Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00004

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн иргэн Одон Жөмбөгийн Даваажав /ХП65091414/-ын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

"Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Даваажавыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батхүү, хариуцагчийн өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “… Миний бие 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн цагаасаа төрийн албанд тасралтгүй ажиллаж ирсэн билээ. 2016 оны 12 дугаар сард биеийн эрүүл мэндийн байдалд анхаарал хандуулах шаардлага гарсан гэж үзэн хүсэлт гаргаж 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/43 тоот тушаалаар ажлаас түр чөлөөлөгдсөн юм. Эрүүл мэндийн байдал хэвийн болсон, цаашид үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагагүй болсон тул ажилдаа эргэж орох талаар 2016 оны 2 дугаар сард аймгийн Засаг даргад хандахад сумын Засаг дарга Э.Чинбатад “Ж.Даваажавыг үүрэгт ажилд нь томилж хариу мэдэгдье” гэсэн үүрэг даалгавар бүхий 1/562 тоотыг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн, мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батхүүд хандан “Аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 тоот захирамж, 1/2729 тоот шийдвэрээр сумуудад малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч ажиллуулах шийдвэр гарсан тул МЭҮТасгийн дарга, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Даваажавыг үүрэгт ажилд нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор томилж, хариу мэдэгдье” гэсэн 3/1338 дугаартай тоотыг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн боловч тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батхүү нь аймгийн Засаг даргын захирамж, удирдах дээд байгууллагын удаа дараагийн шийдвэрүүдийг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Миний бие сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга нь аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул сумын Засаг даргын Тамгын газарт 2016 оны 01 дүгээр сарын 21, 04 дүгээр сарын 29-нд хандан “үүрэгт ажилд минь буцаан томилж өгнө үү” гэсэн өргөдөл гаргахад хариу өгөөгүй ба 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ... өргөдөл дахин гаргахад 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 дугаар захирамжаар ажлын байрыг нь тодорхой заагаагүй тул түр чөлөөтэй байгаа МЭҮТасгийн дарга, улсын байцаагч таныг ажилд томилох боломжгүй болохыг энэхүү албан бичгээр уламжилж байна” гэсэн хариуг өгсөн юм. Намайг ажилд томилохгүй байгаа нь Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батхүү удирдах дээд байгууллагын шийдвэр болон аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 тоот захирамжийг биелүүлэхгүй хууль зөрчиж байна гэж үзэж байна. Өөрийн эрх зөрчигдөж байгаа асуудал буюу ажилдаа буцаж орох талаар холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтнаар урьдчилан шийдвэрлүүлсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Баянзүрх мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч намайг ажилд эгүүлэн томилохыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж, 2016 оны 03 дугаар сараас хойш ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүх, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Ж.Даваажав нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.5 жил хүртэл хугацаагаар чөлөө авах тухай өргөдөл бичсэн бөгөөд энэ хугацаанд эмчлүүлэх, сувилуулах, эрдэм шинжилгээний ажил хийх зорилготой байгаа тухайгаа дурдаж чөлөө олгохыг хүссэн билээ. Иймд Засаг даргын Тамгын газрын даргын хувьд өөрийнх нь хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн түр чөлөө олгох тушаал гаргаж шийдвэрлэсэн болно. Мөн Ж.Даваажав нь мал эмнэлэг, үржлийн тасгийнхаа хурлыг хийж мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн С.Эрдэнэцэцэгийн тэтгэвэрт гарах хүртэлх хугацаанд би чөлөө авъя, С.Эрдэнэцэцэгийг тэтгэвэрт гарахад оронд нь би ажилдаа эргэж орно гэсэн тохироо хийж энэ тухай тэмдэглэл хөтөлсөн байгаа.

Ж.Даваажав нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар батлагдсан бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөөгүй юм. Чөлөө авсан тухай аймгийн удирдлагад танилцуулаагүй, би бүтцийн өөрчлөлтөөр гарсан гэж буруу танилцуулснаас тоотуудыг өгсөн байх гэж би үзэж байна. Иймд Ж.Даваажавыг мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн С.Эрдэнэцэцэгийг тэтгэвэрт гарах хугацаа буюу 2017 оны 3 сар хүртэл ажилд авах боломжгүй байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Б/57 дугаар захирамжийн анх ирүүлсэн 4 дүгээр хавсралтыг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хэрэв аймгийн Засаг дарга Б/57 дугаар захирамжийнхаа хавсралтыг засах бол тус хавсралтыг хүчингүй болгосон дахин нэг захирамж гаргах ёстой. Гэтэл эхний Б/57 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамж шийдвэр гараагүй, энэ тухай бидэнд мэдэгдээгүй учраас З.Наранцэцэгийн ажлын байр хэвээр байгаа гэж үзэж байна. Иймд С.Эрдэнэцэцэгийг өндөр насны тэтгэвэрт гарах үед Ж.Даваажавыг ажилд нь авах эсэх асуудал яригдах байх гэж бодож байна.

Ж.Даваажавын эрх ашиг хөндөгдөөгүй байхад бусдын буруу нөлөөллөөс улбаалж шүүхэд нэхэмжлэл гаргаад байдаг. Хэрвээ чөлөөний хугацаа дуусахад ажилд нь оруулахгүй байсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Гэтэл өнөөдөр Ж.Даваажавын эрх зөрчигдөөгүй байна шүү дээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна …” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Сандагдоржийн Эрдэнэцэцэг нь Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн, мал үржлийн хяналтын улсын байцаагчаар 2010 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ж.Даваажавын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар авч байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэж үзсэнтэй холбоотой гэж үзлээ. Тус сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Даваажав нь өөрийн ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ч миний хууль ёсны эрх ашиг огт хөндөгдөөгүй. Гэхдээ Ж.Даваажавын ажлыг албан ёсоор надад хүлээлцүүлсэн захирамж, тушаал огт гараагүй ч гэсэн төрийн алба тасралтгүй үргэлжлэх ёстой учраас дээрээс өгсөн үүрэг даалгавар, мэдээ тайланг өөрийн чадах ядахаараа хийж, гүйцэтгэж өдийг хүрлээ.

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын Б/57 тоот захирамж гарч сумдын мал эмнэлэг, үржлийн тасагт ажиллаж байсан мал эмнэлэг, мал зүйч нарын ажлын байрыг нэгтгэсэн боловч 12 дугаар сард өөрчлөлт оруулан тасаг нь хоёр орон тоотойгоор ажиллахаар шийдвэрлэсэн сумдад малын эмч, мал зүйч мэргэжилтэн ажиллах болж, ажлын байрны нэрийг Малын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэж өөрчилсөн юм. Уг өөрчлөлтийг аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн нь улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах хуулийн зохицуулалттай тул Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр захирамжаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн нэршлийг баталгаажуулж, албан тушаалын нэрийн ард улсын байцаагч гэсэн тодотгол оруулахаар болж энэ нь аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/29 тоот захирамжаар баталгаажсан юм.

Иймд миний бие С.Эрдэнэцэцэг нь Баянзүрх сумын мал эмнэлэг, үржлийн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, мал үржлийн хяналтын улсын байцаагч гэсэн албан ёсоор баталгаажсан орон тоон дээр ажиллаж байгаа ба Ж.Даваажавт холбогдох нэхэмжлэлийн шаардлага нь миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Зоригтын Наранцэцэг нь Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасагт Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа, тангараг өргөсөн төрийн албан хаагч юм.

Миний бие жирэмсний амралттай байх хугацаанд мал эмнэлэг, үржлийн тасгийн бүтцэд орон тооны өөрчлөлт орж, 2 орон тоотой болсон. Миний ажлын байр болох Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо нь аймгийн Засаг даргын Б/57 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтын 9 дүгээр заалтанд заагдсан байсан учир би 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа орсон болно. Жирэмсний амралттай байх хугацаанд миний ажлыг Гүнд овогтой Даваажав хийж байсан, намайг ажилд ороход тасаг 2 орон тоотой болсон байсан. Энэ үед Ж.Даваажав нь өөрийн хүсэлтээрээ 1,5 жилийн чөлөө авсан байсан.

Тухайн үед би ажилдаа ороод тасгийн хурлын тэмдэглэлтэй танилцъя гэхэд С.Эрдэнэцэцэг надад хурлын тэмдэглэл байхгүй, алга болчихсон олдохгүй байна гээд танилцуулаагүй. Уг хурлын тэмдэглэлийг би Ж.Даваажавын хавтаст хэргээс үзсэн. С.Эрдэнэцэцэг нь Ж.Даваажавын оронд ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа.

Ж.Даваажавын хэргийн материалд намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хавсаргасан байна. Уг мэдэгдлийг би албан ёсоор хүлээж аваагүй болно. Учир нь аймгийн Засаг даргын Б/57 захирамжийн 4 дүгээр хавсралтын 9 дүгээр заалтанд миний ажлын байр болох Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн байна гэж заасан байгаа.

Гэтэл Ж.Даваажавын хавтаст хэрэгт аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/57 захирамжийн 4 дүгээр хавсралтын 8 дугаар заалтанд Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежмент, хүний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, 9 дүгээр заалтанд Газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн гэж байсныг 8 дугаар заалт дээр Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн /улсын байцаагч/, 9 дүгээр заалт дээр Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэж заасан, дугаар нь адил мөртлөө 8, 9 дэх заалтыг өөрчилсөн хоёр адил хавсралт байна.

Иймд дээрх аймгийн Засаг даргын Б/57 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтын 8, 9 дүгээр заалтыг хүчингүй болгосон шийдвэр байхгүй, миний ажлын байр хөндөгдөхгүй учир албан тушаалыг минь хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

     Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Ж.Даваажав нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр "Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Даваажавыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Даваажав нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчлүүлэх, сувилуулах, өөрийн үндсэн мэргэжлийн дагуу эрдэм шинжилгээний ажил хийх зорилгоор 1,5 жил хүртэл хугацаагаар чөлөө олгохыг хүссэний[1] дагуу түүнийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар[2] 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1,5 жил хүртэл хугацаагаар түр чөлөөлсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д “… биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” бол төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөхөөр заасан ба Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 80 дугаар зүйлийн 80.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг баримталжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “С.Эрдэнэцэцэгийг тэтгэвэрт гарах хугацаа буюу 2017 оны 03 сар хүртэл Ж.Даваажавыг ажилд авах боломжгүй” гэж маргасан. Хариуцагчийн энэхүү татгалзал буюу төрийн албанаас түр чөлөөлөгдсөн Ж.Даваажавыг ажилд эгүүлэн томилохоос татгалзаж байгаа эс үйлдэхүй хууль бус байна.

Учир нь төрийн албанаас захиргааны санаачилгаар чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч нь чөлөөний хугацаа дуусмагц ажилдаа буцаж орох эрхтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэлт баталгаагаар хангагддаг.

Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны Б/43 дугаар дугаар тушаалд зааснаар Ж.Даваажавт 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1,5 жил хүртэл хугацаагаар захиргааны түр чөлөө олгожээ. Тодруулбал 1,5 жилийн хугацаагаар бус 1,5 жил хүртэл хугацаагаар захиргааны чөлөө олгосон болох нь дээрх тушаал[3], хариуцагч, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөхөөр заасан бөгөөд Ж.Даваажав нь 1,5 жил хүртэл хугацаагаар түр чөлөөлөгдсөн байх тул тэрээр 1-1,5 жил хүртэлх аль ч хугацаанд ажилдаа буцаж орох талаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь ажилдаа буцаж орох талаар Баянзүрх сумын Засаг даргад хандан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр[4], Баянзүрх сумын Засаг дарга, түүний Тамгын газарт хандан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр[5], Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт хандан 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр[6] тус тус өргөдөл гаргаж байсан боловч эдгээр өргөдлүүддээ захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн тушаалын талаар маргаагүй, ажлаас түр чөлөөлөгдөх болсон шалтгаан нөхцөл арилсан, чөлөөний хугацаа дууссан тул ажилдаа буцаж орох талаар дурдаагүй, харин аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 дугаар захирамж[7] өөрчлөгдсөн, аймгийн Засаг даргын 2015 оны 1/2729 тоот албан бичиг гарсан, дээд шатны байгууллага албан тушаалтнаас түүнийг ажилд томилохыг үүрэг болгосон гэсэн утга бүхий өргөдлүүд гаргаж байжээ.

Гэрч А.Эрдэнэбаатарын мэдүүлэг[8], Ж.Даваажавын өргөдлүүд[9], аймгийн Засаг болон түүний Тамгын газрын албан бичгүүдээс[10] үзэхэд нэхэмжлэгч Ж.Даваажав түүнийг ажлаас түр чөлөөлсөн тушаал хууль бус, чөлөөний хугацаа дуусахад эс үйлдэл гаргаж ажилд авахгүй байна гэх зэргээр өргөдөл, гомдол гаргаж байгаагүй, харин ажлаас үндэслэлгүй халагдсан талаар дээд шатны байгууллага, албан тушаалтнуудад хандаж байжээ.

Иймд нэхэмжлэгч Ж.Даваажавын “Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй” гэж маргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Ж.Даваажав ажлаас үндэслэлгүйгээр халагдаагүй, харин хуульд журмын дагуу төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байжээ.

Нэхэмжлэгч Ж.Даваажав нь Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3/83 тоот албан бичгээр[11] түүнийг ажилд томилох боломжгүй гэсэн хариу өгснийг хүлээн аваад 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Даваажавыг захиргааны санаачилгаар түр чөлөөлснөөс хойш 1 жил 1 сар гаруй хугацаа өнгөрсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч “Ж.Даваажавын субьектив эрх хөндөгдөөгүй” гэж маргасан боловч хэргийг эцэслэн шийдвэрлэх үед Ж.Даваажав нь түүнийг ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй болсон байх тул “эрх зүйн харилцаанд оролцогчдын аль сул оролцогчийнх нь талд ашигтайгаар хуулийг тайлбарлах” нийтийн эрх зүйн зарчмыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл Ж.Даваажавыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохыг хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй байна.

Түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Эрдэнэцэцэгийн тэтгэвэр тогтоолгох эсэх нь Ж.Даваажавыг ажилд эгүүлэн томилохтой ямар нэгэн шалтгаант холбоогүй, хамааралгүй болохыг дурдъя.

Хариуцагч Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Батхүү аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт зөрүүтэй, нэг мөр ойлгомжтой бус, мал эмнэлэг, үржлийн тасгийн орон тоо цөөрсөн зэрэг шалтгааны улмаас Ж.Даваажавыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох боломжгүй талаар тайлбарлаж байгаа боловч энэ нь төрийн жинхэнэ албан хаагч чөлөөний хугацаа дуусмагц ажилдаа буцаж орох эрхийг зөрчих үндэслэл болохгүй.

Харин чөлөөний хугацаа дуусаад ажилдаа орох эрх нь үүссэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүний урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсны дараа эрх бүхий байгууллагын холбогдох шийдвэрийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасны дагуу асуудлыг шийдвэрлэх нь Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын хуульд заасан бүрэн эрх юм.

Нэхэмжлэгч Ж.Даваажавыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсноор гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй. Харин хариуцагч Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын дарга эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан шинэ захиргааны акт гаргахдаа төрийн жинхэнэ албан хаагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзвэл тухай этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал шимтгэлийг нөхөн гаргуулахыг хүсэж байгаа боловч төрийн жинхэнэ албан хаагч хуульд заасны дагуу биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсны улмаас түр чөлөөлөгдсөн бол энэ хугацааны цалинг төрөөс олгох, улмаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан Одон Жөмбөгийн Даваажавын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу "Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Даваажавыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох”-ыг хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу “ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах“ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 


[1] Хэргийн 27 дугаар хуудас

[2] Хэргийн 9 дүгээр хуудас

[3] Хэргийн 9 дүгээр хуудас

[4] Хэргийн 134 дүгээр хуудас

[5] Хэргийн 135 дугаар хуудас

[6] Хэргийн 136 дугаар хуудас

[7] Хэргийн 30-31, 103-104 дүгээр хуудас

[8] Хэргийн126-127 дугаар хуудас

[9] Хэргийн 135-136 дугаар хуудас

[10] Хэргийн 10, 11, 42 дугаар хуудас

[11] Хэргийн 41 дүгээр хуудас