Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 933

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Мөнхтулга       хөтлөн

улсын яллагч Д.Пүрэвдагва

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Тонгууд овогт Мөнхгэрэлийн Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805000371114  дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Э нь 2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Голд 999” бааранд иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн өөрийн буруутайг ойлгож байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.  

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд: “2017 оны 12 дугаар сарын 13-ний шөнө Голд 999 бааранд найз Амартөрийн төрсөн өдөр байсан тул түүний ажлын газрын хүмүүстэй нийлж тэмдэглээд 00 цаг өнгөрч байхад орж үйлчлүүлсэн. Бид долуулаа тийш орсон ба хамгийн эхэнд авсан архийг би өөрөө захиалж аваад авсан тооцоог нь хийж төлбөрийг барагдуулсан. Үүнээс хойш Амартөрийн ажлынхан өөрсдөө мэдэж юмаа захиалж авч ууж хэрэглээд байсан би би түүнд оролцоогүй. Би баарнаас 1 шил архи 5 ус, 3 кола хамгийн эхэнд авсан байснаа төлсөн. Ингээд гарч явах гэтэл намайг явуулахгүй тооцоогоо хий гэхээр нь гарсан тооцооны биллээ үзтэл 1 ширээний тооцоог 3 салангид бичсэн байсныг 1 билл дээр нэгтгэж бичээд 4 шил архины тооцоог хий гэхээр нь юу гэсэн үг вэ би хамгийн эхэнд архиныхаа тооцоог тэр даруй хийсэн. Гэтэл яагаад тооцоог нь хийсэн төлбөр дахин нэхэгддэг юм бэ гэхэд зөөгч нь ажлаа мэдэж байна гэхээр нь камераа шүүгээд шалгаад үзээч гэхэд чи үздэг нь биш гэсэн. Чи яагаад ингэж байгаа юм бэ гэхэд бүгд л намайг тойроод зогссон давхар төлбөр төлүүлж болохгүй шүү дээ гэж хэлээд эргэтэл зөөгч залуу миний зүүн нүд рүү цохьсон. Цохиулаад доош нүдээ дараад эргэж босч ирэхэд утсаа гаргаад цагдаад дуудлага өгөх гэтэл хамгаалагч нь өгүүлэхгүй утсыг авах гээд байсан ч чанга чанга намайг яриулах боломж өгөлгүй таслуулсан...” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Р.Гантулга мөрдөн байцаалтанд: Манай компани нь Голд 999 баарыг ажиллуулдаг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ямар асуудал манай бааранд болсныг мэдээгүй. Баарыг өдөр тутам үйл ажиллагааг нь хэвийн явуулах чиг үүргийг зохион байгуулагч Оюунцэцэг хариуцан ажилладаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 02-нд ажлаас халагдсан М.Э гэгч үйлчлүүлэгчтэйгээ маргаан үүсгэж зөрчил гаргасан байсан. Камерийг шүүгээд үзэхэд манайд үйлчлүүлсэн 4 залуу текэн дээр ирээд тооцоогоо хийх гээд юм яриад байснаа гэнэт  тэдний нэг нь зөөгч Эыг боож аваад түлхээд унагахад хамгаалагч ирээд салгасан ч дахин өөр залуу зөөгч руу дайраад боож унагахаар нь зөөгч маань босож ирэхдээ тэр залууг цохиод авсан бичлэг харагдсан. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Оюунцэцэг мөрдөн байцаалтанд: 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манайд үйлчлүүлж байсан тэр согтуу биеэрхүү шар царайтай залууг зөөгч нүд рүү нь цохисон. Дараа нь хяналтын камераа үзэхэд Э тэр согтуу залууг нэг удаа нүүрэн тус газар нь цохиж байсан. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Төгсмаа мөрдөн байцаалтанд: 2017 оны 12 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед ...гарах гэтэл зөөгч үлдсэн тооцоо байна гэж хэлсэн. Тэгээд хийчихсэн ш дээ гээд текэн дээр Э би өмнө нь тооцоогоо хийчихсэн ш дээ гээд барменд хэлж байхад зөөгч нь гэнэт нүд рүү цохичихлоо гэж Э хэлсэн. Эын хажууд зөөгч гэнэт үсрээд ороод ирсэн гар нь гэнэт л савсан гэнэт л Э тонгойгоод нүд цохичихлоо гэсэн. /хх-ийн 69/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр М.Э мөрдөн байцаалтанд: 2017 оны 12 дугаар сарын 14-нд би Голд 999 бааранд зөөгчөөр ажилладаг байсан. Тэгээд тэр шөнө хохирогч гэх ах гаднаас дөрвүүлээ орж ирээд архи авсан. Тэгээд миний хуваарьтай ширээнд суусан.  Тэгээд архи ууж дуусчихаад гарахынхаа үед тооцоогоо хийхгүй тэд нар манай бааранд цүнхээ алдчихсан тэгээд би цүнхийг нь хүн  аваад гарах гэж байхад цүнхийг нь олж өгсөн. Тэгээд тэр ах тооцоогоо өгөхгүй гэж уурласан би тооцоогоо хий гэхэд намайг түлхээд уурлаад байсан. Тэгээд миний хоолойг боож заамдаж аваад тэгсэн хамгаалагч нар салгах гээд урдуур орсон тэгэхээр нь би тэр ахыг алгадсан. Надад алгадуулсаныхаа дараа тэр ах тонгойгоод газар суучихсан. Тэгээд босож ирээд тооцоогоо хийгээд гараад явах гэж байснаа би чамайг шоронд оруулна манай дүү цагдаагийн газар ажилладаг харнаа гэж хэлээд гарсан. /хх-ийн 45/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №560 дугаартай дүгнэлтэд: Б.Эын биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч М.Эийн хувийн байдалтай холбоотойгоор: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/,  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Голд 999” бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа тооцооны маргаанаас шалтгаалан  Б.Этай маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эын”...зөөгч залуу миний зүүн нүд рүү цохисон...” /хх-ийн 12/, гэрч Р.Гантулгын”...зөөгч маань босож ирэхдээ тэр залууг цохиод авсан бичлэг харагдсан...” /хх-ийн 13/, гэрч Л.Оюунцэцэгийн”...Э тэр согтуу залууг нэг удаа нүүрэн тус газар нь цохиж байсан...” /хх-ийн 15/, гэрч Б.Төгсмаагийн”...зөөгч нь гэнэт нүд рүү цохичихлоо гэж Э хэлсэн...Э тонгойгоод нүд цохичихлоо гэсэн...” /хх-ийн 69/ тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 560 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд сэжигтнээр М.Эын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...надад алгадуулсаныхаа дараа тэр ах тонгойгоод газар суучихсан...” /хх-ийн 45/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч М.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ хохирлоо бүрэн авсан тул гомдол санал байхгүй,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох саналыг М.Эт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Эыг мэдэгдсүгэй.

 

4. М.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

   

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ