| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0206/Э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
хохирогч Г.Э,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Б.Бид холбогдох эрүүгийн 1807004270189 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиар хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо,Үйлдвэрийн гудамжны 073-01 дүгээр байрны 04 тоотод оршин суух, регистрийн ********* дугаартай, Харчин овогт Б.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 14-ний шөнийн 01 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх амралтын газарт амарч байхдаа өөрийн эхнэр Г.Этэй гэр бүлийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар биед нь халдан хүч хэрэглэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр эгч Л, нөхрийн хамт манай гэр бүлийг гадаад улсаас ирсэн тул Тэрэлж рүү салхинд авч гарсан. Араас аав, ах нар ирсэн. Өдөр гэрээс гарахдаа хүүхэддээ хувцаслах асуудлаас болж жаахан маргалдсан байсан юм. Аавын нүдэн дээр архи уухгүй гэсэн утгаар хүргэн ахын хамт би орой тийшээ голын эрэг дээр виски уугаад сууж байтал бусад хүмүүс шаагилдаад манай эгч надад хандаж “эхнэрээ унтуул” гэж уурласан. Гэтэл манай эхнэр аавын өмнө гартаа пиво, тамхи барьсан, аавтай хэрэлдсэн байдалтай байсан. Тухайн үед би хэнийх нь ч талд ороогүй. Манай аав 70 настай, эхнэр маань аавыг үл хүндлээгүйд миний уур хүрсэн. Эгч, эхнэр хоёр муудалцахаар нь бид хэд салгаад аав, ах, эгч нар яваад манай гэр бүл үлдсэн. Би гэртээ байхад манай эхнэр эгчийнхээ хамт дуудлагын жолооч дуудсан гээд хүүхдүүдээ аваад гарсан юм. Гадаа хүүхдүүд уйлаад байхаар нь гүйгээд гарахад манай эхнэр “ээжийнхээ зовлонд жаргаад” гэсэн утгатай үг хэлээд өөрийн том охин Урангоог зодож байсан. Би тухайн үед ухаан санаагаа алдтал согтуу биш ухаантай байсан тул уур хүрч эхнэр лүүгээ очиж баруун гараараа алгадсан. Эхнэр зөрүүлээд миний нүүрийг маажиж, подволко урсан. Тухайн үед эхнэр бид хоёр жаахан зодолдсон. Тэр үед би хумсны шархыг баримтжуулж аваагүй. Надад хүнийг зодох санаатай очоогүй. Хүүхдүүдээ авч явж чадаагүй. Би өөр амралтын газарт очиж унтсан. Маргааш нь эхнэр цагдаа сэргийлэх болсон байсан. Би эхнэрээ алгадсандаа харамсаж байна. Би эгчийндээ 4 хонохдоо хүргэн ахтайгаа гадуур ажил хөөцөлдөж явсан. Эхнэр бид хоёрын аль аль нь буулт хийхгүй 1 сарын хугацаа өнгөрсөн. Одоо эхнэртэйгээ эвлэрсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Эийн өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Тэрэлжид байрлах “Дэлгэрэх” гэх амралтын газар луу нөхрийн талаас эгч, эгчийнх нь нөхөр, хадам аав нар, манай талаас төрсөн эгч, хүүхэдтэйгээ, манай гэр бүлийнхэн явсан. Бид нар хоол ундаа идэж ууж дуусаад Улаанбаатар хотоос авч ирсэн пивоноос хоёр хоёрыг уусан. Хадам эгч “майханд хүүхдийг унтуулаад” хэдүүлээ жаахан сууя гэж ярилцсан. Тэгээд би хадам аавыг унтуулах гээд гэрт хоёулахнаа байх үед надад гомдмоор үг хэлж бид хоёр маргалдсан. Би 70 гарсан настай хүний үгийг даахгүй уурлаж хэрэлдсэн нь миний буруу. Тэр үед хажуу гэрээс хадам эгч орж ирээд надад “чи яагаад 70 гарсан настай аавтай минь хэрэлдээд байгаа юм бэ?” гэж хэлээд над руу орилж дайрч давшилж, бид хоёр хэрэлдэж, үснээсээ зулгаалцсан. Гэтэл хадам эгчийн нөхөр, эхнэр, хадам аав, ах нарын аваад хот буцсан. Тэр үед би хүүхдүүдээ авч хот явах гээд дуудлагын жолооч дуудсан. Нөхөр Бямбадоржоос машины түлхүүр болон банкны картыг гуйхад өгөөгүй. Тэрнээс болж нөхөр бид хоёр ширүүн маргалдсан. Гадаа хүүхдүүд уйлалдаад байсан. Дуудлагын жолооч ирээд машины түлхүүр байхгүйг мэдсэн. Би аваад явчих гэж гуйхад дуудлагын жолооч та нар их олуулаа байна, авч явах боломжгүй гэж хэлсэн. Би дуудлагын жолоочоос гуйж хүүхдүүдээ авч гэртээ харьсан. Манай том охин хөл муутай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд юм. Хүүхдүүд бүгд гадаа сууж байхад манай том охин “ямар ядаргаатай юм бэ, та нарын хэрүүлээс залхаж байна” гэж хэлээд машины зогсоол руу ганцаараа гүйхээр нь би араас нь гүйж очоод цохиж авсан. Нөхөр гэрээс гарч ирээд намайг бага хүүхдээ тэвэрсэн байх үед цохиж, өшиглөж, үснээс зулгааж газарт унагаасан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Аийн өгсөн “...Бямбадорж гэрээс гүйж гарч ирээд Энхцэцэгийг “хуульгүй газар ирсэн шүү одоо би чамайг ална” гээд үсдээд чирч гулдраад, өшиглөөд, гараараа цохиод зодоод байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24-25 дугаар тал/
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бийн гэрчийн өгсөн “...Би баруун гараараа нэг удаа алгадсан, хөлөөрөө нэг удаа түлхсэн, нүүр рүү нь нэг удаа гараараа түлхсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20-21 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №8977 дугаар:
/хх-ийн 44 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 64 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 68 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 65 дугаар тал/
Гэр бүлийн хүчинхийллийн нөхцөл байдлыг үнэлгээний маягт /хх-ийн 69-73 дугаар зүйл/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” гэх амралтын газар гэр бүлээрээ амарч байхдаа шөнийн 01 цагийн орчим өөрийн эхнэр Г.Этэй “70 настай миний аавыг хүндэлсэнгүй хажууд нь пиво, тамхи татлаа” гэж гэр бүлийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж түүнийг баруун гараараа алгадан түүний биед баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун зүүн гуя, шилбэ, зүүн ташаа, умдаг, баруун дал, баруун шуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Б.Бийн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “...Гэтэл манай эхнэр аавын өмнө гартаа пиво, тамхи барьсан, аавтай хэрэлдсэн байдалтай байсан. Тухайн үед би хэнийх нь ч талд ороогүй. Манай аав 70 настай, эхнэр маань аавыг үл хүндлээгүйд миний уур хүрсэн. ... Гадаа хүүхдүүд уйлаад байхаар нь гүйгээд гарахад манай эхнэр “ээжийнхээ зовлонд жаргаад” гэсэн утгатай үг хэлээд өөрийн том охин Урангоог зодож байсан. ... уур хүрч эхнэр лүүгээ очиж баруун гараараа алгадсан.” гэх,
хохирогч Г.Эийн “...Би 70 гарсан настай хүний үгийг даахгүй уурлаж хэрэлдсэн нь миний буруу. ... Нөхөр гэрээс гарч ирээд намайг бага хүүхдээ тэвэрсэн байх үед цохиж, өшиглөж, үснээс зулгааж газарт унагаасан.” гэх,
гэрч Г.Аийн “...Бямбадорж гэрээс гүйж гарч ирээд Энхцэцэгийг “хуульгүй газар ирсэн шүү одоо би чамайг ална” гээд үсдээд чирч гулдраад, өшиглөөд, гараараа цохиод зодоод байсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №8977 дугаар дүгнэлт /хх-44/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэг гаргахад хохирогчийн зүй бус буруутай үйлдэл байсан гэж үзэж байна. Энэ зүйл анги нь нийтэд тустай ажил хийлгэх ялын санкцтай боловч шүүгдэгч бага насны 3 хүүхэдтэй, үйлчилгээний ажил хийхээр ажлаа эхэлсэн байх тул торгох ялын саналтай байна.” гэх,
Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч тайлбартаа: “Би 16 жил европын улсад амьдарсан. Би өөрийн улсдаа хэрэгтэй хүн байхын тулд тухайн улсад их ажилласан. Би Швед улсад өөрийн 3 компанийг байгуулж, 3,200 рестораныг тэргүүлсэн. Цаашид би Улсдаа хэрэгтэй ажлыг хийхээр ирсэн. Одоо шүүхээр орж, төрийн жинхэнэ албан хаагч болж чадахгүй болсонд харамсаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Б.Бийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирлыг талаар баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харчин овогт Б.Бийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Бид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ