Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00005

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Жаргалант сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий Б.Алтанбямбын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанбямба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтанбямба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлээ  дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бат-Эрдэнийн Алтанбямба би дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтанд” оролцож ТЗ-3 ангилалд тухайн зарласан ажлын байранд 1-рт жагсаж нөөцөд бүртгэгдсэн. Улмаар ... Жаргалант сумын нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэн тэтгэвэрт гарах болсон, тухайн суманд нийгмийн халамжийн ажлыг сайжруулах шаардлагатай болсон гэх шалтгаанаар хэлтсийн даргын тушаалаар сумын нийгмийн халамж үйлчилгээ хариуцан ажиллахаар 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар томилогдон ажиллаж, сард 536 000 төгрөгийн цалин авч байсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс “таны албан тушаалын орон тоо хасагдсан тул үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна” гэх мэдэгдэл ирж, 2016 оны 10 дугаар сарын 22-нд /ажлын бус өдөр/ Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 тоот тушаалтай хүн ирж ажил хүлээн авсан. Миний бие одоо 4 сартай хүүхэдтэй бөгөөд ажлын байран дээр ямар ч алдаа дутагдал гаргаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд миний ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй, одоо ч иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд намайг улс төрийн шалтгаанаар ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд хамаарах цалинг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлээ дэмжиж байна гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алтанбямба нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 дугаар тушаалын 1 дэх заалтаар ажлаас чөлөөлөгдсөн. Түүний оронд С.Отгонжаргалыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн Жаргалант сум хариуцсан хөдөлмөр, халамжийн мэргэжилтний ажилд томилсон уг тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Жаргалант сум хариуцсан хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтай холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Б.Алтанбямбыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан заалтуудыг баримталсан байдаг. Б.Алтанбямбыг ажлаас чөлөөлсөн тушаалтай холбогдолтой заалт нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 байна. Энэ заалт нь “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол тухайн төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө” гэсэн. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас харахад Б.Алтанбямба 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдохгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт Б.Алтанбямба үр дүнгийн үнэлгээний хувьд муу үнэлэгдсэн учраас ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар хийсэн. Гэтэл Б.Алтанбямбыг үр дүнгийн үнэлгээтэй холбогдуулан түүнд сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 1 дүгээр сарын тушаал бий. Тухайн зөрчилтэй холбогдуулан сахилгын шийтгэлийг нэг удаа ногдуулна гэсэн Төрийн албаны тухай хууль үйлчилж байгаа. Энэ зөрчилтэй нь холбогдуулан төрийн албан хаагчийн үр дүнгийн үнэлгээтэй нь холбогдуулан Б.Алтанбямбыг ажлаас нь халах, чөлөөлөх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй нь харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хоёр ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдахгүй байна. Иймд Б.Алтанбямбыг ажлаас чөлөөлсөн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг тушаалын 2 дахь заалтаар С.Отгонжаргалыг ажилд томилсон байдаг. Түүний хувьд 2012 оны 4 дүгээр сард зохион байгуулагдсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад орж нөөцөд бүртгэгдсэн Хөвсгөл аймгийн ТАСЗ-ийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаартай тогтоол байдаг. Энэ тогтоолд бүртгэгдсэнээс хойш 2 жил 07 сарын дараа 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын даргын Б/46 тушаалаар аймгийн ЗДТГ-т хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст мэргэжилтнээр томилогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа. Нөөцөд бүртгэх журмын 2.24-т зааснаар 2 жилийн хугацаанд тухайн нөөцөд бүртгэлтэй байх ёстой боловч 2 жил өнгөрсөн байхад ажилд томилсон. Энэ үйл явц журам зөрчсөн байна. Иймд С.Отгонжаргалыг Жаргалант сум хариуцсан хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтний ажилд томилсон Б/06 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц батлах тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэгтгэгдсэн. Хуучин Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сум хариуцсан мэргэжилтэн нь төрийн захиргааны ангилал Дэс түшмэлд ордог ТЗ-5 хамаардаг бөгөөд шинэчлэгдсэн орон тоогоор хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн дэс түшмэлийн ангилалд хамаарч байгаа. Нэхэмжлэгч Б.Алтанбямба нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажилд орохдоо төрийн захиргааны туслах түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгч тэнцсэн байдаг бөгөөд “Төрийн жинхэнэ албан тушаалд анх иргэний нөөцийг бүртгэх журам”-ын 6.3-т заасны дагуу  зэрэглэл дотроо төрийн захиргааны албан тушаалд ажиллах боломжтой байсан ч НХҮХ-ийн дарга тухайн журмыг хэрэгжүүлэлгүй 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүргэсэн байдаг. Төрийн албаны салбар зөвлөл, аймгийн Аудитын газраас удаа дараалан туслах түшмэлийн зэрэглэлд шалгалт өгч нөөцөд бүртгэлтэй иргэнийг дэс түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд ажиллуулахгүй талаарх албан даалгавар, зөвлөмж ирүүлж, байсан, хуучин НХҮХ-ийн Жаргалант сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн Б.Тунгалаг 2015 онд өндөр настны тэтгэвэрт, Шинэ-Идэр сум хариуцсан мэргэжилтэн Б.Дариймаа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул сул ажлын байрны захиалгыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тухайн ажлын байруудад тавигдах шаардлагуудын хамт аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулсан шалгалтанд орж зарлагдсан ажлын байранд 1-т зогссон Т.Лхагвасүрэнг Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 57 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэж нэр дэвшүүлсний  дагуу НХҮХ-ийн дарга 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажилд томилох тухай тушаалаар томилсон болно. Энэ тушаал гарахаас өмнө Б.Алтанбямбын хувийн байдлыг харгалзан /жирэмсэн байсан/ жирэмсний амралт олгож чөлөөлсөн. Жаргалант сум хариуцсан мэргэжилтнээр томилогдсон Т.Лхагвасүрэн нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул Б.Алтанбямбыг 2016 оны 08 дугаар сарын 01-нд тухайн албан тушаалд нь томилсон. ... Тус сумын иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, сумын ЗДТГ-аас ирүүлсэн санал хүсэлт, дотоод хяналт шалгалтын дүн, үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ, программын түвшинд Жаргалант сумын иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн зогсоолт, сунгалт хийгдэхгүй, Жаргалант сум хариуцсан нийгмийн ажилтны ажлын байрыг нийтэд зарлаж аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албанд анх орох мэргэшлийн шалгалтанд Б.Алтанбямба нь тэнцээгүй зэргийг харгалзан төрийн албаны тухай хуулийн дагуу тухайн ажлын байрны захиалгыг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрийн албаны салбар зөвлөлд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас дахин хүргүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар тогтоолоор иргэн С.Отгонжаргалыг нөөцөөс нэр дэвшүүлсэн тул Жаргалант сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр  томилсон нь ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй болно. ... 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд Жаргалант сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Б.Алтанбямбыг үр дүнгийн гэрээг хангалтгүй хэрэгжүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа хийгээгүй зэргээс төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт-ийг үнэлэх журмыг баримтлан 55,0 /E/ дүгнэгдсэн. Тус журмаар 55,0 /E/ үнэлэгдсэн бол сахилгын шийтгэл оногдуулах, төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авдаг. Жаргалант сумын Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Б.Алтанбямбыг томилох хууль, эрх зүйн үндэслэлгүй юм гэжээ.

                  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр 55 буюу F үнэлгээ авч сахилгын арга хэмжээ авахуулсан. Мөн Б.Алтанбямба ТАСЗ-өөс зохион байгуулсан туслах түшмэлийн ажлын байрны сонгон шалгаруулалтад орж нөөцөд бүртгэгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан 2016 оны 4 дүгээр сард ТАСЗ Жаргалант сумын нийгмийн халамж хариуцсан мэргэжилтний ажлын байрыг нийтэд зарлаж, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалт явагдсан. Уг сонгон шалгаруулалтад Б.Алтанбямба  өөрөө бүргүүлж тухайн шалгалтанд орсон. Уг ажлын байранд Түвдэнгийн Лхагвасүрэн гэдэг хүн 1-т жагсаж тухайн албан тушаалд томилогдсон. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасны дагуу хариуцлага алдсан гэж нэхэмжлэгчид цалингийн хувиар сахилгын арга хэмжээ тооцсон. Үүнээс хойш хугацаанд Б.Алтанбямбатай үр дүнгийн гэрээ байгуулахаас тухайн үеийн Нийгмийн Халамжийн хэлтсийн дарга Дуламжав татгалзсан байдаг. Мөн 5 дугаар сарын 30-ны өдөр ажил хүлээлцэх хүрээнд Нийгмийн Халамжийн хэлтсийн дарга Дуламжавын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг очиж Жаргалант сумын нийгмийн халамжийн ажлыг шалгасан. Ажил шалгасан тухай тайлан, илтгэх хуудас, түүний хүрээнд гаргасан албан даалгаврыг шүүхэд гаргаж өгсөн. Шалгалтаар Б.Алтанбямба нь нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хууль, тогтоомж зөрчсөн алдаа дутагдлыг гаргасан байдаг. Үүнийг үндэслэн албан даалгавар хүргүүлж, албан даалгаврын хэрэгжилтийг 6 дугаар сарын 15-ны өдөр өгөх ёстой байсан боловч 8 дугаар сарын дундуур албан даалгаврын хэрэгжилт ирсэн. Хугацаа заасан албан даалгаврыг өгсөн боловч 8, 10 дугаар сард хийж хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн ажлын тайланг ирүүлсэн. Үүнээс гадна нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2-6 сарын хугацаагаар хоцроосон асуудал түүний ажилдаа хариуцлагагүй хандсан байдлаас болж удаа дараа гарсан учраас Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ажлаас халсан. Б.Алтанбямбыг ажлаас халахдаа аймгийн ТАСЗ, сумын ЗДТГ-ын даргын ирүүлсэн саналыг үндэслэн аймгийн ТАСЗ хуралдаж, 30 дугаар тогтоолоор ирүүлсэн. Үүний дагуу Б.Алтанбямбыг ажлаас халж С.Отгонжаргалыг томилсон. Энд хууль зөрчсөн асуудал байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Б.Алтанбямба нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэхуягийн  2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын Жаргалант сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв. 

Шүүх, Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэхуягийн  2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.1,17.3, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтууд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” В/21 дүгээр тушаал, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний 30 дугаар тогтоолыг үндэслэн Жаргалант сум хариуцсан халамжийн мэргэжилтэн Б.Алтанбямбыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн хугацаанаас  Жаргалант сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр С.Отгонжаргалыг томилсон байна.

Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч: “...орон тоо хасагдаагүй ажлын байрны чиг үүрэг хэвээр байхад  … “орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлөх болсон тухай”  мэдэгдэл өгч, улмаар албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн /халсан/  нь үндэслэлгүй...” гэж,

 Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...Б.Алтанбямба нь  2015 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнэгдэж сахилгын арга хэмжээ авагдсан,  хариуцсан ажилдаа  зөрчил дутагдал их гаргадаг, иргэдээс санал гомдол их ирдэг,...хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлдэг, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлдэггүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй талаар удаа дараа үүрэг өгч байсан боловч уг зөрчлөө арилгаагүй, мэдээллийн сан бүрдүүлэх, өөрчлөлтийг тогтмол оруулах ажлын гол үүргээ гүйцэтгэхдээ хоцроож иргэдийг хохироосон нь иргэдийн гаргасан өргөдөл гомдлоор тогтоогдсон...” гэж, мөн “Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор С.Отгонжаргалыг нөөцөөс нэр дэвшүүлсэн тул Жаргалант сум хариуцсан Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон нь хууль, журам зөрчөөгүй гэж”  тайлбарлан тус тус маргаж байна.

 Нэхэмжлэгч Б.Алтанбямба  2012 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтанд оролцож тэнцэн, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн байх бөгөөд Хөвсгөл аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  Рэнчинлхүмбэ сум хариуцсан халамжийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад  2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б/42 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн өргөдөл, гомдол, хувийн хэрэг мэргэжилтнээр дэвшин  томилогдонТЗ-5-аар цалинжин ажиллаж байгаад мөн хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Жаргалант сумын Нийгмийн  халамж хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллажээ. 

Үүнээс харахад нэхэмжлэгч Б.Алтанбямба нь анхнаасаа л сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилогдож байжээ.

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэхуягийн гарын үсэг бүхий 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр огноологдсон  Мэдэгдэх хуудсаар “... Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцээр түүний албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дах заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг Жаргалант сумын Нийгмийн  халамж хариуцсан мэргэжилтэн Б.Алтанбямбад мэдэгдсэн байна.

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Алтанбямбыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, мөн хугацаанаас эхлэн Жаргалант сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр С.Отгонжаргалыг томилсон  тухай Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгсөн байна. 

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/06 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг  зөрчсөн, хууль бус захиргааны  акт болох нь дараахь үйл баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Алтанбямыг  албан үүргээ

хангалтгүй биелүүлж байсан, зөрчил дутагдал гаргасан гэж тайлбарлаж байх боловч үүнийг хариуцагч тушаалынхаа үндэслэл болгоогүй байна

   Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 7-д зааснаар “хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...удаа дараа хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор   удаа дараа /2 ба түүнээс дээш/ биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд    нэхэмжлэгч  Б.Алтанбямба нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь  баримтаар нотлогдохгүй байхад хууль зөрчиж, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Тухайлбал: ...Б.Алтанбямбын  2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд үр дүнгийн гэрээг хангалтгүй хэрэгжүүлсэн, ажлын байрны тодорхйололтод заасан ажлаа хийгээгүй зэргээр төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг 55,0 /Е/ үнэлэлтээр дүгнэж, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/08 дугаар хэлтсийн даргын тушаалаар / хх-141 хуудас/ түүний сарын цалинг 19 хувиар хасах сахилгын арга хэмжээ ногдуулсанг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж хамруулан үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл өмнө сахилгын арга хэмжээ ногдуулсанг дахин сахилгын арга хэмжээ авах үндэслэлд хамааруулж болохгүй юм.

Түүнчлэн хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн тайланд тусгагдсаны дагуу хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 419 тоот албан бичгээр Жирэмсний амралттай байгаа мэргэжилтэн Б.Алтанбямба болон мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Лхагвасүрэн нарт албан даалгавар хүргүүлсэн боловч тухайн үед буюу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б.Алтанбямба нь хүүхэд төрүүлсэн, улмаар хүүхдээ асарч байгаад 2016 оны 8 сард ажилдаа эргэн орж, улмаар хугацаатай албан даалгаврын биелэлтийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тодорхой  хугацааны дараа хүргүүлсэн нь нотлогдсон байхад үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна. 

Мөн  ёс зүйн зөрчил гаргадаг, ажлын цаг барьдаггүй, иргэдээс мөнгө авдаг гэж хариуцагчаас тайлбарлах боловч энэ талаар холбогдох эрх бүхий байгууллага, ажлын хэсэг нь гомдол гаргасан гэх иргэд болон бусад баримтууд болон иргэдээс ирсэн гомдол нь өөрөө нотолж байгаа гэх хариуцагчаас гаргасан тайлбарыг шүүх хүлээн авах шаардлагагүй, өөрөөр хэлбэл Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дурьдагдсан зөрчил үндэслэлтэй эсэх, үүнд Б.Алтанбямба буруутай эсэхийг шалгаж тогтоогоогүй мөртлөө шүүхэд энэ талаар тайлбар өгч байгаа нь   мэргэжилтэн Б.Алтанбямбыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн /халсан/  маргаан бүхий захиргааны актыг гаргасан үндэслэлд  хамааралгүй тул шүүх хүлээн авах шаардлагагүй.   

Хариуцагч нь  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д  “Төрийн жинхэнэ албан хаагчийг халах”-аар зохицуулалттай байхад  тухайн хуулийн заалтад байхгүй буюу төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, буруу байна.

Хариуцагчаас: “Жаргалант сумын нийгмийн ажилтны ажлын байрыг нийтэд зарлаж, Б.Алтанбямба нь тэнцээгүй зэргийг харгалзан 2016 оны 09 сарын 29-ны өдөр дахин аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд ажлын байрны захиалгыг хүргүүлснээр С.Отгонжаргалыг нөөцөөс нэр дэвшүүлсэн тул түүнийг тухайн ажлын байранд томилсон нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарлах боловч  Б.Алтанбямба нь анх Хөвсгөл аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  Рэнчинлхүмбэ сум хариуцсан халамжийн мэргэжилтнээр томилогдон, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, түүнээс хойш төрийн албанд тасралтгүй болон тухайн маргаан бүхий ажлын байранд ажиллаж байсан бөгөөд тухайн ажлын байр сулраагүй,   төрийн жинхэнэ албан хаагч Б.Алтанбямбыг уг албан тушаалаас   ажлаас нь  халагдсан, чөлөөлөгдсөн зэрэг шийдвэр гараагүй байхад аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд ...сул орон тоог нөхөхөөр ажлын байрны  захиалга хүргүүлснээр аймгий ТАСЗ-ийн 2016 оны 30 дугаар тогтоолыг үндэслэн С.Отгонжаргалыг томилсон нь хууль бус байна.

Иймд нэхэмжлэгч Б.Алтанбямбын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэхуяг/-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн Б/06 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгон, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын Жаргалант сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин /509948 төгрөг/-ийг  ажлын өдрөөр дундачлаж, ажлын 86 өдрөөр тооцож хөлстэй тэнцэх  олговор 2.088.357,78 төгрөг /хоёр сая наян найман мянга гурван зуун тавин долоон төгрөг далан найман мөнгө/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.1,17.3, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Алтанбямбын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэхуяг/-ын 2016 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн Б/06 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгон, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын Жаргалант сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

   2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Алтанбямбын ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажлын 86 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин /509948 төгрөг/-ийг  ажлын өдрөөр дундачлаж, ажлын 86 өдрөөр тооцож хөлстэй тэнцэх  олговор 2.088.357,78 төгрөг /хоёр сая наян найман мянга гурван зуун тавин долоон төгрөг далан найман мөнгө/-ийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид  даалгасугай.

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЭНХТАЙВАН