Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00585

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00585

 

Ө.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/03711 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-од холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 298,029,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Х, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Б- нь надад өөрийнхөө ажиллуулж байсан хүнсний дэлгүүрийг худалдах талаар санал тавьж, бидний хооронд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газрын эрх шилжүүлэх тухай гэрээ тус тус байгуулагдаж, би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт /18120/, 9 дүгээр хэсэг гудамж, 999/1 тоотод байрлах, 113 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 699 м.кв талбай бүхий газар, мөн дэлгүүрийн бараа, эд хогшил зэргийг нийт 298,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэрээний дагуу 260,000,000 төгрөгт газар болон үл хөдлөх эд хөрөнгө, 38,029,000 төгрөгийн дэлгүүрийн лангуун дээрх бараа, материалын үнэ хэмээн тооцож, миний бие өөрийн Хаан банк дахь 5034765715 тоот данснаас Б.Б-ын Хаан банк дахь 00- тоот дансанд 5 удаагийн гүйлгээгээр 298,029,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулах үед хувь хүний орлогын албан татварын хэмжээг багаар төлөх хэрэгтэй байна гэж гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 105,000,000 төгрөг, харин газрыг 5,000,000 төгрөгөөр бичүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр гарсан, харин газрын гэрчилгээ гараагүй байгаа. Миний бие дэлгүүрийг хүлээн аваад үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл 2022 оны 06 дугаар сараас бороо орж эхлэхэд дэлгүүрийн дээврээс ус гоожиж, цахилгаан, тогны гэмтэл гарсан ба бараан дээр ус гоожиж чанар байдлыг алдагдуулж, надад хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ талаар Б.Б-од мэдэгдэж, худалдах, худалдан авах гэрээг цуцлахаар ярихад мөнгийг чинь үрсэн, хааяа дээврээс ус гоождог байсан, нэг их асуудал биш гэж хэлсэн. Миний олон жил хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авсан үл хөдлөх эд хөрөнгө нь доголдолтой байсан ба үүнийг нь мэдсээр байж надаас нууж, гэрээ байгуулж, мөнгийг авсанд гомдолтой байна. 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгчийн хамт Б.Б-той уулзаж, гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Одоо хүртэл дэлгүүрийн зөвшөөрөл гараагүй, газрын гэрчилгээ миний нэр рүү шилжээгүй, дэлгүүрийн барилга нь үйл ажиллагаа явуулах боломжгүй доголдолтой байгаа тул миний бие гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тухайн үедээ дэлгүүрт яг хэдэн төгрөгийн бараа байгааг нарийн тоолж гаргаагүй боловч ойролцоогоор 38,000,000 төгрөгийн бараатай гэж хүлээн авсан, үүнээс хойш миний бие бараа татан авч, үнэ цэнэ нь нэмэгдсэн хэдий ч би зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө болон газрын төлбөрт тооцон шилжүүлсэн 260,000,000 төгрөгийг Б.Б-оос буцаан гаргуулаад маргааныг дуусгах хүсэлттэй байх ба үлдэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Б.Б- нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 9 дүгээр хэсэг, 999/1 тоотод байрлах, 113 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-22201060491 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг Ө.Г-ийн гаргасан саналын дагуу худалдахаар болж, нэхэмжлэгчтэй 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрөө үзэж хараад, дотор нь байгаа хөрөнгүүдийг тоолж авсан. 330,000,000 төгрөгөөс 70,000,000 төгрөгийг хасаад 260,000,000 төгрөгөөр худалдсан. Худалдсаны дараа Ө.Г- дуудаад байшингийн дээврээс дусаал гоождог, бохир бөглөрсөн, цахилгааны албан ёсны зөвшөөрөл байхгүй, байшин руу цэвэр ус ордог болгож өг хэмээн шаардлага тавьсан. Тухайн үедээ цахилгааныг анхнаасаа хувь хүнээс гэрээгээр авч хэрэглэдэг болохоо хэлсэн байсан. Улсын цахилгаан хангамж ирээгүй. Биднийг байшинг хүлээлгэн өгөх үед бохир бөглөрөөгүй байсан тул худалдан авсны дараа бөглөрсөн асуудлыг би хариуцахгүй гэдгээ хэлсэн. Цэвэр усаа гүний худгаар шийдвэрлэсэн байсан. Харин дээврийн дусаалын асуудлыг өөрийн хөрөнгөөр засаад өгч болно гээд багажтай хүн дагуулаад очсон боловч Ө.Г- өөрөө засуулахгүй, гэрээгээ цуцална, шүүхэд хандана гэж хэлээд хөөсөн. Ө.Г- тухайн байр, газрыг худалдан авахдаа өөрөө үзэж, хараад болно, бүтнэ гэж авсан. Тухайн үед яригдаагүй асуудлыг гаргаж, шалтаг тоочиж, нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.Б-оос худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 260,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Г-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,648,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос 1,457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Г-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ө.Г-ийн шүүх хуралдааны явцад гаргасан ...дэлгүүрт нэмэлтээр өнөөдрийн байдлаар 70,000,000 гаруй төгрөгийн бараа нэмж авч хөрөнгө оруулалт хийсэн гэх тайлбараас харахад нэхэмжлэгч Ө.Г-ийн худалдан авсан эд зүйлс буюу үл хөдлөх эд хөрөнгө болон бусад дагалдах эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхээ бүрэн шилжүүлсэн, дэлгүүрийн зориулалтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх хүртэл хугацаанд зориулалтаар нь ашигласан болох нь нотлогддог. Мөн нэхэмжлэгч, хариуцагч, шинжээч нар дэлгүүрийн дээвэрт үзлэг хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө байгаа газар дээр очих үеэр нэхэмжлэгч дэлгүүрийн зориулалтаар хэвийн ажиллуулж байсан үйл баримтаас харахад нэхэмжлэгчийн дээврээс ус гоожиж дэлгүүрийн үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон гэх нэхэмжлэлийн үндэслэл няцаагддаг.

4.б. Шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэд юу багтаж байгааг анхаарч үзээгүй. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 298,000,000 төгрөг бөгөөд үүнээс талууд дэлгүүрийг 105,000,000 төгрөгөөр тооцож, бусад эд хөрөнгийг нийт 193,000,000 төгрөгөөр тооцож худалдах, худалдах авах гэрээ байгуулсан.

Мөн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан байна.

Гэтэл гэрээний зүйл болох дэлгүүр нь дан ганц үл хөдлөх хөрөнгө бус доторх тавилга, эд хогшил, камерын систем, интернэт, цахилгаан бараа, худгийн усаа зарах үйлчилгээ, цайны газар, гэрэлтүүлэг, сантехник, гадаад орчин, зам дагуу ашигтай байрлал, хамгийн гол нь хэрэглэгч үйлчлүүлэгчээ татсан тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байсан зэрэг олон нөхцөл бүрдсэн. Дээврээс ус дусаал гоожсоныг эд хөрөнгийг бүхэлд нь доголдолтой гэж үзэх нь буруу юм.

Худалдагч тал энэхүү гэрээ болон бусад хөрөнгө хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлж, худалдан авагч талд бүрэн шилжүүлэн өгсөн бөгөөд зөвхөн дэлгүүр болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг талууд 105,000,000 төгрөг гэж тохирч, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээнээс буюу үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэлийг гэрээний 4.6-т Гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж, чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон бол нөгөө тал тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй гэж заасан.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт гэрээнээс татгалзах журмын талаар гэрээнээс татгалзаж байгаа тал нөгөө талдаа энэ талаар мэдэгдэхээр, гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтоохоор тус тус зохицуулсан. Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Гэрээ 2022 оны 05 дугаар сард байгуулагдсан бөгөөд хариуцагч дэлгүүр болон бусад агуулах, хүлэмж, гүний худаг, цайны газар бусад тохижилт зэргийг 2021 онд барьсан бөгөөд энэ хугацаанд дэлгүүрийн дээврээс ус гоожиж, дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хэмжээнд хүрч байсан нөхцөл байдал байхгүй бөгөөд нэхэмжлэгч талтай гэрээ байгуулж, шилжүүлсэн өгссөнөөс хойш 1 сарын дараа Улаанбаатар хотод их хэмжээний хур тунадас олон жилийн дунджаас их хэмжээгээр орсны улмаас буюу гэрээ байгуулагдсаны дараа ус гоожиж эхэлсэн байна.

Мөн нэхэмжлэгч уг байдлыг засах талаар хариуцагчид санал хэлснийг хариуцагч засаж өгөхийг зөвшөөрч маргаан бүхий үл хөдлөх дээр очих үед нэхэмжлэгч уурлаж загнаад дээвэр лүү ойртуулаагүй болно. Иймээс дээвэр засах боломжит хугацаа олгосон боловч засаж өгөөгүй тул гэрээнээс татгалзсан гэх шүүх болон нэхэмжлэгчийн үндэслэл үндэслэлгүй юм.

Үл хөдлөхийн үнийг 298,000,000 төгрөг гэж тооцож хариуцагчаас 260,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь 55 нэр төрлийн бараа, эд хөрөнгө үл хөдлөх шилжүүлэх үүргээ хариуцагч бүрэн биелүүлсэн бөгөөд гагцхүү 105,000,000 төгрөгийн үл хөдлөхийн дээврээс ус гоожсон гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзаад байгаа гол үндэслэл нь дээвэр бөгөөд дээврийг хэдэн төгрөгөөр засах боломжтой байдлыг шүүх тогтоосноор 298,000,000 төгрөгийн хэдэн хувь нь доголтой болохыг тогтоох ач холбогдолтой байхад шүүх анхаарч үзэлгүй хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэрэв нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө худалдах, худалдан авах гэрээг цуцалсан бол цуцалсан талаар баримт байхгүй, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд нэхэмжлэгч гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал дээр үүргээ биелүүлээгүй байдалд шүүх огт дүгнэлт хийхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй асуудлаар гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгүүдийг нэг бүрчлэн жагсааж үнийг тохирсон мэтээр яригдаагүй зүйлийн талаар гомдол гаргасан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасантай нийцэхгүй буюу үндэслэлгүй гомдол гаргасан. Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын гаргасан баримт, мэтгэлцээний үндсэнд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн. Хариуцагч нэхэмжлэгчид буюу худалдан авагчид доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Энэ талаар анхан шатны шүүхэд гаргасан бичгийн тайлбараар доголдол байсныг хүлээн зөвшөөрсөн, засварлаж өгнө гэж маргасан. Нэхэмжлэгч доголдолтой холбоотой гэрээг цуцлах, өгсөн, авсан зүйлээ буцаан шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн хүсэл зориг дэлгүүрийг худалдан авч, ажиллуулах сонирхолтой байсан. Гэтэл дэлгүүрийн барилга доголдолтой байгаа учраас бусад нэгдмэл зориулалтаар ашиглах учраас гэрээг бүхэлд нь цуцалж болох Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгтэй нийцэж байна. Иймд анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Ө.Г- нь хариуцагч Б.Б-од холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 298,029,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээ шүүх хуралдааны явцад 260,000,000 төгрөг болгож багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Талууд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1394 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн өдрийн 1395 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ тус тус байгуулж уг гэрээгээр Б.Б- нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 9 дүгээр хэсэг, 999/1 тоотод байрлах, 113 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-22201060491 дугаартай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 105,000,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах, 699 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1802619573, эрхийн улсын бүртгэлийн Э-2201011216 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газрыг 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцжээ. /хх 6-7/

 

2.а. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

2.б. Нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 130,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг, дахин 20,000,000 төгрөг, 108,029,000 төгрөг, нийт 298,029,000 төгрөгийг худалдагч Б.Б-ын Хаан банк дахь 00- тоот дансанд худалдан авагч шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

2.в. Талуудын байгуулсан дээрх гэрээнүүдэд хувийн сууцны үнийг 105,000,000 төгрөг, зуслангийн газрын үнийг 5,000,000 төгрөг гэж тус тус бичсэн байх боловч бодит байдал дээр худалдах, худалдан авах гэрээний үнийг нийт 298,029,000 төгрөгөөр тохиролцсон тухайд маргаангүй байна.

 

3. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах үндэслэлдээ дэлгүүрийн зориулалтаар ашиглагдаж байгаа хувийн орон сууцны барилгын дээврээс ус гоожиж дэлгүүрийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тул 260,000,00 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн нь, түүний хүсэлтээр шүүхээс томилогдсон Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ...барилгын дээврийн ажлыг гүйцэтгэхдээ технологийн алдаа гаргасан нь барилга руу борооны ус нэвтрэх үндэс болсон гээд барилгын дээврийн ажлыг гүйцэтгэхдээ гаргасан технологийн 7 төрлийн алдааг нэрлэн зааж ирүүлсэн байна.

 

3.а. Нэхэмжлэгчийн уг барилга нь сэндвичин барилга тул дээврийн ажлыг гүйцэтгэхдээ гаргасан технологийн алдааг засварлахын тулд барилгыг бүхэлд нь буулгана гэх тайлбар, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг хэргийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэвэл дээврийн доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалтай ашиглагдах хөрөнгө тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах үндэслэлтэй.

 

Доголдлын улмаас нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцалсан нөхцөлд хариуцагч талаас дээврийн ажлын доголдлыг арилгахад гарах зардлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй болно.

 

3.б. Худалдан авагч нь дээрх доголдлын улмаас доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлахаар шаардлага гаргах эрхтэй байх боловч, тэрээр гэрээг цуцлахаар гаргасан шаардлага нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан худалдан авагчийн эрхэд хамаарч байх тул хариуцагчийн гаргасан дээврээс ус гоожсоныг засах хугацаа олгоогүй гэх гомдлыг хангахгүй.

 

4. Нэхэмжлэгч тал, их хэмжээний усархаг бороо орсны дараа борооны ус нэвчиж гоожсон гэх ба, барилгыг барихдаа гаргасан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан технологийн алдааг тухайн эд хөрөнгийг хүлээж авахдаа мэдэх буюу доголдлыг илрүүлэх боломжгүй тул худалдан авагчийг шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй.

 

5. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээг доголдлын улмаас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар цуцалж дуусгавар болгосон тул мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан талуудын гэрээгээр хүлээсэн үүргүүд мөн адил дуусгавар болно. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу талууд өгсөн авснаа буцаах үүрэгтэй.

 

6.а. Анхан шатны шүүх хариуцагч Б.Б-оос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 298,029,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 260,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Г-т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6.б. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгийг баримталсан хэсгийг хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

7. Шүүхийн шийдвэрийн огноо 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр гарсан нь техникийн шинжтэй алдаа байна гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан шүүх хурлын мэдэгдэх хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны үед хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж зэрэг холбогдох баримтуудаас тухайн шүүхийн шийдвэр 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан болох нь тогтоогдож байгааг залруулан дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/03711 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,457,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ