Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00461

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00461

 

 

Э.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/03652 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч МС ХХК, Э.Ч-т тус тус холбогдох,

96,470,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие МС ХХК-ийн захирал Э.Ч-той 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамж, 16 тоотод байрлах хашаанд 14х12 м хэмжээтэй хоёр давхар 336 м.кв үйлчилгээний зориулалттай талбайд ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Уг гэрээний ажлын хөлсийг нийт 125,000,000 төгрөгөөр тохиролцож, МС ХХК-ийн захирал Э.Ч-т нийт 53,970,000 төгрөгийг түүний эзэмшлийн Хаан банкны 5077034751 тоот данс руу шилжүүлсэн.

Гэтэл Э.Ч- нь гэрээ байгуулснаас хойш ажил үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй улмаар барилгын зөвхөн суурийн ажлыг шаардлага хангаагүй байдлаар цутгаж, өөр ажил хийхгүй байсан. Гэрээнд зааснаар ажлыг 60 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тохирсон ба гэрээний хугацаа дуусах дөхөж байхад туслан гүйцэтгэгчид нар нь хийх ажилгүй, нэмж хийсэн зүйлгүй байсан. Иймд захирал Э.Ч-ийг ажил үүргээ гүйцэтгэхийг амаар, бичгээр, утсаар удаа дараа шаардахад удахгүй очоод хийнэ гэдэг боловч нэмж ажил гүйцэтгээгүй тул 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг компанийн мэйл хаягаар хүргүүлсэн. Одоогийн байдлаар хариуцагч МС ХХК нь 14х12 м хэмжээтэй суурь цутгасан ажил гүйцэтгэсэн болох нь шүүхийн үзлэгийн ажиллагаагаар тогтоогдсон.

Талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөл дээр хариуцагчийн хийж гүйцэтгэх ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгохоор заасан. Тусгай нөхцлийн 13 дугаар зүйлд урьдчилгаа 35,000,000 төгрөг, суурь 15,000,000 төгрөг, нэг давхрын гүйцэтгэл 30,000,000 төгрөг, хоёр дугаар давхрын гүйцэтгэл 30,000,000 төгрөг, барилга хүлээлгэж өгөхөд 15,000,000 төгрөг, нийт 125,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Нэхэмжлэгч талаас гэрээ байгуулагдсан даруйд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 35,000,000 төгрөг, 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 08 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 08 дугаар сарын 11-ний өдөр 2,970,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 53,970,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчид шилжүүлсэн 53,970,000 төгрөг, гэрээний 7.2.3-т зааснаар 125,000,000 төгрөгийн 50 хувь буюу 62,500,000 төгрөг, нийт 116,470,000 төгрөг гэж гаргасан. Нэхэмжлэгч Э.Н-, хариуцагч МС ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч нь гэрээнд заасан ажлын үр дүнгээс суурийн ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байгаа тул түүнд шилжүүлсэн 53,970,000 төгрөгийн шаардлагаас суурийн ажлын үнэ 15,000,000 төгрөгийг хасаж, 38,970,000 төгрөг гаргуулна. Гэрээний тусгай нөхцлийн 7 дугаар зүйлд ...үе шатны ажлын гүйцэтгэл тус бүрээс гэрээний үнийн дүнгээс хоногийн 0,5 хувийн алданги тооцно гэж заасан.

Хариуцагч МС ХХК нь 125,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлээс 15,000,000 төгрөгийн гүйцэтгэсэн ажлыг хасаж 115,000,000 төгрөгийн үнийн дүнгээс алданги тооцож, алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй гэж хуульд зааснаар 57,500,000 төгрөгийг гаргуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 38,970,000 төгрөгт алданги 57,500,000 төгрөг, нийт 96,470,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Манай компани нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 059/21 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Э.Н-тай Сүхбаатар дүүрэг, 18-р хорооны нутагт баригдах 14х12 хэмжээтэй хоёр давхар үйлчилгээний зориулалттай 336 м.кв талбайтай барилгын ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Бид гэрээний дагуу барилгын суурийн ажлыг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дуусгаж захиалагч талд хүлээлгэн өгсөн. Захиалагч талаас дараагийн үе шатны ажлын санхүүжилт болох 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийн санхүүжилт авсан.

Манай компани нь 1 дүгээр давхрын барилга угсралтын ажлын арматурчлал, хэв хашмал, мод модон материалыг талбайд буулгаж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байхад захиалагч Э.Н- нь барилгын талбай дээр ирээд барилгын материалыг өөрчлөх хүсэлт гаргаж барилга угсралтын ажлыг түр зогсоосон. Өөрчлөлтөөс гарах материалын зөрүү төлбөр болох 2,970,000 төгрөгийг төлсөн.

Материалын өөрчлөлт болон материалын олдоцоос хамаарч барилга угсралтын ажил удааширч болзошгүй байдал үүсэхийг захиалагч Э.Н-т анхааруулж хэлсэн. Материалын захиалгаас шалтгаалж барилгын ажил удааширч барилгын материал талбай дээр бууж барилга угсралтын ажлаа эхлэх гэхэд 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр захиалагч Э.Н- барилгын ажил эхэлж болохгүй, батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтэй байна. Иймд маргааш барилгын ажлаа эхлүүлэхээ больё гэж мэдэгдсэн. Барилгын ажил зогсоод 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/0107 тоот албан бичгээр Э.Н- руу барилгын ажил түр зогсоох мэдэгдлийг хүргүүлсэн. Хариуцагч МС ХХК иргэн Э.Н-тай байгуулсан гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажилд санхүүжилтийг бүрэн зарцуулсан бөгөөд батлагдсан зураг төслөө өгөөгүй удсанаас үүдэн суурийн ажил дууссаны дараа 1 давхарын угсралтын ажил эхлэх хэв хашмалаа түрээсэлж талбай дээр буулган гадна хүрээг угсарсан байхад батлагдсан зураг төслөө өгөөгүйгээс үүдэн цутгалтын ажил хийгдээгүй бөгөөд хэв хашмалын түрээсийг ажлаа гүйцэтгээгүй байхад хүртэл төлсөөр байсан, ажил явагдахгүй байсаар хэв хашмалыг арга буюу буцаан өгсөн. Өнөөдрийн байдлаар ч батлагдсан зураг төсөл бэлэн болоогүй байгаа болно.

Захиалагч Э.Н- нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зураг төслийг манай компанид хүлээлгэж өгөөгүй бөгөөд өөрөөс шалтгаалах зүйлийг хүлээлгэж өгөөгүй өөрийн санаачлагаар барилгын ажлыг зогсоосон байж шүүхэд огт ажил хийгээгүй мөнгийг нь аваад алга болсон мэтээр худал нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч МС ХХК-аас үндсэн төлбөр 38,970,000 төгрөг, алданги 37,500,000 төгрөг, нийт 76,470,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөг, хариуцагч Э.Ч-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 740,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МС ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 540,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Н-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/Ш32022/12374 дугаар захирамжид заасан хариуцагч Чингэлтэй дүүрэг, 09 дүгээр хороо, Дэнжийн 30-0488 тоот хаягт байрлах, МС ХХК /РД:6252893/-ийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх арга хэмжээ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Анхан шатны шүүх манай компанийг эрх зүйн туслалцаа авах боломжоор хангагдах нөхцөл байдлыг олгоогүй, шүүх хурлын үеэр өмгөөлөгч авч шүүх хуралд оролцох хүсэлтийг хүлээн авсан боловч, хэтэрхий ойрхон буюу 2 хоногийн хугацаатай шүүх хурлын товыг зарласан нь санаатайгаар эрх зүйн туслалцаа авах боломж олгоогүй. Хэргийн материалыг өмгөөлөгчид танилцуулах боломжгүй болгосон.

4.в. Манайхаас гаргасан нотлох баримтыг шүүхийн шийдвэрт үндэслэлгүйгээр үнэлээгүй, гэрээний алданги болох төлбөрийг буруу тооцоолсон, гэрээний дагуу хийгдсэн ажлын тайлан материалыг хүлээж аваагүй, хэт нэг талын барьсан шийдвэр гаргасан нь шүүхийн өмнө эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих зэрэг хуулийн заалтын хэрэгжүүлээгүй. Эрх зүйн туслалцаа авах боломж олголгүй шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Захиалагч Э.Н-ын буруутай буюу барилгын ажлыг зогсоосон шийдвэр, барилга барих барилгын ажлын зургийг өгөөгүйгээс болж манай компани маш их хэмжээний хохирол учирсан. Мөн учирсан хохиролтой холбоотой сөрөг нэхэмжлэл гаргах боломж олгоогүй, шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь ажил хийсэн хүн хохирч, бусдад үлэмж их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгож байна.

Удаа дараагийн шүүх хуралдаанд тайлбар мэдүүлгээр хэлж байсан 1 давхрын цутгалтын ажил эхлэхээр бараа материалыг буулгаж, хэв хашмалыг угсарсан байхад нэхэмжлэгч Э.Н- цутгалтын ажлыг зогсоож барилгын зураг өөрчлөх санал тавьсан гэдгийг мэдүүлж түүнийг үзлэгт тусгуулан хавтас хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан боловч хэрэгт холбогдолгүй гэж үзэж үнэлээгүй нь шүүх хэргийн учир зүйг олоогүй, хэрэгт үнэлэлт дүгнэлтийг бүрэн өгч чадаагүй гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүхээс гэрээний тусгай нөхцөлийн 7 дугаар зүйлд гэрээний үе шатны ажлын гэрээний үүргийн тус бүрээс гэрээний үнийн дүнгээс хоногийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу 1 давхрын гүйцэтгэлд 30,000,000 төгрөг, 2 давхрын гүйцэтгэлд 30,000,000 төгрөг барилга хүлээлгэж өгөхөд 15,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгөөс алданги тооцох үндэслэлтэй байна. Яагаад гэвэл урьдчилгаа 30,000,000 төгрөг, суурин ажил хийж гүйцэтгэсэн 15,000,000 төгрөг нь алданги тооцогдох төлбөрөөс хасагдаж тооцогдсон. Иймээс алдангийг зөв тооцоолсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Э.Н- нь хариуцагч МС ХХК, Э.Ч- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 116,470,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 38,970,000 төгрөг, алданги 57,500,000 төгрөг, нийт 96,470,000 төгрөг гэж багасаж нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Э.Н- нь МС ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт 14х12 хэмжээтэй хоёр давхар үйлчилгээний зориулалттай 336 м.кв талбайтай барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэгч нь ажлын үр дүнг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх, захиалагч нь 125,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ./1хх 5-10/

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээний дагуу суурийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн... захиалагч талаас дараагийн үе шатны ажлын санхүүжилтыг авсан...1 дүгээр давхрын барилга угсралтын ажлын арматурчлал, хэв хашмал, мод модон материалыг талбайд буулгаж ажлыг үргэлжлүүлж байхад нэхэмжлэгч хүсэлт гаргаж ажлыг түр зогсоосон...захиалагч зураг төслийг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй ...санхүүжилтыг барилгын ажилд бүрэн зарцуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйтэй холбоотой харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4.а. Зохигчдын байгуулсан гэрээний тусгай нөхцөлд 14х12 м хэмжээтэй хоёр давхар үйлчилгээний зориулалттай 336 м.кв талбайтай барилгын ажил гүйцэтгэх, гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20 хүртэл, гэрээний үнэ буюу төлбөр 125,000,000 төгрөгийг захиалагч төлөхдөө гэрээ байгуулснаар урьдчилгаа 35,000,000 төгрөг, ажлын гүйцэтгэлээр суурийн ажилд 15,000,000 төгрөг, 1 дүгээр давхрын гүйцэтгэлд 30,000,000 төгрөг, 2 дугаар давхрын гүйцэтгэлд 30,000,000 төгрөг, барилга хүлээлгэж өгөхөд 15,000,000 төгрөгийг үе шаттайгаар тус тус төлөхөөр заажээ./1хх 9/

 

4.б. Захиалагч Э.Н- нь ХААН банк дахь өөрийн данснаас гүйцэтгэгч МС ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөр агуулгаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 35,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2,970,000 төгрөг, нийт 53,970,000 төгрөг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. /1хх12-14/

 

4.в. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр МС ХХК нь гэрээнд заасан байршил бүхий газарт 14х12 м хэмжээ бүхий 60 см өндөртэй цементэн суурийг цутгасан ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогджээ./2хх20-26/

 

5. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний тусгай нөхцөлийн 7 дугаар зүйлд үе шатны ажлын гүйцэтгэл тус бүрээс гэрээний үнийн дүнгээс хоногийн 0.5 хувь, алдангийн нийт хэмжээ нь хоногийн 5 хувиас хэтрэхгүй гэж заажээ.

 

5.а. Анхан шатны шүүх МС ХХК-аас гэрээний үнэд шилжүүлсэн 53,970,000 төгрөгөөс суурийн гүйцэтгэсэн ажлын 15,000,000 төгрөгийг хасч тооцон 38,970,000 төгрөг, алдангид 37,500,000 төгрөг, нийт 76,470,000 төгрөгийг гаргуулж Э.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 20,000,000 төгрөгийг хасч тооцон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасанд нийцсэн байна.

 

6. Иймд хариуцагч талаас гаргасан анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэлээгүй, хэт нэг талыг барьсан, гэрээний алдангийг буруу тооцоолсон гэх гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

7.а. Хариуцагчийн төлөөлөгч Э.Ч- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2022/15846 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна. /2хх 45-46/

 

7.б. Мөн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Э.Ч- нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэж, улмаар мэдэгдэх хуудсан дээр гарын үсгээ зурсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх бөгөөд хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь зохигч, тэдгээрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох болон өмгөөлөгч авах, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. /2хх 47, 48-55/

 

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/03652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ