Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 990

 

 

 

 

 

 

 

 

                       

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч И.Д түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Дд холбогдох 1805005890367 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

И.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын нийтийн байрны 9-6 тоотын үүдэнд маргааны улмаас хоолны шанагаар Ц.Мийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аялгуу караоке дотор хаалгаа онгойлгосонгүй гэж Ц.Бтэй маргалдахдаа халуун устай ус буцалгагчийг түлхэн унагааж Ц.Бгийн бие махбодийг түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч И.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Би Бтэй холбогдох үйлдлээ бол зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийг нь төлнө. Мтэй холбогдох үйлдлийг бол би зөвшөөрөхгүй байна. М согтуу манай хаалгыг өшиглөөд намайг цохиод байхаар нь би биеэ хамгаалах зорилгоор Мийн баруун бугалга руу гэрийнхээ хуванцар шанагаар цохисон гэв.  

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.М мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаднаас согтуу орж ирээд мөнгө авах хүнтэйгээ маргалдаад байж байтал Нямсүрэн гэрээсээ гарч ирээд нүүр базаад авсан “чи муу яахаараа архи ууж орж ирээд амгалан тайван байдал алдагдуулаад байдаг юм” гэж дайрсан. Би тэгэхээр нь таньтай яриагүй байна би танайд ороогүй гэж хэлсэн. Тэгтэл цаанаас эхнэр нь хоолны шанага барьж гарч ирээд намайг зодсон би нүүрээ дараад зүүн гар талын ханаа түшээд суусан. Миний биед гэмтлийг Нямсүрэн болон эхнэр нь гар болон хоолны төмөр шанагаар цохиж учруулсан. Нямсүрэн миний нүүрийг базаж аваад толгой руу цохиод авсан цаанаас нь эхнэр нь хоолны шанага барьж ирээд толгой руу цохиод байсан /хх-ийн 117/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Нямсүрэн мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай нийтийн байрны коридорт хүмүүс орилолдоод байсан. Тэгэхээр нь би гараад унтаж амармаар байна чимээгүй болооч гэж хэлээд гэртээ ортол удалгүй манай хаалгыг нүдээд балбаад байсан би гараад хартал хаалга цөм цохисон байсан. М манайхаас өөр айл агсам тавихаар юм хэлдэггүй мөртлөө намайг агсам тавихаар хэл ам хийлээ цагдаа дуудлаа гэсэн. Манай эхнэр Д хоолны шанага барьчихсан чи цаашаа чамтай юм ярих юм байхгүй битгий үүдэнд ирээд хэл ам хийгээд бай гэсэн чинь баруун чих рүү нь цохиод цавь руу нь өшиглөсөн би тэр үед нь охиноо тэврээд байж байсан юм охиноо газар тавиад очиж салгаж эхнэрээ оруулсан. Тэр эмэгтэй үүдэнд орилоод үлдсэн...би огт гар хүрээгүй манай эхнэр ч гар хүрээгүй харин манай эхнэрт гар хүрсэн. /хх-ийн 121/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаа тараад гэртээ байж байтал коридорт хүмүүс шуугилдаад байхаар нь би та нар болиоч би амармаар байна гэтэл Нямсүрэн чи муу пизда минь гэж дайрахаар нь би болиулах гээд гарч ирж байна гэж хэлсэн чинь ойлгоод дайрахаа больсон. Нямсүрэн, М хоёр маргалдаад байж байхад хүмүүс нь голоор нь ороод салгаад байж байхад давж ирээд цохиод байсан тэгсэн Нямсүрэнгийн эхнэр нь хоолны шанага барьчихсан ирээд цохиод байсан. Тэрүүгээрээ Мийг цохиод байсан тэгээд зууралдаад бөөн л юм болоод байж байгаад Мийг шатны уруу унагаачихсан хэн унагаасныг хараагүй. Нямсүрэнгийн эхнэр нь шанагаараа толгой руу нь цохиод байсан Нямсүрэн бол эхэлж цохисон. Би голд нь салгах гээд зогсож байхад давж ирээд цохиод байсан. /хх-ийн 124/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Одонтунгалаг мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн орчим манай давхарт хүмүүс маргалдаад байсан би гараад хартал М хүнтэй маргалдаж байсан тэгсэн 10 номерын ах гарч ирээд чимээгүй байгаач гээд хэрүүл хийгээд эхэлсэн. Би хаалгаа хаагаад дахиад онгойлготол Нямсүрэнгийн эхнэр нь хоолны шанагаар цохиод байсан. М шатны уруу уначихсан. Нямсүрэнгийн эхнэр түлхэж унагаасан байх удалгүй цагдаа ирсэн. М жоохон уучихсан байсан. Нямсүрэн, эхнэртэйгээ эрүүл байсан. Нямсүрэнгийн эхнэр хоолны халбагаар толгой руу бүх газар нь цохиод байсан. Нямсүрэн бол эхэлж цохисон. /хх-ийн 126/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 22-ны  22 цагийн орчим М согтуу дуу чимээ гаргаад байхаар нь би “ахын дүү нар чимээгүй байгаад өг ах нь амармаар байна” гэж хэлтэл Нямсүрэн гарч ирээд “чи чимээгүй байлдаа бид нар амармаар байна” гэхэд цаанаас нь эхнэр нь гарч ирээд “чи чимээгүй бай” гэж шаардтал М Ды баруун чих рүү алгадаад давсаг руу нь өшиглөсөн. Тэгсэн Д зөрүүлээд хуванцар шанагаар цохисон тэгээд М өөрөө шатны доошоо хөл алдаад унах шиг болсон. /хх-ийн 133/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1893 дугаартай дүгнэлтэд: Ц.Мийн биед баруун зүүн бугалга, цээж, дал, хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрий чадвар алдангид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 136/ гэжээ.

 

Яллагдагчаар И.Д мөрдөн байцаалтанд: 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн орчимд ажлаасаа тараад гэртээ орж иртэл коридорт хүмүүс маргалдаад маш их чимээ гараад байсан. Сүүлдээ аргаа бараад нөхөр гарч Мт чимээгүй бай гэсэн шаардлага тавьсан. Тэгсэн араас гэрийн гадаа ирээд манай хаалгыг нүдээд өшигчөөд байхаар нь хаалгаа онгойлгоод чи яагаад манай хаалгыг нүдээд байдаг юм гэтэл намайг баруун чих рүү алгадаад авсан бас давсаг руу өшиглөхөөр нь цай самарч байсан хуванцар шанагаараа гар руу нь шүргэс хийгээд цохисон. Би Мийг зүүн гарынх нь шуунд нь хуванцар халбагаар 1 удаа цохисон. Манай нөхөр гар хүрээгүй. /хх-ийн 147/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд” Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Аялгуу караокед би барменаар ажилладаг юм. 2018 оны 3 дугаар сарын 10-ны 22 цагийн орчим 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн орж ирээд өрөө байна уу гэсэн. Тэгэхээр нь 2 давхарт вип өрөөнд оруулсан. Тэгээд 2 шил архи, пиво, кофе, ус захиалсан. 01 цаг 30 минутанд караокены цаг нь дууссан. Нэг эмэгтэй нь цаг сунгах уу гэж зөөгчөөр хэлүүлсэн байсан. Сунгахгүй манайх 2 цагт хаана гэж хэлсэн. Тэр эмэгтэй, нэг эрэгтэйн хамт бууж ирээд тооцооны 95000 төгрөг төлсөн...Тэр эмэгтэйн нөхөр нь үүдэн дээр тамхи зуугаад байж байхаар нь би “манайх тамхи татдаггүй шүү” гэж хэлсэн. Тэр эмэгтэй танайх шоронгийн газар юм уу гэсэн. Тэгэхээр нь би “өнөөдөр манайх эрт хааж байгаа юм 04 цагт хаадаг” гэж хэлсэн. Зөөгч рүүгээ хаалга онгойлго гэж орилсон боловч хаалга нь хаалттай сонсоогүй юм байна лээ. Миний толгой руу тэкен дээр байсан бичиг баримт хийсэн  байсан хавтсаар цохиод бичиг баримт аваад шал руу шидсэн. Би цаашаа зөөгч рүүгээ гүйгээд дуудаад хаалга онгойлго гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй “чи юу юм хаалга онгойлгохгүй гичий минь цэхийсэн хүүхэн минь чам шиг хүүхэнг мэдэх юм байна” гэж хэлсэн. Цүнхээр намайг ороолгож байх үед нөгөө 2 залуу бууж ирсэн тэгээд юу болоод байгаан гэсэн. Би тэр залууд над руу агсараад байна хаалга үүд онгойлгохгүй шоронд байгаа юмуу гээд агсараад байна гэж хэлсэн. Би наад хүүхнээ одоо аваад гар гэж хэлсэн. Тэгээд тэр 3 залуу авч гарах гэж байсан дийлэхгүй байсан. Текэн дээр байсан халуун ус буцалгагчтай ус түлхсэн би “аниа наадах чинь халуун шүү  гэж хэлэхэд тэр эмэгтэй халуун ус түлхсэн хүнийг яадаг юм харья л даа” гэсэн. Би  тэгэхээр нь наад хүнээ аваад гар гэхэд нөгөө хүүхэн өрөөсөн гараараа ус буцалгагчтай ус түлхээд унагаасан. ...би текны араас гүйгээд гарах гэхэд ус буцалгагчтай ус унасан. Тэгээд шалан дээр унасан байхад нөгөө хүүхэн толгой руу ирж цохисон...” /хх-ийн 21-22/ гэх мэдүүлэг,

 

хохирогч дахин байцаалтаар”...эмчилгээний зардал 1.936.769 төгрөг болсон. Цаашдаа 150.000 төгрөг, компьютерт харуулах 360.000 төгрөг нийт 2.446.769 төгрөг болсон. Үүнээс 500.000 төгрөг өгсөн. 1.946.769 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна.  /хх-ийн 49/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр С.Даваасүрэн мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 10-ны 21 цаг өнгөрөөгөөд караокед найз Нямсүрэн ахмадын улсын аваргад орж хүрэл медаль авсан тул түүнийг нь угаахаар найз Нямсүрэн, Нямсүрэнгийн эхнэр Д, найз дүү Сүмбээ нарын хамт орсон. Тэнд 4 пиво 1 шил архи авсан тэгээд дуулсан дахиад 1 шил архи авсан. Тэгээд 2 цаг дуулчихаад караокеноос гарах гээд 2 давхараас эхлээд Нямсүрэн эхнэр Дтай эхлээд буугаад явсан. Сүмбээ бид хоёр 00 ороод бие засчихаад доошоо буусан. Доошоо буухад тэкен дээр Д 2 залуутай маргалдаж байсан. Бэлтгэлийн цамцтай залуу нь гараас нь татаад хоорондоо ноцолдоод байсан би тэгэхээр нь очоод та нар эмгэтэй хүнийг ингэж болохгүй ээ гэхэд салгасан хоорондоо маргалдаад байсан. /хх-ийн 16/

 

Гэрч Л.Пүрэвдолжин мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө болсон асуудал юм. Би Аялгуу караокег ажиллуулдаг. Тэр шөнө 01 цаг өнгөрөөгөөд хаагаад нөхөртэйгээ яваад гэртээ дөнгөж ороод байж байхад манай хамгаалагч Орхонцогт ярьсан. Б түлэгдчихлээ гээд. Буцаад манай нөхөр бид хоёр 20 минутын дараа очсон. Ус буцалгагчтай усанд түлэгдсэн гээд хөлөө усанд дүрээд сууж байсан. Очиход Д, нөхөр, бас нэг залуугийн хамт байж байсан. Цагдаа дуудаад 2 цагдаа ирээд аваад явсан.  /хх-ийн 51/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд: Би тухайн үед Аялгуу караокед зөөгчөөр ажиллаж байсан.  Шөнийн 2 цагийн үед хаалгаа хаах гээд барьсан байхад хэрүүл болсон. Манай бармен Бтэй үйлчлүүлж байсан нэг эмэгтэй маргасан. Би гал тогоонд аяга таваг угаагаад зогсож байхад хаалга онгойлгоод өг гэж дуудсан. Надад түлхүүр нь байсан би очоод хаалга онгойлгож өгсөн. Б тэр эмэгтэйтэй маргалдаж байсан. Тэр эмэгтэй цүнхээрээ бармен Бг цохисон. Текэн дээр байсан хавтаснууд авч шидсэн. Би болиоч гээд урдуур нь ороход намайг тэр эмэгтэй нэг удаа самардаад хөлөөрөө гэдэс рүү жийсэн. Тэгээд текэн дээр байсан ус  буцалгагчийн тэнд очоод эхлээд ус буцалгагч түлхсэн. Тэгээд дараа нь шууд ус буцалгагч түлхэж унагаагаад Б уснаас зугтаагаад унаж байхад тэр эмэгтэй дахиад Бгийн толгой руу хоёр удаа гараараа цохисон. /хх-ийн 77/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3528 дугаартай дүгнэлтэд: Бгийн биед нуруу, баруун, зүүн шилбэ, тавхайг хамарсан бүх биеийн 5 хувийг хам арсан 2 дугаар зэргийн түлэгдэл, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 12/ гэжээ.

 

И.Д мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 10-ны орой нөхөр Нямсүрэн, Даваасүрэн, түүний нэг найзынх нь хамт нэрийг мэдэхгүй бид 4 гэмтлийн урд талын зам дагуу караокед ороод 2 цаг суусан тэнд ороод 1 архи, 2 ус, 9 пиво 0,5 гр архи, 1 аяга кофе авсан. 00 цаг өнгөрөөгөөд тооцоогоо өгөөд манай нөхөр бид хоёр түрүүлээд гарахад  текэн дээр ирээд баярлалаа манайх тооцоогүй биз дээ гэхэд нэг эмэгтэй толгой дохисон. Манай нөхөр Нямсүрэн бид хоёр хаалга онгойлгох гэтэл цоожтой байсан. Би тэр хүүхэнд миний дүү хаалга чинь цоожтой байна гэхэд тэр эмэгтэй хүлээж бай гэсэн бид хоёр 10 гаран минут  хүлээгээд зогссон. Би миний дүү бид хоёр тооцоогүй ш д яагаад гаргахгүй байгаа юм гэхэд тэр эмэгтэй байж бай гэсэн ш дээ янхан минь гэсэн дахиад 3-4 минут хүлээж байгаад одоо гарч болох уу гэхэд манайх ийм дотоод журамтай байж бай гээд  байхад янхан царайлчихаад хараваас чи янхан байна ш дээ гурвын гурван хар юм дагачихаад харваас чи янхан байна ш д гэж тэр эмэгтэй хэлсэн. Би тэгэхээр нь чи яагаад  надтай ингэж харьцаж байгаа юм би төлбөр тооцоогоо хийгээд ном журмын дагуу харьцаж байхад миний дүү яагаад намайг ингэж хэлж байгаа юм гэхэд тэр эмэгтэй манай дотоод журам ийм гэсэн. Тэгэхээр нь би яагаад гаргахгүй байгаа юм хариуцаж байгаа хүнээ дуудаад өг гэж хэлсэн. Тэгээд байж байтал нэг өрөөнөөс 5 охин гарч ирсэн тэр охидууд намайг хэл амаар доромжилж байхыг сонсоод нэг охин нь тэр эмэгтэйг энэ эгчийг яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлээд тэр охидууд гараад явсан. Хаалгаа онгойлгоод  тэр охидуудыг гаргаад манай нөхөр бид хоёрыг  гаргахгүй байсан. Би текэн дээр явж очоод тэр эмэгтэйд үйлчлүүлж байгаа хүнээ яагаад ингээд хэл амаар доромжлоод  байгаа юм гэхэд тэр эмэгтэй янхан минь манай дотоод журмыг мөрдөх ёстой гээд байсан яагаад тэгээд байгааг нь ойлгоогүй. Тэр үед гаднаас эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирсэн. Тэр караокены эзэн байсан байх би эрэгтэйд нь намайг гаргахгүй танай ажилтан хэл амаар доромжлоод байна гэхэд тэр эмэгтэй камер шүүгээд таны буруу байна ш дээ гээд байсан. Зөөгч болох залуу арын өрөөнөөс гарч ирсэнээ миний толгой  дундуур цохиод авсан сүүлд орж ирсэн залуу нурууны ард талаас хавирга руу цохисон. Зөөгч залуу давсага руу цохисон. Тэгж байтал Даваасүрэн дээрээс бууж ирээд яагаад эмэгтэй хүнийг нийлж зодоод байгаан гээд салгасан. Текний урд байж байхад текэн дээр байсан ус буцалгагчтай ус текний цаашаа унасан тэр эмэгтэй  ард нь сууж байсан. Тэр эмэгтэй буцалгагчтай ус текэний цаашаа унасан тэр эмэгтэй ард нь сууж байсан. Тэр эмэгтэй түлэгдлээ гээд орилоод гүйсэн. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

И.Ды иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий лавлагаа /хх-ийн 26/, эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 28/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 55/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар

Нэг. И.Д 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мал тууврын нийтийн байрны 9-6 тоотын үүдэнд маргааны улмаас Ц.Мийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Мийн”...эхнэр нь хоолны шанага барьж гарч ирээд намайг зодсон би нүүрээ дараад зүүн гар талын ханаа түшээд суусан...эхнэр нь хоолны шанага барьж ирээд толгой руу цохиод байсан” /хх-ийн 117/,

гэрч Г.Болор-Эрдэнийн”...Нямсүрэн, М хоёр маргалдаад байж байхад хүмүүс нь голоор нь ороод салгаад байж байхад давж ирээд цохиод байсан тэгсэн Нямсүрэнгийн эхнэр нь хоолны шанага барьчихсан...шанагаараа толгой руу нь цохиод байсан Нямсүрэн бол эхэлж цохисон. Би голд нь салгах гээд зогсож байхад давж ирээд цохиод байсан...” /хх-ийн 124/,  

гэрч Б.Одонтунгалагийн”...Нямсүрэнгийн эхнэр нь хоолны шанагаар цохиод байсан. М шатны уруу уначихсан. Нямсүрэнгийн эхнэр түлхэж унагаасан байх...Нямсүрэнгийн эхнэр хоолны халбагаар толгой руу бүх газар нь цохиод байсан...” /хх-ийн 126/,

гэрч Б.Даваасүрэнгийн”...М, Ды баруун чих рүү алгадаад давсаг руу нь өшиглөсөн. Тэгсэн Д зөрүүлээд хуванцар шанагаар цохисон...”/хх-ийн 133/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1893 дугаартай дүгнэлт /хх-ийн 136/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хоёр. И.Д согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аялгуу караоке дотор хаалгаа онгойлгосонгүй гэж Ц.Бтэй маргалдахдаа халуун устай ус буцалгагчийг түлхэн унагааж Ц.Бгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Бгийн”...нөгөө хүүхэн өрөөсөн гараараа ус буцалгагчтай ус түлхээд унагаасан. ...би текны араас гүйгээд гарах гэхэд унасан ...шалан дээр унасан байхад нөгөө хүүхэн толгой руу ирж цохисон...” /хх-ийн 22/,

гэрч С.Даваасүрэнгийн”...тэкен дээр Д 2 залуутай маргалдаж байсан...”/хх-ийн 16/,

гэрч Л.Пүрэвдолжингийн”...Б ус буцалгагчтай усанд түлэгдсэн гээд хөлөө усанд дүрээд сууж байсан...” /хх-ийн 51/,

гэрч Э.Энх-Амгалангийн”...шууд ус буцалгагч түлхэж унагаагаад Бг уснаас зугтаагаад унаж байхад тэр эмэгтэй дахиад Бгийн толгой руу хоёр удаа гараараа цохисон...” /хх-ийн 77/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3528 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/, хохирогчийн амбулаториор эмчлүүлсэн карт /хх-ийн 30/, хохиролын баримтуудын хуулбар /хх-ийн 33-36/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 71/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.  

 

И.Дд холбогдох хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос И.Дыг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэж гэмт хэргийн бүрэлдэхүүний энэ шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч И.Д болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж “ хохирогч Мтэй холбогдох үйлдлийг зөвшөөрөхгүй” гэх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч И.Д нь хохирогч Ц.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдээгүй гэх байдал тогтоогдоогүй байна.  

Энэ үндэслэлээр шүүгдэгч И.Д, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын хүсэлтийг шүүх хүлээж аваагүй болно.

 

Улсын яллагчаас И.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч И.Дыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.  

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ц.Бгээс хавтаст хэргийн 33-36 дугаар  талд 1.029.158 төгрөгийн баримт хавсаргагдсан байх ба үүнээс мөрдөн байцаалтын явцад Ц.Бд 500.000 төгрөг төлсөн байна.

Үлдэх 607.092 төгрөгийг И.Даас гаргуулж хохирогч Ц.Бд олгохоор шүүх шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч И.Дыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч И.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

И.Ды гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт хураагдсан 1 ширхэг сидиг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  И.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний  бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                    

1.     Шүүгдэгч Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Шүүгдэгч И.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.     Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.     И.Д цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.     Хэрэгт хураагдсан нэг ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн нэг ширхэг хуванцар шанагыг устгуулахаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

6.     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар И.Даас 607.092 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бд олгосугай.

7.     Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.     Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ