Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 125/2018/0042/З |
Дугаар | 221/МА2019/0132 |
Огноо | 2019-03-06 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2019/0132
2019 оны 03 сарын 06 өдөр |
Дугаар 221/МА2019/0132 |
Улаанбаатар хот |
Д.Х нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, гуравдагч этгээд Ц.Б нарыг оролцуулан, Ховд аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ц.Б давж заалдах гомдлоор, Ж.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ж.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Ц” ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар шийдвэрээр:
“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ц” ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Гуравдагч этгээд Ц.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ж.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ:
1.Компанийн 9 гишүүн өөрсдөө бичиж гарын үсэг зурж баталсан дүрмийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэж баталгаажуулсан байхад бүртгэлийг хүчингүй болгосон.
2.Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн гаргасан компанийн бусад хувьцаа эзэмшигчдийг гэрчээр болон шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг “хүлээн авч шийдвэрлэх шаардлагагүй” гэж захирамж гарган хүсэлтийг хангаагүй.
3.Д.Х хүсэлтээр ганцхан М.О гэрчийн мэдүүлэг авсан ба М.О үнэнийг илт гуйвуулж худал мэдүүлэг өгсөн байна.
Компанийн хувьцаа эзэмшигч М.О бусад 6 хувьцаа эзэмшигч, ялангуяа гуравдагч этгээдтэй хамт Ж.О мөнгө аваачиж өгсөн Н.Э, С.Э нараас гэрчийн мэдүүлэг аваагүй.
4.Би өөрийн биеэр ........ төгрөгийг Н.Э, С.Э нарын хамтаар Ж.О аваачиж өгч гарын үсэг зуруулж авсан баримтыг М.О шүүхэд гаргаж өгөхгүй байхад мөнгө өгсөн, авсан эсэхийг хянаж нотлолгүйгээр бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хувьцаа эзэмшигч миний эрх ашгийг хөндөж байгаа тул хэргийг хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.
1.“Ц” ХХК-ийн үүсгэн байгуулагчаас хасагдах, өөрт ногдох 112 ширхэг хувьцааг Ц.Б шилжүүлэх хүсэлт огт гаргаагүй…” гэх нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулан тус компанийн үүсгэн байгуулагч болох Н.Э, С.Э нарыг гэрчээр татаж мэдүүлэг авах шаардлагатай гэж үзлээ.
Учир нь гуравдагч этгээд Ц.Б зүгээс 2012 онд Ж.О очиж, компанид анх оруулсан .........төгрөгийг бэлнээр өгснийг болон тухайн үед төлөөлөн удирдах зөвлөлийн /цаашид ТУЗ гэх/ гишүүнээс төдийгүй үүсгэн байгуулагчаас гарах хүсэлтийг бичгээр гаргаж өгч байсныг дээрх 2 хүн хамт очсоны хувьд гэрчилнэ гэсэн тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасныг шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу.
Улсын бүртгэлийн хувийн хэрэгт хийсэн шүүхийн үзлэгээр энэ талаарх баримт гараагүй ч, нэхэмжлэгчийн тухайд өнгөрсөн олон жилийн хугацаанд өөрийнх нь тайлбарласнаар маргаан бүхий бүртгэл хийгдсэн гэдгийг “мэдээгүй” гэж байсан нь магадгүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбар үндэслэлтэй байхыг ч үгүйсгэхгүй.
2.Түүнчлэн нэхэмжлэгчээс “…2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлээр өөрийгөө компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаас хасагдсан болохыг 6 жилийн дараа буюу 2018 оны 4 сарын эхээр хүү О.Б мэдсэн…” гэх атлаа ийнхүү мэдэхээсээ өмнө буюу оны 3 сарын 22-ны өдөр улсын бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргах итгэмжлэлийг Д.Х олгож, нотариатаар гэрчлүүлсэн нь ямар учиртай болохыг;
-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “…маргаантай асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн 8/4564 дугаар гомдлын хариуг нэхэмжлэгчид гардуулан өгсөн эсэхийг, мөн уг хариунд дурдсан Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 435 дугаар албан бичгийг хэрэгт нотлох баримтаар авч, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн болохыг тодруулах, уг албан бичгийн сар, өдрийг нягтлах;
-анх 2010 онд 9 үүсгэн байгуулагчтай байгуулагдсан тус компанийн ТУЗ-ийн гишүүд нь 9 үүсгэн байгуулагчид өөрсдөө байх тул компанийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5 дугаар тогтоолоор шинэчлэн батлахдаа Ж.О оронд Ц.Б үүсгэн байгуулагчаар ямар үндэслэлээр оруулах болсныг бусад үүсгэн байгуулагчдаас нь тодруулах;
-нэхэмжлэгч Ж.О хүү О.Б тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр 4 хүний хамт томилсон тухай хувь нийлүүлэгчдийн хурлын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар тогтоол болон мөн өдрийн “Ц” ХХК-ийн дүрэм хэрэгт тус тус авагдсан, уг дүрмээр үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн тоо 9 биш 73 болж нэмэгдсэн төдийгүй үүсгэн байгуулагчаар мөн адил нэхэмжлэгчийн хүү О.Б орсон, тус компанийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох шүүхийн маргаан 2015 оны үед үүсч, одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн маргаан бүхий бүртгэлийг 2018 оны 4 дүгээр сарын эхээр хүүгээсээ л анх мэдсэн гэх нөхцөл байдлыг шалгах;
-“Ц” ХХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ТУЗ-ийн хуралдаанаар Ж.О чухам ямар хүсэлтийг үндэслэж, түүнийг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлж, Ц.Б оронд нь томилох шийдвэр гаргасан болохыг уг хуралд оролцсон гишүүдээс тодруулах; /хавтаст хэргийн 19, мөн 19-р хуудасны ар талд авагдсан ТУЗ-ийн хуралдаанд нэхэмжлэгч өөрөө оролцоогүй боловч уг өдөр хурал болсныг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байдаг/
-“тухайн үед бүртгэл хийлгэж байхдаа ярьж байснаас өөрөөр гэрчийн мэдүүлэг өгсөн байх тул гэрч М.Он мэдүүлгийн зөрүүг арилгуулах” талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгох бус харин ч М.О улсын бүртгэгч П.А байлцуулан дахин гэрчийн мэдүүлэг авах, тухайн үед бүртгэлийг түүнтэй хамт очиж хийлгэсэн гэх Э.Э ч мэдүүлэг авах зэрэг ажиллагааг явуулах нь зүйтэй.
Хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр оролцсон О.У, Б.Б нарын гарын үсгийг зуруулах шаардлагатай болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН