Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 922

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Л.А, түүний өмгөөлөгч Г.Ганболд

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Г, С.Т нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526020141 дугаартай эрүүгийн 3 хавтаст хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ж.Г нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн “Жагоб” ХХК-ийн хашаанд нэг бүр нь 920 кг-ийн жинтэй лист төмрийг Л.Баар зөөлгөж авчруулан, С.Тийн 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар шланзны тэвшнээс шилжүүлэн буулгуулахдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалт, “Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” стандартын 3.9, 3.16 дахь заалт, “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах” дүрмийн 8.4.4, 8.4.4.1, 8.5.18 дахь заалтууд дахь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг хэрэгжүүлэн удирдаж, зааварчилгаа өгөөгүй, сахин биелүүлээгүйн улмаас Л.Б нь өөрийн автомашины тэвш кабины завсар зогсож байгаад С.Тийн 48-61 УБА улсын дугаартай өргөгч краны суманд дарагдаж нас барж  хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг, 

шүүгдэгч С.Т нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрийн кранистийн үнэмлэхийг сунгуулаагүй, 48-61 УБА улсын дугаартай “Камаз” маркийн  автомашиныг үзлэг оношлогоонд оруулж, магадлуулан, бичиг баримтыг бүрдүүлж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байхдаа буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж.Ггийн “Жагоб” ХХК-ийн хашаанд оосорлогч, дохиочингүй очиж нэг бүр нь 920 кг-ийн жинтэй лист төмрийг 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар өргөж, шилжүүлэн буулгахдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3 дахь заалтууд, мөн Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.1.1, 8.3.1, 8.3.2, 8.4.4.1, 8.5.18, 8.4.19 дахь заалтууд дахь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөний улмаас краны хүрдэнд хүчний ачаалал ирж, хүрдний боолтууд тасарч, шланз автомашины тэвш кабины завсар зогсож байсан жолооч Л.Б нь краны суманд дарагдаж нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Манай компанийн хашаанд кран унаснаас болж хүний амь хохирсон асуудал гарсан. Би бол кран төхөөрөмжлөөгүй шүү дээ. Манай компани бол захиалгаар л ажил хийлгэсэн юм. Хүний амь нас хохирсон явдалд би хүнийхээ хувьд оршуулгатай холбогдох зардалд 4.800.000 төгрөг өгч байгаа юм гэв.

 

Хохирогч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Миний хувьд энэ краныг худалдаж авахаас өмнө өөр хүний кран ажиллуулдаг байсан.  Өөрийн ах дүүгийн хүнээс 40 сая төгрөгөөр зээлээр авсан. Зээлээ төлж дуусаагүй байсан. Төлбөрөө төлж дууссаны дараа нэр дээрээ шилжүүлж авах байсан. Тухайн нөхцөл байдалд надад оосорлогч, дохиочин байхгүй байсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:  Миний дүү Л.Б нас бараад 4 дэх жил рүүгээ орж байна. Оршуулгын зардалд баримтаар 9.439.936 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс гадна бөөгийн болон шашны зан үйлтэй холбоотойгоор 2 сая гаруй төгрөгийн зардал бодит байдал дээр гарсан боловч үүнтэй холбоотой баримт гаргах боломжгүй юм. С.Т 1.500.000 төгрөг өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ж.Ггийн талаас 4.800.000 төгрөг өгч байна. Үүнийг би ойлгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн төлбөрийн мөнгө гэж ойлгож байгаа. Миний ойлголтоор тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар тооцохоор 6.912.000 төгрөг болж байна.  Үүнээс 2.112.000 үлдэж байгаа юм.  Ж.Г оршуулгын зардал өгөөгүй байгаа. Нийт 40.112.000 төгрөг  нэхэмжилж байгаагаас оршуулгын зардалд 9.439.936 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 8.000.000 төгрөг, нөхөн төлбөрийн үлдэгдэл 2.112.000 төгрөг, үлдэх нь сэтгэл санааны болон гэм хорын хохирол юм. Би гомдолтой байна гэв.

 

Хавтаст хэргээс

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дулааны 2 дугаар цахилгаан станцын зүүн хойд зүгт ...уг камаз машины тэвш нь өргөх зориулалт бүхий крантай ба уг өргөх хэсгийн кран нь ертөнцийн зүгээр баруун зүгт чиглэлтэй, сум нь машины ногоон өнгийн тэвшийг дарж унасан байдалтай байна. Ачааны машины тэвш болон бүхээг хоорондын зайд байшингийн баруун хойд булангаас 60 см зайд толгой нь ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэсэн байдалтай хар цоохор өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай 45-50 орчим насны эрэгтэй хүний цогцос байна. Ачааны машины зүүн талд 12 метрийн урттай, 1.2 метрийн өргөнтэй лист /зузаан 1,5 см/ төмөр 10 ширхэг давхарласан байдалтай тавьсан урд хэсэгт нь холбоос тросс төмөр утас орооцолдсон байдалтай байна.  /1 хх-ийн 3-4/ гэжээ.

 

Мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгүүд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А мөрдөн байцаалтанд: Би талийгаачийн төрсөн эгч нь байгаа юм. Талийгаач болохоор миний дараагийн дүү байсан...оршуулгын зардалд нийт 11 сая орчим төгрөг болж байсан...талийгаачийн 49 хоногийн буяны ажил, бөөгийн засалд зарцуулсан 2 сая төгрөгийг нэмээд тэр буруутай хүмүүсээс гаргуулж авмаар байна...Жагоб ХХК-ийн захирал Г нь манай талийгаач Бд тухайн үеийн шинжээчийн дүгнэлтээр ажлын байранд гарсан осол гэж үзэж байгаа учраас нэг удаагийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох ёстой гэж бодож байна...” /2хх-ийн 59-60/,

 

Хохирогч Л.Болдбаатар мөрдөн байцаалтанд: 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 09 цагийн үед намайг гэртээ байж байхад миний төрсөн дүү утсаар яриад ахаа лист төмөр зөөх ажил байна, хоёр машины ажил байна хүрээд ир гэж хэлсэн. Би гэрээсээ жижиг тэрэгтэй явж гурвалжин ороод өөрийн 92-53 УНД улсын дугаартай Исүзү шланз машинаа аваад Толгойт өртөөний хажууд очиж дүү Бтай уулзахад Б өөрийн машинд лист төмөр ачуулаад дуусч байсан. Би хоёр дахь ачааг ачихаар орсон тэгээд ачааг ачаад ТЭЦ-4-ийн ард Жагоб ХХК-ийн хашаанд буулгана гэж хэлээд тийшээ явсан юм. Тэгээд Б бид хоёр ачааг аваад буулгах ёстой хашаанд ирсэн боловч буулгах кран байхгүй байсан. Хүлээж байтал 30-40 минутын дараа шар өнгийн камаз ирсэн, ачааг буулгахаар болж кранаа байрлуулсан. Оосорлогч дохиочин байхгүй, бараг олигтой оосор ч байхгүй байсан...Г 3 хүн гаргаж оосорлогч хийлгэсэн, тэр хүмүүс мэдээж мэргэжлийн оосорлогч биш байсан. Тэр хүмүүс тэвшин дээр гарч оосорлож байсан, тэгээд өргөх үед би дүү Бы хамт дээшээ гарч харъя гээд дээшээ гарсан. Тэгээд дээш өргөх үед дийлэхгүй юм шиг санагдаад боль гэж хэлсэн...жолооч Т бид хоёртой зөвлөөгүй өөрөө дур мэдэн өргөсөн, тухайн үед Б наад кранчин даахгүй, өөр кран дуудъя гэж хэлсэн. Тэр үед кранист лист төмрийг өргөөд байсан лист төмрийн хойд үзүүр доошоо унжаад...газраас хөндийрсөн. Тэр үед ачаа доошилсон, кранист ачааг дахин дээш татаж ачааг өргөхөд кран эвгүй унах үед Б намайг буугаарай гэсэн. Тэр үед би баруун тал руу үсрэх гээд эргэх гэтэл кран унаж краны сум миний баруун өгзөг, нуруу хэсэгт цохиж би баруун тийш унасан. Тэгээд газар унаад босож ирэхэд хүмүүс орилолдоод байхаар нь машинаа тойроод очиход миний дүү Б машины бензины банкин дээр толгой нь доош унжсан байдалтай баруун гарын шуу нь задарсан, баруун гарын хуруу нь үе үеэр мултарсан шалбарсан ийш тийшээ болсон байсан. Би очоод толгойг барих үед Б хоёр удаа эхэр татаад чимээгүй болсон...гүрээний судсыг барьж үзэх гэтэл цээжин хэсэг нь мөрөөрөө задарсан байдалтай байхаар нь найдваргүй болсон байна гэж би мэдсэн...түргэн ирж үзээд өнгөрсөн байна гэж хэлсэн...миний бие краны суманд цохиулж хөнгөн гэмтэл учирсан...” /1хх-ийн  18-19/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Пүрэвжаргал мөрдөн байцаалтанд” Би Жагоб ХХК-д гагнуурчнаар ажилладаг...ажилд гарахаас өмнө захирлаас зааварчилга авч ажилдаа гардаг. Тэгээд ажлаа хийж байхад Толгойт өртөөнөөс лист төмөр манай хашаанд буулгахаар болж, хөлсний кран, хөлсний тээврийн машин хашаанд ирсэн. Кранчны ажилд туслахаар манай ажлын А.Сэнгэсамдан бид хоёр тэвшин дээр гарч, лист төмрийг оосорлож өгсөн. Мөн кранчин өөрөө бас гарч, хамт оосорлосон. Тэгээд бид 3 хамт тэвшнээс бууж, тойроод, машины зүүн урд буланд очиж зогссон юм. Кранчин кабиндаа сууж, лист төмрийг өргөж эхэлсэн. Тэр үед манай захирал Ж.Г, А.Сэнгэсамдан нар, гаднаас 2 машины жолооч, краны жолооч нар байсан. Тэгээд лист төмрийг өргөж байх үед тээвэр хийж ирсэн 2 жолооч чиргүүлийн урд хэсэгт порчик налаад зогсож байсан. Өргөж байсан кран лист төмрөө даахгүй баруун тийш краны сум нь нураад орж ирсэн. Би зүүн буланд хол зайтай байсан. Миний зогсож байсан талд байсан машины жолоочийг краны сумны үзүүр цохих шиг болсон. Тэр жолооч тэр дороо унасан. Би захиралд “хүн  цохигдчихлоо” гэж хэлээд машины баруун талаар тойрч гараад хамт байсан нөгөө жолооч нь зүгээр байсан. Буцаж тойроод нөгөө хүнээ харахад  ямар нэг хөдөлгөөн байхгүй байсан...”/1хх-ийн 21, 22/ гэх мэдүүлэг,

Гэрч А.Сэнгэсамдан мөрдөн байцаалтанд: Би Жагоб ХХК-д ажилд ороод 5 жил болж байна. Тус байгууллагад гагнуурчнаар ажилладаг. 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг ажил цугласан тэгээд ажлаа хийгээд байж байсан, тэгээд байж байхад 12 цаг өнгөрч байхад вагоноос буусан лист төмрийг хашаанд буулгах гээд ирсэн. Тэр үед буулгах кран байхгүй байсан, 13 цаг өнгөрч байхад ачаа буулгахаар гаднаас нэг кран ирсэн юм. Тэгээд кран хашаанд орж, хойно очоод кранаа суурилуулж эхэлсэн юм. Тэгээд лист ачсан ачаатай шланз машин хашаанд орсон юм. Тэгээд би хамт ажилладаг Х.Пүрэвжаргал бид хоёр дэгээ аваад ачааг буулгахаар чиргүүл дээр гарсан. Тэгээд оосорлох гэж байтал кранчин залуу чиргүүл дээр гарч бид 3 хамт лист төмрийг оосорлосон. Тэр үед захирал Ж.Г гарч ирсэн. Тэгээд кранчин дэгээ хийж өгөөд намайг “ингээд барьж бай, би дээш өргөж чангалаадахья” гэж хэлсэн.  Кранчин кабиндаа сууж, дээш өргөж троссыг чангалсан, Х.Пүрэвжаргал бид хоёр чиргүүлээс бууж холдсон. Тэр үед шланзны жолооч машины чиргүүлийн урд порчикний хэсэгт налсан байдалтай зогсож байхаар нь тэнд очиж дээр нь гарч бас зогссон. Хажууд захирал Ж.Г болон ачаа зөөж ирсэн 2 жолооч, хамт явсан нэг залуу бид 5 хамт зогсож байсан. Тэгээд өргөж байхад захирал Ж.Г буугаад явсан. Түүний араас хамт явсан нэг залуу буусан. Би 2 жолоочтой зогсож байхад кран ачаа өргөж байхдаа хазайсан. Тэгээд ачаагаа буулгаад дахин тэгширсэн, дахин ачааг өргөж байх үед тас гэж дуугараад, кран унаж байсан. Би баруун тийш үсэрсэн, 2 жолооч зүүн тал руу үсэрсэн. Би доош үсрэх үед газар унасан. Босоод харахад нэг машины банкны орчим нэг хүний хөл дээшээ харсан байдалтай харагдахаар нь машиныг тойрч харахад жолооч цохиулаад унасан байсан. Нөгөө жолооч нь кран унахаас өмнө амжаад буусан байсан. Би цаагуур тойрч, кран дээр очиход кранчин кабинаас буусан, кранаа хараад зогсож байхаар нь би дуудсан кранчин хүрч ирсэн, дарагдсан хүнийг харсан, тэгээд хамт явсан жолооч дарагдсан жолоочийн төрсөн ах нь байсан. Тэр жолооч дүүгээ нэрээ нь дуудаж байснаа тэр жолоочийн толгой доор нь куртик тавиад тэнд байсан хүмүүс түргэн, цагдаа руу дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирж үзээд нас барсан гэж байсан юм...Манай байгууллагын ажилчин хөдөлмөр хамгааллын зааварчилгаа авдаг юм. Тухайн гаднаас лист буулгаж байсан хүмүүс ямар нэг зааварчилгаа өгснийг би мэдэхгүй байна. Лист төмөр буулгаж байх үед манай захирал Ж.Г наад кран чинь даахгүй юм биш үү гэж хэлээд 2 хуваах уу гэж хэлэхэд кранчин миний кран 12 тонн даадаг өргөөд үзье гэж хэлээд өргөсөн юм. Тэгээд 10 ширхэг лист өргөсөн, нэг ширхэг лист төмрийн жин нь 920 кг байдаг юм ./1хх-ийн 23, 24/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Осор мөрдөн байцаалтанд: Би 48-61 УБА улсын дугаартай краныг А.Оюунжаргал гэж манай ахын эхнэрээс 2013 онд 30 гаруй сая төгрөгөөр худалдан авч байсан. Тооцоог төлж барагдуулсан боловч өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан. Би энэ “Камаз” краныг худалдан авснаас хойш өөрөө Тэхийн зогсоол дээр зогсож ажил хийдэг байсан. 2014 оны намар миний эгч Сувдмаагийн хүү С.Т ажилгүй байхаар нь “чи энэ краныг аваад ажил хий” гэж хэлээд өгсөн. Тэгээд би Тд 35 000 000 төгрөгөөр зарсан, энэ кран Тд байгаа юм. Би краны төлбөрт 10 сая төгрөг авч, бусдыг аваагүй байгаа. Хятад улсаас орж ирсэн “Камаз” кран байгаа юм, яг хэдэн онд орж ирж байсныг мэдэхгүй. Энэ кран үндсэн богино суурь сум нь дээрээ 12 тонн даах хүчин чадалтай. Краны сумыг сунгасан тохиолдолд хэдэн тонн өргөхийг би хэлж мэдэхгүй, үндсэн өргөх даацнаас багасгадаг юм. Би краныг худалдаж аваад 1 жил ажиллуулж байсан, тэр хугацаандаа ямар нэг үзлэг оношлогоонд оруулж байгаагүй. /1хх-ийн 35-36/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: Дээрх автомашины үндсэн зориулалт нь ачааны автомашин, ачааны автомашиныг цистерн болгоод, цистернг автокран болгосон. Одоо манай мэдээллийн санд цистерн гэж 2015 онд өөрчилсөн байгаа ...”/ 3 хх-ийн 105/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Баярсайхан мөрдөн байцаалтанд:..анх ЗЦГ дээр автомашиныг бүртгэдэг байж байгаад 2009 оны сүүлээр Зам тээврийн яамны Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт авто тээврийн бүртгэл шилжин ирсэн юм. Тэгхэд ЗЦГазарт бүртгэгдсэн байсан тээврийн хэрэгслүүдийн манай байгууллага хуулж өөрийн бүртгэлийн сандаа шивж байсан. Тэр үед л цистерн зориулалттай машиныг автокран гэж бүртгэлийн санд андуурч шивсэн байх. 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр уг машиныг анх бүртгэгдсэн картыг нь архиваас хараад зөвтгөж  автокран гэж санд бичсэнийг цистерн болгож зассан юм /3хх-ийн 106/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгсэл бүртгэл хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгийн мөрдөн байцаалтанд “...48-61 УБА улсын дугаартай автомашины хувьд сан дээр өнөөдрийн байдлаар хуучин архивт ажиллаж байсан Баярсайхан 2015-08-12-нд өөрчлөлт хийсэн харагдаж байна. Гэхдээ 2014-11-06-ний өдөр Б.Мөнх-Эрдэнэ мэргэжилтэн дээр гэрчилгээ солигдох явцдаа тусгай зориулалттай автокран болж хэн өөрчилсөн болох нь тогтоогдохгүй байна. Энэ машины зориулалтыг хэн өөрчилсөн болох нь манай байгууллагын архивын материал болон бүртгэлд харагдахгүй, мэдэгдэхгүй байна. Тиймээс Зам тээвэр хөгжлийн яаман дээр байдаг төв сервер дээрээс манай ажилтны нэр дээрээс /хакердсан, халдсан/ байна гэж үзэж байна”  /3 хх-ийн 174-175/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр С.Т мөрдөн байцаалтанд: 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн үед миний гар утас руу нэг хүн залгаж яриад чам руу нэг хүн утсаар ярьсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би яриагүй гэж хэлсэн нөгөө хүн ах нь чам руу эргээд яръя давхцаж магадгүй гэж хэлээд утсаа салгасан. Би  тэр үед гурвалжингийн Тэхийн зогсоол дээр байсан. Тэгээд би ажил олдохыг хүлээгээд зогсож байтал 30 минутын дараа 9811-тэй дугаараас над руу залгаад ахын дүү нөгөө кран худлаа юм шиг байна хүрээд ир гэж хэлсэн тэгээд би тэр ахад үнэ хөлсөө яах юм гэж асуухад нөгөө ах урдаас лист өргөдөг хавчаар авчирсан. Тэрүүгээр дор нь хурдан буулгана чи харин үнэ хөлсөө хэд гэх юм гэж хэлэхээр нь би нэг машиныг 150.000 төгрөг болж байна уу гэж асуусан тэгэхэд нөгөө ах болж байна гялс хүрээд ир  нөгөө машинууд чинь ирж байна гэсэн утгатай юм ярьсан. Тэгээд би үнэ хөлсөө тохирсон тэгээд намайг очих газраа мэдэж байгаа юу гэж асуусан би өмнө тэр хүний хашаанд очиж байсан юм. Тэгээд энэ ажлыг хийж байхдаа тэр хүний 9811-тэй утасны дугаарыг хадгалж авч байсан тэгээд мэдэж байгаа гэдгээ хэлсэн. Тэгээд машинаа аваад төмөр буулгах газар руугаа явсан. Явж байхад 96-тай дугаараас над руу яриад би шланзны жолооч байна ахын дүү хаана байна хоёр машин лист төмөр ирж байна хурдлаарай гэж хэлсэн. Тэгэхэд би түлш аваад зогсож байна одоо шууд хөдөллөө гэж хэлсэн тэгээд явсаар байгаад хашааны үүдэнд ирэхэд гадаа нэг машин лист төмөр хашаан дотор нэг машинтай лист төмөр тэгээд би хаана буулгах талаар Жагоб ХХК-ны захиралаас асуухад үйлдвэрийн арын хаалга нь дээр буулгана хэж хэлсэн. Тэгээд кранаа энэ хавьд эвтэйхэн байрлуулчих гэж хэлсэн тэгээд би кранаа аюулгүй байдлаа хангах үүднээс краны толгойг нь хойш нь харуулаад баруун талаас аваад машины араар тойруулж зүүн талд буулгахаар кранаа байрлуулахаар 4 данкратаа байрлуулаад миний краны 4 давхарт тэгш устай тул тэгш усаа харж байгаад  байрлуулсан тэгээд би шигдэх болон цөмрөхөөс хамгаалах моднуудыг данкратан доор байрлуулж өгсөн. Тэгэхэд кран байрлуулж байхад нэг залуу ирээд чамд хоёр богино тросс байгаа гэсэн тэрийгээ өгчих гэж хэлсэн тэгээд захирал нь  над руу утсаар ярьж байхдаа чамд хоёр тросс байгаа юмуу гэж асууж байсан тэр үед би байгаа гэж хэлсэн. Тэгээд би кранаа байрлуулсны дараа захирал дээр явж очсон тэр үед захирал нь урдаас авчирсан дэгээнүүдийн боолтыг ажилчидтай нийлж байгаад тэр тросыг шургуулж байсан тэр үед нь би энийг хувааж өргөхгүй юм бол болохгүй юм байна гэж Гд хэлэхэд зүгээр зүгээр энэ хавчаараар яаж ч буулгасан болно гэж хэлсэн. Тэгж уулзсны дараа машин би ачаатай машин дээр гарахад шланзны жолооч Б мөн чиргүүл дээр байсан.  Тэгээд тэд нартай хувааж буулгах талаар ярилцаж байсан мөн Жагоб ХХК-ний нэг ажилтантай бас ярилцаад хувааж буулгах талаар ярилцаад өдөржин юм болно наадах чинь бүтэхгүй ийм завсаргүй юм чинь оосорлоход хэцүү гэж хэлсэн.  Тэгэхэд цаанаас бэхэлсэн тросс дэгээгээ авчирч ирсэн тэгээд оосорлох гэтэл бэхэлж авчирсан дэгээ нь буруу хийсэн байсан  тэгээд би дэгээг буруу харуулаад хийсэн юм биш үү гэж хэлсэн эгтэл нөгөө ажилчид хараад өө тийм байна шүү дээ гэж хэлээд ажилчид дэгээг засаад өргөхөөр болж лист төмрийг 10 ширхэгээр нь оосорлож өгсөн. Тэгэхэд нь би өргөөд үзье болохгүй бол хувааж өргөнө шүү гээд би кранд орж суугаад ачааг чангалсан ачааг чангалах үед кранд ямар нэг өөрчлөлт ороогүй ачааг зүгээр дааж байсан би ачааг зүгээр дээш нь хөндлийсөн тэр үед 12 метрийн урттай лист төмөр хоёр тал нь хотойж унжсан байдалтай байсан тэгэхэд би краны ажиллагааг зогсоогоод краны цонхоор толгойг нь гаргаад энэ хавчаар гүйхгүй юу зүгээр үү гэж захирал болон тэнд байгаа хүмүүсээс асуухад захирал зүгээр зүгээр өргө гэж хэлсэн тэгээд өргө гэж хэлсэн болохоор чиргүүлийн порчикноос ер нь бол даваад гараад ирсэн. Тэгэхэд арын 2 хавчаар урагш гүйсэн тэгэхэд ачаа доошоо хүчтэй дугтралт өгсөн гүйгээгүй тал руу мушгиад краныг асаалттай краны гидерийн трүп задарч гедро шингэнийг цацаж байсан тэгээд би машиныг унтраасан. Тэгээд би машинаа хараад зосгож байтал тус компанийн ажилчин гүйж ирээд энд хүн цохиулсан байна шүү гэж хэлсэн тэгэхэд би хаана гэж хэлээд дагаж очиж харахад шланз машины жолооч гэх хүн маш эвгүй байдалтай хөдөлгөөнгүй байсан тэгээд би маш их айсан маш их сандарсан. /1хх-ийн 82/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Ж.Г мөрдөн байцаалтанд: Би хувь хүний үүднээс амаар тохиролцож төмөр буулгуулах ажлыг С.Т, Б, Болдбаатар нартай үнэ хөлсийг нь тохиролцож өөрийн өмчийн хашаанд буулгуулахаар болсон кранист Т нь ханзарсан байдалтай 2 ширхэг троссоор лист төмрийг буулгая гэж хэлсэн жолооч Болдбаатар нь чиний кран даах юм уу Төөс асуугаад өөр кран дуудах юм уу гэж хэлэхэд Т нь миний кран даана энэ төмрийг буулгана гэж хэлсэн тэгээд би ширхэг ширхэгээр таслаж буулгаж болохоор БНХАУ-аас авчирсан нэг ширхэг дэгээ нь 5 тонн даах чадалтай 4 ширхэг 20 тонн даах дэгээг Т гэгчийн авчирсан их муу тросонд уг дэгээнүүдийг бэхэлж өгсөн. Тэгээд өөрийн хувийн тэнд ажиллаж байсан ажилчид болон хөлсөөр тохиролцсон Т жолооч нарт наадах лист төмрөө даацынх нь хэмжээгээр таслаж өргө гэж хэлсэн тэр үед Т нь оосорлогч дохиочин байхгүй учир би өглөө зааварчилгаа өгч гаргасан өөрийн байгууллагын ажилтан Сэнгэсамдан Түмэнжаргал нарыг Тд туслуулсан тухайн үед би тэр хүмүүст  анхаарал болгоомжтой ажиллаж даацын хэмжээгээр төмрийг буулгаарай гэж хэлсэн би өөрийн биеэр бас байж байсан тэгээд манай хоёр ажилтан оосорлосон тэгээд Т өөрөө чиргүүл дээр гарч буулгах гэж байсан ачааг өөрөө шалгаж үзээд крандаа сууж уг ачааг өргөхөд дэгээнүүд гүйж чангаргаар хансан дахин дэгээ гүйгээгүй тэгээд өргөчихөөд буулгалт хийх гээд кран эргэлт хийж байх үед уг кран хүрд хэсгээрээ салж унасан тэр үед лист доош унаж краны сум машины чиргүүлийн урд зосгож байсан жолооч Бы дээрээс унасан би үүнийг техникийн бүрэн бус байдлаас болж осол гарсан гэж үзэж байгаа...хэрэв би хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгсөн байсан ч бүрэн бус өргөх автокран байсан учир уг осол гарах байсан байна хэрэв миний угсарч өгсөн 4 ширхэг дэгээнд буруу өгөх гэж байсан бол тэр дэгээ хугараагүй мөн кран хүрднээсээ мултарч унаж байхад доош нь листээ сул алдаж аюулыг багасгасан хэрвээ манайд ашиглагдаж байгаа троссоор битүү оосорлож өргөж байгаад кран унасан бол тэр лист краны сумтай цуг бид нар руу харваж орж ирэх байсан. /хх-ийн 85/ гэх мэдүүлэг,

 

Шинжээчдийн дүгнэлтүүд болон тэдгээрийн мэдүүлгүүд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх  эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 607 дугаартай: Талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Хэргийн газраас задлан шинжилгээний өрөөнд цогцсыг зөөвөрлөн авчирсан тул нас барсны дараа байрлал өөрчлөгдсөн эсэхийг тогтоох боломжгүй. Талийгаачийн цогцсыг хүлээн авч үзлэг хийсэн эмчийн тэмдэглэлд талийгаач нь 2015.03-26-ны 17.15 цагт нас бараад 2-4 цаг болсон байжээ. Талийгаач нь дээрх гэмтлүүдийг авсны дараа идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. Бы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр сээрний 4-5 нугалмын салсан, нугас тасарсан хугарал, зүүн 2-6 дугаар хавирганы хугарал, голтын зөөлөн холбоос дагасан цус хуралт, зүүн бөөрний няцрал, урагдал, өөхөн эд дэх цус хуралт, хуйх, хүзүү, 2 гарын сарвуу, зүүн шууны шарх, хамар, эрүү, зүүн бугалга, 2 өвдөг, зүүн гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан гэмтлүүд нь бүгд амьд үед нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач нь АВО системээр BIII бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедэ согтолтгүй байжээ. Талийгаач нь тогтоолд дурьдагдсанаар 48 настай байна. /1хх-ийн 40-42/ гэжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02-06-500/12 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 10
дугаар зүйлийн 10.1 дэх заалт /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна/, 10.2 дахь заалт /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна/, 10.3 дахь заалт /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар, үйлчилгээ,
тохируулгыг техникийн баримт бичигт заасан болон эрх бүхий байгууллагын
баталсан хугацаанд туршилт, тохируулга, баталгаажуулалтыг хийлгэсэн байна/
заалтуудыг тус тус зөрчсөн.

2. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 3 дугаар
зүйлийн 3.1.9 дэх заалтад иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ
холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг “ажлын байр” гэж тодорхойлсон байдаг.

Шланзны жолооч Л.Б, краны жолооч С.Т болон “Жагоб”
ХХК-ийн хооронд “Хөдөлмөрийн тухай” хуулийн 3.1.1 дэх заалт /“ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг/, 3.1.2 дах заалт /“ажилтан" гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг/-уудад заасан ажил олгогч, ажилтаны харилцаа үүсээгүй байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.1.9 дэх заалт /Хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил хөдөлмөр эрхэлж буй Монгол улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй иргэн/-д хамаарах буюу “Жагоб” ХХК-ийн захирал
Ж.Гтэй амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгэж байсан тул ажил олгогч нь “Жагоб” ХХК мөн болно.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн ажил олгогчийн үүрэгт буюу 28 дугаар зүйлийн 28.1.6-д “Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм
заавар журам баталж мөрдүүлэх" гэж заасан тул тухайн ажлыг гүйцэтгүүлж
байсан “Жагоб” ХХК нь ажлын байрны онцлог болон тухайн ажлын байранд
гаднаас тээврийн хэрэгсэл, ажиллах хүч орж ирэхэд хөдөлмөрийн аюулгүй
ажиллагааг хэрхэн хангаж ажиллах талаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны
журмыг боловсруулж. захирлын тушаалаар баталж мөрдүүлэх үүрэгтэй болно.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар
зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн
нөхцлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж
ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-ын дагуу
“Жагоб” ХХК-ийн удирдлагын зүгээс хяналт тавьж ажилласан талаарх холбогдох баримт бичиг хэргийн материалд байхгүй байна.

мөн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт /ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн аюулгүй байдал. эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна/-ын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан авч ажиллуулсан нь тодорхойгүй байна.

Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.8 дахь заалт “Иргэд хоорондын гэрээгээр ажил гүйцэтгэх үед болон иргэний машин механизм, тоног төхөөрөмжийг түрээслэх, бусад хэлбэрээр ашиглах явцад гарсан
үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг гэрээ байгуулж байгаа талууд тухайн
гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу судлан бүртгэнэ. Хэрэв гэрээнд энэ талаар
тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч тал гарсан осол, хурц хордлогыг судлан бүртгэж, хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барагдуулна/-д заасны дагуу “Жагоб” ХХК ослыг бүртгэж ажилласан материал хавтаст хэрэгт байхгүй байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дах эрсдлийн дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/-ын хэрэгжилт тухайн байгууллага дээр хангалтгүй байна.

Краны жолооч С.Т болон осолдогч нар нь мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт
/Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож энэ талаар ажил олгогчид мэдэгдэх/, 18.2.7 дах заалт /Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-уудыг тус тус зөрчсөн байна.

3. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5 дахь /Өргөх байгууламж /0,1 тонноос дээш даацтай цахилгаан шат, 3 тонноос дээш даацтай, машинчийн бүхээг бүхий кран/-ийн угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа /заалт, 25.2.8 дахь /барилга байгууламж, өргөх байгууламжийн улсын бүртгэл/ заалт, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 6-р сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 04 хавсралтаар батласан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.1.1. дэх /Ачаа өргөх краныг эзэмшигч нь “Барилгын тухай хууль”-ийн дагуу энэхүү дүрмийн 8.1.2-т зааснаас  бусад, 1.3-т заагдсан бүх төрлийн краныг ашиглалтад оруулахын өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ/ гэсэн заалтуудын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй.

Тус автокраныг ашиглахдаа мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар техникийн магадлалыг хийлгэж техникийн байдлыг тогтоогоогүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. дахь /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна/ заалт,

10.3. дахь /Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан болон эрх бүхий байгууллагын баталсан хугацаанд туршилт, тохируулга, баталгаажуулалтыг хийлгэсэн байна/  

10.4. дэх /Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцлийг ажил олгогч хангасан байна/ заалт, мөн “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.3.1. дэх /Краныг ажилд оруулахын өмнө, техникийн бүрэн магадлалыг хийсэн байх ёстой. Хяналтын байгууллагад бүртгэгдэх краныг бүртгүүлэхээс өмнө техникийн магадлалыг хийсэн байна. Магадлалыг краны ашиглалтын зааврын дагуу хийнэ. Ашиглалтын заавар байхгүй бол энэхүү дүрмийн холбогдох заалтыг үндэслэл болгон гүйцэтгэнэ/ заалт, 8.3.2
дахь /Ашиглалтад байгаа кранд дараах байдлаар техникийн ээлжит магадлалыг хийнэ. Үүнд: а) хэсэгчилсэн -12 сард нэгээс доошгүй, б) бүрэн-3 жилд нэгээс доошгүй удаа (цөөн ашиглагддаг кран орохгүй) в) авто краны ачаа өргөх төхөөрөмжид 2 жил тутам оношлогоог хийнэ/ заалтуудыг тус тус зөрчсөн.   /1хх-ийн  63-68/ гэжээ.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлтэд: БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Камаз 5315 маркийн автокраны техникийн паспорт байхгүй, ижил төстэй краны бичиг баримт олдохгүй байгаа тул техникийн үзүүлэлтийг тогтоох боломжгүй байна. Ачаа өргөж шилжүүлэх үед краны хүрдэнд хүчний ачаалал ирж, хүрдний боолтууд тасарсан байна. Краныг даац хязгаарлагчаар тоноглоогүй сумны даац заагч байхгүй, техникийн паспорт байхгүй байгаа тул тухайн үед даац хэтэрсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Ослын үед автокран техникийн хувьд бүрэн бус байсан эсэхийг одоо нүдээр харж, тогтоох боломжгүй. Техникийн баримт бичиг байхгүй байгаа тул одоо байгаа эд ангиуд нь өөрчлөгдсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. /1хх-ийн 226/ гэжээ.

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07/104/04 тоот дүгнэлтэнд:

1.48-61 УБА улсын дугаартай Камаз маркийн кран нь техникийн магадлал
хийлгээгүй байсан нь: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалт (Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна),
10.3 дахь заалт (Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан болон эрх бүхий байгууллагын баталсан хугацаанд туршилт, тохируулга, баталгаажуулалтыг хийлгэсэн байна)
заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. Лист төмөр буулгах үед хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хууль, дүрэм журмыг кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч сахиулж ажиллах ёстой боловч түүнийг томилоогүй нь ЗТБХБ-ын сайдын 2010 оны 6-р сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 04 хавсралтаар батласан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн (8.4.4. Барилгын талбай, үйлдвэрийн цех зэрэг кран ажилладаг бусад хэсгүүдэд кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчдыг мастер, талбайн инженер, даамал, хэсэг, тасгийн дарга нараас ээлж бүрд тушаалаар томилсон байвал зохино. Материалын агуулах болон ийм төрлийн ажлын байранд кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчдыг шаардлагатай тохиолдолд агуулахын эрхлэгч, хэсгийн дарга нараас томилж болно.

8.4.4.1. Кранаар ачаа шилжүүлж, ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нь доорх үүргийг хүлээнэ. Үүнд: б/ кранчин, оосорлогчдын үйлдвэрлэлийн зааврыг биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шаардлагатай үед үйлдвэрлэлийн байранд ажлыг аюулгүй гүйцэтгэх ба краныг хэт ачаалалд оруулахгүй байх, өөрөө явагч сумт краныг зөв байрлуулах ачааг зөв баглах, оосорлох, хагас тавцант вагонд ачаа ачиж буулгах үеийн ба оосорлогчдын аюулгүй ажиллагааг сахиулах зэргийг онцгой анхаарч, ажлын байрны зааварчилга өгөх; в/ суралцаж, аттестатчилах шалгалтанд ороогүй хүмүүсээр кран эзэмшүүлэхийг хориглож, шаардлагатай үед оосорлогчийн тоо, краны ажлын үед дохиочин томилох, шаардлагатай эсэхийг тодорхойлох; к/ ажилчдад краныг аюулгүй ажиллуулах зааварчилгыг өгөх; л/ краны машинч, оосорлогч дохиочин нар үйлдвэрлэлийн дотоод журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих.) заалтуудыг ажил олгогчийн зүгээс зөрчсөн байна.

3. 48-61 УБА улсын дугаартай Камаз маркийн кран нь мэргэжлийн хяналтын байгууллагад хөтлөдөг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ашиглах зөвшөөрлийг аваагүй байна.

Энэ нь “Барилгын тухай" хуулийн 25 дугаар эүйлийн 25.2.8 дахь (барилга
байгууламж, өргөх байгууламжийн улсын бүртгэл) заалт, түүнчлэн “Ачаа өргөх
краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.1.1 дэх (Ачаа өргөх краныг
эзэмшигч нь “Барилгын тухай хууль”-ийн дагуу энэхүү дүрмийн 8.1.2-т зааснаас бусад, 1.3-т заагдсан бүх төрлийн краныг ашиглалтад оруулахын өмнө
хяналтын байгууллагад бүртгүүлнэ) гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Автокраныг ашиглахдаа “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.2.1. дэх (Краныг эзэмшигч, ашиглагч байгууллага нь түүнийг ашиглах зөвшөөрлийг хяналтын байгууллагаас дараах тохиолдолд авна. Үүнд а) улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн краныг ашиглахын өмнө), 8.3.1. дэх (Краныг ажилд оруулахын өмнө, техникийн бүрэн магадлалыг хийсэн байх ёстой. Хяналтын байгууллагад бүртгэгдэх краныг бүртгүүлэхээс өмнө техникийн магадлалыг хийсэн байна. Магадлалыг краны ашиглалтын зааврын дагуу хийнэ.),

8.3.2. дахь (Ашиглалтад байгаа кранд дараах байдлаар техникийн ээлжит магадлалыг хийнэ. Үүнд: а) хэсэгчилсэн-12 сард нэгээс доошгүй, б) бүрэн-3 жилд нэгээс доошгүй удаа в) авто краны ачаа өргөх төхөөрөмжид 2 жил тутам оношлогоог хийнэ) заалтуудыг тус тус зөрчсөн байна.

4. Автокраны өргөх төхөөрөмжийн эргэх хүрд ачаа өргөж, шилжүүлэх үед салж унасан нь бэхэлгээний эрэг, боолтууд суларсан эсвэл түүний ховил, үрэл зэрэг эд ангийн элэгдэл, ашиглалтын явцад металл хийцэд үүссэн гэх ан цав нөлөөлсөн зэрэг олон хүчин зүйлийн аль нэг нөлөөлсөн байх магадлалтай. Хавтаст хэрэгт техникийн бичиг баримт байхгүй байгаа тул тус автокран нь даац хэтрүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан зураг, ослын дараа хүрдэнд хийсэн үзлэгээс
автокраны хүрдэнд хуучин цууралт ан цавтай байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

6. Кранист нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.4.19. дэх (Үйлчлэх ажилчдаас /кранчин түүний туслах, засварчин,
цахилгаанчин, оосорлогч, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохируулагч/ дүрмийн мэдлэгийг шалгах давтан шалгалтыг мэргэжлийн комисс дараах тохиолдолд авна. Үүнд а) ээлжит шалгалтыг 12 сард нэгээс доошгүй удаа) заалт, 8.4.20. дахь (Үйлчлэх ажилчдын аттестатчилах ба ээлжит шалгалтын үр дүнг протоколд бичиж, үнэмлэхэд тэмдэглэнэ) заалтын дагуу 12 сар тутам дүрмийн мэдлэгийн ээлжит аттестатчилах шалгалтанд орж мэргэжлийн үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагатай.

7. Энэхүү асуултыг хариулт 1, 2, 3-т хариулсан болно.

8. Хавтаст 2 хэргийн 39 дүгээр хуудсанд хавсрагдсан 7 ширхэг фото зураг, “Жагоб” ХХК-иас хятад хэл дээр ирүүлсэн дэгээг үйлдвэрлэгч БНХАУ-ын “Qingyuan lijia lifting rigging CO.Ltd” компанийн дэгээний баримт бичиг, түүнийг Монгол хэл дээр орчуулсан “Эх дардас” ХХК товчооны орчуулгыг (хавсаргав) үндэслэн:

лист төмрийг буулгах үед ашигласан 4 ширхэг PDQ загварын дэгээ нь 1 ган хавтанг хөндлөнгөөр өргөх зориулалттай буюу зориулалтын дэгээ байна.

нэг дэгээ нь 5 тонн, нийт 4 ширхэг дэгээ 20 тонныг өргөх даацтай буюу
дэгээний даацыг хэтрүүлээгүй байна.

баримт бичигт зааснаар листийг өргөх үед дэгээний 4 ган татлага
хоорондын өнцөг 60° хэтрэхгүй байх шаардлагатай, түүнийг ослын дараа тогтоож, осолд нөлөөлсөн эсэхэд хариулт өгөх боломжгүй байна.

9. ОХУ-ын КАМАЗ, МАЗ, КРАЗ, ЗИЛ автомашинуудын арал дээр тэвш,
цистерн, кран, бусад тусгай зориулалтын төрөл бүрийн төхөөрөмжийг тоноглохоор үйлдвэрлэдэг. 48-61 УБА улсын дугаартай Камаз маркийн машины арал дээр
төхөөрөмжлөгдсөн 16 тоннын даацтайгаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, сумт краны паспорт баримт бичиг хавтаст хэрэгт байхгүй байгаа тул хэрэг гарахад нөлөөлсөн эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. / 2 хх-ийн 109-113/ гэжээ.

 

2018-01-19-ний өдрийн Авто техникийн шинжээчийн 576 дугаартай дүгнэлтэнд:  Шинжилгээнд ирүүлсэн KAMAZ маркийн 48-61 УБА дугаартай автомашинд суурилуулсан гэх краны арал, бүхээгний эд ангиудыг бүрэн задалж салгасан тул эвдрэлийг тогтоох боломжгүй. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр СХД-ийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны урд байрлах Далангийн 1 дүгээр гудамж 12А тоот хашаанд очиж үзлэг хийсэн. Дугаар, пайз, тэмдэглэгээ байхгүй, марк тодорхойгүй, шар өнгийн, краны бүхээг доор байрлах хүрд нь босоо чиглэлд 6,6 см хэмжээтэй тасарсан, 2,0 см хэмжээтэй ангайсан гэмтэлтэй байна. Дээрх гэмтэл нь төмөр эдлэлийн бат бөхийн хязгаар давсан, хөших хүчний үйлчлэлээр үүссэн байх үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн краны арал, бүхээгт дугаар, марк, пайз, тэмдэглэгээ байхгүй, эд ангиудыг бүрэн задалж, салгасан тул хэдэн тонн ачаа өргөх зориулалттайг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн краны арал, бүхээгт дугаар, марк, пайз, тэмдэглэгээ байхгүй, эд ангиудыг бүрэн задалж, салгасан тул зөв суурилуулсан эсэхийг тодорхойлох боломжгүй. /3хх-ийн 116- 124/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч Н.Буйдангийн мөрдөн байцаалтанд: Барилгын тухай хуулиар өргөх механизмын угсралт, ашиглалтын үеийн аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавих ёстой. Мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналтыг хийхдээ жилийн өмнө баталсан төлөвлөгөө, байгууллага иргэдийн хүсэлтийн дагуу хяналтыг гүйцэтгэдэг.  Тухайн БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байрлах Тэхийн зогсоол дээр 2006, 2008, 2010 онуудад ШУТИС-ийн харьяа Механик инженерийн сургуультай хамтран хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн автокрануудыг улсын бүртгэл, техникийн магадлалд хамруулан ашиглах зөвшөөрлийг олгоно. Зам тээврийн сайдын 2013 оны 232 дугар тушаалаар...өөрчлөлт оруулсны дагуу автокраныг эзэмшигч нь өөрөө мэргэжлийн байгууллагад хүсэлт гаргаж магадлал хийлгэх зөвшөөрөл авна. Иймд Тэхийн зогсоолд үйл ажиллагаа явуулж байгаа иргэд өөрсдөө автокраны бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгтэй.  Үүнээс гадна “Ачаа өргөх краны аюулгүй ажиллах дүрэм”-ийн 8.1.3-д заалтад заасны дагуу хяналтын байгууллагад краны эзэмшигч нь өөрөө өргөдлөө гарган, хяналтын байгууллагын байцаагч нараар кранаа шалгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглах зөвшөөрлийг авах ёстой. Гэтэл уг осол гаргасан краныг эзэмшигч нь өөрөө 2014 оноос хойш краныг бүртгүүлэлгүй ашиглах зөвшөөрөл авалгүй уг краныг ашигласан нь осол гарахад нөлөөлсөн байна. /3 хх-ийн 22-23/ гэх мэдүүлэг,

Шинжээч Ш.Хонгорзулын мөрдөн байцаалтанд: Краны жолооч С.Т нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг зөрчсөн буюу өөрийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй байсны улмаас, 2-рт Жагоб ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8 дахь хэсэгт заасан аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, мөн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж ажиллуулаагүй, 28.1.6 дэх хэсэгт заасан ажлын байрны дүрэм заавар журам баталж мөрдүүлээгүйн улмаас, 3-рт Осолдогч Л.Б нь ачаа буулгах үед Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хуулийн 18.1.4, 18.2.3, 18.2.7 дахь хэсэг заалтыг зөрчсөн аюултай бүсэд зогссоны улмаас осол гарсан байна.

 

Жагоб ХХК-ны хувьд лист төмөр ачааг буулгах үед тус байгууллагын захирал болон аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан нь ачааг буулгах үед ажиллаж байсан ажилтан нь өөрийн компанийн ажилчид болон гаднаас орж ирсэн краны жолооч С.Т, хоёр шланзны жолооч Л.Б Л.Болдбаатар нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч хяналт тавьж ажлаагүй нь 4969:2000 “Сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм, стандартын 3.9, 3.16 дахь заалтыг тус тус зөрчсөн, өөрөөр хэлбэл аюултай ажил гүйцэтгэж байгаа ажилчдад тухайн ажил үүрэгт нь тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг заавал өгөх ёстой байсан юм.  Энэ ослыг хариуцагч нь бүрэн бус кран өргөх механизмыг ажилуулж байсан кранист С.Т болон Жагоб ХХК-ний захирал Г нар хариуцах ёстой юм. Миний хувьд шинжээчийн дүгнэлтийн хариулт 2 дахь хэсэгт ажил гүйцэтгүүлэгч тал буюу Жагоб ХХК нь ослыг судлан бүртгэж, улмаар мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлэн, ослыг улсын байцаагч баталгаажуулсан тохиолдолд хохиролыг барагдуулна. Хохирлыг хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2 дах заалтад заасны дагуу барагдуулах үүрэгтэй. Энэ заалт нь одоогийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу нийгмийн даатгалд осолдогч өөрөө хувиараа төлж байсан бол орлогын сүүлийн 3 сарын орлогын дундажыг 36 сараар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох тухай юм. /1хх-ийн 63-68/ гэх мэдүүлэг,

Шинжээч Г.Эрдэнэхүүгийн мөрдөн байцаалтанд: Энэ автокран нь бичиг баримт бүрдэлт байхгүй учир тодорхойлох боломжгүй гэхдээ энэ машин нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн өргөгч кран байна.  Уг кран нь мэргэжлийн хяналтын улсын бүртгэлд бүртгэлгүй, бүртгэлд хамрагдаагүй байсан. Уг өргөгч кран нь мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар техникийн магадлал хийлгэж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын багууллагаас 2 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог юм. 48-61 УБА улсын дугаартай өргөгч камаз краны хувьд мэргэжлийн хяналтын байгууллагад огт бүртгүүлж байгаагүй кран байсан.  Автокран сууриасаа салгахад нөлөөлсөн зүйл нь суурин ховил, үл хөдлөх болон хөдлөх аралын бэхэлгээний боолтнуудын сулрал, хүрд болон шайрагны болон эд ангийн элэгдэл, сулрал зэрэг нөлөөлж сууринаас салдаг. Мөн салсан асуудал нь ачаа хэтэрсэнээс болж салж унах боломжтой. Мөн кранистын дадлага туршлага бас хамаарна. Т нь анх 2011 оны 11 сарын 08-ны өдөр краны төхөөрөмж ажилуулах эрхийн үнэмлэх аваад авсан цагаасаа хойш сунгалт хийгээгүй, энэ асуудал нь дадлага туршлагагүй, дүрмийн мэдлэггүй байгаагаас уг осол гарсан гэж үзэж байгаа юм. Миний зүгээс техникийн талаас уг краныг мэргэжлийн хяналтын байгууллагаар үзлэг шалгалт хийлгүүлж бүрэн бүтэн байдлыг хангуулаагүй байсан учраас уг осол гарсан гэж үзэж байна Мөн ажил үйлчилгээ хийлгүүлж байх үедээ Жагоб ХХК-ийн талбай дээрх зураглал хийж төлөвлөгөө гарсан байх ёстой. Тэр зурган дээр хийгдэх ажлын дараалал байх ёстой байсан юм.  Барилгын тухай хуулиар бол манай байгууллагаас хяналт тавих ёстой боловч дүрмээр бол краныг эзэмшигч ашиглагч нь краны бичиг баримтыг бүрдүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагад өөрийн хүсэлт гаргасны дагуу улсын байцаагч нараар дүгнэлт гаргуулж ашиглах зөвшөөрөл авсны дараа авто тээврийн үндэсний төвд бүртгүүлэн бичиг баримтын зориулалтыг өөрчилнө. Уг осол гаргасан краныг эзэмшигч С.Т нь техникийн оношлогоо магадлал хийлгэх хүсэлт гаргалгүй авто тээврийн газраас тээврийн хэрэгслийн зориулалтыг өөрчлөн автокран болгож ашигласан нь уг осол гаргахад нөлөөлсөн байна. Тэхийн зогсоол орчимд хувиараа кранаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн кранд тогтмол хяналт тавих боломжгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага нь өмнөх онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг хийж ажилладаг.  Учир нь Төрийн хяналт шалгалтын хуулийн 10 дугаар зүйлд зааснаар “мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар өөрсдөө дураар очиж хяналт шалгалт хийхийг хориглосон” байдаг.

...Уг шинжээчийн дүгнэлт нь миний урд гаргасан дүгнэлттэй ерөнхийдөө нийцэж байна. Уг нь камаз машин дээр кран суурилуулсан бол манай байгууллагад оношлуулах ёстой байсан. Мөн үйлдвэрлэлийн талбайд орж ирэхэд нь ажил олгогч захиалагч нь бичиг баримт техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах ёстой байсан. Краны жолооч өргөж байгаа зүйлийг газраас 50 см зайд өргөж шалгаж үзэх байсан. Бас ажил олгогч өргөж байгаа зүйлдээ тохирох дэгээ буюу  хавчдаг дэгээг хэрэглэх ёстой байсан.  Краны жолооч ажил олгогч хоёрын аль алиных нь буруутай ажиллагаанаас осол болсон. Ажил олгогч үйлдвэрлэлийн талбайд ажилтны төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой байсан...” / 1хх-ийн 68-69, 3 хх-ийн 18, 135-136/ гэсэн дүгнэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Г, С.Т нарыг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жагоб” ХХК-ийн хашаанд нэг бүр нь 920 кг-ийн жинтэй лист төмрийг Л.Бы автомашинаар зөөлгөж авчруулан, уг лист төмрийг  С.Тийн 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар шланзны тэвшнээс шилжүүлэн буулгуулах явцад Л.Б өөрийн автомашины тэвш кабины завсар зогсож байгаад С.Тийн 48-61 УБА улсын дугаартай өргөгч краны суманд дарагдаж нас барсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Энэ байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан гэрч Х.Пүрэвжаргалын “...кран лист төмрөө даахгүй баруун тийш краны сум нь нураад орж ирсэн...машины жолоочийг краны сумны үзүүр цохих шиг болсон. Тэр жолооч тэр дороо унасан. Би захиралд “хүн  цохигдчихлоо” гэж хэлээд машины баруун талаар тойрч гараад хамт байсан нөгөө жолооч нь зүгээр байсан. Буцаж тойроод нөгөө хүнээ харахад  ямар нэг хөдөлгөөн байхгүй байсан...”/1хх-ийн 21-22/, гэрч А.Сэнгэсамдангийн”...кран ачаа өргөж байхдаа хазайсан...дахин ачааг өргөж байх үед тас гэж дуугараад, кран унаж байсан. Би баруун тийш үсэрсэн, 2 жолооч зүүн тал руу үсэрсэн. Би доош үсрэх үед газар унасан. Босоод харахад нэг машины банкны орчим нэг хүний хөл дээшээ харсан байдалтай...дарагдсан хүнийг харсан...түргэн ирж үзээд нас барсан гэж байсан юм...”/1хх-ийн 23, 24/  гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээний акт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь Жагоб ХХК-ийн захирал Ж.Г “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалт, “Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” стандартын 3.9, 3.16 дахь заалт, “Ачаа өргөх, краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах” дүрмийн 8.4.4, 8.4.4.1, 8.5.18 дахь заалтууд дахь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг хэрэгжүүлэн удирдаж, зааварчилгаа өгөөгүй, сахин биелүүлээгүй,

С.Т нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрийн кранистийн үнэмлэхийг сунгуулаагүй, 48-61 УБА улсын дугаартай “Камаз” маркийн  автомашиныг үзлэг оношлогоонд оруулж, магадлуулан, бичиг баримтыг бүрдүүлж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байхдаа буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж.Ггийн “Жагоб” ХХК-ийн хашаанд оосорлогч, дохиочингүй очиж нэг бүр нь 920 кг-ийн жинтэй лист төмрийг 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар өргөж, шилжүүлэн буулгахдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3 дахь заалтууд, мөн Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.1.1, 8.3.1, 8.3.2, 8.4.4.1, 8.5.18, 8.4.19 дахь заалтууд дахь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөний улмаас краны суманд  Л.Б дарагдаж нас барсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан шинжээчдийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын шинжээчдийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02-06-500/12 тоот дугаартай, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот шинжээчийн,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07/104/04 тоот, /1хх-ийн 63-68, 226,  2 хх-ийн 109-113/ удаа дараагийн дүгнэлтүүд болон шинжээч Н.Буйдангийн мэдүүлэг /3хх-ийн 22-23/, шинжээч Ш.Хонгорзулын мэдүүлэг /1хх-ийн 63-68/, шинжээч Г.Эрдэнэхүүгийн /1хх-ийн 68-69, 3 хх-ийн 18, 135-136/ мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэсэн шинжээчдийн дүгнэлтүүд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан байх бөгөөд шүүх  нотлох баримтаар үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл дээрх хэргийн үйл баримттай холбоотойгоор Л.Бы амь нас хохирсон нь Жагоб ХХК-ийн захирал Ж.Ггийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй, краны жолооч С.Т нь ажил үүргээ биелүүлэх явцад аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож энэ талаар ажил олгогчид мэдэгдэх, өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байхыг тус тус зөрчсөнтэй холбоотой гэж шүүх дүгнэлээ.

 

Ж.Г, С.Т нарын холбогдсон гэмт хэрэг нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд тэдгээрт холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

Хяналтын прокуророос Ж.Г, С.Т нарыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь  хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Ж.Г, С.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тэдгээрийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүгдэгч  Ж.Г, С.Т нарын гэм буруутайд тооцогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэгдсэн цаг хугацааны болон хэргийн зүйлчлэлийн хувьд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Ж.Г, С.Т нарт оногдуулсан хорих ял болон эрх хассан нэмэгдэл ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэв.

 

Хохирол төлбөрийн талаар

Шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А  “С.Төөс 1.500.000 төгрөг төлөгдсөн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ж.Ггийн талаас 4.800.000 төгрөг өгч байна. Үүнийг би ойлгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн төлбөрийн мөнгө гэж ойлгож байгаа. Миний ойлголтоор тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар тооцохоор 6.912.000 төгрөг болно. Тэгэхээр 6.912.000-4.800.000=2.112.000 үлдэж байгаа юм.

 

Ж.Г оршуулгын зардал өгөөгүй байгаа. Нийт 40.112.000 төгрөгийг нэхэмжилж байгаагаас талийгаачийн оршуулгын зардалд 9.439.936 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 8.000.000 төгрөг, нөхөн төлбөрийн үлдэгдэл 2.112.000 төгрөг, үлдэх нь сэтгэл санааны болон гэм хорын хохирол юм” гэж мэдүүлж байна.

 

Шүүх, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохиролтой холбогдох баримтуудыг шинжлэн судлаад дараах байдлаар шийдвэрлэлээ.

Нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд оршуулгын зардалтай холбогдох 9.439.936.84 төгрөгийг нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй бөгөөд үүнээс Ж.Ггээс төлөгдсөн 4.800.000 төгрөг, С.Төөс 1.500.000 төгрөг төлөгдсөнийг тус тус хасч тооцож үлдэх 3.219.968.42 төгрөгийг С.Төөс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ад олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөллийн хөлсөнд 8.000.000 төгрөг нэхэмжилсэн нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч сонгон авч хууль эрх зүйн туслалцаа авахдаа харилцан тохиролцсон өмгөөллийн зардал нь гэмт хэргийн  улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төр хариуцан гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр,

мөн сэтгэл санааны болон гэм хорын хохиролын тухайд хуульд тусгайлан заагаагүй бөгөөд мөнгөн дүнг шүүх тооцоолон гаргах боломжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгч Ж.Г дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн даруйд ослыг судлан бүртгэж, харьяалах мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлж ослыг улсын байцаагчаар баталгаажуулах ажиллагааг хийлгээгүй байна.

Үүнтэй холбоотой ажиллагааг хийлгэхээр шүүхийн шатанд шүүгчийн захирамжийг Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлэхэд тус байгууллагаас “Мэргэжлийн хяналтын байгууллага нь Засгийн газрын 269 дүгээр тогтоолын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 7.2-т /үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлтийг тооцохгүй/ гэж заасны дагуу үйлдвэрлэлийн осол акт баталгаажуулахгүй болно”  гэжээ.

 

Талийгаач Л.Бы цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй ч гэмт хэрэг гарах явцад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр  тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 6.912.000 төгрөгийг Ж.Ггээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ад олгуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Энэ талаархи асуудлаа Жагоб ХХК-ийн захирал Ж.Г нотлох баримтаа бүрдүүлэн Нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.    

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос  С.Т, Ж.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2.   Шүүгдэгч Их монгол овогт Жамъянгийн Г, Хар адуун овогт Сувдмаагийн Т нарыг хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон  гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.   Шүүгдэгч С.Т, Ж.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, тус бүр 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4.   Шүүгдэгч С.Т, Ж.Г нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, тус бүр 5 /тав/ жил хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар С.Төөс 3.219.968.42 төгрөг, Ж.Ггээс 6.912.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ад олгосугай.

 

6.   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлстэй холбогдох болон сэтгэл санаа, гэм хорын хохиролтой холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.   С.Т, Ж.Г нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

8.   Хэрэгт битүүмжлэгдсэн 48-61 УБА улсын дугаартай камаз маркийн автокраныг битүүмжилсэн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9.   Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10.   Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т, Ж.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ