Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00519

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00519

 

 

И ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00154 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Д-, Э.Н- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 27,534,243.55 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Д-, Э.Н- нар нь И ХК-тай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр В14021070904 дугаар зээлийн гэрээ, I14021070904 тоот ипотекийн гэрээг тус тус байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд 000411910 гэрчилгээний дугаартай, Ү-2203000227 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 326 байр, 37 тоот орон сууцны зориулалттай, 24 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Б.Д-, хамтран зээлдэгч Э.Н- нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний зөрчлийг арилгах тодорхой хугацаа өгсөн боловч зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй, зээлийн гэрээний 2.1.11-д заасан ноцтой зөрчил гаргасан. Зээлдэгч, хамтран зээлдэгч нарын В14021070904 тоот зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 24,605,110.47 төгрөг, зээлийн хүү 2,882,109.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,523.71 төгрөг, нийт 27,518,743.55 төгрөг байна. Иймд зээлдэгч Б.Д-, хамтран зээлдэгч Э.Н- нараас В16021061203 тоот зээлийн гэрээний үүрэгт 27,518,743.55 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 27,534,243.55 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Б.Д-ийн тайлбарын агуулга:

Миний бие 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр И ХК-тай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээл авсан. Бизнесээ өргөжүүлэх зорилгоор зээл авсан бөгөөд зориулалтаар нь ашигласан. Миний бие барилгын материал захиалан авах үедээ захиалгын хөлс болон түүнтэй холбоотой бүхий л төлбөр тооцоо буюу тээврийн зардал, барилгын материалын үнэ зэрэг бүх төлбөрүүдээ урьдчилан төлсөн байсан. Тухайн үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор БНХАУ хилээ хааж, урдаас орж ирж байгаа барилгын бараа материалын үнэ огцом өсч, тээврийн зардал хэд дахин нэмэгдсэнээс шалтгаалж тогтворгүй болсон. Энэхүү нөхцөл байдлын улмаас тухайн зээлийн хөрөнгө надад ямар ч ашиггүй, алдагдал болж хувирсан. Ковид-19 цар тахлын нөхцөл өндөржүүлсэн байдал хэдийгээр арилсан ч миний бие энэхүү санхүүгийн хямралаас гарах ямар ч боломжгүй болсон. Цар тахлаас үүдэлтэй нөхцөл байдлууд нь жижиг бизнес эрхэлдэг хүмүүст хүндээр тусч, үр дагавар нь арилахгүй үргэлжилсээр байна. Хүнд нөхцөлд байсан ч зээлийг төлсөн. И ХК-тай байгуулсан дээрх зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусна. Гэрээний хугацаа дуусаагүй байхад И ХК нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 24,605,110.47 төгрөгийг хүүгийн хамт зээлийн гэрээний хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрч байна.

 

3. Хариуцагч Э.Н-ийн тайлбарын агуулга:

Миний бие нөхөр Б.Д-ийн бизнесийн зээл авах хүсэлтийг дэмжиж, 30,000,000 төгрөгийг бизнесээ өргөжүүлэх зорилгоор авсан бөгөөд зориулалтаар нь ашигласан. Миний хувьд дээрх зээлийг авч ямар нэгэн байдлаар захиран зарцуулж, ашиглаагүй. Хамтран зээлдэгчийн хувьд гэрээгээр тохиролцсон хугацаа болох 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор үндсэн зээлийн үлдэгдэл 24,605,110.47 төгрөгийг хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан И ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 27,534,243.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т И ХК нь хариуцагч Б.Д-, Э.Н- нараас зээлийн гэрээний үүргийг шаардах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг тогтоосон. Мөн хариуцагч нар нь И ХК-тай В14021070904 дугаар зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг зээлж авсныг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн нь шүүх хэргийн оролцогч нарын тайлбар, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

5.б. Шүүхээс зээлдэгч нь хууль болон гэрээнд заасан журмын дагуу гэрээг цуцлах учиртай гэж шүүхийн шийдвэрт заасан байна. Мөн шүүхээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь урт хугацааны гэрээ байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчилнэ гэж заасны дагуу мөн хуулийн 219.3, 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээнд цуцалж болохыг заасан байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэж заасан. Хариуцагч Б.Д-, Э.Н- нар нь 3 сарын хугацаа олговол зээлийн өр төлбөрийг төлж барагдуулна, гуравдагч этгээдээс авах авлага байгаа гэсэн. Хариуцагч нар нь уг тайлбарыг удаа дараа хэлж байгаа бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хэдий 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд зээлийн гэрээнд нэмэлт хугацаа тогтоох нь аливаа үр дүнд хүрэхгүй байх тул нэхэмжлэгч талаас хариуцагч нарын гаргасан 3 сарын хугацааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5.в. Шүүхээс хариуцагч нарт гэрээнд заасны дагуу гэрээг цуцлахтай холбоотой мэдэгдэл хүргүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж, зөрчлөө арилгах боломжийг олгоогүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн.

Зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, зөрчлөө арилгах боломжийг олгоогүй гэх тайлбарын хувьд И ХК-аас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдмөгц зээлдэгчтэй холбогдож зөрчил илэрсэн болохыг сануулдаг мөн энэхүү гомдлын 2 дахь хэсэгт дурдсанчлан нэмэлт хугацаа тогтоох нь үр дүнд хүрэхгүй байна. Шүүхээс гэрээг цуцлахтай холбоотой мэдэгдэл хүргүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн. Хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хурал дээр шүүгч, нэхэмжлэгчээс Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэх, шаардах хуудас хүргүүлж байсан уу гэж асуусан. Нэхэмжлэгчээс хариуцагчтай утсаар холбогдож уулзаад зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй тохиолдолд шүүхэд хандах, зээлийн гэрээг цуцлах болохыг мэдэгдэж байсан гэж хариулсан ба шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан. Хариуцагчтай утсаар холбогдож, уулзаж зээлийн өр төлбөр барагдуулахыг мэдэгдсэн нь зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу мэдэгдэл хүргүүлэхтэй ижил утгатай байна.

Гэрээний 10.4-т мэдэгдэл хүргүүлэхийг заасан бөгөөд энэ нь хүргүүлэх хэлбэрийн хувьд заавал бичгэн хэлбэрээр болохыг хязгаарлаагүй. Хариуцагч тал мөн утсаар холбогдсон, салбарт уулзсан болохыг хүлээн зөвшөөрдөг. Иймд шүүхээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.г. И ХК-аас хариуцагч Б.Д-, Э.Н- нараас зээлийн гэрээний үүрэгт 27,534,243.55 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нар нь уг дүнг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох үнийн дүн дээр маргаагүй тул шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан.

Иймд дээрх үндэслэлээр шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч нараас тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Б.Д-, Э.Н- нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 24,605,110.47 төгрөг, хүү 2,882,109.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,523.71 төгрөг, нийт 27,518,743.55 төгрөгийг, нотариатын зардал 15,000 төгрөгийн хамт гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. И ХК нь Б.Д-, Э.Н- нартай байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн В14021070904 дугаартай зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг сарын 2,80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгож, I14021070904 дугаартай ипотекийн гэрээгээр Б.Д-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 32б байр, 37 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх10-16/

 

3. Талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх болон зээлдэгч нар нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны байдлаар зээлийн төлбөрт нийт 13,947,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байна.

 

4. Хариуцагч нараас гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх боловч гэрээний 10.4-т зээлдүүлэгч гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалж дуусгавар болгох тохиолдолд зээлдэгчид энэ тухай мэдэгдэл хүргүүлнэ гэсэн заалтыг үндэслэн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч нарт хүргүүлсэн тухай баримтаа шүүхэд ирүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

 

5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй, харин мөн хуулийн 219.3-т нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэжээ.

 

5.а. Иймд нэхэмжлэгч талаас гэрээг цуцлах талаар гэрээнд заасны дагуу нөгөө талдаа буюу хариуцагч нарт мэдэгдэл хүргүүлсэн тухай тухай баримтгүй учир гэрээг цуцлахдаа хууль болон гэрээнд заасан журмыг баримтлаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

6. Харин, шүүхээс хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг залруулах нь зүйтэй. Нэхэмжлэгчээс зээлийн төлбөрөөс гадна нотариатчийн зардал, барьцааны гэрээний зүйл зэргийг нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэнэ.

 

7. Энэхүү шийдвэр нь хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч тал цаашид гэрээний үүргийг шаардахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

7.а. Нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд хувьцаат компани болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байхад анхан шатны шүүхийн шийдвэрт хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу ХХК гэснийг залруулах нь зүйтэй бөгөөд И ХК гэсэн нэртэй болохыг тэмдэглэж байна. /хх 18/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00154 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 27,534,243.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Б.Д-, Э.Н- нарт холбогдох нэхэмжлэгч И ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,822 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ