Бид хоёр харилцан зодоон хийгээгүй. Манай ахыг тэр махлаг биерхүү залуу нь гараараа нүдээд байсан. Нөгөө залуутай нь зууралдаж байхад манай ахыг цохьсон байсан. Яг хаана нь хэдэн удаа цохьсныг нь хараагүй. Нэг мэдсэн ах газар унасан байсан. Хүмүүс ирээд салгасан. Надад гар хүрч цохьсон асуудал байхгүй. Нөгөө залуутай нь бид хоёр бие биенийгээ заамдалцаад зогсож байсан. Баарны гадаа танихгүй хүмүүс байсан. Мөн тэр хоёр залуу байсан. Тэр залуучууд хоёулаа байсан. Тэр залуучуудыг огт харж байгаагүй. Манай ахыг биерхүү өндөр, махлаг залуу нь зодсон. Тухайн үед бааранд хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй.” /хх-ийн 15-16/ гэсэн мэдүүлэг,

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11772 дугаартай “ Ц.Оын биед баруун 6, 7-р хавирганы далд хугарал, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,

 

            Сэжигтнээр В.Б мөрдөн байцаалтанд “ Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн найз Сүх-Очирын хамтаар ажлаа тараад нэг нэг пиво уугаад “Эргэн дурсахуй” бааранд ирж пиво захиалж уусан. Тэгээд тэндээ бүжиглэж байгаад би тамхи татах гэж гараад баарны гадаа зогсож байхад тэнд тамхи татаж байсан ах миний гутлан дээр шүлсээ хаяад пацаан энэ тэр гээд байхаар нь би тэр залуутай муудалцсан. Тэгэхэд дүү нь гэх залуу  гарч ирээд юу болоод байна гээд над руу дайрахад манай найз Сүх-Очир гарч ирээд дүүг татаж аваад салгасан. Тэгээд анх надтай муудалцсан залуу над руу дайрахаар нь би уг залууг нүүр лүү нь цохиод нүүрээ хамгаалахаар нь цээж рүү нь 2, 3 удаа цохьсон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс ирээд салгаад би найзтайгаа баар луугаа буцаад орсон. Бааранд байхад удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан. Баарны гадаа тамхи татаад зогсож байхад тэр залуу миний гутлан дээр шүлсээ хаяад намайг бацаан гээд өдөөд байсан. Тэгээд хэрүүл болсон. Би 2 шил 0,5 литрийн пиво уусан байсан. Тухайн үед би гайгүй, согтолтын зэрэг бага байсан. Би тэр залуутай хэрэлдэж байгаад муудалцаад гар хүрсэн. Уг залуу миний өөдөөс харилцан зодоон хийгээгүй. Би уг залуугийн нүүр лүү нь эхлээд 2 удаа гараараа цохиж, дараа нь цээж рүү нь 2, 3 удаа гараараа цохьсон санагдаж байна. Уг залуугийн дүүд нь огт гар хүрээгүй. Надтай хэрүүл хийгээд байхад Сүх-Очир салгаад авсан. Тухайн үед бид дөрвөөс өөр тамхи татаж байсан ганц хоёр хүн байсан. Би хохирогч Ц.Оын биед учирсан гэмтлийг гараараа цохиж учруулсан. Тухайн үед бааранд байхад Сүх-Очир бид хоёр хүнтэй маргалдаж, муудалцсан асуудал байхгүй. Уг залуучуудыг би танихгүй, харж байгаагүй. Би ногоон цамцтай, биеийн тамирын саарал өмдтэй, пүүзтэй байсан. Сүх-Очир улаан биеийн тамирын цамцтай байсан. Тухайн үед би хохирогч Ц.От гар хүрж зодсоноо хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй.” /хх-ийн 26-27/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч В.Бийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36/, ял шалгах хуудас /хх-ийн 51/ / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч В.Б нь согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Эргэн дурсахуй баарны үүдэнд маргааны улмаас хохирогч Ц.Оыг нүүр болон цээжинд нь цохиж биед нь баруун 6, 7 дугаар хавирганы далд хугарал, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Оын “...тамхи татах гээд баарны үүд рүү гарсан. Тэгэхэд тэнд байсан биерхүү согтуу залуу үг өдөөд байхаар нь би нээх тоогоогүй. ... найз нь бололтой нэг залуу гарч ирээд манай дүүтэй хэрүүл хийгээд зууралдаад авахаар нь би очоод болиулах гэтэл нөгөө биерхүү залуу намайг эрүү рүү нэг цохиод, үргэлжлээд цээж рүү 2, 3 удаа гараараа цохьсон...”/хх-ийн 9-10/, гэрч Д.Сүх-Очирын “... манай найз Б 2 хүнтэй маргалдаад зогсож байхаар нь би очоод нэг залууг нь барьж аваад бие биенийгээ зуураад заамдаад зогсож байсан. Тэгэхэд Б тэр нэг залуутай нь зууралдаад байх шиг байсан....”/хх-ийн 11-12/, гэрч Ц.Батбилэгийн “... манай ах О тамхи татах гээд ганцаараа гарч яваад удаад байхаар нь би араас нь гарахад баарны гадаа үл таних биерхүү залуутай муудалцаж байхаар нь би ахыг өмөөрөөд нөгөө залуугийн өөдөөс хэрэлдсэн. Тэгэхэд тэр залуугийн найз нь гэх залуу гарч ирээд намайг зуураад заамдаад авсан. Би тэр залуугийн өөдөөс заамдаад авахад нөгөө биерхүү залуу нь ахыг зодоод эхэлсэн....” /хх-ийн 15-16/ гэж мэдүүлсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11772 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох   баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

        Шүүгдэгч В.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч В.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч В.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “... миний бие Отай сайн дурын үүднээс эвлэрч, эмчилгээний зардал болох 2,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх тэдгээрийн хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “миний бие Бтой сайн дурын үндсэн дээр эвлэрч, эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох саналыг В.Бид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.     Шүүгдэгч Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

3.     Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

4.     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.     Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

6.     Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ