Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 952

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

От холбогдох  эрүүгийн 1805057111148 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.О нь 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар сургуулийн орчим маргааны улмаас А.Тыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Хохиролд 600.000 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн өөрийн гэм буруугаа би сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Т мөрдөн байцаалтанд “2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед өөрийн эзэмшлийн 77-95 УНХ улсын дугаатай Хьюндай Санта Фи маркийн машинтайгаа 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзвараар гэмтэл талаас бичил хороолол руу эргэхээр 4 дүгээр эгнээнээс 3 дугаар эгнээний урд зогсож байсан бонго жи-3 маркийн машины урдуур орох гэтэл оруулахгүй шахаад байхаар нь би гэрэл дохио асах үед давхар эргээд Нэхий плазагийн хажуу талд явж байтал араас дуут дохио өгөөд байхаар нь 2 дугаар эгнээ рүү орж зам тавьж өгтөл хажуугаар зөрж гарахдаа миний машин руу нэг юм шидэх шиг болоод жолоочийн эсрэг талын урд талын шилэн дээр нэг юм так гээд дуугарахаар нь би араас нь явтал 13 дугаар сургуулийн хойд талын гэрлэн дохион дээр бонго жи 3 маркын машин 1 дүгээр эгнээнд хамгийн урд зогсохоор нь би машинаа 2 дугаар эгнээнд нэг машины хойно зогсоож буугаад жолооч дээр нь очоод хаалгыг нь онгойлгоод чи яаж яваад байгаа юм бэ гээд заамдаад автал жолооч нь машинаасаа бууж ирээд намайг бас заамдаад намайг түлхтэл би унангаа алдаад тогтоод жолоочтой дахиад барьцалдаад автал миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл дахиад миний зүүн талын шанаа руу цохичихоор нь би гарыг нь бариад автал хамт явж байсан нэг залуу нь машинаас бууж  ирээд миний хойноос бариад автал жолооч нь миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гарахаар нь би доошоо тонгойтол урдаас өвдөглөчихөөд машиндаа суугаад явах гэхээр нь явуулахгүй цагдаа дуудсан” /хх-ийн 11-16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед хамт ажилладаг О, Сайхнаа нарын хамт  Санзай орж айлд дулаалга хийхээр албаны Бонго маркийн машинтай хорооллын эцсийн уулзвараас зүүн гар тал руу бичил хороолол руу эргэхээр гэрлэн дохион дээр 2 дугаар эгнээнээс саарал өнгийн жийпэрхүү машин буруу талаар гүйцэт түрүүлж ороод урд огцом тоормоз гишгээд байхаар нь хажуугаар тойроод орох гэхээр оруулахгүй зам хаагаад 2 тал руу шахаад байсан чинь О уурлаад асаагуур цонхоороо шидсэн. Ногоон гэрэл асахад О түрүүлээд уулзвар гараад цаашаа явж байгаад 13 дугаар сургуулийн хойд талын гэрлэн дохион дээр дахиад зогсож байтал жолооч талын хаалга гэнэт онгойгоод нэг эрэгтэй хүн Оыг заамдаж машинаас буулгаад харилцан цохилцоод эхлэхээр нь би машинаас буугаад салгах гэтэл салахгүй дахиж  нийлээд 2-3 удаа цохилцож байхад саарал өнгийн машины жолоочийн хамраас цус гартал өөрсдөө салсан. ...миний толгой дээгүүр 2 биенийхээ нүүр рүү цохилцоод байсан. /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Баярсайхан мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хамт ажилладаг Мөнхбаяр О хоёртой ажил хийхээр машинтай явж байхдаа би унтаж байсан юм...гэнэт О ах зүгээр яваач гээд чанга дуугарахад нь сэртэл машины урд байсан асаагуурыг аваад саарал өнгийн жийп шиг машин руу шидээд хажуугаар нь гартал гэрэл дохио асаад О ах зогссон. Тэгтэл асаагуур шидсэн машины жолооч гэнэт О ахын хаалгыг онгойлгоод заамдаж буулгаад тэр 2 харилцан заамдалцаад цохилцоод байсан. Нэг мэдсэн нөхөө ахын хамраас нь цус гарчихсан байсан. /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Г.Оын мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед гэмтлийн эмнэлгээс хойшоо 13 дугаар сургууль руу эргэдэг уулзвар дээр 3 дугаар эгнээнд зогсож байтал баруун талаас саарал өнгийн Санти Фи маркийн машины жолооч ямар нэг дохио өгөлгүй хажуу талаас шахаад байхаар нь оруулаагүй юм. Удалгүй гэрлэн дохио асаад хойшоо эргээд нэхий плазагийн хажууд явж байтал буруу талаар гүйцэт түрүүлээд урд зам боогоод  явуулахгүй байхаар нь хажуугаар нь гарахдаа машины урд байсан асаагуурыг аваад цонхоороо нөгөө машины цонхруу шидээд цаашаа яваад Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар сургуулийн явган хүний гэрэл дохион дээр зогсож байтал 2 дугаар эгнээнд 2-3 машины хойно машинаа тавиад машинаас бууж ирээд жолооч талын хаалгыг онгойлгоод миний цамцнаас заамдаад машинаас чирч буулгаад бид хоёр харилцан цохилцож зодолдсон...би Тын нүүр рүү нэг удаа өвдөглөтөл хамраас нь цус гарчихсан. /хх-ийн 39/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үнэдсний хүрээлэнгийн 13247 дугаартай дүгнэлтэд: А.Т баруун хоншоорын хөндийн урд хойд хана, ухархайн доод хананы хугарал, баруун зовхи,  хоёр хацарт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, дарах үед үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 20/ гэжээ.

Томографийн шинжилгээ /хх-ийн 23-24/, хохирогчоос гаргаж өгсөн хохирлын гэх баримтууд /хх-ийн 25/, хохирол төлсөн баримт /хх-ийн 26/

хохирогчоос гаргаж өгсөн “миний хохирлыг барагдуулж өгсөн. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн” хүсэлт /хх-ийн 45/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Оын хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 29/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 30/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 31/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 32/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 33/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.О нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар сургуулийн орчим А.Ттай маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Тын”...нэг залуу нь машинаас бууж  ирээд миний хойноос бариад автал жолооч нь миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гарахаар нь би доошоо тонгойтол урдаас өвдөглөсөн...” хх-ийн 11/, гэрч Г.Мөнхбаярын”...тэр жолооч Оыг заамдаж машинаас буулгаад харилцан цохилцоод эхлэхээр нь би машинаас буугаад салгах гэтэл салахгүй дахиж  нийлээд 2-3 удаа цохилцож байхад саарал өнгийн машины жолоочийн хамраас цус гартал өөрсдөө салсан...” /хх-ийн 17/, гэрч Б.Баярсайханы”...гэнэт О ахын хаалгыг онгойлгоод заамдаж буулгаад тэр 2 харилцан заамдалцаад цохилцоод байсан...”/хх-ийн 18/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтан мэдүүлсэн мэдүүлгүүд болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13247 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/, хохирол төлсөн баримт /хх-ийн 26/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Г.Оын”...би Тын нүүр рүү нэг удаа өвдөглөтөл хамраас нь цус гарчихсан...” /хх-ийн 39/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж  нотлогджээ.  

 

Шүүгдэгч Г.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хохирлоо бүрэн барагдуулж бид сайн дураараа эвлэрсэн” гэх тэмдэглэл, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр  торгох саналыг Г.От танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.     Шүүгдэгч Оыг хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Оыг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.     Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.     Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6.     Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

  

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ