Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 947

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С овогт Б-ийн М-д яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 1805022011059  дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................... дүүргийн ... дугаар хороо ............гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Б-ийн М-

 

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг Стелла баарны орчим иргэн Л.Г-ийн 15.000 төгрөгийн үнэ бүхий гар цүнх /паск/, 108.000 төгрөгийн үнэ бүхий LG загварын гар утас, 18.300 төгрөгийн үнэ бүхий иргэний үнэмлэх, 5000 төгрөгийн виза карт хэргийг нууцаар хууль бусаар авч түүний виза картыг ашиглан данснаас нь 6.300.000 төгрөг нийт 6.446.300 төгрөгийн эд зүйлийг нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.М- мэдүүлэхдээ: “Манай багын найз Гансүх бид хоёр уулзаагүй удаж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө 24 цаг өнгөрч байхад над руу залган намайг дуудан бид хоёр уулзаж Стелла гэх бааранд орсон. Архи ууж байх явцад Гансүх надад Хаан банкны виза картаа өгч тооцоог би хийж байсан. Бид хоёр тасарч байхад Гансүх надад паскаа зүүлгэсэн. Тэр үед би өөрийн машиныг 400.000 төгрөгт барьцаанд тавьсан байхад нь данснаас нь мөнгө авч машинаа авсан. Буцаж 400.000 төгрөгийг олж өгье гээд мөрийтэй тоглоод олж чадаагүй. Үүрээр сэрээд харахад Гансүхийн данснаас 1.700.000 төгрөг үрж, эхнэр Уянгаар Гансүхэд 4.600.000 төгрөг өгүүлсэн. Тэр өдөр Гансүх намайг цагдаад өгсөн байсан. Гансүхэд учруулсан хохирол 1.700.000 төгрөгийг өгч хохирлыг барагдуусан” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Г.Гансүхийн “... Төв аймгийн Цээл сумаас орж ирээд Хархорин захын ойролцоо Мандахтай уулзсан. Бид хоёр хамтдаа Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Стелла нэртэй бааранд очиж 0,75 литрийн 4 шил архи хувааж уугаад 300.000 гаран төгрөгний тооцоо хийсэн байсан. Би баарнаас гарах үедээ согтсон байсан болохоор баарны хамгаалагчаар түшүүлэн гарч байгаагаа санаж байгаа. Би баарнаас  гараад юу хийснээ санахгүй байгаа. Өглөөний 06 цагийн үед сэргээд эд зүйлсээ бүртгэтэл авч явсан жижиг цүнхтэй эд зүйл байхгүй байсан. Тэгээд 10 дугаар хорооллын Хаан банк ороод картаа хаалгах гэтэл карт байхгүй, онгорхой банк олдоогүй байж байгаад өглөө 09 цагт 10 дугаар хорооллын Хаан банк нээгээд дансаа шалгатал 06 цаг 10 минутын үед миний данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 6.300.000 төгрөгийг уншуулан авсан байсан. Тэгээд би хэн миний картыг авсаныг мэдээгүй байж байтал Мандахын эхнэр Уянга гэж  эмэгтэй над руу залгаад нөхөр их хэмжээний мөнгөтэй ирсэн байна гэж хэлэхэд нь миний мөнгийг Мандах хулгайлсан байна гэдгийг мэдсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний орой 22 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн нутаг 1 дүгээр хорооллын арын гэр хорооллоос очиж 4.600.000 төгрөгийг Мандахын эхнэр Уянгаагаас очиж авсан. Одоо Мандахаас 1.700.000 төгрөг эргүүлэн авах ёстой. Миний жижиг цүнхтэй эд зүйлсийг бүгдийг нь өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/

“... Миний данснаас 6.300.000 төгрөг авсан. 4.500.000 төгрөгөөр нэг удаа, 1.800.000 төгрөгөөр нэг удаа тус тус уншуулж авсан байсан. Энэнээс 4.600.000 төгрөгийг нь М-гийн эхнэр нь надад авчирч өгсөн байгаа. Одоо М-гаас 1.700.000 төгрөг авах ёстой байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

“... Үлдэгдэл 1.700.000 төгрөгийн дутуу байсан ба надад олдохгүй зугтаж байгаад 2018 оны 10 сарын 09-ний өдөр цагдаа дээр ирээд 500.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Түүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний үлдэгдэл 1.200.000 төгрөгийг надад бүрэн барагдуулсан байгаа. Одоо надад ямар нэг хохирол байхгүй байгаа. М- миний хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан байгаа. ... Би шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй, суумааргүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ний Хөрөнгө үнэлгээний тайлан. /хэргийн 55-56 дугаар хуудас/

 

Б.М-гаас мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би Гансүхтэй урьд нь танил, найз нөхдийн холбоотой байсан. Уулзалгүй 3 жил орчим болсон байсан ба 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр намайг уулзая гэж дуудсан.

 ...Архи ууж байх явцад Гансүх надад өөрийнхөө Хаан банкны виза картаа өгчихсөн. Би архи пивоныхоо тооцоог Гансүхийн картаар хийж байсан. ... Бид хоёр хоёулаа тасарчихсан байсан. Орон гарантай сайн санахгүй байна. Тэгээд би явахдаа Гансүхийн паскийг авсан байсан ба Гансүх надад өөрөө өгсөн үү, би авсан уу санахгүй байна. Тэгээд би явж байгаад 3 дугаар эмнэлгийн замын урд талд байсан АТМ-ээс мөнгө авсан юм шиг байна лээ. 3 дугаар эмнэлгийн замын голын сааданд суучихсан Гансүхийн картанд байсан 6.300.000 төгрөгийг авчихсан, паскыг нь халаасандаа хийчихсэн байж байсан. ... Ингээд би 1.700.000 төгрөгийг нь үрж үлдсэн 4.600.000 төгрөгийг Гансүхэд эргүүлж өгсөн байгаа. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... Хөнгөн шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-66 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б.М- нь Л.Г-ийн 15.000 төгрөгийн үнэ бүхий гар цүнх /паск/, 108.000 төгрөгийн үнэ бүхий LG загварын гар утас, 18.300 төгрөгийн үнэ бүхий иргэний үнэмлэх, 5000 төгрөгийн виза карт хэргийг нууцаар хууль бусаар авч түүний виза картыг ашиглан данснаас нь 6.300.000 төгрөг нийт 6.446.300 төгрөгийн эд зүйлийг нууцаар хууль бусаар авч хулгайлсан нь хохирогчийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дамно ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан, Б.М-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Хохирогч Л.Г- мөрдөн шалгах явцад “... миний гомдлыг бүрэн барагдуулсан тул надад цаашид ямар нэгэн гомдол байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 52 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийг улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүйг дурдвал зохино.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Самдан овогт  Баярцэцэгийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ