Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 970

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Н.Т-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Гарьд овогт Намчингийн Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805059401196  дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 27 настай,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............... ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, эцэг, эх, охины хамт ............. дүүргийн ...дугаар хороо булгийн ... дугаар гудамж .... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Гарьд овогт Намчингийн Т-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Т-нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 7/2 дугаар байрны гадаа иргэн Г.Алтанчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Т.А-ийн “2018 оны 11 дүгээр сарын 14-ний орой манай найз Анарболдын гэрийн найр болсон. Тэнд 17 цагт очоод бүгд цуглачихсан байсан. Бид архи уугаад сууж байгаад би ажилтай байсан учир эрт явахаар болсон. Энэ үед Батбаяр нилээн муудчихсан байсан. Би хүргэж өгөх гээд аваад явсан. Тэгээд Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7/2 дугаар байрны 39 тоотод оруулж өгөөд гарсан. Тэгээд гараад явж байхдаа юмаа мартчихсан байсан учир буцаж гэр рүү нь ороод байж байсан чинь  Т- гаднаас ороод ирсэн. Тэр үед би Т-тай мэндэлсэн чинь намайг түлхэж унагаасан. Тэгэхээр нь би гэрээс нь гараад явчихсан. Гадаа гараад явж байтал Т- хойноос гарч ирээд намайг үсдээд унагаасан. Тэгээд миний дээр гарч суугаад нүүр нүдгүй гараараа цохисон. Хэсэг тэгэж байгаад миний дээрээс босоод миний гаран дээр гишгэсэн. Тэгээд Т- буцаад гэр рүүгээ орсон. Тэр үед би цагдаа дуудсан. Зүс танина. Манай найз залуугийн хуучин эхнэр гэсэн. Намайг хуучин нөхөртэйгөө хардаад зодсон. Гараараа нүд рүү л цохиод байсан. Хэд цохисныг мэдэхгүй. Бас гаран дээр гишгэсэн. Хөл рүү өшиглөсөн. Хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

          “... Эмчилгээний зардал гэх юм байхгүй. 20.000 төгрөгөөр сорвины тос авсан. Тэрнээс биш хуулийн хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13746 дугаартай:

          “1. Т.А-ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн  няцрал, зүүн, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүний зүүн булан баруун шанаанд зулгаралт, дээд уруулд шарх, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 12 дугаар хуудас/

          Н.Т-ын яллагдагчаар өгсөн “ ... би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. ... Би эмчилгээний зардал гаргаж өгөөгүй. Өөрөө ч холбогдоогүй байгаа. Эмчилгээний зардлыг би барагдуулнаа. Хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй байна. Гаргасан алдаандаа харамсаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

          Гэрч Ц.Цэндцэрэнгийн “... Тэгээд уг эмэгтэйг дагуулаад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын 7/2 дугаар байрны гадаа зодуулсан гэх бөгөөд зодсон хүн нь уг байрны 39 тоотод байдаг гэсэн. Уг тоотод яваад ороход нэг согтуу эмэгтэй агсан тавьж байсан бөгөөд юу болсон талаар асуухад нөгөө согтуу эмэгтэй намайг нөхрийнхөө гэрт ирэхэд манай нөхөр наад хүүхэнтэй чинь цуг байсан. Наад хүүхэн чинь манай нөхөртэй байнга цуг байдаг болохоор би зодсон юм гэж согтуу хүүхэн хэлж байсан. Зодуулсан гэх эмэгтэйг манай Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгөөрэй гэж зөвлөгөө өгсөн бөгөөд зодсон гэх эмэгтэйг авч явна эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх буюу саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ... хохирогч гэх эмэгтэй нүүр ам нь хавдчихсан байсан бөгөөд зодсон гэх эмэгтэй царай зүс нь гайгүй харин маш их согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Н.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Т.А- “...Цаашид гарах зардлыг иргэний шүүхээр нэхэмжлэх болно. Иймд гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 38 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Харин Т.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Т-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гарьд овогт Намчингийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н.Т-торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Н.Т-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Т-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Т.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ