Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 584

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар магадлалтай, Д.Д-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, В.Энхболд нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ***, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

мөн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д-н Д-.

Д.Д- нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 29-18 тоотод иргэн Ш.Г-ын нуруун тус газар нь хутгалж хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 5 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “1 дэх хэсэгт” гэснийг “1 дэх хэсгийн 1.4- т” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Энэ талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “Ш.Г- нь шүүгдэгч Д.Д-д “согтуу байж мотоциклоор явж яах юм бэ” гэж хэлээд, түүнийг дарж хэвтүүлчихээд, босоод буруу хараад цаашаа явж байхад нь шүүгдэгч Д.Д- нь баруун талын халааснаасаа эвхдэг хутга гарган хохирогч Ш.Г-ын араас нуруун тус газар нь 1 удаа хутгалж “цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн” амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн байна” гэж дүгнэжээ.

Шүүх ингэж дүгнэхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу “...нотлох баримтыгтал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх...”, “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах” шаардлагыг хангаагүй.

Шүүгдэгч Д.Д- нь хэрэг гарах үед Ш.Г-ын эсрэг зодолдсон шинжтэй ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй харин Ш.Г- нь Д.Д-ыг боож унагасан, нүүр хэсэг рүү гараар олон удаа цохиж, цусыг гаргаж хамар болон амны хэсэгт шархалсан гэмтэл учруулсан ба энэ баримтыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хэрэгт хавсаргасныг шүүхүүд шийдвэр гаргахдаа анхаарч үзэлгүй орхигдуулсан ба дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочирон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн урьдчилсан нөхцөлд хамаарахгүй гэж хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргаж шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанаас” нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь хэргийн нөхцөл байдалтай хобогдуулан харьцуулан шинжилж, судалж, нотлох баримтын эх сурвалжыг шалгах, шинэ нотлох баримт цуглуулах зэрэг хуулийн дээр дурьдсан шаардлагын дагуу үнэлэлгүйгээр дутуу үнэлж шийдвэрлэсэн нь тухайн шийдвэрүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан шийдвэр гэж үзэх давхар үндэслэл болж байна.

Мөн гэрч К.Оюунтуяагын дээрхи мэдүүлэг нь хохирогч Ш.Г-ын “Д.Д-д “согтуу байж мотоциклоор явж яах юм бэ” гэж хэлээд, түүнийг дарж хэвтүүлчихээд...” гэсэн мэдүүлэгтэй харилцан зөрүүтэй байхад түүнийг үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн шийдвэрт заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болно гэж үзэж байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүд нь гэрч К.Оюунтуяагын мэдүүлгээр давхар батлагдаж байгааг харгалзан үзээгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хавтаст хэргийн 158-159 дүгээр талд байгаа шүүгдэгчийг цагаатгах, нотлох баримтыг шинжлэн судлуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шинжлэн судлаагүй нь нотлох баримтыгбүх талаас нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Үүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг тухайн гэмт хэргийг үйлдэх урьдчилсан нөхцөл гэж шийдвэртээ тусгасан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Иймд хэргийн бодит байдалд нийцүүлэн Д.Д-ын үйлдлийг зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд гаргасан гомдолдоо “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Д.Д-д ял оногдуулсан. Хохирогч Ш.Г- нь шүүгдэгчийг боож унагаан дээр нь сууж, цамцны захаар нь боож, нүүрэн тус газар нь зодсон зүй бус үйлдлийн улмаас хэсэгхэн зуур амьсгал боогдон, сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байгаа нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгүүдээс харагдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх эрхшээл дарамтад оруулсан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нь гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж, гэмтэл хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагдана.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.6 дугаарт заасан нотолбол зохих байдлуудыг нотолж шийдээгүй байна. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, сэдэл, зорилгыг нотолж, үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэлтэй шууд холбоотой. Харин анхан шатны шүүх энэ хэргийг нотолбол зохих байдлыг анхааралгүй орхигдуулж, хохирогчийн зүй бус үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Улмаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүйтэй адил гэх байдлаар тайлбарлаж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна. Энэ нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Үүнийг давж заалдах шатны шүүх хянаж зөвтгөн шийдвэрлээгүй. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн энэ хэргийг 2, 2 удаа шийдвэрлэж байгаа учир хэргийн бодит байдлыг арай өөр өнцгөөс харж үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломж бүрэн байхад өмнөх шийдвэрүүдээ хамгаалж заавал олон жилийн хорих ял оногдуулаад байгаад гомдолтой байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай тогтоолд “Хүч хэрэглэж бие мах бодид нь халдахаас гадна айлган сүрдүүлж, заналхийлэх, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхээр албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдпөл, үйлдлийн алинаар нь ч илэрч болно” гэсэн байгаа.

Мөн тогтоолд “Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан” гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхгүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ. Энэхүү нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс хийсэн нэг эсхүл хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн байж болно гэж тайлбарласан байдаг.

Шүүгдэгч Д.Д-ын би пиво уудаггүй, гэртээ харъя гэсэн хүсэл зоригийг нь боомилж, хохирогч Ш.Г- “...чи пиво уу явуулахгүй” гэж тулган шаардаж, өөрийнх нь зөвшөөрөлгүй мотоциклийг нь оруулж ирсэн зэрэг үйлдлүүдийг удаа дараа хийж эцэст нь боож унагааж, дээр нь сууж нүүр амруу нь цохиж, зодсоны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байдаг.

Иймд Д.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл бодит үнэнд нийцээгүй байх тул хэргийг бүхэлд нь хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулсан ялын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчилж, ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хохирогч зүй бус үйлдэл гаргасан буюу бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, өөрийн биед аюултай нөхцөл байдал бий болгосон үйл баримт хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэртээ тусгасан байна. Мөн гэмт хэрэгт үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж ял оногдуулахдаа тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээг оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, В.Энхболд нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Д.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Д- нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 29-18 тоотод иргэн Ш.Г-тай маргалдан зодолдож, улмаар түүний нуруун тус газар нь хутгалж хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Д.Д-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Д-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогчийн буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хохирогчийг хутгалсан тул зүйлчлэлийг өөрчлүүлэх агуулгатай гомдол гаргаж буй боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчтой маргалдан, халааснаасаа хутга гаргаж ирэн, түүний үйлдлийг таслан зогсоох гэж буй гэрчийн анхааруулгыг үл ойшоон өөрийн гэмт үйлдлээ туйлд нь хүргэсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

 Түүнчлэн хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэснийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “...хэргийн бодит байдалд нийцүүлэн Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тохирох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч В.Энхболд, Д.Доржханд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН