Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 101/2022/02911/И |
Дугаар | 210/МА2023/00619 |
Огноо | 2023-03-23 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2023/00619
2023 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2023/00619 |
Д.Д-, Д.З-, С.Ц- нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00423 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Д-, Д.З-, С.Ц- нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Ч.Г-т холбогдох,
Гэм хорын хохиролд 19,456,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д-, Д.З- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Д.З- нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 9 цаг 40 минутын үед ээж Д.Д-ийн Лексус RX-400 маркийн 00 УБО дугаартай автомашиныг жолоодон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Орчлон сургуулийн урд Сэлбийн гүүрний зүүн талаас баруун чиглэлд төв замаар явж байхад Тоёота приус-20 маркийн 00 УАР дугаартай суудлын автомашины жолооч Ч.Г- нь гүүрэн дээр эсрэг урсгалаас буцаж эргэх хөдөлгөөнийг хийснээр машиныг зүүн урд талаас мөргөж, улмаар машин баруун талаараа гүүрний хашлаганд тулж шахагдсан. Ч.Г-ийн буруутай үйлдлийн улмаас Д.З-, С.Ц-ий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Мөн Д.Д-ийн эзэмшиж буй автомашинд их хэмжээний хохирол учирсан. Ч.Г-ийн буруутай үйлдлийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Тээврийн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 585 тоот тогтоолын 4 дэх заалтаар тогтоож, түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалтуудыг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ тооцсон байна. Мөн тогтоолоор хохирогч Д.З-, С.Ц- нарыг цаашид энэ ослын улмаас өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасан.
1.Эрүүл мэндэд учирсан хохирлын зардлын талаар: ШШҮХ-гийн шинжээч эмчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7717, 7719 тоот дүгнэлтээр Д.З-ийн биед тархи доргилт, хүзүү, нурууны булчингийн чангарал, С.Ц-ий биед тархи доргилт, баруун өвдөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдож, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг тогтоосон. Осол болсны дараа Д.З-ийн толгой, хүзүү, зүүн мөр, аарцаг түнхний үеэр өвдөж, С.Ц-ий толгой, хүзүү өвдөж, дотор муухайрч, баруун өвдөг, зүүн шагай өвдөж байсан тул шинжээч эмчийн зөвлөснөөр тархи, хүзүү, аарцагны компьютер томограф хийлгэсэн бөгөөд шинжилгээний хариу болон эмчийн үзлэгийн дүгнэлтийг үндэслэн Д.З-, С.Ц- тархи, биеийн доргилт эмчлэх, хүзүү нурууны булчингийн чангарал эмчлэх эмчилгээ хийлгэж, С.Ц- шарханд оёо тавиулж, боолт хийлгэн, эмийн эмчилгээ хийлгэсэн. С.Ц- хөлдөө гэмтэл авсны улмаас сар гаран хугацаанд чөлөөтэй явж чадахгүй байсан тул боолт хийлгэх, эмчилгээнд явахдаа байнга хажуудаа хүнтэй явж, автомашин, таксигаар хүргүүлж байсан. Дээр дурдсан нөхцөл байдлын улмаас Д.З-ийн биеийн шинжилгээ, эмчилгээний зардалд 676,000 төгрөг, С.Ц-ий биеийн шинжилгээ, эмчилгээний зардалд 392,600 төгрөг, нийт 1,068,600 төгрөгийг зарцуулсан бөгөөд хариуцагч Ч.Г-өөс уг зардлыг бидэнд төлөөгүй байна.
2. Автомашины үнэлгээ, оношилгоо, ачилтын зардлын талаар: Автомашины хохирлын үнэлгээг хийлгэж, хохирлын хэмжээг үнэлгээний компаниар тогтоолгоход үнэлгээний компаниас автомашины эвдрэлийг гаднаас хараад бүрэн тогтоох боломжгүй эвдрэл, гэмтлүүд байна гэж дүгнээд, авто засварын газраар эвдрэл, гэмтлийн оношилгоог хийлгэх тухай зөвлөсний дагуу автомашиныг UB auto center засварын газарт тээвэрлэн аваачиж, оношлуулсан. Авто засварын газрын оношилгоо, ачилт, үнэлгээний компанийн үнэлгээний зардалд 868,400 төгрөг, автомашиныг осол болсон газраас журмын хашаа руу ачих, засварын газарт хүргэх ачилтын зардал болон журмын хашааны зардалд 235,000 төгрөг, нийт 1,103,400 төгрөг зарцуулсан бөгөөд хариуцагч Ч.Г-өөс уг зардлыг төлөөгүй.
3.Автомашинд учирсан хохирлын зардлын талаар:
А. Үнэлгээнд тусгагдсан эд анги, сэлбэгийг сольж, засуулсан зардал:
Эзэмшигч Д.Д-ийн Лексус RX-400 маркийн 00 УБӨ дугаартай автомашинд А ХХК-ийн гаргасан Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нийт 17,620,000 төгрөгийн хохирол учирсан. Автомашины эвдэрсэн эд ангийг худалдан авч, солих, засвар үйлчилгээ хийхэд хохирлын үнэлгээний тайлангаар гарсан эд ангиудыг худалдан авч, солиулах, засуулахад нийт 21,643,457 төгрөгийг зарцуулсан. Зарцуулсан зардлын хэмжээ үнэлгээний компанийн тогтоосноос өндөр байгаа нь орон даяар автомашины сэлбэг, эд ангийг гадаадаас оруулж ирж худалдаалдаг компаниуд сэлбэг, хэрэгслээ хилээр чөлөөтэй оруулж ирүүлэх боломжгүй, зогсолтын байдалд орсноос сэлбэгийн олдоц муу болж, ховордсон, сэлбэгийн нийлүүлэлтгүй болсноос бэлэн байгаа сэлбэгийн үнэ нэмэгдсэн, мөн үнэлгээг тогтоохдоо зарим эд анги, сэлбэг хэрэгслийн үнэ, засвар үйлчилгээ хийх ажлын хөлсийг зах зээлийн үнээс бага тогтоосонтой холбоотойгоор зардал нэмэгдсэн.
Б. Үнэлгээнд тусгагдаагүй боловч автомашиныг засах үед гарсан нэмэлт зардал: Автомашиныг засах үед хохирлын үнэлгээнд тусгагдаагүй нэмэлт зардлууд гарсан ба үүнд 212,300 төгрөг зарцуулсан. Энэ зардалд баруун урд хаалганы цонхонд нөгөө цонхтой нь ижлээр тень наалгах, хагарсан дугуй нөхүүлэх, автомашины шил солих, тааз солих үед машины тааз, багана, салонд их хэмжээний бохирдол болсон, мөн цонхны шил хагарсан байсан тул автомашины ченж угаалгад орох, мотор, тоормоз, шил арчигчийн шингэн эд анги солих үед асгарч дууссан тул нэмэх зэрэг нэмэлт зардлууд гарсан. Автомашинд учруулсан хохирлоос 5,000,000 төгрөгийг М ХХК хариуцагч Ч.Г-ийн өмнөөс Д.Д-эд төлсөн бөгөөд үлдсэн зардлыг хариуцагч Ч.Г- одоо болтол төлөөгүй байна.
4. Бусад зардал: Осол болсон цагаас эдгэх хүртэл хугацаанд Д.З-, С.Ц- нарын биеийн байдлыг шинжлүүлэх, эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх, С.Ц- чөлөөтэй явж чадахгүй байсан тул эмнэлэгт үзүүлж, эмчилгээ, боолт хийлгүүлэхэд байнга автомашинаар авч явах шаардлага гарсан. Мөн автомашины үнэлгээгээр тогтоосон Lexus RX400 маркийн автомашины 47 нэр төрлийн эд анги, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг боломжит үнээр олох, хайхад өнгөрсөн 3 сарын хугацаанд Да хүрээ зах, түүний ойр орчмын бүхий л сэлбэг, хэрэгсэл худалдаалдаг газрууд, Авто Плаза төвүүд, Уран ган сэлбэгийн төв болон бусад авто засварын газруудаар их олон удаа явж судалж байж, автомашинаа засуулсан. Одоог хүртэл автомашины хянах самбарт гэрэл асаад байгаа ба эвдрэлийн онош нь тогтоогдоогүй, засуулж бүрэн дуусаагүй байна. Lexus RX маркийн автомашины сэлбэг, эд ангийн олдоц муу, олдохгүй байсан тул олон газраар хайлгаж явуулах, мөн зарим эд ангийг буруу сэлбэг өгч, эргэж буцааж солих, дахиж хайх зэрэг явдал чирэгдэл ихтэй тохиолдлууд нэлээд гарсан.
Автомашины эд анги, сэлбэг хайх, авах, засуулах, Д.З-, С.Ц- нарыг эмчилгээнд авч явахад автомашины бензиний зардалд нийт 380,838 төгрөг зарцуулсан.
Нэхэмжлэлийн хавсралт баримтуудыг нотариатаар баталгаажуулахад 47,700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн зардалд 325,431 төгрөг төлсөн бөгөөд зардлын баримтууд хэрэгт авагдсан.
Иймд хариуцагч Ч.Г-өөс Д.З-, С.Ц- нарын эрүүл мэндийн шинжилгээ, эмчилгээний зардал 1,068,600 төгрөг, автомашины үнэлгээ, оношилгоо, ачилтын зардал 1,103,400 төгрөг, автомашины сэлбэг, эд анги солих, засвар, үйлчилгээний зардлын 21,643,457 төгрөгөөс даатгалын компаниас төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж үлдэх 16,643,457 төгрөг, хохирлын үнэлгээнд тусгагдаагүй автомашиныг засах явцад шинээр гарсан засвар, үйлчилгээний зардал 212,300 төгрөг, Д.З-, С.Ц- нарын шинжилгээ, эмчилгээнд явах, автомашины сэлбэг хайх, авах, засуулахад зарцуулсан бензиний зардал 380,838 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 47,700 төгрөг, нийт 19,456,295 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Хариуцагч замын хөдөлгөөний дүрэм зөрчин буцаж эргэж байхдаа энэ ослыг гаргасан. Хэн дүрэм зөрчсөн гэдэг талаар бол хариуцагч болох нь тогтоогдсон. Ашид билгүүний үнэлгээ хэт өндөр байсан тул бид үнэлгээг зөвшөөрөхгүй, өөр компанийг шинжээчээр томилуулахаар хэргийг түдгэлзүүлсэн. Гэтэл Итгэлт эстимэйт нь Ашид билгүүний үнэлгээг эх сурвалжаа болгосон. Зэрэгцүүлж 2 үнэлгээг харах юм бол дугаар нь хүртэл ижил, эх сурвалжаа болгосон талаар дурдаад бичсэн. Хэрэг 2021 онд болсон. Энэ үед ковид намжсан байсан. 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд орж ирсэн Лексус машины үнэ одоо бүр л өсөөд 32,000,000 төгрөг болсон байсан. Лексус бол Монголын нөхцөлд хангалттай сэлбэгтэй. Автомашин нь 32,000,000 төгрөг атал 24,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь боломжгүй. Бид 17,620,000 төгрөгийг зөвшөөрнө. Д.З-ийн биед учирсан хохирол 676,000 төгрөг, С.Ц-ий биед учирсан 392,600 төгрөгөөс бусдаар гарсан зардлыг төлөх боломжгүй. Журмын хашаанд хэр удаан байсан, хэдэн удаа ачиж явсан гэдэг нь тодорхойгүй баримтуудтай байна. 1 компанийн зарлагын баримт атлаа 2 өөрөөр бичсэн байна. А ХХК-ийн үнийг нь зөвшөөрч, эрүүл мэндийн төлбөрийг зөвшөөрч, 5,000,000 төгрөгийг даатгалаас төлсөн гэдгийг зөвшөөрч байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Г-өөс 14,463,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-, Д.З-, С.Ц- нарт олгож нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 4,892,595 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,231 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-өөс 230,768 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-, Д.З-, С.Ц- нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Г-өөс 800,000 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,892,595 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Хариуцагч тал нь А ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж шүүхийн журмаар түүний хүсэлтээр 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 00386 дугаартай тогтоолоор А ХХК-ийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнд нийцсэн бодитой гарсан эсэх талаарх дүгнэлт гаргуулахаар И ХХК-ийг шинжээчээр томилсон.
И ХХК-ийн үнэлгээгээр тээврийн хэрэгслийн хохирлын 2021 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээг 18,240,000 төгрөг гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, А ХХК-ийн үнэлгээгээр рулийн компьютер сэлбэгийн үнэлгээ бага дүнгээр тогтоогдсон ба автомашины урд цонх солигдох шаардлагатайг оруулаагүй байсан тул үнэлгээний дүнг нэмэгдүүлсэн юм.
Нэгэнт хариуцагч талын хүлээн зөвшөөрөхгүй үнэлгээг шүүх дахин шинжээч томилж бодит үнэлгээг гаргах нь хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн тул зах зээлийн үнэлгээнд нийцүүлэн тооцоолж гаргасан үнэлгээг үнэлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
4.б. Үлдэх зардал хэдэн төгрөгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт хийгээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заагаагүй байна.
Тухайлбал, шүүх автомашины үнэлгээ, оношилгоо, ачилтын зардалд нэхэмжилсэн 1,103,400 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 21,700 төгрөг, гаргуулахаар шийдвэрээ танилцуулсан атлаа тооцооллын алдаа гаргасан байна.
Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа Ч.Г-өөс 14,563,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн боловч шийдвэртээ 14,463,700 төгрөг гэж зөрүүтэй тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасны дагуу танилцуулсан шийдвэрийг 119.3 дахь хэсэгт зааснаар агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэсэн заалтыг зөрчжээ.
4.в. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирлыг дээр дурдсан нотлох баримтуудаар нотолж шүүхэд бүрдүүлж өгсөн ба үнэлгээний компаниудын жагсаалтаар дурдсан сэлбэгүүд бүгд багтсан баримтууд юм.
Гэтэл шүүх юу нь ямар учраас эргэлзээ төрүүлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 4,892,595 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаар болон Монгол Улсад бүртгэлтэй компанийн тамга тэмдгээс баталгаажиж, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаар давхар нотлогдох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай дурдаагүй байна.
4.г. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгслийг анх байсан байдалд нь сэргээн засуулахтай холбогдон өөрөөс нь гарсан бүх зардлыг нэхэмжлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд гэм хор учруулаагүй бол олон өдөр, хоног, сарын ажлаа алдаж сэлбэг хайж явах, авсан сэлбэгээ засварын газар руу зөөвөрлөх, засварын газраас буцаж явах, дахин сэлбэг авчирч өгөх, засвараас гаргах, угаалга цэвэрлэгээ хийлгэх, гараашид тавих зэрэг бүх үйл явцууд гэм хорын улмаас гарч байгаа зардал буюу нэхэмжлэгчийн өдөр тутмын ажил, гэрийн хооронд явах шатахууны зардлаас тусдаа гарах ёсгүй зардал гарсан учраас нэхэмжлэх эрхтэй юм.
Иймд шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Д.Д-, Д.З-, С.Ц- нар нь хариуцагч Ч.Г-т холбогдуулан гэм хорын хохиролд 19,456,295 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлийн заримыг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2. Хариуцагч Ч.Г- нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Орчлон сургуулийн урд замд Тоёота приус-20 маркийн 00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт 1-1.3, 1.15а-1.15в-д тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэж тус тус заасныг зөрчиж Д.З-ийн жолоодож явсан Д.Д-ийн өмчлөлийн Лексус RX-400 маркийн 00 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан байна. /хх 14, 18-20/
2.а. Тухайн зам тээврийн ослын улмаас Лексус RX-400 маркийн 00 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.З-, зорчигч С.Ц- нарын биед гэмтэл учирч улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7717, 7719 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.З-ийн биед тархи доргилт, хүзүү, нурууны булчингийн чангарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл, С.Ц-ий биед тархи доргилт, баруун өвдөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтлүүд тус учирсан байна. /хх 21-24/
2.б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар дээрх зам тээврийн ослыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Тээврийн прокурорын газрын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 585 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хариуцагч Ч.Г-ийн гаргасан зөрчилд 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байх ба хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй байна. /хх 18-20/
2.в. Хариуцагч Ч.Г-ийн даатгуулсан М ХХК-аас Д.Д-эд 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.
2.г. А ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1302 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Д.Д-ийн эзэмшлийн Лексус RX-400 маркийн 00 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 17,620,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. /хх29-44/
2.д. А ХХК-ийн гаргасан дээрх үнэлгээг хариуцагч зөвшөөрөхгүй гэж шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан байх ба, шинжээчээр томилогдсон И ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр Лексус RX-400 маркийн 00 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 2021 оны 08 дугаар сарын байдлаарх зах зээлийн үнэлгээг 18,240,000 төгрөгөөр тогтоосон байх ба тухайн шинжээчийн дүгнэлтийг гаргасан үнэлгээний мэргэжилтэн Х.Ганбилэгт хууль сануулсан баримтгүй тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзнэ.
/хх 139-161/
3. Нэхэмжлэгч Д.З-ийн 676,000 төгрөг, нэхэмжлэгч С.Ц-ий 392,600 төгрөг тус тус эрүүл мэндийн гэм хорын хохиролд нэхэмжилснийг хариуцагч Ч.Г- төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцжээ.
4. Нэхэмжлэгч Д.Д- өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 21,643,457 төгрөг, үүнд даатгалаас авсан 5,000,000 төгрөгийг хасч тооцон 16,643,457 төгрөг, үнэлгээнд тусгагдаагүй засварлах явцад шинээр гарсан засвар үйлчилгээний зардалд 212,300 төгрөг, мөн нэхэмжлэгч нарын эмчилгээ шинжилгээ, автомашины сэлбэг хайх, авах, засварлуулахад гарсан бензиний зардалд 380,838 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 47,700 төгрөг, нийт 17,284,295 төгрөг нэхэмжилсэн байна.
4.а. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслэлийн ачилтын болон саатуулах байранд байлгасан хоногийн зардлын 235,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлсний 678,400 төгрөг, оношлогоо хийлгэхээр тухайн тээврийн хэрэгслэлийг тээвэрлэсэн зардлын 120,000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсний 21,700 төгрөгийн нэмэлт зардлууд буюу хохирол тус тус нэхэмжлэгчид гарсан байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бүхий байх боловч шүүх тухайн зардлуудыг нэмэхдээ тооцооллын алдаа гаргасан гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул 1,055,100 төгрөг гэж зөвтгөнө.
4.б. Нэхэмжлэгч Д.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ А ХХК-ийн үнэлгээг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан бөгөөд уг үнэлгээгээр тогтоогдсон 17,620,000 төгрөгөөс хариуцагч Ч.Г-ийн жолоочийн хариуцлагын даатгалаар төлөгдсөн 5,000,000 төгрөгийг хасч тооцон 12,620,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгчийн И ХХК-ийн гаргасан 18,240,000 төгрөгийн дүгнэлтийг үндэслэх байсан гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
4.в. Харин шүүх уг үнэлгээнээс шилгүй баруун урд хаалганы үнэ 250,000 төгрөгийг хасч тооцсон байгаа нь буруу байх бөгөөд уг хаалганы шил хагарсан байгаа нь А ХХК-ийн үнэлгээний баримтад хавсаргагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч уг хаалгыг 430,000 төгрөгөөр авснаа Сейф трэк ХХК-ийн НӨАТ-ын баримтаар нотолсон байх тул хаалганы зөрүү үнэ 180,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ./хх 29-44, 70/
4.г. Хариуцагч Ч.Г-ийг эрэн сурвалжлуулах шийдвэрийг шүүхээс гаргуулахад нэхэмжлэгч Д.Д-ээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангана./хх 8-9/
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.З-, С.Ц-ий эрүүл мэндийн гэм хорын хохиролд нийт 1,068,600 төгрөг, тээврийн хэрэгслэлийн хохирлын үлдэгдэл 12,620,000 төгрөг, гарсан зардлын 1,055,100 төгрөг, шилтэй баруун урд хаалганы зөрүү 180,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөг, нийт 15,013,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Д.Д-эд зам тээврийн ослоос учирсан бодит хохирлыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд нэхэмжлэгчээс үнэлгээнээс илүү зардал гаргаж тээврийн хэрэгслэлээ засварласан, мөн бензин тосны зардал гаргасан гэх баримтууд нь тээврийн хэрэгслэлийн дугаар, нэхэмжлэгчийн нэр хаяг зэрэг хамаарал бүхий нөхцөл байдлууд тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх боломжгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.
6. Тухайн гэм хорын хохирол шаардсан хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байх ба шүүх талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагч Ч.Г-өөс 15,013,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-, Д.З-, С.Ц- нарт олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00423 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 14,463,700 гэснийг 15,013,900 гэж, 4,892,595 гэснийг 4,442,395 гэж өөрчлөн,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 230,768 гэснийг 233,019 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Д-ээс төлсөн 93,232 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ