Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2019/0181

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 27 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0181

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Н” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц, түүний өмгөөлөгч Р.Н нарын давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Э 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын “Э” ХХК-ийн “Хамтын гэрээ”-г бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, тус сумын Засаг даргын Тамгын газрын “Э” ХХК-ийн “Хамтын гэрээ”-г бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн “Хамтын гэрээ”-г бүртгэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр:

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1493 дугаар “Э” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-г бүртгэхээс татгалзсан албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өндөр сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын “Э” ХХК-ийн захиргаа болон тус компанийн нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-г бүртгэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт “Э” ХХК-ийн захиргаа болон нийт ажилчдын төлөөллийн хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-г бүртгэхийг даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц, түүний өмгөөлөгч Р.Н нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан нь Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарлаж, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, түүний гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж ажил олгогчийн явцуу эрх ашгийг хамгаалсан гэж үзэж байна. Үүнд:

1.Бүртгүүлэхээр шаардаж байгаа “Хамтын гэрээ”-ний нэг тал болсон “Э” ХХК-ийн ажилтны төлөөлөгчид нь Үйлдвэрчний эвлэлийн гишүүд байх бөгөөд тэд Үйлдвэрчний эвлэлээс сайн дураар гарснаа Үйлдвэрчний эвлэлийн хороондоо мэдэгдээгүй байхад захиргаа ажил олгогчийн давуу байдлаа ашиглан хоморголон, зөвхөн Үйлдвэрчний хороог үгүйсгэх зорилготой дүр үзүүлсэн “Хамтын гэрээ” гэгчийг байгуулсан байна. Энэ нь:

а.“Хамтын гэрээ” байгуулах ажилтны төлөөлөл сонгосон гэх ажилчдын хурлын тэмдэглэлд дурдсан 73 ажилтан /15-18 дугаар тал/-ы нэр нь Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар төлж байсан гишүүдийн нэртэй /118-124 дүгээр тал/ давхцаж байгаа нь ажилтны төлөөлөл гэж үзэх боломжгүй.

б. “Хамтын гэрээ” бүртгүүлэх хүсэлт гаргасан С.Ө, Т.Б, Д.Т нар Үйлдвэрчний эвлэлийн гишүүд бөгөөд С.Ө нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны Тэргүүлэгчийн сонгуульт ажилтан болно. Эдгээр Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуульт ажилтны төлөөлөгчтэй хийх “Хамтын гэрээ” гэгчид оролцож, шүүхэд төлөөлөгчөөр оролцох хүсэлт гаргасан /25, 129, 130, 134 дүгээр тал/ байдаг ба Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс гишүүд ажилтнуудтай энэ талаар уулзаж лавлахад “захиргаанаас оролц гэснээр оролцсон” гэдгээ хэлдэг. Энэ байдлыг шүүх хуралдаанд тодруулж магадлах бололцоотой байсан боловч захиргаа байдлыг мэдсэн учраас эдгээр хүмүүсийг шүүх хуралд оролцох хүсэлтээс нь татгалзуулж ганцхан Б.У төлөөлүүлэх болсон боловч тэр нь мөн шүүх хуралдаанд ирээгүй. /Угтаа ирүүлээгүй/

в.“Хамтын гэрээ”-ний төслийг хэн, хэрхэн боловсруулсныг ажилчид, тэдний төлөөлөл огт мэддэггүй бөгөөд энэ төслийн талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан талууд хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар мэдээллээр хангуулсан, 11 дүгээр зүйлд зааснаар гэрээг санаачилснаа нөгөө талд бичгээр мэдэгдсэн, 12 дугаар зүйлд зааснаар талуудын төлөөлөгчид хамтран гэрээний заалт бүрээр хэлэлцээ хийсэн баримт огт байхгүй, угаасаа ийм зүйл болоогүй нь тодорхой байдаг. Хөдөлмөрийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар Засаг даргын Тамгын газар “Хамтын гэрээ”-г бүртгэхдээ шаардлагатай бол түүнийг байгуулах явц хуулийн дагуу явсан эсэхийг хянаж үзэх ёстой.

Энд дурдсан баримт бүртгэх байгууллагад очоогүй, харин Үйлдвэрчний эвлэл зохих баримт өгснийг хариуцагч шүүхэд гаргасан байгаа.

2.“Н” ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх зүйн байдал, гишүүдийн хамаарлын нотлох баримт авагдсан байхад гэрээний субъектуудын эрх зүйн байдал чадамж, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх ажилтны баталгаа, эрхийг харгалзахгүйгээр зөвхөн байгуулаад гарын үсэг зураад ирсэн гэрээний бичвэрийг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаад бүртгэх ёстой гэсэн шүүхийн дүгнэлт өрөөсгөл, буруу байна. Үүнд:

а.Дээр дурдсан ажилтны төлөөлөгчдийн дийлэнх нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хуралд төлөөлөө сонгож, төлөөлөгчөөр оролцож байсан нь уг хурлын бичиг баримтаар /65-78 дугаар тал/ батлагдах ба энэ нь “Н” ХХК-ийн эвлэлийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд “Э” ХХК-ийн ажиллагсад хамаардаг болохыг давхар баталж байна.

б.Үйлдвэрчний эвлэлийн хороо 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 60 дугаар бичгээр “Э” ХХК болон бусад нэр бүхий 4 компанитай Хөдөлмөрийн хамтын маргаантай байгаагаа, 6 дугаар сарын 22-ны өдөр Хамтын маргаан үүссэнийг тодорхой мэдэгдсэн. Сумын Засаг даргын Тамгын газар маргаангүй байгаа “Хамтын гэрээ”-г л хянаж бүртгэх үүрэгтэй болохоос маргаантай байгаа “Хамтын гэрээ”-г бүртгэх эрх байхгүй.

в.Хөдөлмөрийн зуучлагч, Арбитрч томилуулах зэрэг Хамтын маргааны процесс сумын Засаг дарга, түүний Тамгын газраар дамжиж хуульд заасан журмаар хэрэгжиж байсан тул Засаг даргын Тамгын газарт маргаантай нөхцөл байдал өөрөөр нотлох шаардлагагүй илэрхий байсан.

г.“Э” ХХК болон “Э”, “Э”, “О” ХХК гэх 4 охин компани, “Н” ХХК гэх толгой компани нь “Э” ХХК өөрчлөн байгуулагдах замаар 2015 онд байгуулагдсан ба “Э” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд дээрх 5 компанид зохион байгуулалтын өөрчлөлтөө дагаж байрших болсон тул 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид хуралдаж 29 дүгээр тогтоол гарган /78 дугаар тал/ толгой компанийн нэрээр нэрээ өөрчилж, гэрчилгээ, тэмдгээ солиулсан байгаа нь “Э” ХХК-ийн ажиллагсдыг энэ Үйлдвэрчний эвлэлийн хороонд гишүүн байх, эвлэлдэн нэгдэх эрхийг үгүйсгэх ямар ч үндэслэл болохгүй.

3.Дээр дурдсан нотлох баримт, маргааны үйл байдлаас үзэхэд ажил олгогч нь хууль тогтоомжийг хүндэтгэн сахин биелүүлэх, ажилтны эрх ашгийг хуулиар тогтоосон хэмжээнд хангах биш өөрийн явцуу эрх ашгаа хангаж, ажилтны эрх зөрчиж байгаа /Энэ талаар олон арван факт хэлж болно/ байдлаа нууж, шүүхийн хамгаалалтад орох гэсэн санааг анхан шатны шүүхийн 3 дугаар шийдвэр хангаж өгсөн нь харамсалтай байна. Үүнд:

а.Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Үйлдвэрчний эвлэл байхгүй бол ажилтны төлөөлөгчид гэрээ байгуулах эрхтэй” гэсэн эрх олгосон диспозицийг ажилчид нь нэгдсэн тэдний байгууллага болох Үйлдвэрчний эвлэлийн эсрэг ашиглаж, дүр үзүүлсэн “Хамтын гэрээ” гэгчийг захиргаа бичиж, Үйлдвэрчний эвлэлийн гишүүд ажилчдаар ажил олгогчийн давуу байдлаа ашиглан гарын үсэг зуруулсныг бүртгэхийг шүүх даалгаж байгаа нь хүний үндсэн эрхийн эсрэг байна.

б.Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар бүлэг, Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуульд заасан зарчим шаардлагыг хангасан дараах Монгол Улсын олон улсын гэрээг “Э” ХХК зөрчиж байгааг шүүх анхааралдаа авч дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байна. Үүнд:

-НҮБ-аас 1948 онд баталсан Монгол Улс /БНМАУ/ 1969 онд нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага /Цаашид ОУХБ гэх/-ын Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийн тухай 87 дугаар Конвенцийн 2 дугаар зүйлд “Ажилчид, ажил олгогчдын ямар ч ялгаваргүйгээр, урьдчилан зөвшөөрөл авалгүй өөрийн саналаар байгууллага байгуулах түүнчлэн тэдгээр байгууллагад гагцхүү дүрэмд нь захирагдах нөхцөлтэйгээр элсэн орох эрхтэй” гэх, 6 дугаар зүйлд заасан нөхцөлд энэ хэргийн гуравдагч этгээд Үйлдвэрчний эвлэлийн хороо хамаарах үндэслэлтэй байна. Энэ конвенцийн 8 дугаар зүйлд тус конвенцид заасан эрхийг хэрэгжүүлэхдээ үндэсний хуулиа /Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7/ хүндэлнэ гэжээ.

-Мөн НҮБ-аас баталсан Монгол Улс 1996 онд нэгдэн орсон ОУХБ-ын “Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай” 98 дугаар конвенцийн 1 дүгээр зүйлийн 1-д “Ажилчид хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор эвлэлдэн нэгдэхийн эсрэг чиглэсэн алагчлах үйлдлээс зохих ёсоор хамгаалуулна” гэжээ.

-НҮБ-аас 1971 онд баталсан, Монгол Улс 1995 онд нэгдэн орсон ОУХБ-ын Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай 135 дугаар конвенцийн 5 дугаар зүйлд “Тухайн үйлдвэрийн газарт үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид болон хамт олны дундаас сонгогдсон төлөөлөгчдийн аль аль нь байгаа тохиолдолд сонгогдсон төлөөлөгчдийг холбогдох үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгчийн байр суурийг сулруулах зорилгоор ашиглахгүй байх, түүнчлэн холбогдох бүхий л асуудлаар сонгогдсон төлөөлөгчид болон үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгчдийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжинэ” гэжээ. Энэ эрхэд хамаарах субъектын байдлыг конвенцийн 3 дугаар зүйлд тодорхойлжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ажилчдын эвлэлдэн нэгдэх эрхийг үгүйсгэсэн байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

“Э” ХХК-д дангаараа үйлдвэрчний эвлэл байгуулагдаагүй ч, уг компанийн толгой компани болох “Н” ХХК болон бусад охин компаниудын дэргэд нэг үйлдвэрчний эвлэлийн хороо анхнаасаа байгуулагдан ажиллаж байсан болох нь тус Хорооны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл, гишүүнчлэлийн татвар төлөлтийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан бичгийн болон “Н” ХХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогддог.

Гэтэл “Н” ХХК-ийн захирал Ш.Э, тус компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн дарга Г.У нарын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан “Хамтын гэрээ” хэрэгт авагдаагүйгээс “Э” ХХК-ийн ажилчдын төлөөлөлтэй байгуулсан “Хамтын гэрээ”-г бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б тайлбарласанчилан “…уг гэрээний 1.3-т энэхүү гэрээ нь дараагийн хамтын гэрээ байгуулагдах хүртэл хүчинтэй байна…” гэсэн зохицуулалт байгаа эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/242 дугаар захирамжаар томилогдсон Хөдөлмөрийн хамтын маргааныг хэлэлцэх арбитрчдын мөн сарын 29-ний өдрийн зөвлөмжид “…“Н” ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороонд бүртгэлтэй гишүүд нь толгой болон охин компаниудад аль алинд нь хамрагдан ажиллаж байна…” гэж үзсэн, мөн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар албан бичгээр ажил олгогчтой “Хамтын гэрээ”-г сунгах, биелүүлэх явцад үүссэн саналын зөрүүтэй асуудлаар хамтын маргаан үүсгэж байгаагаа мэдэгдсэн байх тул дээрх гэрээг нотлох баримтаар авах нь зүйтэй.

Түүнчлэн “Н” ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлээс “Э” ХХК-ийн ажилчид гарсан эсэхийг тодруулах, мөн хөдөлмөрийн хамтын маргаан үүсч, түүнийг шийдвэрлэх процесс явагдаж байгаа энэ үед нэхэмжлэгчээс ажилчдын төлөөлөлтэй байгуулсан гэх хамтын гэрээг заавал бүртгүүлэхийг хүсч буй нөхцөл байдалд, өөрөөр хэлбэл ажилчдын төлөөлөлтэй байгуулсан “Хамтын гэрээ”-г бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох, энэхүү гэрээг бүртгэхийг хариуцагчид даалгаснаар нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн эрх сэргэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай.

Нэхэмжлэлийн үндэслэлд “…Засаг даргын Тамгын газар манай компанийн хамтын гэрээг бүртгэхгүй байгаагаас компанийн ажилтнуудын нийтлэг эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна…” гэснээс үзэхэд ажилтнуудыг төлөөлөх эрх “Э” ХХК-д байгаа эсэх, ер нь энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг ч тодруулах нь зүйтэй. 

Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “…цаашдаа Үйлдвэрчний эвлэл толгой болон охин компанийн дунд нэг байх байх уу, эсхүл тус тусдаа байх уу гэдэг асуудлыг 500 гаруй гишүүнчлэлийн олонх буюу 300 гаруй нь оролцсон хурлаар хэлэлцэхэд тэдгээрийн олонх нь нэг Үйлдвэрчний эвлэлтэй байх санал гаргасан, энэ талаарх хурлын протокол байгаа…” гэх тайлбар нь Хөдөлмөрийн арбитрчдын зөвлөмжид тусгагдсан байх тул энэхүү болоод холбогдох бусад нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг дахин хянан шийдвэрлэх шаардлагатай байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хамтын гэрээ”-ний нэг тал буюу “Э” ХХК-ийн ажилчдын төлөөлөл болох С.Ө, Т.Б, Д.Т, Б.У нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                           

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН