Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 974

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч: М.Дөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт М.Д-ад холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  1805036871181 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11–ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Д-, 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...., ам бүл 1, Төв аймгийн Заамар сум 4-р баг, 3-р хэсэг 3-17 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..... тоот регистртэй,

          Шүүгдэгч М.Днь 2018 оны 7 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бээр хаус /beer house/ нэртэй паб-д иргэн Г.Гтолгойн зүүн чамархай хэсэгт пивоны сэнжтэй шилэн аягаар цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  М.Д-ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед Г намайг гадаад байдлаар маань үл тоож, хэл амаар доромжилсон тул түүний биелд гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө барагдуулж, бид эвлэсэн...” гэв.

Хохирогч Г.Гмөрдөн байцаалтад өгсөн: “...Би анзаараагүй сууж байхад гэнэт нүдэнд оч манараад толгойгоо дарахад цус гараад байхаар нь би 00 руу ороод толгойныхоо цусыг угаагаад У, Ц хоёртой хамт Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж оёдол тавиулсан. Надад учирсан гэмтлийг Утай хамт явж байсан залуу учруулсан, нэрийг нь Д гэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Гэрч Г.Умөрдөн байцаалтад өгсөн: “...Урьд надтай хамт ажиллаж байсан А ирээд “сайн уу” гээд мэндлээд явсан, Ц намайг дуудаад “сайн уу” гээд мэндлэхэд нь би буцаж ширээндээ суугаад Дтай юм ярьж байхад Д гэнэт юм хэлэлгүй пивоны том бакал бариад Гийн толгой руу нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Гэрч Э.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө “Бээр Хаус”-т орж суугаад байж байтал урьд нь хамт ажилладаг байсан Утай таараад Уаг хэнтэй явж байгаа юм, хамт сууя гэхэд хажууд нь явж байсан залуу нь хардаад уурлаад байсан. Тэгээд удалгүй ирээд Гийг “Чингис” гэсэн бичигтэй пивоны бакалаар толгойг нь цохиж хагалчихаад намайг уг бакалаар цохих гээд дайрахад нь хамт явж байсан А уг залууг барьж пивоны бакалыг нь тавиулаад салгахад уг залуу гараад зугтсан. У бид хоёр Гийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

      Шинжээчийн 8451 тоот дүгнэлтэд: “...Г.Гбиед тархи доргилт, зүүн чамархайд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь 2018 оны 7 дугаар сарын 05-06-нд  шилжих шөнө үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 18/,

Сэжигтнээр М.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бээр хаус пабад эмэгтэй найз Угийн хамт байж байхад хажуугийн ширээн дээр сууж байсан гурван залуу Уаг таньдаг байсан юм байна лээ, ирээд мэндэлчихээд буцаад ширээндээ суугаад намайг шоолоод инээгээд байсан би тоогоогүй ба би үсээ хусуулсан байсан, гэтэл халзан толгойтой ямар юм дагуулж явж байгаа юм Уа наашаа ирээд суу гэхээр нь уур хүрээд очоод зүүн чих рүү нь нэг удаа цохисон. Хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Г гэх залуу нойл ороод цусаа угаасан. ...Би Г гэх хүний толгойн зүүн хэсэг рүү пивоны бакалаар 1 удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 35,54-55/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хохирогчийн өргөдөл /хх-н 6/, компьютерт томографийн оношлогоо /хх-н 17/, хохирлын баримтууд /хх-н 19/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36-47, 61/, хохирогчийн хүсэлт /хх-н 62/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Днь 2018 оны 7 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бээр Хаус /beer house/ нэртэй паб-д иргэн Г.Гтолгойн зүүн чамархай хэсэгт пивоны сэнжтэй шилэн аягаар цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Гийн: “...Би анзаараагүй сууж байхад гэнэт нүдэнд оч манараад толгойгоо дарахад цус гараад байхаар нь би 00 руу ороод толгойныхоо цусыг угаагаад У, Ц хоёртой хамт Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж оёдол тавиулсан. Надад учирсан гэмтлийг Утай хамт явж байсан залуу учруулсан, нэрийг нь Д гэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, гэрч Г.Уянгын: “...Урьд надтай хамт ажиллаж байсан А ирээд “сайн уу” гээд мэндлээд явсан, Ц намайг дуудаад “сайн уу” гээд мэндлэхэд нь би буцаж ширээндээ суугаад Дтай юм ярьж байхад Д гэнэт юм хэлэлгүй пивоны том бакал бариад Гийн толгой руу нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, гэрч Э.Цгийн: “...Утай таараад Уаг хэнтэй явж байгаа юм, хамт сууя гэхэд хажууд нь явж байсан залуу нь хардаад уурлаад байсан. Тэгээд удалгүй ирээд Гийг “Чингис” гэсэн бичигтэй пивоны бакалаар толгойг нь цохиж хагалчихаад намайг уг бакалаар цохих гээд дайрахад нь хамт явж байсан А уг залууг барьж пивоны бакалыг нь тавиулаад салгахад уг залуу гараад зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, шинжээчийн 8451 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ннь хохирогч Г.Гийг пивоны бакалаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь эмчилгээний зардалд 250.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-н 62/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

   Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М.Д-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Д-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Д-ад шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.ОТГОНБАЯР