Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 989

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч  С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Бад холбогдох эрүүгийн 1805055151089 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Билэг их дэлгүүрийн урд байрлах “Өлзий дэн” зочид буудал дотор ресепшний үүдэнд С.Эгийн биед халдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Э бид хоёр дотно харилцаатай юм. Тухайн үед би түүнийг хардалтын улмаас уурлаад нүүр рүү нь нэг удаа цохисон.  Би Эд 600.000 төгрөг өгсөн. Би өөрийн гэм буруу дээр маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Надад торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч С.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед зүс таньдаг Б над руу залгаад уулзъя бөгжөө ав гээд залгасан. Тэгээд 3,4 дүгээр хорооллын Билэг их дэлгүүрийн урд талд байрлах Дэн буудлын гадаа уулзсан. Тэгээд би бөгжөө авъя гэхэд хоёулаа ярилцъя гээд намайг дагуулаад дэн буудал руу орсон. Тэгээд Б буудлын ресепшн охинтой тооцоогоо мобайл банкаар хийх гээд гар утасаа оролдож байхад нь би гарах гэтэл татаад зогсоосон. Тэгээд би маргааш ажилтай явлаа гэтэл шууд миний хамар руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд буудлын ресепшн цагдаа дуудлаа гэхэд Б гараад зугатаад явсан. Би гэртээ хариад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би гэртээ байж байхад Б над руу дахиад залгаад уучлаарай уулзъя гэхэд би гараад Билэг их дэлгүүрийн хажууд уулзахад Б надаас уучлалт гуйгаад таксинд суугаад 3,4 дүгээр хорооллын эцсийн Алтай гэх нэртэй буудалд ороод үүдэнд нь өрөө аваад дээшээ орсон. Тэгээд Б уух юм авна гээд гараад явахад би араас нь гараад явахад үүдэн дээр зогсож байхаар нь хажуугаар нь гараад зам дээр такси барих гээд зогсож байхад Б намайг чирээд дагуулаад буудал руу орсон. Тэгээд буудлын нэг давхарт хана руу түлхсэн. Дэн буудлын үүдэнд зогсож байхад би явах гэхэд шууд намайг явуулахгүй гээд нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Б намайг нэг удаа түлхээд дараа нь гараараа хамар руу нэг удаа цохисон. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12782 дугаартай дүгнэлт: С.Эгийн биед хамар ясны хянга болон баруун хажуу ханын хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 24/

 

Сэжигтнээр Л.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 20-нд орой 21 цагийн үед найз Сумъяабаатартай гэрт нь очоод 1 шил 0,5 литрийн архи авч хувааж уусан. Тэгээд орой тэднийхээс гараад уулздаг байсан Этай утсаар яриад Гандангийн автобусны буудал дээр уулзаад юм ярьж байгаад 28 дугаар сургуулийн хажуу талын Номун нэртэй зочид буудал орохоор болоод буудлын ресепшны үүдэнд тооцоогоо хийх гээд зогсож байхад Э явлаа харилаа гээд байхаар нь би урьд манай найз Сумъяабаатартай уулздаг байсан талаар бодоод уур хүрээд биеэ барилгүй нүүрэнд нь 1 удаа алгаараа цохьсон. Тэгэхэд Э хамраа дараад доошоо суусан. Тэгээд би уучлалт гуйгаад бид хоёр хамт гараад 2, 3 буудлаар ороод өрөө байхгүй гээд явж байгаад 3,4 дүгээр хорооллын эцсийн Алтай нэртэй буудалд ороод өрөө аваад би доошоо бууж тооцоо хийх гээд гарахад гараад явсан байсан. Би араас нь гараад зам дээр такси барих гээд зогсож байхад нь дагуулаад чирээд ороод ирсэн. Тэгэхэд Э намайг энэ хүн зодлоо би цагдаа дуудлаа гээд орилоод байхаар нь би гараад явсан. Би нүүрэн тус газар нь нэг удаа алгаараа цохиж гэмтээсэн би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 40/, хорооны тодорхойлолт /хх-ийн 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/,  шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзий дэн” зочид буудал дотор болон Алтай зочид буудлын орчим С.Эгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.Эгийн”...Л.Б намайг 1 удаа түлхээд дараа нь гараараа хамар руу 1 удаа цохисон...”/хх-ийн 21/ гэж түүний мөрдөн байцаалтанд  мэдүүлсэн мэдүүлэг болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12782 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/, Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын гэх баримт /хх-ийн 28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Л.Бын”...Би нүүрэн тус газар нь 1 удаа алгаараа цохиж гэмтээсэн” /хх-ийн 29/ гэсэн  мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно. 

 

Прокуророос Л.Бад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Л.Быг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Л.Быг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүхэд хохирогч С.Эгаас “хялбаршуулсан хэлбэрээр шийдэж өгнө үү. Бад гомдолгүй” гэсэн бичгийн хүсэлт ирүүлж  хэрэгт хавсаргуулсныг үндэслэн шүүгдэгч Л.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Л.Быг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Л.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон удаа дараа шүүхээр ял шийтгүүлсэн хувийн байдлыг нь харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Л.Б шүүхээр урьд нь удаа дараа ял шийтгэгдэж байсан байх ба тэрээр Завхан аймаг дахь Сум дундын шүүхээр 2001 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэх боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүйг дурьдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1.     Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.     Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.     Л.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.     Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6.     Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ