Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 203/МА2023/00007

 

 

Ч.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2022/00.. дугаар шийдвэртэй,

Ч.*******гийн нэхэмжлэлтэй,

Н.*******ад хариуцагдах,

22043800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тэтгэлэг төлөгч Н.******* нь тэтгэлгийг төлөх явцад янз бүрийн аргаар зайлсхийж, мал хөрөнгөө нуух, цөөн хэдэн мал өгсөн гэх боловч комиссоор үнэ тогтоолгоогүй хамгийн том малын үнээр шахаж өгөх зэргээр 6 жил огт төлбөр төлөөгүй хохироож ирсэн.

Иргэн Н.*******ын нийт төлбөл зохих 28492800 төгрөг байхаас төлсөн 6449000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 22043800 төгрөгийг Н.*******аас гаргуулан Ч.******* надад олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.******* нь иргэн Ч.*******тай 1997 онд танилцаж ирж, очин явдаг байх үед том охин ******* гарсан. 1999 оноос харьцаагаа тасалсан бөгөөд үүнээс хойш бага охин ******* гарсан. Бага охины эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх санал тавьсан боловч ******* зөвшөөрөөгүй.

2016 он хүртэл хүүхдийн тэтгэмжийг 2 хүүхдээр тооцож өгч байсан. 2011 онд 1.9 сая төгрөг, 2016 онд 1.9 сая төгрөг, 13 тооны бог мал ******* авч тэтгэмжийн талаар дахин маргаан гаргахгүй гэж 2 тал тохиролцон шүүхийн шийдвэр гарсан. Дээрх шүүхийн шийдвэрийг шүүхийн архиваас гаргаж өгөхийг хүсэж байна.

Том охин ******* дээд сургуульд нэг жил суралцаад гарсан. Одоо нөхөр 3 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотод амьдарч байна.

Бага охин ******* Боловсролын их сургуулийг 2022 онд тэтгэлгээр төгсөж одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. 2 хүүхдийн тэтгэмжийг 18 нас хүртэл төлж, одоо хүүхдүүд насанд хүрч бие даан амьдрах болсон тул Ч.*******гийн нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.*******аас 16340800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 5703000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56.2, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.******* давж заалдах гомдолдоо: Шүүхээс гаргасан шийдвэрт гомдолтой байгаа бөгөөд анхан шатны шүүхээс 2015 онд харилцан тохиролцож энэ маргааныг дахин гаргахгүй гэсэн шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага дээр хоёр тал харилцан тохиролцож дээрх хэргийг хаалгасан баримтыг тухайн байгууллагын архиваас гаргуулж өгөхийг хүсье.

Өнгөрсөн хугацаанд өөрийн төрсөн охин Б.Цэрэнпэлтэй байнга холбоотой байж тусалж дэмжсээр ирсэн. Мөн Ч.*******д бэлэн болон дансаар байнга мөнгө шилжүүлдэг байсан. 2008-2015 он хүртэл Ч.*******гийн дансыг шалгуулах хүсэлтэй байна. 2 хүүхэд энэ жил 25, 23 нас хүрсэн бие даан амьдрах чадвартай болсон. Миний энэ гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Ч.*******д байнга мөнгө өгдөг. Дансаар нь шилжүүлдэг. Өнөөдрийг хүртэл охидтойгоо харьцаатай дансаар мөнгө төгрөг өгдөг, тусалж дэмждэг. Анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийдвэрт гомдолтой байна гэв.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Ч.*******гийн нэхэмжлэлтэй, Н.*******ад холбогдох иргэний хэргийг хариуцагч Н.*******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Н.*******ад холбогдуулан хоёр хүүхдийн тэтгэлэгт 22043800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч хүүхдийн тэтгэлгийг харилцан тохиролцож төлөөд хоёр удаа хаалгасан учир төлөхгүй гэж маргасан байна.

Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Н.*******аас гаргасан өргөдөлд /хх-24/ “...2016 он хүртэл хүүхдийн тэтгэмжийг 2 хүүхдээр тооцон өгч байсан. 2011 онд 1,9 сая төгрөг,  2016 онд 1,9 сая төгрөг, 13 тооны бог мал ******* авч тэтгэмжийн талаар дахин маргаан гаргахгүй гэж хоёр тал тохиролцон шүүхийн шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийг шүүхийн архиваас гаргаж өгөхийг хүсэж байна.” гэсэн байхад шүүх хариуцагчаас гаргасан дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6, 38.7, 38.9-д нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх ажиллагааг анхан шатны шүүх хийхээр заасан тул хариуцагчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй.

Хариуцагчийн “...2 хүүхдийн тэтгэмжийг 18 нас хүртэл төлж, одоо хүүхдүүд насанд хүрч бие даан амьдрах болсон тул Ч.*******гийн нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй” гэсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, нэхэмжлэлийн шаардлага, эрх зүйн маргааныг бүрэн тодруулаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан хуваарийн дагуу томилсон шийдвэрийг гаргаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2022/00... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.*******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                        Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                       М.МӨНХДАВАА